Өвөр монгол аялга бол Чингис хааны аялга

Манай нэгэн үндэсний эх оронч хөдөлгөөний зүтгэлтэн АНУ-д Өвөр Монголын эрх чөлөөний төлөө тэмцлийн хэсэг удирдагчтай уулзаж ярилцжээ. Цаадуул нь Өвөр Монгол Хятадаас тусгаарлах боломжтой, биднийг дэмждэг том том хүчнүүд байдаг, гэхдээ тэдгээрийн тоонд мэдээж Монгол улс ордоггүй хэмээж байх юм гэнэ. “Та нар тусгаарласан нөхцөлд Монгол улстай нэгдэнэ биз дээ?” гэхэд “Үгүй, үгүй, огтхон ч нэгдэхгүй. Тийм юм бидний төлөвлөгөөнд ерөөсөө байхгүй, тархи толгойнд ч орж ирдэггүй. Учир нь ар монголчууд биднийг хужаа гэж дорд үздэг, хүн бус мэт хялайдаг, үзэн яддаг. Тэгэхлээр юу гэж нэгдэх билээ. Харин Түвд, Туркестантай нэгдэж, Төв Азийн холбоот улс байгуулж болох юм. Тэд бол биднийг ахан дүүсээ гэж үздэг. Монголд бид нэгдвэл танайхан аягүй бол зэвсэг бариад босох биз ээ” гэсэн утгатай юм хэлж, үүний сацуу ихэд харууссан, гансарсан янзтай байв гэнэ шүү.

Яагаад ийм болчихов доо. 1911 онд Ар Монгол Манж Чингээс салж, тусгаар хаант улсыг байгуулахад Өвөр Монголын ихэнх хошуу нэгдэх хүслээ илэрхийлж, манай төр ч хүлээн авч, ёсоор болгож байсан. Ар Монголын эрх чөлөөний тэмцэлд өвөр монголчууд эхнээс нь оролцож явсан. Манай төрд амь хайргүй зүтгэж байсан Манлай баатар Дамдинсүрэн, Хайсан гүн, Сумъяа бэйс, Тогтох тайж, Баяр гүн, харчин гүн Бавуужав, Удай ван зэрэг гарамгай зүтгэлтнүүдийн нэр дуурссаар л байнам. Нармай Монгол улсыг байгуулахад их үүрэг гүйцэтгэсэн Нэйс гэгээн Мэндбаяр, Өвөр Монголын цэргийн засгийн газрын тэргүүн Дэмчигдонров ван, Хятадын эзэрхлийн эсрэг зэвсэгт тэмцлийг өрнүүлж явсан Гаадаа мээрэн, Мэрсээ, Мүгдэнбуу зэрэг эх оронч, эх монголч сайхан хүмүүсийг санацгаая.
XX зууны турш тусгаар Монгол улс руугаа тэмүүлэн нүүж, улс орны маань бүтээн байгуулалтад оролцож, сайн мууг хамтдаа туулж ирсэн, манай иргэн мянга мянган өвөр монголчуудыг ч сана. Бидэнд өвөр монголчуудад дургүй болох ямар шалтгаан буй билээ. Оросыг үг дуугүй дагагч гэж шүүмжлэгдсэн Ю.Цэдэнбал ч монгол туургатнаа мэдэж мэдэрч, өвөр монголчуудыг төрийн өндөр албан тушаалд татаж томилон, зүтгүүлж байв шүү.
