Рио-Тинто Монголын төр түмэн рүү балмад халдлага довтолгоон хийсэн нь одоо ч үнэмшигдэмгүй хэвээр байна. 2007 оны ТЭЗҮ-ийн дагуу анхны хөрөнгө оруулалт 2,7 тэрбум байна гэж байсан. Гэтэл зардлаа өсгөсөөр өсгөсөөр. Тэрийг нь манай дарга нар нээнтэг, шантаажинд орж аялдан дагалдсаар ирсэн агаад уул уурхайн сайдын баталсан ТЭЗҮ-ийн дагуу бол анхны хөрөнгө оруулалт 5,1 тэрбум, нийт хөрөнгө оруулалт 14,6 тэрбум гэх болсон (Урьд 4 тэрбум, 9 тэрбум гэж байсан). Гэтэл 9,8 тэрбумаар нийт зардал өсч 24,4 тэрбум болчихлоо гэж байгаа. Энэ бүхэн бол ямар ч үндэслэлгүй тоо, цэвэр луйвар л юм. 20 тэрбумыг зүгээр л аман зоргоороо хэлээд луйвардаж байна гэхэд болно. 24,4 тэрбумын зардал гарна гэх юм бол 2033 онд л Монгол улс ногдол ашиг авч эхэлнэ гэж байгаа бөгөөд тэр үед Оюутолгой хүрз хүдэргүй болтлоо цөлмөгдсөн байж болох билээ. Ийм л аймшигтай Мянганы луйвар.


Төр маань ер нь хамгийн эргүү өвчтэй малаас долоон дор болчихсон юм билээ шүү дээ. Оюутолгойн ордын чинь 20-30 хувийг Энтре Голд эзэмшдэг юм байна шүү дээ, Би-Эйч-Пи (Оюутолгойг ашиггүй гээд хаясан гээд байсан, яалаа?) бол ашиг авах юм байна гээд л солиороод байгаа. Энийгээ өмнө нь мэдэж байх нь яасан юм бэ? Үнэхээр ийм тэнэг юм уу, тэнэг болж жүжиглээд байна уу. Люксембург улс шиг их алт олсон гэж шуугиулаад байсан Энтре Голд-ын явдлаас болж Монгол Оюутолгойнхоо 34 хувийг биш, Оюутолгойн 70, 80 хувийнх нь л 34 хувийг эзэмшиж байгаа, өөрөөр хэлбэл 100 хувийнх нь бол 24-27 хувийг эзэмшиж байна шүү дээ. Энэ тоог цэцэрлэгийн хүүхэд ч цээжээр бодоод гаргачихна.

Энтре Голд-ын 20, 30 хувь гэдгийг (яг хэдэн хувь гэдгийг нь Шинэчлэлийн ЗГ ална гэсэн ч мэдэхгүй байгаа) яаж хийсэн байна вэ гэхээр, Оюутолгой бол Монголын хуулиараа төрийн өмч байгаа (хуулинд л төрийн өмч гээд биччихээр өмч болчихдог, санаа зовох зүйлгүй гэнэ), Рио-Тинто, Айвеноу Майнз (бас Хятадын Чалко, Оюутолгой чинь олон өвөр дамжиж, замарч байгаа шүү дээ, хөөрхий) ашиглаж байгаа, харин Энтре Голд бол талбай болон талбайд буй нөөцийг эзэмшиж байгаа гэж ороолдуулж, хутгалдуулж, будлиантуулсан байгаа юм.


Хамгийн зоригтой шинжээчид ч Оюутолгойг ашиглах зардал 13 тэрбумаас яасан ч хэтрэхгүй гэж байгаа. Бүтээн байгуулалттайгаа шүү дээ. Эрдэнэт шиг бүтээн байгуулалттайгаа гэсэн жишгээр бол тийм. Харин нүцгэн шалдан цөлд цөлмөх байгууламж л барихад, тэгээд ядаж зам ч барихгүй байхад бол юуных нь 13 тэрбум байх вэ? Гэтэл Рио-Тинто 24 тэрбумын зардал орно гэж буй, Монголын төр 14,6 тэрбумыг нь бол хүлээн зөвшөөрөөд байгаа аж.


