Тэд өөрсдийгөө хазар монголчууд, чингис хазарууд гэж нэрлэдэг

Сүүлийн үед Монгол улсын ард иргэд болон, хазар монголчуудын хэлхээ холбоо, найрамдан нөхөрлөх эрмэлзэл улам улам их болж буй билээ.
Хазар монголчууд бол эрт дээр үеэс алс баруун өмнөд нутагт хүннүчүүд болон монголчууд нүүн очиж нутаглаж байснаас угсаатны эхээ авсан; угсаатны гол хүчин зүйл нь монгол цус, өвөг дээдэс болсон зон олон юм.

Тэд өөрсдийгөө монгол туургатны нэг хэсэг, монголчуудын төрсөн ахан дүүс гэж үздэг, “хазар монголчууд, чингис хазарууд” гэж нэрлэдэг, Чингис (Чангэзи) гэх овгийг их авдаг, биднийг кавма (төрсөн ахан дүү) гэж дотночилдог хүмүүс юм.
Ийм найрсаг сайхан ахан дүүстэйгээ өргөн харилцаатай байхыг Монгол улсын ард иргэд бид хүсдэг боловч, хоёр монгол түмний хооронд албан ёсны ямар ч холбоо байхгүй нь зүйл бүрийн саад бэрхшээлийг учруулдаг. Хазаруудтай найрамдан нөхөрлөх явдлыг төрийн зүгээс дэмжиж, албан ёсны холбоо тогтоох нь маш том хөшүүрэг, хүчин зүйл болох юм.

Үүнийг ойлгосны үүднээс Афганистаны, хазар монгол хүн амтай Дайкүнди мужийнхан Улаанбаатар хоттой ахан дүү бололцох саналыг дэвшүүлж, өөрийн зүгээс шаардлагатай холбогдох шийдвэрийг гаргажээ. Тэгээд, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр болон, холбогдох албаны хүмүүстэй уулзаж, ахан дүү болох асуудлынхаа талаар зарчмын хувьд тохиролцох эрмэлзлээ тээн, Монгол улсад маань зочлон ирээд байна.
Улаанбаатар хот Дайкүнди мужтай ахан дүү болох нь Хазар Монгол болон Монгол улсыг, хоёр монгол түмнийг албан ёсоор холбох, хагацал үзээд удсан ахан дүүсийг учруулах, нэгтгэн нягтруулж, хамтдаа ахиж дэвшиж, хөгжиж дэвших боломжийг олгох асар их түүхэн ач холбогдолтой юм.
Нийслэлд, халуун орны эрс тэс уур амьсгалд зохилдсон жимс ногооны аж ахуй хөгжүүлэх, ногоон бүсийг өргөжүүлэх, исламын стандартын мах комбинатыг барих, шар айрагны түүхий эд болох соёолжийг тарьж бэлтгэх зэрэг олон харилцан ашигтай төслийг хэрэгжүүлэх саналыг тэд мөн дэвшүүлэх гэж байгаа.
Ахан дүү хот мужуудын хамгийн эн тэргүүнд хэрэгжүүлдэг ажил болох – соёл, боловсрол, урлаг, спортын хамтын ажиллагаа, солилцооны төслүүдийг хэрэгжүүлэх саналыг ч дэвшүүлэх гэж буй.
Дайкүнди мужтай ахан дүү бололцох нь дэлхийн хазаруудтай ахан дүү боллоо гэсэн үг юм. Хазар монголчууд зөвхөн тусламж авах, ядарч зүдэрсэн ард зон гэж ойлгодог нь ташаа бөгөөд бизнэс, соёл боловсролд өндөр амжилт гаргасан, монголчууд бидэнд туслах, эрдэм мэдлэгээ хүртээх чадвартай хазарчууд олон бий. Чухам тэрхүү нөөц потэнциалтай хазарууд л юуны өмнө, идэвхи санаачлагатайгаар Монгол улстай элгэн дотно харилцаа тогтоохыг эрмэлзэж буй юм. Хазаруудтай найрсаг, ахан дүүсийн харилцаатай болсноор, нийслэлийн төдийгүй, Монгол улсын гадаад харилцаанд шинэ хуудсыг нээж, нийт монголчуудын хөгжил дэвшил, хувь заяанд өндөр ач холбогполтой ахицыг гаргах болно.
Дайкүнди муж 800 мянган хүн амтай, Афганистаны төв хэсэгт оршино. Төв нь Нили хот. Хазарын зочид төлөөлөгчид өөрийн мужийг тодорхой танилцуулах болно.
Эрхэм Монголын ард түмэн минь хазар ахан дүүсээ халуун дулаан сэтгэлээр угтаж, тал бүрээр ойлгон дэмжээрэй.

Ч.Мөнхбаяр