2010 оны 09 сарын 03-ны өдөр, Баасан гараг
Монгол орон статистикийн нөлөөт толинд
2008-05-13 өдөр 11:01

Үндэсний статистикийн хороо \ҮСХ\ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2008 оны эхний дөрвөн сарын статистикийн талаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийв. Урьд нь Монгол Улсын Үндэсний статистикийн газар нэртэй байсан бол одоо Монгол Улсын Үндэсний статистикийн хороо гэж нэрлэгдэх болжээ. ҮСХ-ны дарга П.Бямбацэрэн хэвлэлийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, хүн амын төрөлт нэмэгдсэн, ажилгүйчүүдийн тоо, гэмт хэрэг бага зэрэг буурсан тухай баяртай мэдээ дуулгав. Үнийн өсөлтийг эс тооцвол Монгол орны статистик үзүүлэлт сайжирсан дүнтэй гарч байна. Гэхдээ мөнгөний нийлүүлэлт, үнийн өсөлт, гэмт хэргийн өсөлт бууралт, малын тоо толгой, төллөлт, хорогдол зэрэг нь нэг их хайгаад гүйгээд байх тоо биш учраас сэтгүүлчдэд сонин биш байв. Тэднээс цагдаагийнхан гэмт хэргийн тоогоо, наймаачид өнгөрсөн, одоогийн үнэ ханшаа нэг их нууцлаад байдаггүй. Харин УИХ-ын эрхэм гишүүд энэ мэдээлэл хаалттай байдаг юм уу гэсэн сэтгэгдэл төрөв. Учир нь сонгуулийн хууль хэлэлцэх үеэр сүүлийн үед эрх дарх, нэр хүнд нь өсч байгаа СЕХ-ны дарга С.Батболдын ярьж буйгаар ИБМТ, ҮСХ, ХНХЯ тус бүрдээ хүн амын бүртгэлийг хэдэн янзаар гаргаж өгч сонгуулийг “будлиантуулж” магадгүй байгаа тухай өдөр шөнөгүй үглэдэг. Мөн өнгөрсөн долоо хоногт УИХ олон хүүхэдтэй эхэд одон олгох тухай хууль хэлэлцэх үеэр хэдэн настай хэдэн хүүхэд байгаа тухай мэдээг УИХ олж чадахгүй байгаагаас хуулийн хэлэлцүүлэг хойшилж магадгүй тухай мэдээ гарч байв. Нэгэнт энгийн тооллогын аргаар гаргах боломжгүй тул боловсролтойгоороо эрхэм гишүүн Цанжид ямар нэгэн шинжлэх ухааны нууц аргаа ашитлаж нуугдмал хүүхдүүдийн тоо гаргаж болох тухай мэдэгдэж байв. Гэтэл ҮСХ-ны Хүн амын статистикийн газрын дарга Д.Оюунчимэгийн ярьж байгаагаар бол энэ байгууллага жил бүр бүх насны хүүхдүүдийн тоог гаргадаг бөгөөд одоо ч түүнд байгаа бололтой юм. Эндээс харвал ҮСХ мэдээ мэдээллээ УИХ-аас нуудаг. Эсвэл УИХ ҮСХ хоёрын нэг нь худлаа мэдээлэл хийж байна гэж ойлгож болох нь. Бас нэг хачирхалтай нь .ҮСХ-ны дарга П. Бямбацэрэн мэдээллээр бол гучаад мянган ажилгүйчүүд байгаа гэнэ. Гэтэл УБ ТВ-д нэгэн эмэгтэй ярилцлага өгөхдөө Төв аймгаас ажилгүйчүүдийн тоо аваад бүх сумаар тойртол нөгөө тоо нь хэдэн зуугаар зөрсөн тухай ярьж байв. Энэ тухай ҮСХ-ны даргаас лавлахад “Миний хэлсэн тоо бол бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо, түүнээс гадна манайхан ажилгүй гэж бүртгүүлчихээд хаячихдаг юм байна. Тэгээд сарын сараа бүртгэлээс хасагдчихдаг” гэж хариулав. Иймд ажилгүйдлийг шийдвэрлэхэд гол тулгуур болдог энэ мэдээ зүгээр л бүртгэлтэй ажилгүйчүүдийн. мэдээ болж хувирч байна. Энэ мэдээг сонгуулийн шоуд л ашиглаж болохоос нийгэм, эдийн засгийн томоохон дорвитой шийдвэр гаргахад аюул тарих нь ойлгомжтой. өнгөрсөн онд гаалийн нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбай дээр болоход хилээр гаргасан барааны жагсаалт тоо хэмжээг хаанаас авч болохыг сонирхоход нэгэн царайлаг эмэгтэй “бүх мэдээллийг нийтэд өгдөггүй юм. Зарим барааны мэдээлэл нууцад хамаардаг” гэж хариулж байв. “Төмөр, хар тугалганы мэдээ танай нууцад хамаарах уу ” гэсэн асуултад “энэ тухай би мэдэхгүй байна” гэж байв. Харин “Гаалийн газар, Монгол -Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн талаар танайд мэдээлэл чөлөөтэй юу” гэсэн асуултад ҮСХ-ны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг хариулахдаа “Гаалийн мэдээг өөрсдөө бэлдэж өгдөг, Эрдэнэтийн тухайд бол манай чухал үйлдвэр учраас сайн мэдээ авдаг, гэхдээ статистикийн хуульд хувь хүн, байгууллагын нууцыг мэдээлэхийг хориглосон байгаа” гэж хариулж байна. Өнөөдөр Эрдэнэт, гааль гэдэг газрууд улстөрчдийн хамгийн их тулалддаг газрууд. Тэндээс хэдэн тэрбумаар саадаг тухай улстөрчдийн дунд хэрүүл болдог. ҮСХ-нд хаалттай мэдээлэл бусдад олдоно гэдэг үлгэр. Энэ хаалттай байдал нь тэнд нэг төлөөлөгчөө тавьчихаад хэдэн тэрбумаар нь завших бололцоо олгодог бололтой. Гаалийнхан бүх боомтуудаа, ажилчдаа, орж, гарч байгаа барааг, хэдэн нохойгоо хүртэл камераар хянаж байгаа тухай мундаг суртачилгаа хийдэг. Харин энэ хянаад байгаа хүмүүс нь өөрсдөө байдаг нь сонин. Тэгээд статистик мэдээгээ өөрсдөө бэлдээд статистикийн газар өгчихдөг болохоор тэнд бас юу дуртайгаа хийж болох нь. Статистикийн мэдээг нууцласны золиосонд “Гаалийн” Баатарын гэх хэрэг мандаад л өнгөрсөн. Одоо ч нууцаар юу хийж байгаа нь мэдэхэд бэрх. Үндэсний эдийн засгийн толь болсон үндэсний статистикийн газар буруу, дутуу мэдээлэл гаргах нь бидний амьдралыг залагч УИХ буруу шийдвэр гаргахад хүрнэ. Буруу шийдвэрийн гор нь ард түмэнд тусна. Коммунист дэглэмүүд статистикийн мэдээг улстөржүүлж ашиглас

