Монголчууд бид эрт цагаас төрт ёсоо дээдэлж, төрөө хүндлэн шүтэж ирсэн билээ. Тиймдээ ч төрийн үйл хэрэг ариун шударга байх нь хэн бүхний хүлээлт юм. 1990 оноос сонгууль хийж эхэлснээс хойш саналыг гараар тоолж байсан нь ганц хоёр гомдол дагуулж түүний улмаас саналыг удаан тоолдог, булхай орох хандлагатай гэсэн асуудал гарч эхэлсэн.
 
Эдгээр дутагдлыг арилгах зорилгоор 2012 оноос эхлэн сонгуульдаа “хар машин” ашиглаж эхэлсэн билээ. Гэвч бид нэг юм сэдхээрээ сайн муу, ашигтай ашиггүй, бусад орны туршлага зэргийг сайн судлалгүйгээр шууд авч ашигладгаараа сул талыг үүсгэдэг байж болох юм.
 
Жишээ нь Монголд “хар машин” орж ирсэн түүхийг сонирхоход 2011 оны 11 дүгээр сарын 10-нд УИХ дээр автоматжуулсан системийг хуульчилж улмаар 2011 оны 12 дугаар сарын 27-нд буюу 1 сар гарангийн хугацаанд л шууд тэр хар машинаа худалдаж аваад л ашиглачихаж байгаа юм.
 
Үүний үр дүнд ард түмэн эсэргүүцэх, үл ойлгох, бухимдах, үл итгэх гээд олон асуудал мэр сэр гарч байсан ч үүнийг шийдвэрлэж ирээгүй. Хар машинаараа зүтгүүлсээр 2016 оны сонгуультайгаа золгож байна.
 
Гэтэл хар машиныг ашиглаж байгаа бас нэг орон бол Филиппин улс юм. Гэхдээ Филиппин улс биднээс арай няхуур хийсэн гэхүү дээ. Филиппин улсын Сонгуулийн Комисс нь 1997 онд автоматжуулсан систем ашиглах талаар шийдвэр гаргасан нь сонирхол татаж буй юм.
 
Түүнээс хойш 2010 он хүртэл 13 жил судалж, сайн мууг нь шүүн тунгааж хэлэлцэж байж 2010 оны сонгуульдаа хэрэглэж эхэлсэн бөгөөд энэ цаг үед бол хаанаас авах, аюулгүй байдлаа яаж хангах, ард түмний санал бодлыг бүрэн гүйцэд мэдэх зэрэг олон ажлыг хийсэн байх болно. Бидэн шиг “бушуу туулай борвиндоо баастай” гэгчийн түүх болоогүй билээ. 
 
За нэгэнт бид ядаж Филиппин шиг ул суурьтай хандаж чадаагүйгээс хойш одоо хар машины талаар товч авч үзье. Хэдий хар машинаар санал тоолох нь гараар тоолохоос хурдан ч гэсэн баталгаа байхгүйг хаа сайгүй өгүүлэх болж. Хакер хаана л бол хаана, хэзээ л бол хэзээ орж болдог талаар цахим ертөнцөд нилээдгүй бичиж үлдээж.
 
Гэтэл нэг сонирхолтой зүйл нь Монгол Улс хар машинаа худалдаж авсан Dominion Votingкомпанийн захирал Жон Поулос хэлэхдээ “цаас нь бол аюулгүй байдлыг хангах хамгийн эцсийн арга нь” гэж хэлсэн байх юм.
 
За Поулос ч юу гэж хэлэх нь дүүрч. Магадгүй АНУ шиг 300 гаруй сая хүн амтай газар эсхүл Филиппин шиг 100 шахам сая хүн амтай газар энэ хар машинаар тоолох нь утгатай мэт байх.
 
Тэгвэл 3 сая хүн амтай Монгол шиг газар, тэгээд дээрээс нь сонгогчдийн тоо нь 2016 оны тоо баримтаар 810,000 /эх сурвалж: http://songuuli.uz.mn/ буюу 1 сая ч хүрэхгүй байхад гараар тоолох бол нээх асуудал биш санагдах юм. Ялангуяа 2016 он шиг 76 жижиг тойрог болгоод хуваасан тохиолдолд нэг тойрогт тоолж барашгүй хэмжээний санал байхгүй нь тодорхой.
 
Тэгсэн ч гэсэн “хар машин” ашиглах гээд зүтгээд байдаг нь ямар учиртай юм бэ? Энэ мэт цөөн хүн амтай, 76 жижиг тойрогт саналыг гараар тоолох нь тоолж барашгүй хэмжээний биш тул асуудал дагуулаад буй гэх хар машиныг халах нь зүйтэй болов уу.
 
Иргэд бид эрх баригчдаас шийдвэрээ эх оронч байдлаар, үнэн шударгаар, ард түмнийхээ хүсэл сонирхолд нийцүүлж, цаг хугацаа алдалгүй гаргаж байхыг хүсдэг бөгөөд өнөөдөр хүртэл сонгуулийн “хар машин”-ы асуудлыг цэгцлэн шийдвэрлээгүй байгаад иргэн миний хувьд сэтгэл дундуур байдаг билээ.
 
Жишээ нь хар машинаар саналыг тоолоод, 50%-ийг нь “сугалааны” аргаар гараар тоолно гэдэг нь тохуурхаад байгаа ч юм шиг санагдаж байгаа юм. Энэ янзаар бол гараар тоолсон 50% нь үнэн, бусад нь худал гэж ойлгож болох уу? Дээрээс нь улс эх орны асуудлыг сүүлийн жилүүдэд “сугалааны аргаар” гэдэг аргаар шийддэг болоод байгаа ажиглагддаг.
 
Хүн ардынхаа амьдралын асуудлыг сугалаагаар шийдэж байгаа нь арга ядсан мэт санагдаж байгаа юм. Магадгүй 100 сая, 300 сая, 500 сая, 900 сая хүн амтай орнуудад ойлгох ч гуравхан сая хүн амтай бид өнөөдөр ингэж асуудалд хөнгөн хандаж боломгүй санагдах юм. Тиймээс энэ асуудлыг эрх баригчид даруй шийдвэрлэнэ байх хэмээн найдаж энэхүү бодролоо бичлээ. 
 
Сайнхүүгийн Гантуяа