1954 оны 11сард Өвөр Монголын Дархан хошуу /Хорчин зүүн гарын дунд хошуу/-ны Усат сумын Ариун хошуу гацаанд төрсөн байна. Ам бүл 8-лаа, айлын 5-р охин болон мэндэлсэн байна.1. 1954 он нь Өвөрмонголын өөртөө засах орон гэж байгуулагдаад 7 дахь жилдээ болж байсан юм. Жирэм аймаг бол Өвөрмонголын зүүн хэсэгт байрладаг тариалах орон юм. Багаасаа бие султай тул 7 настайдаа сургуульд орж чадаагүй 8 настайд нь тухайн газрын сургуульд нь сургуулийн элсэлт аваагүй байна.

Иймээс 9 настайдаа анх сургуульд орсон байна. Тэр үеийн 60-70-аад онд Хятад улсын эл зүйлийн улс төрийн хөдөлгөөн тасраагүй ороо бусгаа он жилүүд байсан юм. Хуучинхүү багшийн бага сургуульд суралцаж байх үед сургууль нь ихэнх цагаар сурагчидаа хөдөлмөр хийлгэж цөөн цагаар хичээл ордог мөртлөө хичээлийн гол агуулга нь тухайн үеийн Хятадын удирдагч Мао-гийн илтгэлийг ордог байсан байна.

 

1968 оны өвөл Хуучинхүү багшийн аавыг нь эсрэг бүлэгтэн гэх нэрээр хэлмэгдэлтэнд хамруулан хорьсоноос өвлийн хүйтэнд өдөр нь албадалгаар хар ажил хийлгэж, орой нь охиныхоо хүргэж өгсөн лууван мэтийн ногоонд гурил наалдуулсан ногоотой шөл ууж, хөнжил дэвсгэргүй банзан орон дээр хоноглодог байсан байна. Тухайн үед тариачид тариа тарьж байсан ч Хятад улсын Засгийн газраас хураалтыг нь бүгдийг нь хураан авч өчүүхэн бага хэмжээний хөлсийг өрх бүрийн хүний тоонд ноогдуулан өгдөгөөс хоолондоо цаддаггүй өлсгөлөн явдаг байсан.

Бага сургуулийнх нь ангийнх нь хүүхдийг хүртэл хувьсгалын эсрэг гэж хэлмэгдүүлж олны дунд зодож нүдэж залхаан цээрлүүлж байсан байна. Айл тосгоных нь саахалт дотроос хилс гүжир хэргээр алагдсан, амиа хорлосон сураггүй алга болсон хүмүүс олон бий. Гэрт нь хадгалж байсан хэдэн авдар номыг шатааж хаясан гэдэг. Аав нь хорионоос гараад удаагүй том ах нь усанд живж нас барсан зэрэг золгүй явдлууд хойно хойноос нь үргэлжилсээр байсан байна. Ганц дүүгийнх нь ангийнх хүүхдүүд тэрслэх бүлгийн хүүхэд Өвөр ардын нам гэж хараан доромжилоод байхаар нь гэртээ харьж ирээд дахиж сургуульдаа очсонгүй тул Хуучин хүү багш ах дүү нарын дундаас нь цор ганц сургуульд сурсан хүүхэд болсон байна.

Тэр үед унших ном ховор тул олддог хэдэн Инжинашийн Хөх судар болон Хятадын Гурван улсын үлгэр гэх мэтийн номыг дахин давтан уншидаг байснаас уг зохиолуудаа үг бүрчилэн цээжилдэг байсан байна. ӨвөрМонголын Өөртөө Засах гэгч байгуулагдахаас өмнө залуу бага насандаа Хуучинхүү багшийн ээж аав нь харин бичиг соёлтой хүмүүс байжээ. Гэтэл ард түмэн эрх чөлөөгөө оллоо гэгдэж байсан шинэ нийгэмд ядуу тарчиг, улс төрийн хэлмэгдэлтээс болж 6 хүүхдээсээ ганц охиноо л сургууль соёлын мөрийг хөөлгөж чадсан байна. 10-аад жил Хятад улс даяар Их сургууль, дунд сургуульд элсэлт авахаа больж хичээл зогссон юм. Цаг төр өөрчилөгдөж 1973 оноос эхэлж сургуулиуд элсэлтээ авч эхэлсэн юм.

