Хүүхэддээ урлагийн хүмүүжил олгоно гэдэг чухал. Урлаг дагасан хүүхэд уян сэтгэлтэй, аливаад уужуу ухаанаар ханддаг болдог гэдэг байх аа. Бид энэ удаад “City Ballet” сургуулийн захирал, багш, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Б.Энхтуултай уулзаж ярилцав.
-Та балеттай хэдийнээс эхлэн амьдралаа холбов оо?
-Нэгдүгээр ангидаа шиг санаж байна. Ээж, аавтайгаа Хүүхдийн ордонд концерт үзсэн юм. Тэр үед үзсэн хүүхдүүдийн бүжиг маш их таалагдаж тэр жилээ Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд орсон доо. УГЖ Жаргалсайхан багшид шавь ороход “Чи балетын хүүхэд байна” гэж дандаа хэлдэг байсан. Би ч түүнийг нь нэг их гүнзгий ухаарч бодож байсангүй. Тэгээд хоёр жил хичээллэж байж байтал зуны амралтаар Жагаа багш утасдаад л Оросоос балетын багш нар ирсэн чи шалгуулах хэрэгтэй байна. Аав, ээжийгээ дагуулаад хүрээд ир гэлээ. Дагуулаад л очсон.
-Яаж шалгадаг юм байна..?
-Тухайн үед их сандарсан. Орос багш нарыг шалгахаас өмнө нь монголчууд нь шалгаж байдаг юм билээ. Хүүхдүүдийг дотуур өмдтэй нь зогсоогоод л тонгойлгоод л нурууных нь ясыг, хүзүүнийх нь ястай тоолдог юм билээ. Баахан шалгаж байгаад л намайг хасчихсан. Яасан гэхээр миний хөлийн эрхийн хуруу бусад хуруунаасаа урт. Уул нь хуруунууд жигд, тэгшхэн байж өлмий дээрээ явдаг юм байна л даа. Маргааш өдөр нь орос багш нар хүүхдүүдийг шалгаж эхэлсэн. Жагаа багш намайг “…чи орж шалгуул” гээд л хэлдэг юм байна. Ороод шалгуулсан чинь “гоё охин байна, авна” гэж хэлээд л тэнцүүлсэн.
-Аав, ээжтэйгээ ирээрэй гэдэг нь ямар учиртай байсан юм бол оо..?
-Биеийн галбирыг нь хардаг юм билээ. Тухайн хүүхэд таргалах, үгүйг нь аав, ээжийг нь харж, шинжиж мэддэг юм билээ. Үүнийг нь мэдээд ээжийнхээ оронд аавын дүүг оруулчихсан. Хоёулаа туранхай болохоор ямар ч асуудал гараагүй. Тэгэхээр тарга удам дагадаг гэдэг үнэн юм билээ. Олон жил балетаар хичээллэсэн болохоор хүний арьсны ширхэгийг хараад таргалах, үгүйг нь мэддэг болчихсон. Таргалах хүний арьсны ширхэг нь ондоо байдаг. Хөндлөн гэдэг ч юм уу. Та нар таргалалтаас болоод язарсан арьсыг харсан биз дээ. Тэр язралт нь саяын миний хэлээд байгаа тэр ширхэгийн дагуу явагддаг. Балетын сургуульд сурч байхад таргалах шинжтэй хүүхдүүдийг “Уучлаарай, ирээдүйгээ боддоо” гэж хэлээд л явуулчихдаг. Манай анги анх 16 хүүхэдтэй байсан. Ес нь л төгссөн. Нэг бодлын харгис, нөгөө талаасаа шударга гэх үү дээ. Оросын балетын сургууль үнэхээр энэ салбарын гол цөм нь болдог.
-ОХУ-ын аль хотод суралцлаа..?
-Пермь хотын Балетын академид. Дайны үед Ленинградын балетын сургуулийг энэ хотод нүүлгэн суурьшуулсан юм билээ. Дайны дараа ч тэндээ л үлдсэн. Тэр утгаар нь ч Ленинградын балетын сургууль гэж бас ойлгож болно.
-Төгсөөд монголдоо ирсэн үү?
-Биднийг төгсөлтийнхөө тайлан тоглолтыг хийж байхад Оросын театруудаас хүмүүс ирж үзсэн. Тэд төгсөгчдөөс сонгож авч театртаа урьдаг юм билээ. Манайд ажиллавал ийм цалин, урамшуулалтай гээд л танилцуулна. Харин нэртэй, том театруудад ажиллая гэвэл өөрсдөө очиж шалгуулдаг. Намайг үлдэж ажиллахыг ОХУ-д үлдэж ажиллахыг санал болгоход нь зөвшөөрсөн.