Гэтэл ардчилсан, эрх чөлөөт хэмээгдсэн өнөөгийн Монголд юу болж байна? Монгол, Америкийн найрамдалт харилцаа тогтоход ихээхэн хүчин зүтгэлээ зориулсан, монгол түүх соёлоо судлахад амьдралаа өргөсөн өндөр настай профессор Х.Захчидцэцэнд Н.Энхбаяр ерөнхийлөгч маань “Алтан гадас” одон хүртээх гэснээ “Урвасан хулгай Дэ вангийн нарийн бичгийн дарга байсан” гэсэн шалтгаанаар больсон байх юм. “Алтан микрофон” наадамд алдарт хуурч Чи. Булаг үг хэлэхэд танхим дүүрэн үзэгч аялгыг нь шоолон хөхрөлдөж, тэр хүн маш эвгүй байдалд орж, нүдэнд нь нулимс цийлгэнэж байсан. Өвөр монголчууд ч-ц, ж-з авиануудыг ялгаж хэлдэггүй нь шоолоод байх зүйл биш бөгөөд, Чингис хаан ч тэгж ярьж байсан байж таарах шүү дээ. Ер нь янз бүрийн монгол ястны аялга ямар ч байлаа гэсэн шоолно гэдэг тэнэгээ л харуулж байхгүй юу. Харин бүх монгол аялгыг чөлөөтэй сонсоод, ойлгоод сурчихсан өвөр монголчууд ухаантайгаа харуулж байгаа.
Хятад гаралтай улс төрчийг хятад гаралтай гэж хэлж болно. Өөрийнх нь яс угсаа гэдэг доромжлол биш шүү дээ. Харин өөрийнх нь яс угсааг булаах гэдэг л хэцүү. Тэгвэл манайд өвөр монгол гаралтай улс төрчийг ямар ч эргэлзээгүйгээр хужаа гэж гүтгэх явдал энгийн үзэгдэл боллоо. Өвөр монголчуудыг сая саяар нь, тэр чигээр нь хужаа болгочихоод л сууцгааж байна шүү дээ, бид. Үүнийгээ болих хэрэгтэй. Яах аргагүй элэг нэгт ахан дүүс хэрнээ нэгэндээ ийнхүү ханддаг нь солиотой хэрэг.
Манай олон хүн “Өвөр монголоос жинхэнэ хятад нь хамаагүй дээр. Өвөр монгол шиг өөдгүй муухай хүмүүс байхгүй” гэлцдэг. “Чи өвөр монголчуудын өөдгүй мууг яаж мэдэв?” гэхээр бантаж, “тэгж л сонссон” гэх юмуу, “Нөгөө хэнийг ч билээ, Эрээнд явж байхад нь хулхидсан гэнэ лээ” хэмээдэг. Гэтэл тэр Эрээнд нь өвөрмонгол хүн бараг байхгүй юмсанж. Монгол хэл там тум сурсан, өөрийгөө монгол хүн гэж нэрийдсэн хужаа нар бол зөндөөн.
“Өөртөө засах дүүргүүдэд тухайн үндэсний цөөнхийн хэлийг сур, тийм үндэстэн болж жүжиглэ” гэж хужаа нарт төрөөс нь даалгадаг, цаадуул нь ч нутагтаа амьдарч буй бага үндзстний зарим хөнгөлөлтийг (хоёр хүүхэдтэй байх г.м.) эдлэх гээд дуртай зөвшөөрдөг, ийнхүү колоничлох бас нэгэн аргыг гүйцэлдүүлдэг юм билээ л дээ. Монгол, хужаа хоёрыг ялгахгүй молхи ухаантнууд харин тэдгээр хуурамч үндэс ястыг жинхэнэ өвөр монголтой эндүүрч, бөөн цуурхал дэгдээдэг. Зориуд, тусгай бодлогын дагуу дэгдээгээд ч байдаг юм билүү. Ямар ч гэсэн манай ардаа олиггүй эзэдтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ахан дүүсээ ад шоо үзэх хийрхлийг нэлээн дэвэргэдэг.
Өдгөө Өвөр Монголд 30 сая хятад, дөрвөн сая монгол хүн бий гэнэ. Нийслэл Хөх хотод нь өвөр монгол хүн бараг байдаггүй, сая гаруй хужаа л бужигнаж буй. Гэтэл манайхан тэднийг л өвөр монголтой андуураад, жигшээд сүйд болдог аж. Жинхэнэ өвөр монголчууд нь амьдрах аргагүй цөл рүү хөөгдөөд болохоон байсан. Энэ явдлыг л жигшиж, “Өвөр монголчуудыг цөл рүү цөлөхөө боль” гэзд тэмцэж явмаарсан даа.
