2010 оны 09 сарын 08-ны өдөр, Лхагва гараг
Оросууд дахиад нэг банк авлаа
2009-11-12 өдөр 16:49

zoos_building

Арилжааны банкууд нэгдэж байна, сайн байна, зах зээлийнхээ зарчмаар зөв замаар явж байна гээд л Сангийн яам, Монгол банкныхан гээд бүгд л банкны системийн “нэгдэх халдвар”-ыг өөгшүүлэх боллоо. Энгийн нүдээр харахад үнэхээр л зөв замаар яваад байгаа хойно тэд ингэж ерөнхий ярих нь ч аргагүй биз. Гэтэл бодит байдал дээрээ юун зөв зам, хэдэн банкууд нь дампуурах дээрээ тулаад, аргаа ядахдаа наашаа гэсэн болгон руу “өврөө нээж” байна.

Сүүлийн хэдхэн өдөр “Зоос” банкны талаар багагүй шуугиан дэгдлээ. Гэв гэнэт болохоо байж их хэмжээний алдагдалд орсон банкийг “Жаст”-ын Ш.Батхүү мөнгөөр зодон байж аван “Хадгаламж”, “Монгол шуудан”-даа нэгтгэлээ гэсэн мэдээлэл сонин хэвлэлүүдийн гол дуулиан шуугиан болж байна.
Нөгөө талаар Монгол банк “Зоос”-д бүрэн эрхт төлөөлөгчөө томилох гэж байна хэмээн яригдах боллоо. Энэ мэтчилэн банкуудын талаар түмэн “шум” нисч явна.

“Зоос” яагаад хүнд байдалд оров?

Өчигдрийн дугаартаа бид “Зоос” банкны талаар товчхон өгүүлсэн. Тус банк яагаад хүн байдалд орох болсон, ард нь ямар нөхөд байгаа талаар олныг нуршаагүй. Харин энэ удаад чухам банкны системд юу гээч болоод байгаа, эрх мэдэлтнүүд хэдэн банкаа хэрхэн холион бантан хутгаж байгаа талаар зарим зүйлийг өгүүлье.
“Зоос” банкны тухайд 1999 онд байгуулагдаад 10 жилийнхээ ойтой золгож байгаа ч том банкуудын тоонд ордоггүй. Гэхдээ үйл ажиллагааны хувьд чамбай, “Эрэл”, “Кредит”, “Капитрон” мэтийн банкуудтай харьцуулахааргүй банк гэдэг юм билээ. Товчхондоо бол өнөө маргаашгүй дампуурлаа албан ёсоор зарлуулахаа хүлээж байгаа “Анод”-той үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтын хувьд адилтгаж болох юм. Адилхан хувьцаат компаниуд, мөн тэрбумтнуудын банк гэдгээрээ энэ хоёр банк нэг тэрэгний хоёр дугуй гэсэн үг.
Өнгөрсөн жилийн хавраас дэлхийн санхүүгийн хямралын хар үүл манай улсыг нөмөрч байх үед арилжааны банкууд зузаатгал хийж эхэлсэн. Хүнд байдалд орчихоод байсан “Зоос”-ын хувьд 2008 оны тавдугаар сард Европын сэргээн босголт хөгжлийн банктай гэрээ байгуулан 25+1 хувьцаагаа зарсан нь чухал наймаа болж чадсан. Европын сэргээн босголт хөгжлийн банк “Зоос”-ыг өөд нь татахын тулд менежментийг нь тэр үедээ сайжруулах, үндсэн хөрөнгийг нь нэмэгдүүлэх тал дээр багагүй анхаарах болсон гэдэг. Ер нь Европын сэргээн босголт хөгжлийн банк Монголд хөрөнгө оруулалт хийх, Монголын банкуудыг нэлээд сонирхож байгаа гэхэд болно. Энэ банкны хувьд 1991 онд байгуулагдсан дэлхийн хэмжээний акул банк. Тэдний хувьд ганц “Зоос” ч биш “Хас” банкинд хүртэл хөрөнгө оруулалт хийсэн байдаг юм билээ. “Хас” банкны толгой компанийн тодорхой хувийг Европын сэргээн босголт хөгжлийн банк эзэмшдэг гэсэн үг. Өнгөрсөн найм бил үү, есдүгээр сард “Зоос” банкин дахь хувь хэмжээгээ нэмэгдүүлж, 49+1 болгож чадсан. Гэхдээ үүндээ санаа амралгүй “Зоос”-ыг 100 хувь эзэмшихийн тулд багагүй хүч зарцуулж байгаа гэсэн. Хувьцаагаа нэмэгдүүлэнгүүтээ банкны удирдлагыг гартаа авч дан гадаад мэргэжилтнүүд “Зоос”-ыг удирдах болсон. Үүнээс үүдэн “Зоос”-ын ТУЗ-ийн гишүүд хоёр хуваагдаад байгааг ойрын эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Европын сэргээн босголт хөгжлийн банкныхан болон хуучцуулын дунд далд тулаан эхлээд бараг гурван сар болж байгаа юм байх. “Зоос”-ын гол хувьцааг эзэмшигч М.Энхболд, Ч.Улаан, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй улс төрчид банкаа европчуудад тавиад өгчихгүй хэмээн нэлээд гүрийж байгаа бололтой. Нэгэнт “Зоос” банкны байдал дордсон болохоор өөр банкинд зарах уу, эсвэл Монгол банкны мэдэлд өгөх үү гэдэг дээр ТУЗ-ийн гишүүд ширүүхэн маргалдаж, санал хуваагдчихаад байгаа аж.

