Нэг. Хас сүлд

Монголчуудын язгуурын сүлд бол Хас билээ. Хас Мөнх тэнгэрийн хүчийг бэлгэднэ. Хөх тэнгэрээс хий морин хөлгүүд бууж, дөрвөн зүгт орчин давхиж, Монгол нутгийн улс үндэстэнд хүч, ивгээлийг түгээж буй гэсэн утгаар өвөг дээдэс маань энэхүү сүлдээ зохиосон байдаг. Олон мянган жилийн өмнөх хадны сүг зургаас морин толгойт хасын дүрсийг олсон нь үүний нэгэн гэрч билээ.



1

Бусад улс орныхон хас хаанаас гарсан, ямар учиртайг түмэн янзаар тайлбарлаж, энэтхэгчүүд л нарыг бэлгэдэн зохиосон бололтой хэмээвч, энэ нь ч маш их учир дутагдалтай таамаг болохыг зөвшөөрдөг. Монгол нутгийн хүн ард өсч үржиж, хальж нүүж байсан нь олонтаа бөгөөд, морин хасыг хялбаршуулан зурдаг болсон хойноо бусад газар оронд түгээсэн гэвэл харин илүү үнэмшилтэй мэт.

Хас сүлдээ дээдлэх явдал нь монголчуудын хувьд, түүхийн нугачааны янз бүрийн ээдрээнд бүдэгрэн дарагдсаар огт үгүй болон замхарч байсан нь ч буй. Жишээ нь, шарын шашныг хэт шүтсэн нь сөргөөр нөлөөлж байж. Большевик туршилтад хэлмэгдсэн нь бүр ч муугаар нөлөөлсөн.



2

МАН нэрийн дор нэгдсэн язгуурын эх орончид маань хас сүлдийг намынхаа оройд өргөн мандуулж, улмаар улсын сүлд болгох гэж байв. Хамгийн интернационалч хас тэмдгийг ирээдүйд бүх дэлхийг багтаах ЗХУ-ын сүлд болгохоор судалж буй, учир иймд та бүхэн улсын сүлд болгохоо хүлээзнэ гээд большевикууд саад учруулсан нь баримт юм. Дэлхийн II дайн эхэлж, холбоотон Гитлерийн Герман нь довтолсонд сталинистууд БНМАУ-д хасыг хэрэглэх явдлыг ялт хэрэг болгон, цаазлан хориглосон билээ.

Хас сүлдийг дээдлэхээ багасгасан, больсон цаг үеүдэд Монгол улс үндэстний байдал уруудан доройтсоор ирсэн нь түүхэн үнэн билээ.

Язгуурын Хас сүлдээ Монгол Улсын төрийн сүлд болгон залж дээдэлж, Монгол улс үндэстнийхээ хийморь лүндааг сэргээн бадрааж, Мөнх тэнгэрийн хүчээр хөгжин цэцэглэж, дэвшин мандах цаг иржээ. Хас сүлдээ төрийн сүлд болгоцгооё!

Чингэхдээ дөрвөн толгойт хас, таван толгойт хас хэмээсэн хоёр хувилбарын аль нэгийг юм уу, эсвэл дөрвөн толгойт хас Мөнх тэнгэрийн хүчийг, таван толгойт хас Монгол улс үндэстнийг бэлгэднэ хэмээн зэрэгцүүлэн хэрэглэхийг миний бие санал болгож байна.

1. Дөрвөн толгойт хас. Даян дэлхийн хүн ардад Германы фашизмыг санагдуулж болох бодит нөхцөл байдлыг харгалзан үзээд, морин хасыг сүлдлэн дээдлэх саналыг дэвшүүлж байна. Мөн шонхор хас, чонон хасыг сүлдлэн дээдэлж болох юм.

2. Таван толгойт хас. Грек-самгардиар пентастика хэмээх энэ бэлгэдлийг 1993 онд миний бие зохиосон. Тэмүүлэн орчих таван хөлгийн дүрээс сэдэвлэн үүсгэсэн. Төв (Монгол Улс), Өвөр (ӨМӨЗО), Хойд (Буриад, Тува), Ойрд (Халимаг, Шинэ хязгаар), Алс (Хөх нуур, Афганистан зэрэг) Монголын буюу, Таван Монголын монголчууд хамтдаа нэгдэж нягтарч, ахиж дэвшиж, мөнхөд мандан бадарна гэсэн утгатай. Морин, шонхор, чонон хэлбэртэй байж болно.