-Ээж тань марайлаг гэсэн байх аа. Суралцаж байх хугацаандаа таргалаагүй юу?
-Таргалсаан. Шилжилтийн насан дээрээ хүүхдүүд өөрийн эрхгүй их иддэг юм билээ. Манай сургуулийн хажууд “Кулинария” байдгийг ч хэлэх үү. Тэндхийн байнгын үйлчлүүлэгч нь байсан. Тэндийн нарийн боов, блинчик нь ямар амттай гээч. Үнэхээр салахын аргагүй. Харамсалтай нь ингэж идээд нэг хэсэг таргалсан. Балетчин гоё охидуудыг хараад өөрийн эрхгүй идэх хүслээ хязгаарладаг юм билээ.
-Тэр үеийнхтэй адил хүүхэд элсүүлж буй юм болов уу?
-Монголоос авдаггүй байх аа. Учир нь сургалт нь төлбөртэй болчихсон. Жилийн арав гаруй мянган ам.доллар гэсэн байх аа. Харин гадныхан их сурдаг гэнэ лээ. Миний үед төлбөргүй сурч байлаа шүү дээ.
-Балетчин болох сайхан ч бас хэцүү мэргэжил байх. Тэр бүр хүүхэд гаргаж болохгүй, эрт тэтгэвэрт гарна, хөлөндөө ачаалал өгдөг болохоор нас ахиад ирэхээр хөл нь өвддөг гэж дуулсан..?
-Өвдөнө шүү. Тийм болохоор бид байнга л дасгал хийдэг. Тэтгэвэртээ гарсан балетчид маань манай дээр ирж дасгал хийнэ.
-Хөлийн хуруу эвдэрнэ биз..?
-Эвдэрнэ. Тухайн үед өмсгөлөө зөөллөх гэж оймсны өөдөс хүртэл хөлийнхөө өлмийд хийдэг байлаа шүү дээ. Харин одоо бол тэгэх шаардлагагүй. Бүх юм хөгжөөд ирэхээр зөөлөвч нь хүртэл селикон болчихсон. Яг л хөвөн дээр гишгэж байгаа юм шиг мэдрэмж төрнө гээч.
-Балетаа орхиё гэдэг бодол төрж байв уу?
-Байсан шүү. Балетын гоцлолын төвшинд ажиллахад 35 нас ахиудаа орно. Амьсгаадаад хэцүү шүү дээ. Тиймээс тэр цагт мэргэжлийн балетчин бэлтгэх өөрийн гэсэн сургуультай, түүндээ ажиллая л гэж бодсон доо.
-Одоо сургуулийнхаа талаар ярих уу?
-Манай сургуульд суралцсанаар хөдөлгөөний эвсэл, хөгжмийн болон гоо зүйн мэдрэмж, уян хатан биетэй, сонгодог урлагийн мэдлэгтэй, мэдрэмжтэй болно. Мөн зөв сайхан биеийн галбираа хадгалах буюу биеийн галбираа засахад нөлөөлөх болно. Бид сургалтаа бага анги /4-7 нас/, дунд анги /8-12 нас/, ахлах анги /13-16 нас/, насанд хүрэгчдэд зориулсан, ганцаарчилсан сургалт гэж ангилдаг. Сургалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хүмүүс 9903-0419 утсаар лавлаж болно.
-Бага насны хүүхэд хэдий хугацаагаар хичээллэвэл үр дүнгээ өгөх бол..?
-Гурван cap болоход л мэдэгдэнэ. Харин цааш нь үргэлжлүүлэн сургах эсэх нь эцэг, эхийнх мэдэх асуудал. Одоо хичээллэж буй хүүхдүүдээ харахад өдөр ирэх бүр надтай адилхан болж байна. Алхаа гишгээ, хөдөлгөөн нь хүртэл адилхан гээч. Энэ нь нэг ёсондоо өөрийнхөө хүссэн хэмжээгээрээ өөрчилж чадсан гэсэн үг л дээ.
Э.Туяа
Bi odoo 40 hurch baina. Jin nemeh shinjtei. Balet bol minii bagiin moroodol. Hediin nas nemsen ch moroodloo bieluulehiig bainga husdeg. Minii nasnii hun chileellej boloh uu. Tolbor ni hed ve?
Bi Citi Ballet surguuliin nasan xuregchdiin angid yavdag. 32 nastai. Hagas jil bolj bna. Bid yamar mergejliin bujigchin bolox gej bgaa bish nas xamaagui ee. Xicheelleed irexeer unexeer saixan baidag. Songodog hugjim sonsood dasgal xiixeer amralt ch bolgog, dasgal ch bolno. Manai angi bas ix goy goy xuuxnuudtei. Ireerei.