Банкны чанаргүй зээл нь 52 тэрбум төгрөгт хүрсэн нь энэ банкийг “Анод”-ын араас орох нөхцөлийг бүрдүүлчихээд байгаа юм. Дээрээс нь хувьцаа нь сүүлийн хэдэн өдөр тогтмол унаж байна. Өчигдөр Хөрөнгийн биржийн арилжаагаар тус банкны хувьцаа 185 төгрөгөөр унаж 1070 төгрөг болжээ. Энэ нь 14.74 хувийн уналттай байна гэсэн үг. Хувьцааг 15 хувиас илүү унагаж болохгүй гэсэн хатуу журам байдаг болохоор ийм дүн гарч байгаа юм хэмээн албаны эх сурвалж мэдээлж байгаа юм. Мөн хувьцаа худалдаж авах ганц ч санал ирээгүй, харин 1067 ширхэг хувьцааг зарах санал ирсэн нь хувьцааных нь ханш унаж байгааг харуулж байна. Өнөөдөр ч гэсэн хувьцаа нь унаж, 900 орчим төгрөг болох байх гэсэн таамаг байгаа юм. Гэхдээ хувьцаа ингэж унаж байгаа нь тус банкийг сонирхож байгаа Европын сэргээн босголт хөгжлийн банк, “Хадгаламж” банкны хувьд тун таатай хэрэг. Магадгүй Европын сэргээн босголт хөгжлийн банк зориуд хувьцааны ханшийг унагаж байгаад хямдхан үнээр худалдаж авах, эсвэл банкийг нэг мөсөн дампууруулж, үнэгүйдүүлсний эцэст Монгол банкнаас худалдаж авах далд санаа ч үүний ард байж болохыг үгүйсгэх аргагүй юм. Харин хорон санаа биеэ отно гэгчээр төлөвлөгөө нь бүтэлгүйтэж, “Хадгаламж”-ийнхан урдуур нь орсон гэсэн яриа банкуудын дунд тэнүүчилж явна. Учир нь “Зоос”-ын хуучцуул “Жаст”-ын Ш.Батхүүд шургаж, оросуудад банкаа өгөх талаар яриа хийж эхэлсэн юм байх.

Л.Пүрэвдорж “Зоос”-д БЭТ томилох тушаалаа урж хаясан уу?