Африкийн Гвиней улсын Симандугийн төмрийн ордод Рио-Тинто, Чалко хоёр (Риогийн ард байдаг жинхэнэ эзэд нь Хятадын Чалко л доо) 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх болжээ. Тэгэхдээ тэнд Эрдэнэт шиг бүтээн байгуулалт хийсэн байна. Төмөр алт зэснээс хавьгүй хямд, төмрийн ордоос олох орлого бага шүү дээ. Гэвч гвинейчүүд бүтээн байгуулалтын гэрээ байгуулж чадсан байна. Манайхан Африк болох нь, Африк шиг зэрлэг бүдүүлэг л гээд байдаг, өөрсдөө Африкаас долоон дор, мянга түм дахин мунхаг харанхуй болчихоод байна шүү. Оюутолгой, Тавантолгойгоо л хар.


Баяжуулах үйлдвэр баригдсанаар анхны хөрөнгө оруулалт дууссан гэж тооцогдоно гэж байгаа юм. Ер нь бол баяжуулах үйлдвэр баригдана гэдэг бол бүх хөрөнгө оруулалт, зардал нь бараг гүйцчихлээ гэсэн үг. Өөр юу хийнэ гэж хөрөнгө оруулах юм бэ? Монголчуудад зориулж модон сүүдвэрч нэгийг барихгүй гэж андгайлсан улс шүү дээ. Одоо бол хонгил, нүх л нэмж ухна, өөр нэмж хийх юм байхгүй. Тэгэхэд анхны хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, зардал өснө гэж байгаа юм. Тэр өслөө гээд хий хөөрөгдөөд байгаа асар их мөнгөний 34 хувийг бид л өндөр хүүтэй төлж, луйвардуулна шүү дээ.


Саяхан Рио-Тинто Оюутолгойг эзэмших зардал 6,6 тэрбумаар нэмэгдлээ, гэхдээ 4 тэрбумыг нь бид авна гэж тун хачирхалтай юм ярьсан. Ингээд л аваад л байсан юм биш биз дээ, тэгээд л зардал “өсөөд” байгаа юм биш биз дээ. Анхны хөрөнгө оруулалтад 7,4 тэрбум (2 тэрбумаар өсгөжээ) шаардагдах боллоо гэсэн аж. Хэрэв энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй бол үйл ажиллагаагаа зогсооно гэж сүрдүүлж, түр зогсоосон. Үйл ажиллагаагаа Монголын талтай зөвшилцөлгүй, дангаар зогсоох нь олон сөрөг үр дагавартай. Үйл ажиллагаа зогссоноор Монголын тал наанадаж төсвийн их дутагдалд, цаанадаж их өрөнд орно. Ийнхүү Рио-Тинто юу дуртайгаа шаардан сүрдүүлж, Монгол улс үг дуугүй даган сөгдөж байх байдалд ороод байна (Хуулиа баривал ч тийм байдалд орохгүй л дээ, гэвч шантаажинд орсон хулгайч дарга нар хууль барихгүй нь мэдээж).


Үүгээр асуудал дууссангүй. Дээрэмчин Рио-Тинтогийн бүдүүлэг дайралт, заналхийлэл, булаалтад зарим хүн дургүйцсэн. Гэтэл Рио-Тинто “Олон нийтийнхээ үйлдлийн төлөө Монголын ЗГ уучлал гуйх ёстой” гэж пээдэлзэв. Урьд манай төрийг “шунахай, даварсан” гэх зэргээр муучилж л байсан. УИХ-ын хэдэн гишүүд Монголын төрийн эзэмших хувийг 51 (Уг нь манай Ашигт малтмалын хуулинд Монголын төр 100 хувь өмчилнө, Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гээд заачихсан байгаа шүү дээ) болгох гэж оролдсон хэрэг л дээ.