Аавынх нь өртсөн хэлмэгдэлтээс болж Хуучинхүү багш их сургуульд шалгуулах эрхгүй байжээ. Хожим нь багшийнх нь санал болгосноор эвлэл /Хятадын коммунист намын залуучуудад хандуулсан зохион байгуулалт/ гэгчид элсэж байж сая шалгуулах боломж олсон байна. Өдөртөө бригад дээр хөдөлмөр хийдэг тул, шалгалтандаа бэлтгэх зав олдохгүй тул нэг удаа, хадуураараа гараа албаар эсгэж цус гаргаад хичээл номоо давтах чөлөө олж авсан байна. Энэ мэт чадан ядан чөлөө олж яг шалгах үед хүнд өвчин туссан тул биеийн зовиурыг тэвчин байж их сургуульд элсэх шалгалтандаа орсон гэдэг.

1979 онд Өвөрмонголын жирэм аймгийн Түнлэиё хотын багшийн дээд сургуулийн Хятад хэлний салбарын Монгол хэл утга зохиолын мэргэжилээр их сургуулийн оюутан болсон байна. Тухайн үед Хуучинхүү багштай хамт их сургуульд шалгуулж байгаа хүүхдүүд их сургуульд орно гэж мөрөөдөхөөс биш их сургууль чухам ямар болохыг хэн ч мэдэхгүй. Хошууны сургуульд суралцаж байсан хүмүүсийг бүр их сургуулийн сурагч гэж боддог байсан гэдэг. 10 жил их дээд болон дунд сургууль элсэлт авахаа больсон байсан тул их сургууль тусгай мэргэжилд хуваадаг гэдгийг тэд мэдэхгүй байсан гэнэ.

Тэгэх мөртлөө Монголоор сурсан хүүхдэд Хятад шалгалтын сэдэв өгсөн тул сурсан хэдэн Хятад хэлээрээ сэдвээ хариулж шалгалтаа давсан гэдэг.Ээж аав ах дүү нарынхаа хүсэл эрмэлзэлэлийг турьхан биедээ тээн өөрийнхөө өдөр шөнийн мөрөөдөл болсон оюутны амьдралаа эхлүүлсэн Хуучинхүү багш алтнаас үнэтэй олдсон завшааныг нандигнан суралцаж эхэлсэн байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгээр хичээл зүтгэл түүнийг өндөр нэрд хүргэж сургуулийн онц сурлагтан байж багш нөхдийнх нь сайшаал магтаалаар мялаалгаж байсан билээ.

Өмнөд монголын ардчилсан холбоог үүсгэн байгуулагч Хятадын шоронд 15 жил хоригдсон Өвөрмонголын ардчилсан үзэлтэн, Өвөрмонголын хүний эрхийн төлөө тэмцэгч Хадаатай тухайн үед Хуучинхүү багш их сургуулийн ангидаа хамт суралцаж байсан байна. Биеийн шим тэжээл дутсанаас болж Хадаа нь уушгины сүрьеэ тусаж 1 жил гэртээ харьж эмчилгээ хийн явж завсардсанаас, Хуучинхүү багшийн доод ангид орсон байна.
1981 онд Хятадын засгийн газраас 28 тоот албан бичиг буулгасан нь Өвөрмонголын өөртөө засах эрхийг буцааж авах гэсэн оролдлого болно.