“Зоос” банкинд бүрэн эрхт төлөөлөгч томилох нь гэсэн яриа хүчтэй яригдаж байна. Гэсэн ч өчигдрийн тухайд Монгол банкнаас энэ талаар тодорхой зүйл мэдээлсэнгүй. Харин “Хадгаламж” банкныхан “Зоос”-ыг худалдаж авснаа өнөөдөр албан ёсоор зарлах гэж байна. Гэхдээ зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж бүрэн эрхт төлөөлөгч томилох тушаал гаргасан ч түүнийгээ урж хаясан байж магадгүй гэнэ. Өнгөрсөн даваа гаригийн өглөө Монгол банкин дээр энэ талаар яриа болсон юм байх. Л.Пүрэвдорж Ерөнхийлөгчийн тухайд бүрэн эрхт төлөөлөгч томилох санал оруулсан ч бусад захирлууд нь дургүйцэж, бүрэн эрхт төлөөлөгчийг томилохыг түр азнахыг зөвлөсөн гэнэ. Магадгүй “Зоос”-ын хувьцаа эзэмшигч МАХН-ын лидерүүдээс эмээсэн байж болно. Харин өглөө нь болсон энэ ярианы дараа “Хадгаламж”-ийнхан яаруу сандруу “Зоос”-ыг авах саналаа албан ёсоор өдөр нь Монгол банкинд хүргүүлсэн гэнэ. Тиймээс ч “Зоос” банкинд томилогдохоор яригдаж байсан бүрэн эрхт төлөөлөгчийн асуудал хойшилжээ. Хэрэв “Зоос”-д бүрэн эрхт төлөөлөгч томилогдвол Европын сэргээн босголт хөгжлийн банкинд ашигтай. Нэгэнт Монгол банкны мэдэлд оччихсон банкийг зарах, шинэ хөрөнгө оруулагч оруулах талаар яригдаж эхэлнэ. Энэ үед Европын сэргээн босголт хөгжлийн банк авах бүрэн боломжтой. Дэлхийн хэмжээний том банк гэдгээрээ, мөн 49 хувийн хувьцаа эзэмшигч гэдгээрээ тэдэнд боломж хамаагүй илүү. Харин “Хадгаламж”-ийнханд ашиггүй болж хувирна. Тиймээс бүрэн эрхт төлөөлөгч томилохоос нь өмнө “Хадгаламж”-ийнхан худалдаж авах саналаа ирүүлсэн юм байх. Мэдээж “Хадгаламж”-ийн ард О.Дерипаска зэрэг Оросын нөлөө бүхий тэрбумтнууд байгаа учир тэр 52 тэрбумын чанаргүй зээл, 38 тэрбумын алдагдал зэрэгт санаа зовох асуудалгүй гэсэн үг. Тиймээс ч тэд “Зоос”-ыг мөнгөөр зодон авчихлаа.

С.Баярт “хулхидуулсан” оросууд банкууд руу “довтолж” эхлэв үү?