Ийм л нэг Монголын төр, ард түмнийг загнаж зандарч, сөгтгөж бөхөлзүүлж байдаг даварсан тонуулчид Халхын хавтгайд ханхалзаж, дураар дургидаг боллоо.
С.Ганбаатар гишүүн дэргэдээ хот барь гэсэн чинь Рио-Тинто хот барих нь зөв үү, буруу юу гэдэг талаар 3 сая долларын судалгаа хийлгэнэ гээд чимээгүй болсныг хэлж байна. 3 саяар судлах биш, бүтээн байгуулалт хийх үүргээ биелүүлэх хэрэгтэй байхгүй юу. Алтыг нь авчихаад авдрыг нь хоосон буцааж болдоггүй юм.
Н.Алтанхуяг сайд УИХ-аар батлуулсан гэрээнд анхны хөрөнгө оруулалт 5,1 тэрбум гэж байсан чинь одоо 7,1 тэрбум болгоод байна, Оюутолгойн бүлэг ордын 30 хувийг өөр бас нэг компани эзэмшдэг (Энтре Голдыг хэлж байна) юм байна гэж уйлагнана.

 


Саяхан Оюутолгойг 100 хувь харьд өгөх хэрэгтэй, гэрээг өөрчилбөл монголчуудын нэр хүнд унана л гээд байсан (урьд ВВС-гээр, Оюутолгойн гэрээг өөрчлөхгүй байх баталгааг би гаргаж байна гэж байжээ) Ц.Элбэгдорж ерөнхийлөгч одоо үгээ хэлж сууна. Оюутолгой мэдээллээ өгдөггүй л гэнэ. Ямар хувь хаана байгааг мэдэхгүй л гэнэ (Энтре Голд, ВНР-гийн асуудлыг хэлж байна). Оюутолгойн дарга нар дэлхийн жишгээс 2,5 дахин өндөр зардал гаргаж ажиллаж байна л гэнэ. Манай талаас хууль, гэрээгээ зөрчөөгүй, нөгөө талаас л байгаа л гэнэ. Ийм улсад Оюутолгойг 100 хувь өгч болох уу. Гэрээг нь өөрчлөхгүй, баталгаажуулаад байж болох уу.
Гэтэл нөгөө эргэж буцамхай ерөнхийлөгч маань Оюутолгой Эрдэнэттэй адилхан соёл оруулж ирнэ гэчихжээ. Ямар соёл вэ? Эрдэнэттэй зүйрлэх юм даанч байхгүй шүү дээ. Эрдэнэт бол дээшээ дэвжсэн бүтээн байгуулалт, хөгжил. Оюутолгой бол доош нь л чангаах гүнзгий хар нүх, өөр юу ч алга.

 


2009 онд Монголын эрх бүхий байгууллага Оюутолгойд 45 сая тонн зэс, 1800 тонн алт байгааг баталгаажуулжээ. Гэтэл Рио-Тинто 2010 онд тэнд 4 дахин бага зэс, 3 дахин бага алт байна гэжээ. Бас л нэг аугаа луйвар. Аль эсвэл соёл уу?


Саяхан УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийнхэн эрх баригчдыг жүжиг тавьж байна гэсэн билээ. Оюутолгойг буруушаах дүр эсгэж,цаагуураа бүх болзлыг нь зөвшөөрөн, 100 хувь бэлэглэж, ямар ч татвар төлбөр авахгүй, харин хэлсэн мөнгөний тоо бүрийнх нь 34 хувийг өндөр хүүтэйгээр Монголын талаас төлөх, өөр төлбөр торгууль ч бас тэдэнд төлөхийг зөвшөөрч, найруулаад байж байж болох юм даа.


Ч.Мөнхбаяр