Өвөр монголын нэгэн сайтад Хийморь гэдэг холбогдогч “Хүннү цэргээс хамгаалж, хятадууд Цагаан хэрмээ босгосон. Тэгвэл өвөр монголчууд бид Монгол улсыг хужаа нараас хамгаалах яс махан хэрэм болох ёстой. Бид Монголын салшгүй хэсэг. Монгол улс бол дэлхийн бүх монголчуудын соёлын голомт, улс төрийн төв” гэж бичсэний төлөө манайхаас уг сайтад орсон залуус хариуд нь хамгийн адгийн хараал доромжлолоор булсан байв. Ямар ч учиртай залуус байдаг юм, бүү мэд.
Монголд дөрвөн cap орчуулагчаар ажилласан Сатива гэдэг никнэймтэй өвөрмонгол залуу,
“-Улаанбаатар 10 жилийн өмнө Хөх хотоос сайхан хот байсан гэдэг. Гэтэл одоо Хөх хот нь илүү үзэмжтэй болчихжээ. Хуучин барилгаа засч торддоггүй, шинэ нь тэр бүр гоё биш тул тийм болчихжээ. Бас хужаа нар тэнд чанар муутай барилга ихээр барьж буй нь түгшмээр. Гэхдээ ганц том монгол хот болохоор нь Улаанбаатартаа би хайртай.
-Улаанбаатарын хүүхнүүд цагаан царайтай, өндөр биетэй, засал гоёл донж төгс. Гудамжинд өдөржин тэднийг хараад яваад баймаар байдаг.
-Ар монголчууд өвөр монгол, хятадуудыг бодвол соёлтой боловсон ч, Өвөр Монгол дахь ахан дүүсээ хужаа л гэж боддог. Хужаагаас ч дор үздэг, ихээхэн дээрэнгүй ханддаг. Хүн бус гэх нь холгүй. Энэ нь их хэцүү.
-Халхууд үндэстэн ястнаа ялгадаггүй. “Монгол бол олон үндэстний орон, халх, буриад, дүрвэд, захчин гээд янз бүрийн үндэстэн эв найртай амьдардаг. Ийм олон үндэстэн манайд байна аа” гэж ярьдаг, баримт бичигт ч тэгж бичдэг. Үнэхээр гайхалтай! Монгол үндэстэн гэдгийг тэд ойлгодоггүй.
-Халхууд чөлөөтэй, эрх дураараа, хөгжилтэй, чадвартай, нөхөрсөг хүмүүс. Өвөрхангайгаас Улаанбаатар руу явахад танихгүй хүмүүс архиа хувааж уугаад, хоолоо хувааж идээд, дуулаад, тун наргиантай зорчсон. Манайд ийм үзэгдэл байхгүй л дээ.
-Хятадууд өмхий санаатай байдаг бол ар монголчууд өмхий ааштай. Архи их уухаараа өмхий ааш нь сагаад, ёстой л новш болцгоодог. Гэхдээ санаа нь cap шиг цагаан.
-Ар монголчууд хужааг үзэн яддаг мэт хэрнээ, нүүр тулахаараа тэдэнд үйлчлээд, тэдэнтэй нөхөрлөөд, ах дүү бололцоод, хамтран ажиллаад, бүр ханилан суугаад байдаг нь сонин. Харин манай өвөрмонголчууд хужаад дургүйцдэгээ өнгөн дээрээ төдийлөн гаргахгүй ч, цаанаа яс махнаасаа дургүй байдаг шүү дээ.
-Монголд сексийн мэдээлэл, харьцаа бүрэн чөлөөтэй. Энэ нь залуу хүн надад таатай санагдсан. Харин монгол охид бүсгүйчүүд хужаа нартай бэлгийн харьцаатай болж байгаа нь таагүй санагдсан. Манай өвөр монгол охид хятадуудтай тэгж ойртоод байх нь их ховор л доо.