Анх “Хадгаламж”, “Монгол шуудан” банкууд нэгдсэнээ зарлаж байхад оросууд Монголын банкны систем рүү санаархаж эхэллээ хэмээн бичиж байсан удаатай. Энэ маань ч эхнээсээ батлагдаж эхлэв бололтой. Дээрх хоёр банкийг нийлүүлээд ч “Хаан”, “Голомт”, Худалдаа хөгжлийн банкны энд хүрэхгүй нь тодорхой болохоор оросууд жижиг банкуудыг хэдийнэ онилж, ээлж дараалан тоншихоор шийдсэн байж болзошгүй юм. Гэв гэнэт л Ш.Батхүү гэдэг нөхөр “Зоос”-ыг авахаар ярьж эхэллээ гэхэд хэн хүнгүй л гайхаж байна. Өмнө нь “Хадгаламж”, “Монгол шуудан” нэгдэхэд зах зээлийн зөв зарчим хэмээн олонх нь ойлгож байсан ч учир мэдэх хүмүүсийн дунд болохгүй л юм яваад байна даа гэсэн яриа өрнөж байсан. Оросуудын ийн шийдэмгий байгааг нь Оюу толгойтой холбож тайлбарлаж болох талтай. Өөрөөр хэлбэл С.Баярт хулхидуулсан оросууд банкны систем рүү “довтолж”, хүнд байдал орсон жижиг банкуудыг ээлж дараалан өөрийн болгох төлөвлөгөө нь хэрэгжиж эхлээд байна уу даа гэсэн хардлага төрж байгаа юм. С.Баяр Ерөнхий сайдаар анх томилогдож байхдаа орос ах нартай Оюу толгой дээр хамтарч ажиллах боломж бий хэмээн хошгируулж, багагүй зүйл зулгааж амжсан. Эцэст нь “Рио Тинто”-той гэрээ байгуулсан нь оросуудын дургүйг хүргэсэн хэмээн зарим ажиглагчид тайлбарлаж байгаа юм. Тиймээс ч тэд хариугаа авахын тулд манай улсын эдийн засгийн хамгийн эмзэг хэрнээ нөлөөтэй салбар болох банкны салбарыг онилсон байж болно. Одоо байгаа 15 банк хоёр дахин багаслаа гэхэд түүний тал нь оросуудын мэдэлд очиход л хангалттай. Тэгж чадвал Таван толгой тэргүүтэй нүүрсний ордууд, Мардай зэрэг ураны ордуудыг хяналтдаа байлгаж, өөрийн болгоход оросуудын гол зэвсэг нь банк байх болно. “Эрэл”, “Капитал” гээд бэлэн хоолууд ч ард нь байсаар байна. Харин ийм болзошгүй байдлаас гарахын тулд бүх арилжааны банкны эзэмшигчдийг олон нийтэд ил тод зарлах нь хамгийн зөв зам хэмээн банк, санхүүгийнхэн ярьж байгаа. Үнэндээ олон, чанаргүй хэмээн адлуулж байгаа энэ банкнуудын ард хэн байдгийг мэдэх хүн хуруу дарам цөөхөн. Эдийн засаг, үндэсний аюулгүй байдлаа бодож үзсэн ч тэр, алс хэтээ төсөөлөхөд ч тэр тийм тийм банк оросуудад, ийм ийм банк нь монголчуудад үлдэж байна гээд хараад сууж байвал дээрсэн.

С.Болд-Эрдэнэ

 
Сэтгэгдэл ( Нийт 3 сэтгэгдэл )
  1. Hunii hogjliin geh zuun heden terbumaa 50000 han tog bolgoj taraasnaas jijighen beeliinii ch yumuu malgainii ch bsan uildver (tom bish ) tseh bguulchihgui yav daa .ene mongonii shavhruugaar chini hun yu hihev dee .hulhi ch hamaagui neg uildverlel bosgoj bhgui.amia bodson har shaarnuud .mongolchuud oorsdoo l bid iim bnaa sh dee .gadaadiinhan heden tsaas oruulav uu ugui yu bi avna chi ch avna geed. ene bayalag chini yamar gants bidend zoriulsan yum uu.ireeduin olon shine irged tegeed yu ch avaagui gomdoltoi bh yum uu .
    ovgod deedes ni gazriig ni zaraad huvaagaad idtsen . geed suuj bh uu. xe xe . icheech ee .tomchuud geltgui . bugd .BUH MONGOLCHUUD ICHEECH.niilj ideheer ichideggui yum uu .gudamjaar bie bieniihee dergeduur zorohdoo ICH l dee.hunii shunalaar toglood bhad bid togluulaad l bh yum

  2. sain uu yu bna sonon saxan yu bna aab ulaanaa bna

  3. Jeffhardy geech etgeed bichig useg tailagdaagui um uu haashaa yum

Сэтгэгдэл бичих

E-mail:
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү?

Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Санал асуулга
  • Монгол улсын Засгийн Газраас сар бүр иргэдэд 10 000 төгрөг олгох Ерөнхий сайд С.Батболдын санаачлагыг та хэрхэн үзэж байна вэ?

    Үр дүн харах

    Loading ... Loading ...
  •