ХЬЮСТОН. /СИНЬХУА/. Өнгөрсөн долоо хоногуудад АНУ-ын нийт нутгаар А/Эйч1-Эн1 вирусийн цар дэгдэлт суларсан ч хүний аминд хүрсээр байна.
Өнгөрсөн хоёр долоо хоногт Сан Антонио хотод шинэ төрлийн вирусийн улмаас гурван хүн нас барсны нэг нь амаржаад ердөө 20 гаруй цаг болсон эмэгтэй байжээ. Харин Техас муж улсад А/Эйч1-Эн1 вирусээр нас барах болон халдвар авах тохиолдол харьцангуй буурсан байна. “Энэ нь олон шалтгаантай. Цаг агаар дулаарч, хүмүүсийн дархлаа сайжирч байгаа болон вакцины нөлөөгөөр өвчний дэгдэлт буурсан” гэж Техас муж улсын халдварт өвчин судлалын төвийн эмч Сандра Гуерра тайлбарлажээ.
Миннесотагийн эрүүл мэндийн газрын шинэчилсэн тайлангаар тус муж улсад А/Эйч1-Эн1 вирусээр гурван нас барж, уг өвчний улмаас нас барсан хүний тоо 58 болж нэмэгджээ. Үүнээс гадна Арканзасын эрүүл мэндийн газраас шинэ төрлийн вирусээр нэг хүн нас барсан талаар мэдээлсэн байна. Америкийн муж улс, хотуудын эрүүл мэндийн газрын удирдлага А/Эйч1-Эн1 вирусийн цар дэгдэлт суларч байгаа ч халдвар намжаагүй байгааг сэрэмжлүүлжээ. Түүнчлэн жирэмсэн эхчүүдийг халдвар авахаас сэргийлж, вакцинжуулалтад хамрагдахыг анхааруулсан байна. Америкт А/Эйч1-Эн1 вирусээр нас барагсдын зургаан хувь нь жирэмсэн эхчүүд байсныг мэргэжилтнүүд баримтаар нотолжээ. С.Отгонбаяр
