2010 оны 09 сарын 03-ны өдөр, Баасан гараг
"Шилмэл загвар"-ын тэмцээнд "Шилмэл загвар"-ын ажилтан түрүүлэв
2008-09-23 өдөр 09:45

Гоо сайхан ертөнцийг аварна. Тиймдээ ч улс орон бүр өөр өөрийн гоо бүсгүйчүүдээ шалгаруулж, тэд нь дэлхийн хэмжээнд өрсөлдөж даян дэлхийн энх тайвны нэг бэлэг тэмдэг болж байдаг билээ. Манай улсын хувьд ч дэлхийн чанартай мисс, гоо бүсгүйн тэмцээнүүдэд алдахгүй оролцохыг зорих болсоор чамгүй хугацаа өнгөрчээ. Төрөлхийн гоо үзэсгэлэн, нэг ч хиймэл эд эрхтзнгүй гэдгээрээ Монгол охид гадныхны сонирхлыг ч ихээхэн татдаг нь нууц биш. Жуулчид онгон дагшийн байгалийг үзэх гэсэндээ бус Монгол охидын сайхныг харах гэж секс аялал хийх боллоо гэх таагүй яриа чих дэлсэнэ. Энэ ч яахав өөр асуудал тул ингээд орхиё.
“Шинэ тоглолт” булан энэ удаад гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд саатав. Уг чанартаа бол энэ тоглолт биш л дээ. Гоо бүсгүйчүүд авьяасаа үзүүлж, дуулж хуурдаад, бүжиглэж цэнгэх нь тэмцээний үргэлжлэх хугацаанд нэлээн жин дарж байсан учраас тоглолт гэж нэрлэх бүрэн үндэстэй. Miss Mongolia-2008 наадамд нийт 150 гаруй охид бүсгүйчүүд өрсөлдсөн гэсэн. Ямар харсан биш дээ. Албан баримтаар тэгэж танилцуулсан. Гэхдээ сүүлийн шатанд 21 гоо бүсгүй тунаж үлдсэн байлаа. Хэдий завандаа хасаад ямар үзүүлэлтээр эд нар шалгарсан талаар харин мэдээлээгүй. Бодвол бидний мэдэхгүй, мэдэх ёсгүй шалгуур байсан л байлгүй. Ямар ч байсан үзэгчдийн дунд өмнө нь оролцоод өрсөлдөөд хасагдсан гэхээр охид сууж харагдаагүй. Ядаж урилга ч болсон тэдэндээ өгдөггүй юм уу, эсвэл … Энэхүү миссийн тэмцээнийг “тоглолт” гэж нэрлэсний учир ерөнхий үйл явдал, өрнөл зангилааны дэс дарааг очиж үзээгүй уншигчиддаа танилцуулья. Уламжлал ёсоор мисс болохоор өрсөлдөж буй охид үндэсний хувцас, гоёлын хувцас, асуулт хариулт, усны хувцас зэрэг үзүүлбэрийг сонирхуулав. Харин хувцас солих завсар хооронд нь зарим миссүүд бэлдсэн урлагийн тоглолтоо үзүүлж байв. Тэднээс гадан үе үеийн мисс болж байсан бүсгүйчүүд мэндчилгээндээ урлагийн номертой ирсэн байсан. Ялгаатай нь хуучин миссүүд хамтлаг, дуучид авч ирсэн бол шинэ охид өөрсдөө байдгаа шавхаж байв. Уг нь тэднийг хэн ч албадаагүй юм шиг байна лээ. Сонирхолтой нь авьяасаа үзүүлээд сонирхолгүй нь үзүүлээгүй юм уу бүү мэд. 21 бүсгүйн авьяасыг үзэхэд цаг багтахгүй гэдэг шалтгаанаар гэж хөтлөгч тайлбар өгч байв. Хэт бэлдсэнээс болсон уу хоолой нь сөөсөн, үгээ мартсан, бүжиглэхдээ сандарсанаас алдсан гээд авьяас үзүүлэх үзүүлбэр тун хөгжилтэй болж үзэгчид хошин шог үзэж байгаа аятай үе үе нирхийтэл инээлдэж байв. Мэдээж алдаагүй дуулсан ганц нэг хүнд алга ташилт харамлаагүйг энд дурьдах хэрэгтэй. Асуулт хариултын хэсэгт дандаа алдаа гардаг байдал энэ удаад ч давтагдав. Хэтэрхий амархан энгийн асуултанд бүдрэх нь ч олон байсан. “Та ямар жилтэй вэ?, “12 жилийг дарааллаар нь нэрлэнэ үү?”, “Хайрыг юу гэж боддог вэ?”, “Хайрын тухай 4 мөрт хэлнэ үү?”, “Ирээдүйд эмч болвол хүмүүст хамгийн түрүүн юу зөвлөх вэ?” … Бага сургуулийн хүүхдүүд дурсгалын дэвтэр бөглөхдөө асуулт зохиож мэдэхгүй болохоороо нэг иймэрхүү юмнууд бичсэн байдаг. Гэтэл иймэрхүү асуулт асууж хариулт авсанаар мисс болохоор ямар хүн өрсөлдөж байгааг хүмүүс таниулж нээж өгдөг юм болов уу. Учир дутагдалтай хэрэг. Мэдээжийн хүүхдийн тоглоом шиг нөгөө асуултанд нь хариулах гэж хэлээ зажилж, нүдээ эргэлдүүлэн тэвдэх охид олны гайхлыг төрүүлсэн.