1980 онд Хятадын засгийн газраас Түвдийн өөртөө засах оронд хандуулсан 38 тоот бичиг материал буулгаж /Түвдэд эл этгээдийн нэвтрэн орохыг чанга хориглоно/ гэсэн боловч дараа жил нь Өвөрмонголд Хятад иргэдийг их хэмжээгээр оруулах, их сургуульд Монгол оюутануудыг Хятад Монгол хүний тооны харьцаагаар элсүүлэх, Өвөрмонгол тухайн шатны засгийн газарт Хятад Монгол хүний харьцаагаар Монгол үндэстний дарга нарыг тушаал томилох/ гэсэн агуулгатай бичиг материал буулгасан нь Монгол үндэстнийг илээр доромжилон гутаасан хэрэг болох юм. 10 жилийн тарчлаан зовлонгоор дамжин зовон зүдэн байж олсон сургууль соёл хүртэх эрхийг нь булааж байгаа нь улайн цайм доромжилолын цаадах зорилгыг Хуучинхүү багшийн үеийн оюутанууд сэрж мэдсэн юм.

Тухайн үеийн Өвөрмонголын оюутнууд нь Хуучинхүү багш шиг хэлмэгдлийн үеийг нүдээрээ үзэж ээж аав нь хэлмэгдэлтэд өртөгсдийн үр хүүхэд байсан тул Хятадын хараанд орсон Монголчуудын хувь заяа ямар болох тухай боддог нэг үеийнхэн билээ. Тэгэхээр Хятадын колончилолын эсрэг тэмцсэн эсэргүүцлийг гаргасан уриаг энэ үеийн оюутнууд гаргасан юм. Мөнч их төөрөгдлийн дунд бүдчин байж амьдралын тэгш бусын үндэс шалтгаан нь хаана байна гэдгийг Хуучинхүү багшийн тухайн үеийн оюутнууд олж харсан байна.

Ингээд бүх Өвөрмонгол орныг хамарсан оюутны бослого болсон юм. Хуучинхүү багшийн суралцаж байсан Түнлэиён хотын багшийн сургууль ч энэ хөдөлгөөнд нэгдсэн юм. Хэдийгээр аавынх нь /улс төрийн хөдөлгөөнөөс хол байж ямарч нам бүлэгт орж болохгүй/ гэсэн захиас байсан ч үндэстэн ястаныхаа өмнөөс хүлээх үүрэг хариуцлага болон нэг хүний хувь заяа үндэстэн ястаны хувь заяатай нягт холбоотой гэдгийг таньсан тэрээр олны өмнө яриа илтгэл хийж уриалга гаргах, оюутнуудыг тэмцэлд дайчлах бичгийг туурвих зэрэг хүнд үүргийг гүйцэтгэж байсан юм. Энэ удаагийн идэвхийлэн оролцсон нь комунист Хятадтай эвлэрэшгүй тэмцэгч болохын анхны алхам болсон юм.

Гурав. Сурагчийн хөдөлгөөнд идэвхийлэн оролцсоноос болж Дээд сургуулиа төгссөний дараа сургуульдаа үлдэн багшилах завшаанаа алдсан байна. Тэгээд Жирэм аймгийн Хүрээ хошуу, Найман хошуу зэрэг газрын Монгол ерөнхий боловсролын сургуульд Монгол хэл уран зохиолын багшаар ажилласан байна. Нөхрөө дагаж Найман хошуунд шилжин ирэх үед тус хошууны Монгол дунд сургуулийн захирал Хуучинхүү багшийн хичээлийг сонсоод тань шиг сайхан заадаг багш манай энд байхгүй гэж үнэлсэн гэдэг.

Найман хошууны Монгол дунд сургуульд ажиллаж байх үед үндсэн шатны сурган хүмүүжлийн тухай өгүүлэл бичих гээд Найман хошууны Цогтой сумын Чавганцын Улаан гэдэг айлд сурган хүмүүжлийн хамаатай тоо баримтын тухай судалгаа хийх гэж очиход тухайн газарт Монгол сургууль байхгүйг олж мэдсэн байна. Тэгээд энэ тухай асууж тодруулахаар очтол тэр нутгийн монгол айлууд /хошуунаас бидэнд монгол сургууль байгуулж өгөхөөр хүн иржээ/ гэж дуулаад бүгд түүнийг хүлээж байжээ.