-Өвөрмонгол хүн бол хужаа биш юм гэдгийг мэдээд ирэхээрээ ар монголчууд өөрийн хүн гэж тооцож, найрсаг хандах нь цөөнгүй. Нэг жолооч эр намайг сайн залуу гэж магтаад л, охинтойгоо суу, Монголд амьдар гэдэг байсан. Үнэхээр Монголд үлдчихмээр санагдаад, сэтгэл хэд хоног үймэрсэн. Гэвч би чинь төрсөн нутаг, ижий аавтай болохоор чадаагүй” гэж цахим форумд бичсэн байв.
Энд бид уурлаж бухимдаад байх зүйл алга. Үнэнийг л бичиж. Гэтэл манайхан бас л “Муу хужаагийн шээс, баас чи биднийг муулна гэнэ ээ, чамайг ална, мөчилнө, өвөр монголчуудыг хүйс тэмтэрнэ” гэсэн байх юм. Тэдэн дундаас НҮБ дахь Монгол улсын төлөөлөгчийн газар ажилладаг, Modern Nomads гэж өөрийгөө нэрийддэг бичигч өвөрмонголчуудыг дайрч доромжлох, гүтгэж гүжирдэхийн мэргэжилтэн юмуу гэмээр. Тэрбээр НҮБ-д өвөр ч бай, ар ч бай, бүх монголчуудын эрх ашгийг хамгаалж суух ёстой атал, монголчуудыг хагалан бутаргах үйл хэрэгт үгээ барж яваа нэгэн юм. Тийм л өчүүхэн амьтсыг улс маань тийш илгээж байна шүү дээ.
АНУ-д суугаа элчин асан Б гээч Монголын биш, Хятадын эрх ашгийг хамгаалаад байдаг. Америкийн өвөр монголчуудтай бид харьцаж болохгүй, чингэвэл Хятад дургүйцнэ гээд л дундуур нь ороод хөндөлсөөд байдаг юм гэнэ билаэ. Х.Захчидцэцэнд одон өгч болохгүй гээд л, Хятадын До яамны ажилтны байр сууринаас хандан матаж, санасандаа хурсэн хүн бол Б. Ийм л улсаас болж үндэстэн хагарч байгаа юм шүү.
1997 онд Нью-Йоркт байгуулагдсан Өвөр Монголын Ардын намын дарга Тэмцэлт “Их гүрнүүд яс хаяж, буруу ойлголт түгээн монгол түмнүүдийг хагаралдуулж байна. Үүнээс болоод Монголын ихэнх иргэд биднийг хужаа гэдэг. Сая сая ахан дүүсээ ингэж гомдоож, түлхэж болохгүй ээ. Монгол улс зөвхөн халхуудын бус, бүх монголчуудын нутаг, эх орон. Энэ л эх орон Монгол улс руугаа дэлхийн бүх монголчууд тэмүүлдэг. Өвөр монголчууд минь “Монгол улс-бидний эх орон, Улаанбаатар бидний хот” гэж яваарай. “Миний Монгол улс, миний Улаанбаатар” л гэж яваарай. Дэлхийн бүх монголчууд тусгаар тогтносон Монгол улсын ард түмнээр бахархдаг. Халх Монгол ахан дүүс минь ээ, бид та нартаа хайртай шүү. Энэ хайр маань хэзээ ч дундрахгүй, зүрх сэтгэлд маань үеийн үед бялхан цалгилах болно. Монгол улс, Монголын ард түмэн үеийн үед мандан бадартугай” хэмээн намынхаа нэгэн хандах бичигт өгүүлсэн байдаг нь сэтгэл шимшрэм. Ар Монголд нэгдэхгүй хэмээн гомдсон зарим нь байвч, өвөр монголчуудын үнэмлэхүй олонх нь наашаагаа гэсэн сэтгэлтэй, манай улсыг Ах улс, биднийг ар монгол ах нар л гэж явдаг. Үүнийг мэдүүштэй.
