Дэлхийн зах зээл дээр сүүлийн гурван жил нефтийн үнэ 83 хувиар нэмэгдэж, өнөөдөр нэг баррель нь 120 ам.долларт хүрч байна. Нефть олборлолт огцом буураагүй, хэрэглээ огцом өсөөгүй байхад үнэ нь ингэж их нэмэгдсэнийг зарим эдийн засагч ам.долларын ханш унаснаас болсон гэж, зарим нь нефть олборлодог, боловсруулдаг компаниудын хувьцааны үнэ хөөрөгдсөнөөс болсон гэж үзэж байна. Дэлхийн цаг уур дулаарч хуурайшиж, өөрчлөгдсөн, олон оронд ган гачиг, усны үер тохиолдсон, эрдэнэ шишнээс шатахуун гаргаж авах болсноор (АНУ гэхэд л эрдэнэ шишийнхээ 70 хувийг энэ зорилгоор ашиглаж буй гэнэ) үр тариа тариалдаг талбай багассан, дэлхийн хүн ам өсснөөр сүүлийн хоёр жил улаан буудай, эрдэнэ шишийн үнэ 87-130 хувиар нэмэгджээ. Манай өмнөд хөрш Хятадад мөн хугацаанд хүнсний бүтээгдэхүүн 10 орчим хувиар өссөн байна. Өнөөдөр хүнсний хямрал (хомсдол) бүх дэлхийг хамарч, бага буурай хоцрогдсон 20 гаруй орон илүү их нэрвэгдэж буй гэнэ. Энэ байдалтай холбогдуулан НҮБ-аас хүнсний хямралыг давж туулах талаар тодорхой арга хэмжээ авахыг бүх оронд уриалж, 40 шахам оронд эмх замбраагүй байдал үүсч болзошгүйг анхааруулжээ. Улс орон бүхэн өөр өөрийн боломжоор хүнсний хангамжаа сайжруулж, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч байна. Египет, Тайланд, Вьетнам Улс хүнсний бүтээгдэхүүн экспортлохыг хязгаарласан бол Япон Улс гадаадад газар тариалангийн талбай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг компаниудыг худалдан авч байна. Ливи Улс Украинд 100 мянган га газар түрээслэж тариа тарьж буй гэнэ. Манайх хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүний 70 хувь, аж үйлдвэрийн барааны 90, шатахуун техник төхөөрөмжийг 100 хувь тус тус гадаадаас авдгийн хувьд дэлхийн зах зээлийн үнийн өсөлтийг импортлогч орон юм. Манай үнийн өсөлтийн 70 хувийг үнийн импорт эзэлдэг гэсэн тооцоо бий.
Үнэ хөөрөгддөг дотоод хүчин зүйлс
Манайд хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааны үнийг хамгийн их хөөрөгддөг дотоод хүчин зүйлс нь төсвийн хэрэглээний зардлын өсөлт, цалин, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн Халамжийн зардлын өсөлт юм. Яагаад эдгээр зардлын өсөлт үнийг хөөрөгддөг юм бэ? Гэвэл, бага орлоготой хүмүүс, айл өрх цалин тэтгэвэр нэмэгдэхээр хамгийн түрүүнд хүнсний зүйл, өргөн хэрэглээний бараа худалдан авах зардлаа нэмэгдүүлдэг юм. Дурдсан зардлууд хэрхэн нэмэгдснийг авч үзье!
-2007 онд улсын төсвийн хэрэглээний зардал өмнөх жилээс 40 хувь өсч, 1,3 триллион төгрөгт хүрсэн.
-Тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн зардал 53 хувиар нэмэгдэж 395 тэрбум төгрөг болж, гадаад зах зээлийн үнийн өсөлтийн импортын хамт инфляц 15,1 хувь болсон.
-2008 онд улсын төсвийн хэрэглээний зардал өмнөх жилээс 53,8 хувиар нэмэгдэж хоёр триллион төгрөгт хүрсэн.
-Тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн зардал өмнөх жилээс 27,0 хувиар нэмэгдэж 508,5 тэрбум төгрөгт хүрчээ.
-Манай гурил талх үйлдвэрлэгчид, хүнсний бүтээгдэхүүн, шатахуун импортлогч компаниуд өртөг зардлын бодит үндэслэлгүй үнээ нэмэгдүүлж, үнийн хөөрвгдөлтөд өөрсдийн тодорхой хувь нэмрээ оруулж байна.