Уул нь энэ нутгийн монгол айлууд хүүхдээ Монгол сургуульд суулгах гэж олон жил хүлээсэн боловч засгийн газраас байгуулж өгөхгүй тул хүүхдээ гэртээ авч суусаар байтал бүр том болчихлоо гэж гомдол тоочиж бас сургууль барих тоосго шавар мод материалаа ч бэлдсэн гээд ахлах ангиас төгссөн хүн ч багшлах гээд хүлээж буйгаа хэлж одоо зөвхөн дээд шатнаас сургууль байгуулж болноо гэсэн зөвшөөрөл өгөхийг л хүлээж байна гэж Хуучинхүү багшид найдан учирласанд, Хуучинхүү багш буцаж харимагц тухайн шатны байгууллагад өргөдөл гаргасанд удалгүй сургууль нь байгуулагдлаа гэсэн таатай мэдээ дуулсан гэнэ.

Тухайн үед Жирэм аймгийн Сурган хүмүүжлийн газарт гол тушаалд ажиллаж байсан Т. Буян дарга Хуучинхүү багшид /таны тухай сураг тавьдагийн хувьд танд олон бэрхшээл тулгарч явааг ойлгосон амьдралын хүчрийн өмнө гэдийхээс биш сөхрөхгүй гэдэгт чинь бат итгэж байна/ гэж зоригжуулсан байдаг.

1984 онд Хадаагийн байгуулсан Өмнөд Монголын ардчилсан холбоонд элсэх өргөдөл өгч 1988 онд тангарагаа өргөн элсэн орсон байна. Мөн тус онд Хуучинхүү багшийн ажилласан хичээл зүтгэлийг нь үнэлж Жирэм аймгийн Сурган хүмүүжлийн товчоонд ажилтай Монгол дарга нар түүнийг Жирэм аймгийн Заахыг судлах газар ажиллуулахаар Түнлэиён хотод шилжүүлсэн байна.

1991 оны 5 сард Хуучинхүү багш хөхний хорт хавдар тусч мэс засал хийлгэсэн байна. Амьдралын дараас нугачаанд уушгины сүрье, астма, хэрэх өвчин зэрэг олон зүйлийн хүнд өвчинд нэрвэгдсэн юм.
1995 оны 12 сарын 10-нд Өмнөд Монголын ардчилсан холбоог үүсгэн байгуулсан Хадаа баривчлагдаж мөн оны 15ны өдөр нь Хятадын цагдаа Хуучинхүү багшийн гэрийг нэгжиж 4сарын 3наас -12ныг хүртэл шоронд хорин шүүн байцаасан байна.

Тун удалгүй Заахыг судлах газрын дэд эрхлэгчийн тушаалаас огцруулсан байна. Олон зүйлийн өвчин болон цэрэг цагдаагийн халдалт нэхэлтээс болж ажилаасаа амарсан маягтай гэртээ суусан билээ. Тэтгэвэрт гарах нас болоогүй ч өвчин эмгэгээсээ болж гэртээ амаран суусан боловч Хуучинхүү багш хоол тогооны гэрт эргэлддэг жирийн амьдралаар он жилийг нөгцөөе гэж бодсонгүй. Сул чөлөөт цагтай болсон тэрээр зохиол бүтээл олныг туурвиж эхэлсэн юм. Мөн компьютерын мэргэжлийг залуусаас ч түрүүлэн эзэмшин авч интернэт ашиглан өөрийн үзэл бодлоо залуучуудад ухуулах, монгол соёлоо аврах ажилд уйгагүй зүтгэж иржээ.

