2010 оны 09 сарын 10-ны өдөр, Баасан гараг
Урлагийн хүнд спортын тэсвэр хатуужил хэрэгтэй
2009-12-28 өдөр 17:02

“Хайрын гэгээ”, “Уучлал гуйхыг минь хүлээж байна уу” зэрэг уянгын дуунуудаараа залуусын зүрх сэтгэлийг уярааж байгаа “Мотив” хамтлагийн дуучин Э.Анхбаярыг энэ удаагийнхаа “Хамгийн хамгийн” буландаа урилаа. Түүний хамгийн, хамгийн нь юу юм бол!

-Хамгийн их хүндэлж явдаг дуучин гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Их л байна даа. Юуны түрүүнд гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн багш нарыгаа хүндэлж явдаг. Тэд минь байгаагүй бол би гэдэг хүн чинь энд зогсч байхгүй байсан. Мөн Сараа, Ариунаа эгч хоёрыг маш их хүндэтгэж явдаг. Тэд Монголын эстрадын түүхэнд ихээхэн хувь нэмэр оруулж яваа дуучид. Бас их авьяаслаг.

-Хамгийн дуртай спорт тань?

-Спортод дуртай шүү. Ялангуяа хөлбөмбөг, усан спорт, бодибилдинг сонирхдог. Хичээллэх ч дуртай. Өнгөрсөн жил усанд сэлэлтээр Улсын аварга болж байсан. Харин энэ жил оролцож чадсангүй. Хөдөө орон нутагт тоглолтоор явж байх хойгуур болчихсон  байна билээ. Гэхдээ дараа жил заавал оролцоно. Даагаа нэхнэ гэж бодоод өнгөрсөн сараас эхлэн бэлтгэлээ хийж эхэлсэн. Дараа жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн он гараад болох юм дуулдсан.

-Хэдэн метрийн зайнд хүч үздэг юм бэ?

-50, 100 метрт уралддаг.

-Хүчтэй өрсөлдөгчид байна биз?

-Байлгүй яахав. Энэ чинь спорт шүү дээ. Миний хувьд Цэнгэл, Тамир, Мөнхбаяр гээд л өрсөлдөгч олон бий.

-Урлаг, спорт хоёр чинь тэс ондоо зүйл.  Яаж зохицуулж байна даа?

-Харин тийм ээ. Гэхдээ урлагийн хүнд спортын тэсвэр хатуужил маш их хэрэгтэй. Спортын тэсвэр хатуужил, эрч хүчээр шинэ, шинэ уран бүтээл хийвэл илүү амжилтад хүрнэ гэж би боддог. Ер нь урлагийнхан гэхээр спортоос хол хөндий, сулбайсан биетэй хүмүүс байх албагүй.

-Мөрөөдлөөсөө хуваалцаач?

-Монголдоо төдийгүй Азидаа өөрийн эх орныхоо нэрийг дуурсгасан хамтлаг болохыг мөрөөддөг. Энэ бол манай хамтлагийн зорилго.

-Тэгвэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд юу хийж байна?

-Яаж ажиллах талаараа хамтлагаараа яриад төлөвлөгөө гаргачихсан байгаа. Он гараад түүнийгээ хэрэгжүүлнэ. Одоохондоо шинэ жилийн ажил гээд л явж байна.

-Өөрийн тань мөрөөдлийг сонирхмоор байна?

-Саран дээр очих гээд хэлчихвэл буруудчих юм болов уу. Гэхдээ яагаад болохгүй гэж. Ер нь өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд том зүйл мөрөөдөж байх хэрэгтэй. Тэгж байж л зорилгодоо нэг шатаар ахиж, амжилт өөд мацна шүү дээ. Өнөө маргаашаа бодоод байвал хэн ч урагшлахгүй бас хөгжихгүй.

-Хамгийн хайртай амьтан?

-Би моринд дуртай хүн. Бага байхдаа хурдан морь унадаг байлаа. Тийм болоод ч тэрүү хурдан морины уралдаан гарахаар өөрийн эрхгүй сэтгэл хөдлөөд байдаг юм.

-Тийм үү. Ямар насны морь унадаг байсан юм. Хэдэн түрүү авч байв даа?

-Даага, соёолон унадаг байсан. Уг нь зөндөө л уралддаг байсан хэрнээ ганц ч түрүү бай авч байгаагүй ээ /инээв/. Тэгэхээр би их муу унаач байгаа биз.

-Хамтлагийнхаа хамгийн, хамгийнийг сонирхуулаач?

-За байз. Хамгийн авьяаслаг, сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч нь манай хамтлагийн ахлагч Жижгээ. Харин хамгийн их иддэг нь би/инээв/ Хамгийн унтамхай нь Сайнаа, хамгийн их өөрийгөө өмөөрдөг нь Ганбаа.

-Хамгийн олон удаа дуулсан дуу?

-Одоо бол “Хайрын гэгээ”. Харин нь өмнө нь “Уучлал гуйхыг минь хүлээж байна уу” гэдэг дуу маань байсан. “Хайрын гэгээ” дууг өнгөрсөн жил Шонхорын ээж Улаанаа эгч бид нарыг дуулаач гэж санал тавьсан л даа. Сонссон чинь их гоё дуу байхаар нь бид дуулсан. Шонхор маань бидний үеийн авьяаслаг залуу байсан юм. Даанч ертөнцийн мөнх бусыг үзсэн дээ. Бид одоо бас нэг гоё дууг нь дуулах гэж байгаа. Он гараад бичлэгтээ орно доо.

-Тэгвэл хамгийн гоё үгтэй дуу тань?

-“Амьдрал яагаад” гэх шинээр гарч байгаа уран сайхны киноны “sound track”. Дууны үг нь их гоё. Манай Жижгээ зохиосон юм. Үг, ая нь их зохицсон.
Үйлгүй тэнгэрээс бороо яагаад асгардаг юм бэ
Үндэсгүй мөчрөөс цэцэг яагаад ургадаг юм бэ
Уйлаагүй нүднээс чинь нулимс яагаад дусалсан бэ
… гээд л их гоё шүлэгтэй.

-Цуглуулгатай юу?

-Цуглуулга гээд байх юм байхгүй ээ. Гэхдээ медаль байгаа шүү.

-Тоолж үзсэн үү. Усан спортоор авсан медалиуд уу?

-20 гаруй байгаа. Дуу бүжиг, сагс, волейбол, усанд сэлэлт, хөлбөмбөг гээд олон төрлөөр авсан.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна даа?

-Одоохондоо шинэ уран бүтээлүүдээ цацаж чадаагүй байгаа. Он гаргаж байгаад цацах санаатай.  Бас “Буцах замгүй” гээд шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байгаа. Нэгэнт урлагийн ертөнцөд хөл тавьсан болохоор энэ уран бүтээлээ өөрсдөдөө зориулсан.

-Шинэ жилээ хэрхэн тэмдэглэх гэж байна даа?

-Энэ жилийн шинэ жилийг гэр бүлийнхэнтэй тэмдэглэнэ. Харин нэгдүгээр сарын нэгэнд урлагийнхантайгаа тэмдэглэнэ дээ.

Б.Өрнөх

 
Сэтгэгдэл ( Нийт 1 сэтгэгдэл )
  1. yylgyi tenger bailgyi dee

Сэтгэгдэл бичих

E-mail:
Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү?

Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Санал асуулга
  • Монгол улсын Засгийн Газраас сар бүр иргэдэд 10 000 төгрөг олгох Ерөнхий сайд С.Батболдын санаачлагыг та хэрхэн үзэж байна вэ?

    Үр дүн харах

    Loading ... Loading ...
  •