Ямар тохиолдолд үнэ нэмэгддэг юм бэ?
Эдийн засгийн мэргэжлийн бус, жирийн хүмүүст дараах тохиолдолд үнэ нэмэгддэгийг тайлбаргүй, тоочих төдий хэлэх нь зөв байх.
-Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тарифыг шууд нэмэгдүүлбэл
-Ямар нэг бараа бүтээгдэхүүний (жишээлбэл, шатахуун, гурил, будаа, төмс, хүнсний ногооны) хангамж нийлүүлэлт багасаж хомсдож, хэрэглээг хангахгүй болбол.
-Хэрэглээний зардал, цалин, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн зардлыг хэт нэмэгдүүлбэл
-Банкны гадуурх гүйлгээн дэх бэлэн мөнгө байвал зохих хэмжээнээс хэтэрвэл үнэ тарифыг тус тус нэмэгдүүлж төгрөгийн инфляц болгодог юм. Өмнө өгүүлсэн үнийн өсөлтийн импорт дээр дурдсан эхний гурван зүйл давхацаж үнийг хөөрөгдөж байна. Банкны гадуурах мөнгө үнэ хөөрөгдөхөд оролцсонгүй. Төсвийн хэрэглээний зардал, цалин тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийг нэмэгдүүлэхгүйгээр хүн амын аж байдлыг дээшлүүлж болохгүй. Дээшлүүлэхээр үнэ нэмэгдэж, мөнгө инфляц болж, санхүү мөнгөний бүх тогтолцоог эвддэг сөрөг үр дагавартай. Үнийн хөөрөгдлөөс хүн амын эмзэг давхаргыг хамгаалах гэж давхар давхар зардал чирэгдэл удаж байна. Ингэхэд үнийн хөөрөгдлийн эх үндэс нь эдийн засгийн хоцрогдол, түүний муу бүтэц, өөрийгөө хангах чадваргүй хараат байдал бөгөөд үнийг хөөрөгдөлгүй байлгах гол арга зам нь үндэсний үйлдвэрлэл, аж үйлдвэр, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амаа ажлаар хангах, улс орноо авч явж чаддаг ухаантай сайн төр засагтай байх явдал юм.
Мөнгөний бодлого буруугаас болж үнэ нэмэгдээгүй
Банкны гадуурах бэлэн мөнгө байвал зохих хэмжээнээсээ хэтэрвэл үнэ нэмэгдэж, мөнгө инфляц болгодог өмнө өгүүлсэн. 2006-2007 онд банкны гадуурах бэлэн мөнгө нийт мөнгөний 12,3 хувь 2008 оны эхмий 3 сард 13,0 хувийг тус тус эзэлж, инфляц хөөрөгдөөгүй нь нотлогдож байна. Монголбанкны мөнгөний бодлого инфляц буй болгож байгаа мэтээр зарим хүн ярьдаг. Тэгвэл тийм биш. Мөнгөний бодлого нь инфляцийг хязгаарлахад шууд чиглэдэггүй, нийт мөнгийг зохицуулдаг юм. Ямар зорилгоор ямар арга механизмаар мөнгөний бодлого явуулдаг юм бэ? гэвэл:
-Нийт мөнгөний эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлж баланслуулахын тулд арилжааны банкуудаас Монголбанкинд заавал байлгах нөөц байршуулдаг. Өнөөдөр заавал байлгах нөөцийг төгрөг валют тус бүр 5,5 хувь байгаа.
-Төв банкны үнэт цаасыг (ТБҮЦ) арилжааны банкуудад өндөр хүүтэй (өнөөдөр 1; 12; 28 долоо хоногийн хугацаатай 9,75 хувийн хүүтэй) худалдаж нэг талаар зээлийн эх үүсвэрийг зохицуулж, нөгөө талаар банкуудыг дэмждэг. Үнэт цаасны өндөр хүүгийн сөрөг тал нь ариджааны банкуудын зээлийн хүүг бууруулахын эсрэг үйлчилдэг.
-Гадаад худалдааг баталгаажуулах үүднээс Монгол Улсын валютын цэвэр нөөцийг импортын хэдэн долоо хоногийн хэрэгцээтэй тэнцэх хэмжээнд байлгахыг мөнгөний бодлогод тусгадаг. Өнөөдөр манай валютын цэвэр нөөц нэг тэрбум орчим ам.доллар байгаа нь импортын зургаан сарын хэрэгцээтэй тэнцэж байгаа.