Интернэт гэх шинэ мэргэжил нь Өвөрмонгол шиг ертөнцийн мэдээллээс тусгаарласан газарт боломж олдож түүний өнцөг буланд үүссэн үнэн мэдээлэл дэлхий ертөнцийн чихнээ хүрэх болсон байна ингэснээр Өвөрмонгол болон Хятадын ардчилалыг зохих хэмжээгээр ахиулж байгаа юм. 90-ээд оны сүүлээс хойш Хуучинхүү багш гадаадын сэтгүүлчийн сурвалжлагыг зоригтойгоор хүлээн авч Өвөрмонголд болж байгаа мэдээг дамжуулдаг болсон байна. Комунисст Хятадын дарангуйлал сүрдүүлгээс болж тухайн үед байтугай одоо ч гэсэн гадаадын сурвалжлагчидын сурвалжлагыг хүлээж авах зоригтой хүн цөөхөн байгаа юм.

- Хуучинхүү багш ( www.nutuge.com, www.ehoron.com, www.mongolger.net ) зэрэг веб сайт болон форумыг монгол соёлоо аварья гэсэн үзэл бодолтой нэг бүлэг монголчуудтай хамтарч эрхэлэн ажиллуулж байжээ. Эдгээр веб сайт болон форум нь Монгол ядуу хүчирдэлтэй сурагчиийг тэтгэх ажилыг өрнүүлхээс гадна Монгол соёлоо хамгаалах, байгаль орчноо хамгаалах зэрэг зохиолыг нийтэлж, Монголчуудын эх соёлоо хайрлан хамгаалах сэтгэлийг уриалан дуудаж Өвөрмонгол болон Хятадын хилийн дотор байгаа Монголчуудын дунд бага бус нөлөө тусгал гаргасан байна. Гэвч яриа хэлэлцээний эрх чөлөөг боогдуулан Хятадын засгийн газар эдгээр веб сайт болон форумыг нь хаасан байна.

Монголчууд ч гэсэн партизан дайн хийж байгаа мэт нэгийг нь хаавал дахин нэгийг босгож энэхүү утаагүй тэмцэлээ үргэлжилүүлсээр байгаа билээ. Үүнд онцгойлон дурдууштай нь Жууд аймгийн нутагтай Лэионин мужийн багшийн сургуулийн монгол хэлний багш Содмонголын эрхэлэн хийж байсан Монгол гэр холбоолол нь (www.mongolger.net ) Хуучинхүү багш мэт олон монголчуудын хамтын хөдөлмөрийн үр дүнд буй болсон тухайн үеийн Өвөрмонгол болон Хятадад хамгийн их нөлөөтэй монгол бичгийн веб сайт болох юм. Гэвч үнэн байдлыг тусгаж эрх чөлөөг хүсэмжилсэн Монголчуудын ардчилсан хүсэл зорилготой зохиол бүтээл болно. Хятадын засгийн газрын эмзэг мэдрэлийг хөндөж веб сайт хаагдаж Содмонгол багш 2010 оны 4сарын 18 нд баривчлагдсан байна.

Гэвч Хятадын цагдаа үүгээр зогссонгүй тухайн газарт байгаа Монгол гэр холбооллын ажилд оролцож байсан Монголчуудыг сүрдүүлэн хамаа бүхий тоо баримт болон материалыг устгаж хаяасан байна. 2010 оны 10-р сард Түнлэиё хотын хоёр цагдаа Хуучинхүү багшийн гэрт очиж Хуучинхүү багшийн компьютерт хадгалсан материалыг айлган сүрдүүлж устгаж хаясан байна. 10-аад жилийн хөдөлмөрийг нь нүдний нь өмнө далд оруулж хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа үйлдэлд нь Хуучинхүү багш шиг ядруу хөгшин нулимс урсгахаас өөр юу ч хийж чадсангүй.

2007 онд Хуучинхүү багш гадаад паспорт хөөцөлдөхөөр Хятадын хамаа бүхий байгууллагад өргөдөл өгөхөд /2006 оны 7сараас 2011 оны 7сар хүртэл Хятад улсын хилээс гарч болохгүй, Хятад улсын амар түвшинд хохирол учруулж мэдэх этгээд тул гадаад паспорт олгохгүй/ гэсэн хариу өгсөн байна.
Мөн тус онд “Халх голын чулуу” гэдэг найрууллын түүврээ хэвлүүлэх гээд өргөдөлөө гаргасанд Өвөрмонголын Өөртөө Засах Орны сонин мэдээний товчооноос Хуучинхүү гэсэн хүнд ном хэвлэх зөвшөөрөл олгохгүй гэсэн хариу өгсөн байна.

