БЗХӨ-өөс болж нэг хэсэг хүүхэд огт төрөхөө байж, хүүхнүүд хурдны морь унаж байсан гэнэ

Монголчуудыг айхавтар их доромжилдог, суртал ухуулгын нэг сэдэв нь улаан тариа. Зөвлөлтийнхөн, хятадууд Монголд БЗХӨ-г дэлгэрүүлсэн агаад, төвшин нь тэр үед тэдгээр улсуудад Монголоос хавьгүй өндөр байв. Одоо ч тийм. Хятадад БЗХӨ гамшгийн хэмжээнд очлоо гэсэн зүйлийг хүн ярьж байсан.
Гэтэл монголчуудыг доромжилсон “Улаан тарианы хүүхнүүд” гэх киног асар их хөрөнгө зарж хийх гэж байна. Зохиолч Догмидын үгүүллэг бол тийм доромжилсон зүйлгүй, уянгын зохиол байдаг. Түүнийг доромжлол болгон хувиргах гэж байгаа юм байна гэж ойлголоо. Учир нь киног хийх гэж буй С дарга тун аймаар аймаар юм ярьжээ.

“Түүхэн кино хийхэд бэлтгэл ажил гэж айхтар юм байдаг. Энэ кинонд хэрэгцээтэй хувцас хунар, машин тэрэг бүгд одоо байхгүй болжээ” гэсэн байна. Тухайн байгууллагыг олон жил удирдсан эрхэм дарга аа. Тэр бүгд хаашаа алга болсныг та мэдэх ёстой биш үү.
“Сая бид их олон ойг тэмдэглэн хөөрцөглөлөө. Гэсэн атлаа тавьхан жилийн өмнө бид хэн байснаа мэдэхгүй байна шүү  дээ. Одоо үеийн залуус цадиггүй болж. Тэдэнд сургамж хэрэгтэй байна. Бид хэн байсан юм бэ? Өвчин зовлондоо баригдчихсан, ядуугийн туйл байсан” гэжээ. Бид өвчтэй, ядуу байсан гээд их ойгоо тэмдэглэж болохгүй юу? 60-аад онд монголчууд Азидаа соёлтой, хөгжилтэй ард түмний тоонд ордог байсан шүү дээ. Ядуугийн туйл ч байгаагүй, өвчин зовлондоо ч баригдсан байгаагүй. Улс орондоо их бүтээн байгуулалтыг цогцлоож, урам зоригоор жигүүрлэж явсан. Цаг тухайд нь Битлзийг сонсч байлаа гээд л дарга бүхэн дурсаад байгаа шүү дээ.

 

“Гамин цэрэг хүрээнд орж ирээд буцсан нь айсандаа ч биш, идэх юм юу ч байхгүй болохоор өлсч үхэх гээд буцсан. Энэ ядуу зүдүү гуйланчлал, газар нутгаас өөр хүн шунах юмгүй, эзлээд ямар ашигтай нь тодорхойгүй байсан нь бидний аз болсон юм. Үүний буянаар бид өдий зэрэгтэй үлдсэн гэж би үздэг. Монгол одоогийн Баянзүрх дүүргийн хүн амаас арай илүү хүнтэй байсан” гэж өнөө үеийн дарга нарын хэв шинжит төлөөлөл болсон С гуай буржээ. Гамин тэгээд Монголд яах гэж орж ирсэн юм бол оо?! Тэд сайн дураараа буцаагүй, хиартлаа байлдаж, талыг ясаараа цайруулж байсан шүү дээ. Юун өлсөж үхэх вэ? Дээрэм тонуул хийгээд хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи ууж, тосон дээр хөлбөрч, торгон дээр өнхөрч байсан юм шүү дээ. Монголын хүн ам 600 гаруй мянга байв шүү дээ. Харин Монгол дахь хятадуудын тоо БЗД-ийн хүн ам шиг байв. Эсвэл энэ хүн хятадуудыг л хүн гэж тооцдог юм уу?
“Тусгаар тогтнолыг нь ч хоёр хөрш зөвшөөрөхгүй, улс гэхэд ч хэцүү байсан” гэсэн үгүүлбэр 60-аад оны тухай яриан дунд нь явж байна. Тэр үед хоёр хөрш байтугай, таван тивийн тавь гаруй улс манайхыг зөвшөөрсөн, НҮБ-д элсчихсэн байсан юм. Түүнээс гадна, тусгаар тогтнол гэдэг чинь тухайн ард түмний хүсэл зоригоос шалтгаалдаг болохоос, өөр улс зөвшөөрөх үгүйгээс шалтгаалдаггүй юм!

