Хилийн чанад дахь элгэн садан монголчууд, сайхан монгол нутгуудыг дөнгөж л дуулж мэдэж эхлээд өөрийн өмнө шинэ Монгол тодрохыг харж байсан үе. Хойд зүгт Тува АССР гэж байдаг чинь монголчууд юм гэж үү! хэмээн сурагч би дотроо дуу алдаж билээ. “Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд…” Соёны нуруу тэнд байдаг ажээ. Тэнд Тагна урианхай, соён урианхай гэх хүмүүс амьдарч, тэнд монгол зан заншил, монголын соёл, эрийн гурван наадам…
Нэгэн цагт тэд ёстой л монгол туургатан байж. Монгол улсын бүрэлдэхүүнд багтаж байснаа Манжаас илүүтүрэмгийлэгч, уугуул нутгаасаа даруй арав дахин их нутгийг хүн ардтай нь эзлэн авсан Оросын эзэнт улсын эрхшээлд орсон.

XVII зуунд мах ясны дайнч казакууд энэ нутагт аажим аажмаар нэвтрэн бэхлэлт цайз бариад энд тэндгүй шивээлэн суурьшиж авчээ. Дараа нь казакуудын нөмөр түшгийг бараадан сүрлэн шаахайтай орос тариачид нүүн ирцгээж, суурин тосгоноо байгуулцгаажээ. Энэ л оросууд урианхайчуудаас алба татвар шаардаж, Оросын хаанд дагаар орохыг тулгаж байсан нь түүхийн хуудаснаа хоцрон уламжлагджээ.
XVII зуунд Тува Халх хоёр хоёул Манж Чин улсын эрэхшээлд орсон.

Гэхдээ урианхайчууд яахын аргагүй Монгол туургатан хэвээр, гайхалтайгаар илбэдүүлэн өөр хэлтэй болчихсон монголчууд юм уу даа гэлтэй байсаар л байлаа. 1921 онд Тува тусгаар тогтносон нь гайхалтай үзэгдэл. Үнэндээ Тувагийн тусгаар тогтнол Монгол, Оросын хоорондын харилцааны асуудал байсан бололтой. Тэр үед түмээр тоологдох хүн амтай эх газрын байтугай арлын улс ч бараг байсангүй (Европын жижиг улсуудыг эс тооцвол).
Гэтэл энэ жижигхэн улсад говь, хангай, тундрийн хүйтэн бүс хослон байдаг гээд л бод доо. БНТува Ард улс тусгаар тогтносон улсын бүхий л үндсэн шинжүүдийг хадгалж байв. Дараа нь БНТАУ-ыг зөвхөн марк цуглуулагчид л ой тойндоо хадгалж үлдсэн билээ. Учир нь Тувагийн шуудан 35 марк хэвлэн гаргасан нь филателийн ховор зүйлд тооцогдож, өндөр үнэд хүрэх болсон юм. Тэд монгол бичгээр бичдэг байснаа дараа нь латин үсэгтэй болж, эцэст нь бас л Монголын жишээгээр кирилл үсэг авсан.
1944 онд сталинч дарамт хяхалт, Салчиг Тогоогийн мухардмал байдлаас болж, их гүрэнч бодлогыг хаант Оросоосоо өвлөн авсан Зөвлөлтийн эзэнт гүрний харъяанд Тува орсон билээ.

Ашигт малтмалынх нь нөөцийг цөлмөн хоосруулах “Тувакобальт”, “Туваасбест” зэрэг аварга комбинатууд баригдсанаар олон орос хүмүүс энд ирж суурьшив. Оросжуулалт ч эхэлж, харин соёлын өв сан, ном судрууд, урлагийн бүтээлүүдийг нь Ленинград, Москва зэрэг хотууд руу зөөх болсон бөгөөд аажимдаа Тува тэгсхийгээд “мартагдан”, зөвлөлтийн хамгийн хоцрогдсон нутаг, эзэнт гүрнийхээ зах хязгаар, уйтгар гуниг төрүүлэм “ертөнцийн мухар” болов.
Саяхан Монголд Тувагийн Дээд зөвлөлийн дарга К.Бичилдэй анх удаа айлчилсан.
Бичилдэй айлчлалын үеэр “Тува гагц түрэгийн ертөнцөд хамаарна” гэсэн ойлголтыг олонд төрүүлэх гэж зориудаар чармайж байсныг монголчууд янз бүрээр хүлээж авсан. Бас тэрбээр бараг ам нээнгүүтээ л газар нутгийн маргааныг улс төрийн замаар шийдвэрлэнэ гэсэн. Хэн цэрэг дайны замаар шийдэх гэсэн юм?
Бичилдэй 1970 онд МУИС-ийн монгол хэлний ангид суралцан эхэлж, 1975 онд монгол судлаач монгол хэлний багшийн мэргэжлээр төгссөн юм. Бичилдэй чинь тэгвэл монгол хүн болоо шив дээ гэж болохоор. Тэрбээр Тувагийн С.Сономбазар, Буриадын Б.Намжилов, Монголын Ж.Серёжка (хожим Ж.Сэржээ болсон) нартай оюутны нэг өрөөнд амьдарч, нэгэн тогоо өнгийж суусан түүхтэй. Тэгэхдээ монгол хэл сурах гэж нэг их чармайдаггүй, хичээл сурлагадаа ч гойдгүй, сонирхдог юм гэж үгүй, хэнд ч онцын сэтгэгдэл төрүүлдэггүй нэгэн байж.