Хятад улсад номын дугаар үгүй бол ном хэвлэж болохгүй тул арга буюу Конконгоос дугаар авч номын нэрээ өөрчилж “Чулууны өчил” гэж номын нэрээ өөрчилж зохиогчийн нэрийг Нэргүй гэж бичээд хэвлэсэн байна. Гэвч хяналтад орсон Хуучинхүү багшийн ном хэвлэх гэсэн нууцыг Хятадын цагдаа аль хэдийн мэдээд номыг нь 4 удаа хууль бусаар хураасан байна.

1-р удаа нь 2007 оны 10 сарын 17 нд Лионин мужийн Жан-Ү-Шанд Түнлэиё хотын тагнуулын байгууллага болон Пүүшин хотын тагнуулын байгууллага нь Хуучинхүү багшийн нэг найзынх нь гэрт очиж “Чулуун зүрхтэй хайлаас” зохиолынх нь хэвлэлийн барыг булаан авсан байна.

2-р удаа нь 2007 оны 10 сарын 22 нд Түнлэиё хотын тагнуулын байгууллага болон дотоодыг хамгаалах байгууллагынхан Хуучинхүү багшийн Түнлэиё хотын Монгол дунд сургуулийн хоёр багшид хадгалуулсан 1000 дэвтэр “Чулууны өчил”-ийг хураан авсан байна.

3-р удаа нь Өвөрмонголын үндэсний Их сургуулийн “Атарын шуурга” нэрэмжит шүлгийн уралдаанд бэлэглэсэн 18 дэвтэр “Чулуун зүрхтэй хайлаас” номыг цагдаа нар сурагчийн гараас хураан авсан байна.

4-р удаа нь 2008 оны 2сарын 21 ны өдөр Хөх хотын хоёр хэвлэлийн үйлдвэрээс “Чулууны өчил” болон “Чулуун зүрхтэй хайлаас” зохиолуудыг нь тус тус 2000 дэвтэрийг хураан авсан байна.

Хятадын засгийн газрын хамаа бүхий байгууллагаас Хуучинхүү багшийн зохиолын агуулгийг хянаж үзэлгүйгээр хууль бус гэж үзэн 4 удаа хураан авснаас болж 40 мянга шахам юаний хохирол учруулсан байна. Тэр мөртлөө хурааж байх үедээ зохиогчид ерөөсөө мэдэгдээгүй байна.Номоо хураалгасан Хуучинхүү багш /энэ аз бус тохиолдол зөвхөн миний хувь хүний тохиолдол биш шүү энэ чинь нэг үндэстнийг илээр гутаан доромжилж байгаа үйлдэл гэдгийг монголчууд минь ойлгож мэдээсэй гэж нулимс унаган халаглан ярьдаг юм/

2008 оны 9сард Хуучинхүү багш бас нэг агуу бүтээлээ туурвин хэвлүүлсэн юм. Хүү Цээлээ 20 жилийн турш өсгөн бойжуулсан явцаа тэмдэглэсэн “Аян” гэсэн нэртэй ном нь үр хүүхдээ хэрхэн сургахаа мэдэхгүй залуу эцэг эх болон сурган хүмүүжлийн багш нар, тэрчлэн монгол хүн бүрийн унших ёстой ном болох юм. Нэг эх хүн хүүхдээ яаж сургаж хүмүүжүүлвэл зохих, ямар чадварыг яаж хүмүүжүүлэх, хүүхэд гэдэг яаж хүмүүжүүлвэл хүн болох тухай гоц бүтээл болсон юм.