-Ам.доллар ба бусад чухал валюттай төгрөг хөрвөх ханшийг тогтвортой байлгах нь мөнгөний бодлогын цөм нь. Сүүлийн хэдэн жил төгрөг ам.доллартай хөрвөх ханш тогтвортой байлаа. Гэтэл зарим хүн ам.доллартай хөрвөх төгрөгийн ханш буурснаас болж үнэ хөөрөгдсөн мэт үндэслэлгүй худал ярьж, бичиж олон нийтийг төөрөгдүүлж байна. 2006 онд мөнгөний реформ хийх гэнэ гэж цуурхал тарснаас ам.доллартай хөрвөх төгрөгийн ханш 16 төгрөг буюу 1,4 хувиар суларсан. 2007 онд мөн худал яриа тарснаас нэг ам.доллар 1180 төгрөгт хүрсэн. Өнөөдөр нэг ам.доллартай 1164 төгрөг хөрвөж тогтвортой байна. Ам.доллартай хөрвөх төгрөгийн ханш нь долларын эрэлт нийлүүлэлтийн харыдаагаар, арилжааны банкууд хоорондын валютын гүйлгээгээр тодорхойлогддог. Үнийн хөөрөгдөлтэй ямарч холбоогүй тусгаар ханш гэдгийг миний бие валютын мэргэжилтний хувьд хэлж байна. Ам.доллартай хөрвөх төгрөгийн ханш өсч буурснаар үнэд нөлөөлдөггүй, үнэ нэмэгдэж хорогдсноор төгрөгийн ханш өөрчлөгддөг юм. Манайд ам.долларын нийлүүлэлт хангалттай байгаа бөгөөд валютын нөөц байвал зохих хэмжээнээсээ илүү, гадаад худалдаа сүүлийн хоёр жил ашигтай гарсан, жуулчдаас валютын орлого нэлээд ордог. (өнгөрсөн жил 400 гаруй мянган жуулчин ирж, 250 гаруй сая долларын орлого орсон) гадаадад ажиллаж буй монголчуудаас чамлахааргүй валют ирдэг.
Үнийн хөөрөгдлийг зохицуулах, Засгийн газрын оролдлого бүтэлгүйтсэн
Эдийн засгийн мэргэжлийн нарийн ширийн асуудлыг мэддэггүй зарим хүн эдийн засаг, түүний дотор үнийн хөөрөгдлийг Засгийн газраас зохицуулах хэрэггүй, зах зээлийн хууль жамаараа яваг гэдэг нь буруу юм. Гэтэл тийм биш юмаа. Хоцрогдсон, өөрийгөө хангах чадваргүй, хараат байдалтай, бүтэц муутай, зөөврийн бараа хэрэглэдэг, өрсөлдөөнгүй шахам жижиг эдийн засагтай бага буурай орнууд эдийн засагаа зохицуулах зайлшгүй шаардлагатай байдаг юм байна. Харин зөв оновчтой, үр дүнд хүрэх арга хэлбэрээр зохицуулах нь чухал. Энэ удаа үнийн хөөрөгдлийг зохицуулах Засгийн газрын оролдлого бүтэлгүйтсэн.
-Шатахуун, 40 мянган тонн гурил, 80 мянган тонн улаан буудайг импортын гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөхдөө импортлогч, талх үйлдвэрлэгч компаниудтай үнээ нэмэгдүүлэхгүй байх нөхцөл тавьж гэрээ хийгээгүй, хариуцлага алдаж импортлогчидод зөвшөөрөл олгосноос тэд үнээ хямдруулаагүй, харин ч нэмэгдүүлж, татвараас чөлөөлсөн 4,2 тэрбум төгрөгийг завшсан. Үнийн түвшинг нэмэгдүүлдгийг нь бодвол шатахуун, гурил, улаан буудайг импортын гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлмөөр, импортлогчид үнээ хямдруулдаггүй, ашгаа нэмэгдүүлдэгийг бодвол чөлөөлөхгүй байх нь зөв юм шиг.
