УИХ дахь МАХН-ын бүлэг өчигдөр үдээс өмнө хуралдлаа.
Бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан, дэд дарга Г.Занданшатар нар хурлын дараа мэдээлэл хийсэн юм.
Д.Лүндээжанцан гишүүн “Хүний хөгжлийн сангийн тухай хууль УИХ-аар батлагдсантай холбогдуулж Ерөнхий сайд намын Удирдах зөвлөлд мэдээлэл хийсэн. Мэдээллийн мөрөөр Удирдах зөвлөлөөс тогтоол гарч намын бүлэгт ерөнхий чиглэл өглөө. Хүний хөгжлийн сангийн тухай хууль батлагдсан нь Монголчуудын амьдрал, нийгмийн халамжийн тогтолцоонд шинэчлэл хийх түүхэн үйл явдал болсон, гагцхүү хэрэгжүүлэх ажил чухал гэж Удирдах зөвлөл дүгнэсэн.
Одоогоор тус санд 337 тэрбум төгрөг хуваарилаад байгаа. Үүнийг иргэддээ хэрхэн хуваарилах талаар Засгийн газраас журам гаргана. Бидний тооцож буйгаар уг мөнгөнөөс бэлнээр тараахад нэг өрхөд 600 мянга, нэг хүнд 120 мянган төгрөг ногдох тооцоо гарсан. Эхний ээлжинд хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэхийг чухалчилж байгаа.
Цаана нь 40-60 насны нийгмийн даатгалд хамрагдаагүй 500 мянга гаруй иргэн бий. Тэднийг даатгалд хамруулах нь чухал. Мөн оюутны сургалтын төлбөр, орон сууц, хувьцаа хэлбэрээр хуваарилалт хийх асуудал ч багтсан. Ингэхдээ бэлэн мөнгө хэлбэрээр олгохыг ирэх онд 337 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн. Цаашдаа ийм байдлаар тодорхой хөрөнгө дараагийн онуудад төсөвлөнө. Энэ сан арвижих үндэстэй. Стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар болон хуульд заасан эх үүсвэрүүдийг дайчлан арвижуулна” гэлээ.
Ирэх оны төсвийн төслийн талаар тэрбээр “Үндсэндээ төсвийг арав гаруй хоног хэлэлцлээ. Төсвийн байнгын хороонд манай бүлгийн дүгнэлтийг шилжүүлсэн. Хөгжил рүү хандсан, хөрөнгө оруулалтыг дэмжсэн агуулгатай бууж байгаа. Тухайлбал, “Монгол мах” хөтөлбөрийг эхлүүлэх талаар бүлгүүд санал нэгдсэн. Үүнд арав орчим тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгасан байгаа. Малыг эрүүлжүүлснээр экспорт нэмэгдэнэ. Нөгөө талдаа малчдын маань ч орлого өснө.
Мөн “Шинэ Улаанбаатар” төсөлд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Нийслэлийн зам гүүрийг шинэчлэх, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулахад энэ хөтөлбөрийн зорилго оршиж байгаа. Түүнчлэн Завхан, Говь-Алтай аймгийг эрчим хүчний байнгын эх үүсвэртэй болгох Могой голын цахилгаан станц барих төсөл байна. Уг төсөлд бас мөнгө төсөвлөсөн байгаа” гэлээ.
Зарлага бууруулах тал дээр тус бүлэг яаж ажиллаж, ямар байр суурьтай байгаа талаар Д.Лүндээжанцан гишүүн “Орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах чиглэлээр тодорхой саналууд гарсан. Орлого талдаа үндсэндээ 200 орчим тэрбум төгрөг гарч ирж байгаа. Зарлагын реформ, үр ашиггүй зардлыг бууруулах чиглэлээр бүлгүүдээс байгуулагдсан ажлын хэсгүүд санал гаргаж, тохирсон зүйлүүд бий” гэсэн хариултыг өглөө.
М.Бат
Ийм тэнэг хүмүүст хэлэх үг ч алга даа. Хайран эх орон минь. Хувааж идэхээ л бодоод байх юм даа.