Иймэрхүү агуулгатай зохиол Өвөрмонголчуудын түүхэнд байгаагүй юм. Эх хүү хоёрын 1996 оноос 2000 болон 2003 он хүртэлх бараг өдөр алсгалгүй бичсэн санал солилцох тэмдэглэл, хүүдээ өгсөн захидал, эх хүү хоёрын өдөр бүр тохиолдолын аар саар явдалын тэмдэглэл, хүүгийнх нь хэдэн зохиолоос бүрэлдсэн агуулгатай бүтээл болох тул Хятад улсын засгийн газар хураан авсангүй.

2010 оны 11 сарын 6-нд Өмнөд Монголын ардчилсан холбоог зохион байгуулж Хятад улсыг хагацуулах ялаар 15 жил яллагдсан нэг ангийн сурагч болох Хадааг гянданаас суллах үед Монголчуудыг баатраа тосохоор очъё гэж уриалсан өөрийн блокдоо бичсэн зохиолоос болж гэрийн хорионд орсон байна. 2сар гаруйн гэрийн хорионы бие сэтгэлийн дарамтаас болж бие нь муудаж 2011 оны 1 сарын эхээр эмнэлэгт хэвтсэн байна.

2011 оны 1сарын 27-нд эмнэлэгээс гарангуут гэрт нь хариулах ёстой байтал цагдаа нар Хуучинхүү багшийг үл мэдэх газар аваачиж хорисон байна.Хуучинхүү багшийн найз болох Хөхбулаг хуульч надад /миний энэ насанд хамгийн их бишрэн хүндэтгэдэг хүн бол Хуучинхүү багш мөн тэр өөрийн үзэлээ хэзээд хувируулдаггүй мөртлөө ямарч эрх мэдэлтэнд сөхөрч үзээгүй эр хүнээс ч илүү зоригтой нэгэн гэж ярьж байсан/.

2009 оны өвөл тусгаар тогтносон Монгол улсын буянаар мөн гадаадад байгаа Монголчуудын хандивын тусламжаар Хуучинхүү багшийн Өвөрмонголд хэвлэж болдоггүй ахин дахин хураалгасан “Чулуун зүрхтэй хайлаас”-ыг Улаанбаатар хотноо хэвлүүлсэн юм. Одоогоор Улаанбаатар хотын номын дэлгүүрүүдэд худалдаалж байна. Би хэвлэх ажилд биеэр оролдож гүйцэтгэсэн юм тэгэхэд Хуучинхүү багш /номыг худалдаад яах вэ? Хятадууд хурааж болж байхад би уншъя гэж ирсэн монголчуудад юунд худалдаж өгөх вэ?/ гээд байдаг юм.

Дашрамд дуулгахад 2004 оны 7сарын 26 нд Хуучинхүү багш Өвөрмонголын Эрээн хотноо бизнес хийж амьдардаг ач хүүгийнхээ олж өгсөн Монгол улсад түр зорчих паспортаар өөрийн хүсэл мөрөөдлийн тэнгэр болсон тусгаар тогтносон Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо ирж 7 өдөр аялсан юм. Энэ удаагийн ер бусын аяллын тэмдэглэлээ “Чулуун зүрхтэй хайлаас” гэх зохиолдоо оруулсан байдаг.

2011 оны 1 сарын 8нд Монгол улс Америк, Япон, Герман зэрэг дэлхийн газар бүрт амьдарч байгаа монголчууд хорионд орсон Хадаа түүний гэр бүл болон Хуучинхүү багшийг суллахыг шаардсан жагсаал болсон юм.
Гэвч одоо болтол Хадаа болон түүний гэр бүл, Хуучинхүү багш суллагдаагүй байна.
Материалыг хангасан Шилийн гол аймгийн Авга хошууны Монгол дунд сургуульд багшаар ажиллаж байгаад хожим нь ажил шилжиж Түнлэиё хотын “Мөнх-гал” хуульчийн хэрэг эрхлэх газар ажиллаж байгаад Хуучинхүү багштай танилцсан билээ би.

Ч.Мөнхбаяр