аар сүйрсэн гэдэг. Харин Монгол коммунист орон биш болохоор эхний дөрвөн сарын мэдээ та бүхний амьдралд дүйцнэ гэж итгэе.

Төсвийн мөнгө арай сонгуулийн сурталчилгаанд…

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2008 оны эхний дөрвөн сарын байдлаар, зургаан зуу гаруй сая ам доллар, зарлага ба цэвэр төлөгдөх зээл зургаан зуу шахам ам доллар болов. Энэ нь эхний дөрвөн сарын төсөв арав гаруй сая ам долларын ашигтай гарлаа гэсэн үг. Харин төсвийн урсгал орлого зарлагаасаа зуу гаруй сая долларын ашигтай гарч өмнөх оныхоос хорин таван хувиар өсчээ. Энэ нь төр маань их хэмжээгээр зардлаа бууруулсан гэсэн үг биш юм. Харин мөнгөний ханшны уналт, тооцоогүйгээр юу харагдсанаа хамж байгаа манай төрийн цуглуулсан мөнгө гэж үзэж болно. Хөрөнгийн санхүүжилтэд урьд оныхоос хоёр дахин их хөрөнгө нэмэгдсэн боловч дал гаруй хувиар дутуу санхүүжигджээ. Энэ нь зуун жараад тэрбум төгрөг болж байна. Дутуу санхүүжилтийн талаар .өнөөдөртөө УИХ,ЗГ ямар байр суурьтай байгаа мэдээ байхгүй бөгөөд зарим эдийн засагчид сонгуулийн сурталчилгааны санд цохиж явахыг үгүйсгэхгүй байна.

Гоё тооноос ард түмэн хүртсэнгүй

Татварын нийт орлого өмнөх оныхоос ная шахам хувиар нэмэгджээ. Үүнд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татвар 2,6 дахин гадаад худалдааны орлогын татвар ная шахам хувь, онцгой албан татвар жараад хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар далан хувиар өсчээ. Харин татварын бус орлого ерээд тэрбум төгрөг болжээ. Эндээс харвал монголчууд гэнэт асар их баяжаад төлөвлөсөн хэмжээнээс хэд дахин их татвар төлөөд байгаа мэт харагдана. Татварын орлого өснө гэдэг бол үйлдвэрлэл, үйлчилгээ өссөнийг харуулах чухал үзүүлэлт. Харамсалтай нь гайхалтайгаар өссөн татварын орлогын ард монголчуудын rap, хөлөөр бүтсэн бараа үйлчилгээгээр баталгаажсангүй. Нөгөө л гадагш зөөдөг алт, зэсийн дэлхийн үнийн өсөлт, гаднаас авдаг үнэ өссөн бензиний онигой татвар, хэдэн монополь тэрбумтнуудын өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж буй гадагшаа хийдэг худалдааны татвар ханш унаж буй төгрөгт уясан ам долларын харьцаанаас бүрдсэн гоё тоо юм. Энэ их тооноос ард иргэдэд хүртсэн юм одоогоор алга.