Өвөр монголчуудын дунд монголоо алдаагүй нь зөндөөн. Үндэсний үзэлтнүүд тэдний дунд манайхаас хавьгүй олон байдаг. Токио, Нью-Йорк, Лондон, Стокгольмд өвөр монголчууд тусгаар тогтнолын төлөө үйл ажиллагаа явуулж, үхлийг сөрөн тэмцэж, амь насаа ч алдаж байна. Улсдаа ч тэмцэж, олноор хоригдож, алагдаж байгаа.
2004 оны дархадуудын бослого Ордос даяар байлдааны хуягт эргүүл хийж, Өвөр Монгол оронд онц байдал тогтооход хүргэж байлаа. Хөх хотод хүн олноор цуглахыг хорьсон тул манай “Хурд” тоглолтоо хойшлуулаад ирж байв шүү дээ. Чингисийн онгоныг хувийн компанид өгөхгүй гэж тэмцсэн дархдууд чиг шугаман дээрээ эрс хатуу зогссоор хятад төрийг буулт хийхэд хүргэсэн билээ.
Өвөр Монголд монгол хүн амьдрах нөхцөлгүй болгож байгаа ч, өвөрлөгч нар тал бүрийн амжилт олж, айхавтар сүрхий, самбаатай хэцүү улс, сэргэлэн түмэн гэж үнэлэгддэг аж. Хятадууд манай улсын иргэд дотор солонгос, монгол хоёр л овсгоотой, цаанаа л нэг өөр дөө гэдэг байна. Хятадад монгол хүн дээд боловсрол эзэмших аргагүй шахам нөхцөлтэй. Харин малчин монголчууд хамаг мөнгө, боломжоо шавхаж байгаад хүүхдээ олноор нь Японд сургаж буй. Японд литий зайгаар доктор хамгаалсан Чулуун энэ чиглэлдээ дэлхийд данстай том мэргэжилтэн төдийгүй “Жоншин” гэдэг хятадын том группийн дэд захирал, нэрт бизнесмен хүн болсон байх жишээтэй.
БНХАУ-д 5,8 сая хүн монгол хүн албан ёсоор бүртгэгджээ. Эдэн дунд хятад хүмүүс байгаа. Гэхдээ л сая сая монголчууд тэнд байгаа нь тодорхой шүү дээ…
Эрдэмтэн Х.Захчидцэцэн “Өвөр монголчууд амьд бамбай болж, Ар Монголыг хамгаалсан. Өвөр Монгол байгаагүй бол Ар Монгол хятадаар дүүрэх байсан. Буриад байгаагүй бол оросоор дүүрэх байсан. Ингэж амьд бамбай болж бусад монголчуудыг хамгаалахдаа дайн тулааны халуун галд хатат төмөр ч хайлахын адилаар зарим хэмжээгээр хайлан ууссан, харьжсан байж болно. Чингэлээ гээд тэднийг бүү буруутгаарай. Харин монгол соёл, ухаанаар тэтгэж, ууссан хайлсныг нь залруулж засаж явах нь тусгаар Монголын зайлшгүй үүрэг юм шүү” гэж америкийн монголчуудын сонины сурвалжлагчид ярьсан байна.
Тийнхүү амьд бамбай болон хаасан ард зоны нутагт өдгөө хэдэн арван сая хятад дүүрч, Өвөр Монгол орныг харь орон мэт санагдах болтол нь өөрчилжээ. Өвөр Монгол уугуул хүн арддаа харь мэт болж хувирчээ. Тиймээс тэд Монгол улсыг эх орноо гэж санадаг байна. Өнөөгийн Монгол улс бол нийт Монголын нэг л хэсэг, тиймээс бүх монголчуудад харьяалагдана гэдэг нь ч үнэн юм шүү. Эх орон нэгтнүүдээ, өөрийн ахан дүүсээ өрөөл харь элэгтнүүдтэй эндүүрч төөрөлдөлгүй шиг ялгаж салгаж, бие биенээ тулж түшиж, энэрч хайрлаж явахсан даа.

Ч.Мөнхбаяр