Хоёр. Улсын нэр

Өнөөгийн Монгол Улс нь монгол үндэстний цөөнх хувийг, унаган монгол нутгуудын хэд хуваасны нэгийг харъяалан оршиж буй. Тэгсэн атал, бүх монгол үндэстэн, нутгаа нэгтгэсний адилаар Монгол Улс гэж нэршин явах нь үнэнд нийцэхгүй. Өвөр, Буриад, Тува, Халимаг, Торгууд, Хөх нуурын Монголыг үгүйсгэсэн мэт хэрэг болно. Өнөөгийн нэршил нь манай улсын хүн ардад хилийн чанадын монголчууд монгол биш юм шиг буруу ойлголт төрүүлэх нь бий, монгол туургатан, дэлхий даяарт ч буруу ойлголт төрүүлэх явдал цөөнгүй гардаг. Тиймээс Монгол Улсыг бүх монголчууд нэгэн гэр улсад нэгдэх хүртэл Төв Монгол Улс гэж түр нэрлэх саналыг дэвшүүлж байна. Энэ нэр бүх монголчууд нэгдэх учиртай юм шүү гэдгийг үргэлжид сануулж байх болно.

Мөн бүгд найрамдах улс гэдэг нь хятад хэлнээс махчлан орчуулсан, уг ойлголтоо илэрхийлж чадаагүй нэр томъёо юм. Республика гэдэг бол ардын улс гэсэн утгатай, ардын төлөөлөлт засагтай улсыг хэлэх үг. Үүнийг ард-улс гэж хөрвүүлж, хэвшүүлэх саналыг дэвшүүлж байна. Ингэснээр улсын маань нэр Төв Монгол Ард-Улс (ТМА) байх болно. Гадаадад Tuү-Mongolian Republic, Тув-Монгольская Республика г.м.

Гурав. Үндэстний нэр

Монгол Улсын албан баримт бичгүүдэд яс үндэс гэсэн параграф байдаг. Түүнд бид халх, буриад, дүрвэд гэхчилэн хариулж сурчээ. Большевик дарлагчид нийт монгол үндэстний нэгдэл нягтралд хорсож, хагалан бутаргах гэхдээ ийм журмыг хэвшүүлсэн нь өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор ирлээ. Үүнээс болж, зарим хүн Монгол бол олон үндэстний орон гэж төөрөлддөг. Монгол бол Казахстанд уугуулшин цөөрсөөр байгаа хасаг цөөнхтэй л болохоос, нэг үндэстний орон юм.

Монголчууд бид баримт бичиг дээрээ монгол үндсээ бичих эрхгүй байж болохгүй. Бид албан ёсоор монголчууд, үндэстэн байж чаддаггүй. Үүнийг цэглэе. Баримт бичигт үндэстэн гэдэг параграф буй болгож, монгол гэж хариулж байя. Дэлхийн ямар ч улсын баримт бичигт үндэстэнг бүртгэхээс, ястанг бүртгэдэггүй. Учир нь үндэстэн байх нь эрхэм, үндэстэн байх нь улсын гол сууриудын нэг юм.

Албан ёсоор үндэстэн байцгаая, монголчууд байцгаая!

Дөрөв. Парламентын нэр



Улсын Их Хурал гэдэг нь социализмын үеийн Ардын Их Хурал гэдгийг давтан, шууд үүсч, хэвшсэн билээ. Шинэ хуулбар нэр нь өмнөхөөсөө ч дор болсон бөгөөд, Монгол Улсын Улсын Их Хурал гэсэн, нэг үг дараалан хоёр давтагдсан, арга ядсан хэллэг үүсэхэд хүргэдэг.

Улсын Их Хурал нь парламентын нэр гэхээсээ, тайлбар гэлтэй хэллэг юм.

Учир иймд, Дээд Хуралдай, Их Хуралдай хэмээн парламентаа нэрлэх санал дэвшүүлж байна. Монгол улсын асуудлыг хурал бус, хуралдай шийддэг байсан, эртнээс уламжилсан ёс буй билээ. Дээд юм уу, Их Хуралдай гэдэг нэр тогтсон цагт, үүнийг Монголын парламентаас өөр бүтцэд хэрэглэхийг хуулиар хориглоно.



Саналуудыг дэвшүүлж ирсэн Ч.Мөнхбаяр