Хувцас бурхан бие чөтгөр гэдэг. Усны хувцастай үзүүлбэр бол миссийн тэмцээний хамгийн чухал хэсэг. Монголын загвар өмсөгч миссүүд сүүлийн жилүүдэд ерөнхийдөө махлаг болсон гэж хэлж болно. 17-20 насны охид гэхэд биеийн байдлаараа ахимаг загвар өмсөгчдөөс ялгарахааргүй харагдаж буй нь ямар учиртайг ойлгоход бэрх. Ээжийнхээ өврөөс ч гараагүй хөх дэлэн нь ургаж гүйцээгүй охид олны өмнө нүцгэллээ гэдэг яриа миссийн тэмцээнд сүүдэр шиг дагадаг байв. Харин одоо тийм юм үгүй болж. Нас нь бага ч аль хэдийнэ нас бие гүйцсэн юм шиг харагдаж байгаа охидод өөрийн биш гэмээр эд эрхтэн ч илэрхий харагдаж байсан. Миссүүд өөр өөрсдийнхөө авьяасыг үзүүлж бишгүйдээ л хичээж байгаа ч хэдэн оноогоор яаж үнэлээд байгаа нь харагддаггүй. Уг нь нэг мисс авьяас ч юмуу ямар нэг юм үзүүлэхэд л шүүгчид оноо өгөөд илэрхий харагддаг басйан бол асуудалгүй баймаар. Сүүлд нь үзэгчид чилтлээ хүлээж шүүгчид тайзны ар луу гүйж ороод нэлээд удах нь миссийн тэмцээнд байдаг л үзэгдэл. Яаж шүүгээд байгаа нь тодорхойгүй учраас л ялагч нь эхнээсээ тодорсон байдаг гэсэн яриа гараад байдаг хэрэг шүү дээ. Ингээд миссүүд тодорлоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр залхтал мэдээлсэн хойно гарч байгаа тул нэр дурьдахаа азная. Тэргүүн байранд шалгарсан охин нь “Шилмэл загвар” компанийн ажилтан байв. Бусад шагналтнуудын хувьд бас тодорхой хэмжээгээр олонд танигдсан, загвар өмсдөг охид байсан. Гэхдээ бүгд биш. Тэмцээн болгонд үнэхээр нэг нүдэнд тусахаар охид нэг хоёр байдаг. Тэр охин ч түрүүлдэг тул үзэгчдийн зөн совин алддаггүй билээ. Ард түмний мисс өргөмжлөлт Ариунцэцэг Эдэнэтийнх. Анх миссийн тэмцээнд ороод байр эзэлж чадаагүй ч алтны магнаттай нэр холбогдон олонд танигдсан. Миссийн тэмцээний тайз хөдөө орон нутгийн сайхан бүсгүйчүүдэд хатуу тусдаг хэв загвар энэ удаад ч давтагдав. Эрдэнэтийн 11 жилийн сурагч Лхагвасүрэн охинд үзэгчид эхнээсээ л тал өгч байсан ч байр битгий хэл компанийн нэрэмжит шагнал ч хүртсэнгүй. Зохион байгуулагч компанийн ажилтан түрүүлж, баяр гомдол харууслын нулимс дагуулсан миссийн тэмцээн ийнхүү өндөрлөв. Өнгө мөнгө ашиг сонирхлын талбар болсон миссийн тэмцээний тогтсон хэв маяг өөрчлөгдөж, шинэчлэгдэхгүй бол цаашдаа үзэх хүн олдохгүй болов уу. Бид энд биенээ хуураад худал магтаад өнгөрч болох ч дэлхийн тавцанд өрсөлдөх эрхтэй Mисс Монголын нэрийг сайнаар гаргах үнэхээр шалгарсан хүн байхгүй бол тэнд унасан бидний нэр хүнд эргэж сэргэхэд хэцүү байх юм байна гэсэн бодол тээн тэндээс гарлаа.

 
Сэтгэгдэл ( Нийт 1 сэтгэгдэл )
  1. shal teneg hend ch hereggui um zohioj baihaa boliochee

Сэтгэгдэл бичих

E-mail:
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү?

Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Санал асуулга
  • Монгол улсын Засгийн Газраас сар бүр иргэдэд 10 000 төгрөг олгох Ерөнхий сайд С.Батболдын санаачлагыг та хэрхэн үзэж байна вэ?

    Үр дүн харах

    Loading ... Loading ...
  •