-Төсвөөс зардлыг нь гаргаж, мах бэлтгэгч компаниудад урамшуулал олгож 7000 тонн мах бэлтгэж худалдснаар махны үнэ буурсангүй. Өнөөдөр кг мах 3500-4000 төгрөг байна. Нөөцийн махны нэлээд нь хүн амд худалдагдсангүй, цаины газар гуанз, ресторан, хиам хийхэд зориулагдачихав. Зарж байгаа мах нь гуягүй, хэдэн туранхай яс. Цаашид яах ёстой вэ? гэвэл, нэгдүгээрт, Оросоос орж ирэх шатахуун, 10 мянган тонн гурил, 100 мянган тонн улаан буудайгаа гурил талхны үнээ хямдруулах нөхцөл тавьж компаниудтай гэрээ хийж олгох; хоёрдугаарт, үнийн хөөрөгдлөөс хүн амын эмзэг давхарыг хамгаалах оновчтой арга хэлбэр санаачлах. Боломжтой хүмүүсийг ажлаар хангах, тэтгэвэрийн болон өвчин зовлонтой хүмүүст картаар хүнсний бүтээгдэхүүн хувиарлах арга байж болох юм. Ямарч байсан халамжийг хавтгайруулж болохгүй. гуравдугаарт, гурил талхны үнэд хяналт тавьж, өртөг зардлын үндэслэлгүй үнээ нэмэгдүүлсэн бол ашгийг нь улсын орлого болгох, үнээ хямдруулсан бол түүний 20-30 хувьтай тэнцэх хэмжээгээр орлогын татвараас чөлөөлж урамшуулахад баримтлах жишиг хэмжүүр үнэ хэрэглэж болох юм. Ийм үнийг Засгийн газар компаниудтай хамтран ажиллах гэрээ хийсэн тохиолдолд мөрдөх бөгөөд компаниуд бүтээгдэхүүнээ борлуулах үнэ биш юм.
Засгийн газрын хөтөлбөрүүдийг дэмжиж байна
Шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах хамгийн найдвартай арга нь эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж хэрэглээгээ өөрийн үйлдвэрлэлээр хангадаг болох явдал юм. Засгийн газрын ойрын хугацааны хөтөлбөр нь Оросоос оруулж ирэх шатахуун, улаан буудай, гурил, энэ жилийн өөрийн ургацаар хэрэгцээгээ хангаж, үнэ нэмэгдүүлэхгүй байхад чиглэж байгаа юм байна. Энэ хөтөлбөр хэрэгжвэл инфляц оны эцэст буурах болов уу? Оросоос оруулж ирэх шатахуун гурил, улаан буудайг өмнөх шигээ тавиад туучихгүй, компаниудтай үнээ тогтвортой байлгах, хямдруулах хатуу гэрээ хийж, хуваарилах хэрэгтэй. Энэ жил тарихаар бэлэн байгаа үрийн чанар муу, 6000 тонн үр сох дутаж буй, арилжааны банкууд эрсдлээс болгоомжилж, газар тариалангийн компаниудад зээл олгох нь хойрго, ган болж болзошгүй гэх мэт шалтгаанаар ойрын хугацааны хөтөлбөр хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байна. Засгийн газрын дунд хугацааны хөтөлбөр нь “Атарын III дахь аян”-ыг хэрэгжүүлж, олборлох нефть дээрээ түүний нефть худалдан авч, Хятадын үйлдвэрт боловсруулж хэрэгцээгээ хангаж, үнийг тогтвортой байлгахад чиглэж байгаа юм байна. Урт хугацааны хөтөлбөрт нефть боловсруулах болон нүүрснээс шингэн түлш нэрэх үйлдвэрүүд байгуулахаар тусгажээ. Эдгээр үйлдвэрийг байгуулахад 7-8 жил хэрэгтэй. Тэр үед (2016-2017 онд) автомашин бензинээр биш, устөрөгч юмуу эсвэл бусад төрлийн түлшээр ажилладаг болвол яах вэ гэдгийг өнөөдөр бодох хэрэгтэй. Манай төр засаг, улс орны өнөөдөр, маргааш, ирээдүйд шийдвэрлэвэл зохих эдийн засаг, нийгмийн хурц хурц асуудлыг үндэсний аюулгүй байдал, даяаршилтай холбож цогц хөтөлбөрөөр дэс дараагүй хэрэгжүүлэхийн оронд цочирдуулсан нэг юм болохоор л сандарцгааж өөр хоорондоо уялдаа холбоогүй, зөрчилтэй хэсэгчилсэн хөтөлбөр төслүүд боловсруулж, түүнийгээ хагас дутуу хэрэгжүүлсэн болж байна.