Төгрөгийн ханш юаньтай харьцуулахад 10 хувиар суларчээ

Монголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт М2 2008 оны дөрвөн сарын эцэст хоёр тэрбум гаруй ам долларт хүрчээ. Иргэд, байгууллагын хугацаат хадгаламж өнгөрсөн оны энэ үеийнхтэй харьцуулахад арав гаруй хувиар өссөн боловч өмнөх сарынхаас таван хувь буюу тавиад сая ам доллараар буурчээ. Монгол банкны мэдээгээр, өмнөх онтой харьцуулахад зээлийн өрийн үлдэгдэл жар гаруй хувь, хугацаа хэтэрсэн зээл хорь гаруй, чанаргүй зээл арав гаруй хувиар өсчээ. Харин өнгөрсөн оныхтой харьцуулбал төгрөгийн ханш доллартай харьцуулахад 0, 01 хувиар чангарч, евротой харьцуулахад арван тав, юаньтай харцуулахад арван хувь суларчээ. Энэ бүхнээс харахад төгрөгийн ханшны уналт нь арилжааны банкуудын ажиллагаанд нөлөөлж байна гэж үзэж болно. Хэдийгээр чанаргүй зээлийн өсөлт арилжааны банкуудад хохирол учруулах боловч эцсийн дүндээ бараа, үйлчилгээний хомсдолын хэмжээг зааж байна. МонголчууД ханш султай доллараар ханш чангатай юанийн барааг ихэнхдээ худалдаж авч байгаа нь Монголын наймаачид үнийг хөөрөгдөж байна гэж үзэхээс илүүтэйгээр хятадуудад илүү хөрөнгө оруулалт хийж байгаа нь эндээс харагдана.

Үнэт цаасны гүйлгээ гурав дахин буурчээ

Хөрөнгийн биржид 2008 оны дөрөвдүгээр сард 3, 4 сая хувьцаа арилжигдаж 3, 7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэв. Арилжигдсан үнэт цаасны тоо 2008 оны гуравдугаар сартай харьцуулахад 42, 4 хувиар буурчээ. Өнгөрсөн оныхтой харьцуулахад үнэт цаасны тоо, гүйлгээ гурав дахин буурчээ. ТОП-20 дундач индекс 2008 оны дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас 222, 3 нэгжээр буурчээ. Хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компаний нийт үнэт цаасны зах зээлийн үнэ 2008 оны дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас 46, 7 тэрбум төгрөгөөр буурчээ. Хэрэв Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжсэн орон байсан бол эдгээр үзүүлэлтүүд эдийн засгийн сүйрлийн хэмжээг заах
боловч ТОП- 20 гэгддэг эдгээр компаниудын нөлөө Монголын эдийн засагт харьцангуй нөлөө бага тул мэдээж Монголд банкрот болохгүй. Гэхдээ эдийн засаг эрүүл бус зам руу орж байна гэдгийг батлах хангалттай баримт болыно.

Монголчууд тамхи, архинд илүү хөрөнгө оруулдаг

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2008 оны дөрөвдүгээр сард өмнөх сартай харьцуулахад таван хувиар өсчээ. Энэ өсөлтөд хүнсний барааны бүлгийн үнэ арав гаруй хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2007 оны жилийн эцсийнхээс 13, 8 хувь өсөв. Үүнд хүнсний бараа 29, 3 хувь, эм тариа 10, 1 хувь, тамхи, архины үнэ 8 хувь өсч, харин шуудан, холбооны үнэ О, 4 хувиар буурчээ. Эндээс харахад, монголчууд үйлдвэрлэл, үйлчилгээнд хөрөнгө оруулахаа багасган хүнс түүн дотроо архи, тамхинд илүү хөрөнгө оруулж байна. Өнгөрсөн оноос бүр тодруулбал гуравдугаар сараас эдийн засаг хүчтэйгээр савлах шинж тэмдгүүд ажиглагдсан нь энэ баримтуудаас харагдаж байна. Харин гоё нэртэй болсон Монголын нийгэм, эдийн засгийн толь болсон үндэсний статистикийн хороо маань өмнөх шигээ үнэ, өсч буурч байгааг улстөрийн тайлбаргүйгээр олон нийтэд хүргэдэг болсон нь сайшаалтай.

Г.Өлзий-Эрдэнэ

 
Сэтгэгдэл ( Нийт 1 сэтгэгдэл )
  1. 1995-2008 хүртэлх Монгол орны
    1.ДНБ хэмжээ
    2.1 хүнд ноогдох ДНБ
    3.Имфляцын түвшин
    4.Ажилгүйдлийн түвшин
    5.Төсвийн орлого,зарлага
    6.Экспорт,Импорт хаанаас олох вэ?чадвал олж өгч туслаач

Сэтгэгдэл бичих

E-mail:
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү?

Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Санал асуулга
  • Монгол улсын Засгийн Газраас сар бүр иргэдэд 10 000 төгрөг олгох Ерөнхий сайд С.Батболдын санаачлагыг та хэрхэн үзэж байна вэ?

    Үр дүн харах

    Loading ... Loading ...
  •