Зөвлөлт гүрний хөгжил цэцэглэлтэд итгэдэг, басхүү монголчуудад тэрүүхэндээ “зөвлөлтөрхөж”, “зөвлөлт зиндаа” гаргаж, ихэрхүүдүү ханддаг, оросуудтай л нийлдэг, тэгэхдээ эрэгтэйчүүдтэй нь нэг их нийлдэггүй залуу байсныг байрных нь хана туурга мартаагүй л байнам. “Тува, монгол хэлний эгшиг авианы харьцуулалт” сэдвээр дипломын ажлаа бичжээ (нутаг нэгт С.Сономбазар нь С.Тогоогийн “Ардын үг” бүтээл дэх монгол гаралтай үгс” сэдвээр дипломоо хийж, дээрх зохиолд бүх тува үгсийн 19 хувь нь монгол гаралтай байгааг тооцоолон гаргасан байв).

Дараа нь Бичилдэй монгол судлалаар Новосибирск, Москвад ч суралцжээ. Тувад судалгаагаа үргэлжлүүлж байх зуураа нам, олон нийтийн ажилд идэвх зүтгэлтэй оролцсоор нэг л мэдэхэд Зөвлөлт Оросын Дээд зөвлөлд Туваг төлөөлөн суух болж, тэнд олж авсан туршлагаараа ардчилсан хувьсгал өрнөхөд тодрон гарч ирсэн намтартай юм. Гэвч монгол судлаач Бичилдэй тувачуудын монгол туургыг үгүйсгэсэн билүү.
Нэгэн цагт миний бие тувачуудтай нэг өрөөнд хамт амьдарч байсан. Өөр сургуулийн тувачууд яагаад ч юм байргүйдэн манай сургуулийн байранд, хоёр нь манай өрөөнд амьдрах боллоо. Тувачууд биднийг “земляки” (нутгийнхан) хэмээн нэрлэж, бидэнтэй найрсаг харилцаж эхэлсэн юм. Монгол гэхийг тэд моол гэнэ. Хоорондоо тува оросоор ярихад нь ой гутам, яг л оросууд шиг таван үг хэлээд л муухай хараал хавчуулна. Тэдний хэлэх нь баруун монголчуудтай тува нар түвэггүй хэл авалцдаг аж (оросоор биш шүү). Тувад монгол дуунууд дэлгэрсэн байх юм.

Ялангуяа:
Нарлаг хорвоод жаргах биеийг
Наддаа ээж минь заяасан билээ
гэж дандаа дуулна. Тува хэлээр дуулах боловч тэд монгол дуу гэдгийг сайн мэддэг байлаа.
Тувачууд оросуудтай огт нийлэхгүй. Удалгүй бид өрөө маань Свердловскийн тувачуудын уулзах нэг газар болсныг ойлгов. Манайд тувачууд хэдэн удаа төрсөн өдөр тэмдэглэсэн удаатай. Наймаа хөөн хөлжиж бэлжсэн монгол оюутнуудыг бодвол тэд ядуу зүдүү тул баярын ширээ нь сэтгэл татамгүй харагдана.

Биднийг “гэрийн эзэд” болохынх нь хувьд баяртаа ихэд хүндэтгэн оролцуулавч бидэнд энэ нь баяр хөөр бус, тав тухгүй байдал, уйтгар гуниг, гэрэл гэгээгүйг мэдрүүлдэгсэн. Зөвлөлт орны бага ястан, “доод арьстан” болсон тувачуудыг харахад “би эдний оронд төрсөн бол…” гэж бодохоос дотор харанхуйлж, орос, тува, монгол дуу дуулахыг нь сэтгэл хангалуун сонсч чаддаггүй байлаа. Тэд тува кассетаа бидний хөгжмөнд тавихад:
Нарлаг хорвоод жаргах биеийг
Наддаа ээж минь заяасан билээ
гэсэн үгтэй монгол дууг ямар нэг тувагийн эстрад хамтлаг тува хэлээрээ уянгалуулан дуулж байсан юм.
Армид орос цэргүүдийн зодуур, гадуурхлыг эдэлдэг, их үндэстний дарлалд нухчуулсан, атаа хорсол агуулах атлаа хэтэрхий болгоомжтой тувачууд аз жаргалтай байсан уу. Хүүхдээрээ шахуу нэгэн тува залуу “водканд” халчихаад нүүрэмгий болж, бидний мөрийг чанга атган: “Бид Чингисийн удмууд шүү дээ. Оросуудыг алах хэрэгтэй!” гэж хорссон сэтгэлээ хуваалцахыг горилон хэлж байж билээ.