 

“Тэр үеийн 530 мянган Монголын тал хувь сүрьеэ, тэмбүүтэй, өнгөний өвчтэй байсан. Монгол хүний дундаж наслалт 47 байжээ. Эр эмгүй өвчтэй. Хүүхнүүд төрөхөө больж нөхөн үржихгүй гэж байхгүй болсон. Сумын төвийн сургууль нь арваадхан хүүхэдтэй л байдаг. Ямар сайндаа хурдны морь унуулах хүүхэд олдохгүй, жижигхэн биетэй авгайгаа мордуулчихдаг байж. Тэр цаг үед Шастин зэрэг Оросын эрдэмтэн судлаачид “мөхөж байгаа ард түмэн. ХХI зуун гэхэд Монгол гэдэг үндэстэн үгүй болох нь” гээд бичээд байсан” гэж С дарга эс мэдэгчээ гайхуулжээ. 60-аад онд манай хүн ам сая гаруй, дундаж наслалт 60 гарсан, хүн амын өсөлт дэлхийд дээгүүрт орж, тэр амжилт нь 70-аад онд л нэг эвдэгдсэн байдаг. Харин С даргынхаар бол тал хувь нь тэмбүүтэй, БЗХӨ-тэй гэхээр насанд хүрсэн бүх хүн, хүрээгүй зөндөө хүүхэд тийм өвчтэй байжээ. Элэнц хуланцаа ч эвгүй муухайгаар доромжилж, эрэг ганганаас ургасан гэж өөрийгөө зарлаж байгаагаа мэдэж буй болов уу. Шастин гуай тэр үед хэдийнээ бурхан болсон байсан агаад ийм зүйл хэзээ ч бичээгүй, эрдэмтэн судлаач ч байгаагүй (хар лам байсан).

 

“Тэгээд Оросоос 2000 гаруй эмч ирсэн байгаа юм. Бүх аймаг, суманд хуваагдаад тэднийг тарьж эхэлсэн. Ямар тариагаар тарьсан бэ гэхээр тэр үеийнхэн улаан тариа гэж нэрлэдэг пихиноль гэж байж. Ингэж хүн амаа эрүүлжүүлснээрээ Монголын хүн ам сүүлийн тавин жилд тав дахин өссөн байгаа юм. Гэнэт ингэж өссөн ард түмэн гэж хаана ч байхгүй. Тэмбүүг бол одоо ганцхан тариагаар л эмчилчихэж байна. Тэр үед монголчууд бэлгийн задгай амьдралтай байсан. Одоо ч энэ байдал тасраагүй, байсаар л байна. Нүүдэлчин иргэншлийн онцлог юм даа” гэж тэрбээр Далан худалч, Бэлэн Сэнгэ болохоо улам бататгажээ. Оросоос 2000 эмч ч ирээгүй, пихиноль гэдэг тариа хаана ч хэзээ ч байгаагүй, 50 жилд хүн ам тав дахин өсч тав зургаан сая болоогүй, тэмбүүг ганц тариагаар эмчилдэггүй, тэр үед монголчууд бэлгийн задгай амьдралтай байгаагүй, нүүдэлчин иргэншил тийм амьдралын шалтгаан болдоггүй юм аа! Зөвлөлтийнхөн халдварлуулсан өвчнөө арилгахад оролцсон, улаан мөнгөн усны найрлагатай тариагаар хамаагүй тарьж олон хүнийг алсан, хэрэв абортыг хамгийн чөлөөтэй, төрөх-эх нялхсын  эмнэлгийн үйлчилгээг хамгийн хавчигдмал болгох зэрэг хорт бодлого байгаагүй бол харин тав зургаан сая болох  байсан, тэмбүүг ганц тариагаар биш цөөнгүй хоног хэвтүүлж эмчилдэг, тэр үед монголчууд бэлгийн хатуу ёс журамтай байсан, нүүдэлчин бус, суурин иргэншил бэлгийн задгай амьдралыг үүсгэдэг ээ!
Тэгэхлээр энэ кино бол, туйлын эрүүл ухаангүй кино болох нь ээ. Ард түмэн минь түүнийг үзэж эрүүл сэтгэлзүйгээ бүү сүйтгээрэй!

Ч.Мөнхбаяр