Чингээд бараг уйлах гэж байгаа тэрбээр мөн л оросоор биднийг сонсог гэж “Бей! Бей! (цохь)” хэмээн хий агаар цохилж, өрөөний маань үүдэн хэсгийг тусгаарласан хөшгийг ч байдаг чадлаараа цохилж аваад цохилсон чигээрээ хаалгаар гарсан. Бүрэг ичимхий, сул биетэй тэр залууг өөрөө алуулчихна шүү дээ гэж бодохоос шимширмээр байлаа.
Тувачуудын нэг төрсөн өдрийг байрны оюутны зөвлөлийн дарга, муйхар орос эр “оюутан унтах цаг болов” хэмээн сүр бадруулан загнаж, бүдүүлгээр хөөн тараасан.

Тувачууд хүлцэнгүй дагав. Хэзээ ч энэ байранд унтах цаг ярьдаггүй байлаа. Хэрэв монголчууд архидаж шуугисан бол тэр дарга юу ч хэлэлгүй л өнгөрөх байв, Оросууд шуугивал бүр ч яах ч үгүй. Гэтэл тувачуудыг ийнхүү тараав. Бид тэднийг гайхаж, тарахгүй байж болно гэж итгүүлэхэд л үлдсэн зарим нь явж, бусдыгаа дахин цуглуулсан.
Удалгүй тувачууд, оросууд талцан зодолдсон. Нэг тува залуу горигүй шархадсан юм даг. Үүнээс өмнө болон хойно манай байранд зөвлөлтийн үндэстнүүд хоорондоо талцан зодолдохыг би л лав хараагүй юм. Энд тэнд монголчууд оросуудтай талцаад бишгүй дээ л ширүүхэн үзэлцдэг байсан, гэвч бид бол зөвлөлтийн харъяат биш, монголын харъяатууд, тэнд хичнээн зодолдовч тусгаар Монгол руугаа яваад л өгөх улс байв. Харин тувачууд бол зодолдоод зодолдоод Зөвлөлт дотроо л, тэндээс хаашаа ч гарах газаргүй, тэндээ зодуулах золгүй хүмүүс байлаа.
Нарлаг хорвоод жаргах биеийг
Наддаа ээж минь заяасан билээ
гэж. Нарлаг хорвоод тэд аз жаргалтай байсан уу.

Үгүй ээ, тэд аз жаргалтай байсангүй. Их үндэстний хавчин гадуурхахыг амсах гэдэг хичнээн гашуун, хичнээн хорсом. Тэд монголчууд бидний өөрсдийн бутархай мөнгөтэйд, Монголын төмөр замын билеттэйд, бидний орос хэл муу мэддэгт ч атаархаж байлаа. Тэд зөвлөлтийн армийн дүрэмт хувцас өмсөнө, хүссэн хүсээгүй Зөвлөлтийн паспорт авна, Зөвлөлтийн мөнгөөр амьдарна, 1988 онд байдал ийм л байлаа.
1990 онд Тувад гарсан, дэлхий дахины анхаарлыг татсан Тува-Оросуудын, томоохон мөргөлдөөн болоод ардчилсан хувьсгалын хөдөлгөгч хүч нь тэр л тува залуус байсан байх аа. Армид зодуулсан, оросуудтай нийлдэггүй байсан, дараа нь оросуудтай амь хайргүй тулсан тэр л тува залуусын итгэлээр Бичилдэй, хилийн чанадад Монголд сурч байсан, оросуудтай нийлдэг байсан Бичилдэй Тувагийн дээд зөвлөлийн дарга болж байв. Тэр бүр яг л “түрэг туургатны тусгаар улс Тувагийн” ерөнхийлөгч шиг Монголд айлчилж, гэрээ хэлэлцээр байгуулж байлаа.
Гэвч тува залууст, монгол туургатны оюутны наадамд элч төлөөлөгчдөө, монгол туургатан оюутнуудын “мисс” шалгаруулах тэмцээнд гоо бүсгүйгээ илгээсэн тэр залууст хэн ч шинэ Туваг өгсөнгүй. Орос улсын бүрэлдэхүүнд хэвээр хоцрох холбооны гэрээнд Тувагийн удирдлага гарын үсэг зурав.

Ч.Мөнхбаяр