Уриалга



Дээд Тэнгэрээс эрхэм заяат гэх Монголын ард түмэн маань ядарч зүдэрч, гундуухан аж төрж байна, ирээдүй нь бүрхэг байна. Гэтэл, дутах гачигдах юмгүй, гэрэлт ирээдүйтэй, аз жаргалтайгаар амьдарч, ажиллах бүрэн боломж буй билээ. Түүний тул зайлшгүй хийх ёстой хамгийн чухал алхмуудын нэг нь байгалийн баялгийг эрүүл ухаантайгаар ашиглах, ашигт малтмалын автаркийг хэрэгжүүлэх явдал.

Тун эмгэнэлтэй нь, 90-ээд оноос харийн авилгачид, луйварчдад Монголын баялаг, газар шороог үндсэндээ үнэ өртөггүйгээр өгч, үүний хариуд улс түмэнд өчүүхэн төдий ач тус ирэхгүй, харин гай гамшиг, сүйрэл мөхөл нүүрлэх урхагтай туйлын хорт бодлого хэрэгжсээр өдий хүрлээ. Маш нууц далд нөхцөлд хэрэгжүүлж ирсэн хэдий ч, улс эх орноо урван худалдсан этгээдүүдийн бодлого энэ зууны эхээр олон нийтэд тодорхой болж эхэлсэн.

Өмнөх “Ашигт малтмалын хууль” нэртэй галзуурал солиорлыг халан цуцлах тэмцэл далайцтай ширүүн өрнөснөөр дарангуй дэглэмийнхэн буулт хийхэд хүрсэн. Гэхдээ тэр буултынх нь мөн чанар юунд оршив? Олон олон мэргэжилтний шилдэг төслийн шилмэл санааг шингээн найруулсан шинэ хууль гэж ямар юм байна вэ?

1-рт, Стратегийн гэх цөөн тооны ордоос Монгол улс 34-50 хүртэлх хувийг эзэмшиж болно гэжээ. Бусад орд Монгол төр түмнийх бус юм аятай хүйтэн цэвдэг хандаж, хувь заяаг нь орхигдуулжээ.

2-рт, Зөвхөн гадаадын шунахай этгээдүүдэд үйлчлэх байгууллагын журам мэт зүйл болжээ.

Түүнээс гадна энэ хууль амьдралд хэрэгжих ямар ч баталгаагүй. Нэгэн жишээ л хэлэхэд, 70 жил хуульд захирагдахгүй байх зүй бус эрхийг харийн луйварчдад олгогч “Тогтвортой байдлын гэрээнүүд” гээчийг олон нийтийн ар хударгаар, маш чанд нууцлалын дор, яаравчлан хийж байна. Монголын ард түмний эсрэг энэ мэт үйл ажиллагаа явуулж ирсэн зальхай этгээдүүд элдвээр баширлан цаг хожиж байх хооронд, ашигт малтмалын ордуудыг маань өмчлөх харийн компаниудын эрх хэмжээ улам л бэхжиж, тэдгээрийн хувьцааг эзэмшигч харийнхны тоо, далайц өсөн нэмэгдсээр л байна. Тэр аяараа давхар давхар худалдагдаж байгаа байгалийн баялгаа Монголын ард түмэн хэрхэвч эргүүлж авч чадахгүй болох нөхцөл байдлыг ч гэмт бүлэглэлүүд чармайн бүрэлдүүлсээр байна.

Дэглэмийнхэн нүглийн нүдийг гурилаар хуурах алхмуудаараа ердөө л ард түмнийг тэнэг мулгуу адил төсөөлж, элэг барьж, дорд үзсээр. Ийм байдал цаашид үргэлжлэх аргагүй нь мэдээж. Үүнийг ухаарсан эх оронч ард иргэд маань эрслэн босч, зориглон тэмцэж байна. Энэ зөв өө.

Гэхдээ зөвхөн гадаадынхны мэдэлд буй ордоос төрийн эзэмших хувийг нэмэгдүүлэх чиглэлээр л голлон тэмцэж буй нь өрөөсгөл, учир дутагдалтай.

Алтан хувь заяат монголчууд бид луйварчид дээрэмчдийн “хишиг өглөгт” горилж, хувхай саврыг нь царайчлан харж, гуйланчлан сэтгэх, амьдрах ёсгүй. Аль болохоор л, өөрсдөө хийж, ажиллаж, бүтээж, хувь заяандаа эзэн байж сурах учиртай. Тиймээс, “Ашигт малтмалын хуулийг” шинэчлэн тогтоохын төлөө цаг алдалгүй, эрс шийдэмгий тэмцэх шаардлагатай болжээ. Энэ салбарт бүх талаар, бүрэн бие даахыг эрмэлзэх буюу, уг хуулийг ашигт малтмалын автаркийн зарчмаар шинэчлэн тогтоох хэрэгтэй болжээ.

1-рт, Харийнханд үйлчлэх байгууллагын журам шиг байгааг нь болиулж, Монгол улс түмэнд үйлчлэх Хууль болгоё.

2-рт, Монголын төр түмэн өөрсдөө бие даан ашигт малтмалыг олборлох, баяжуулах, ашиглаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эзэмших, худалдах явдлыг тэргүүн эгнээнд тавьж үзэж, тал бүрээр дэмжих зарчмыг гол тэнхлэг болгоё!

“Монголчууд ашиглаж чадахгүй, хөрөнгө тэдэнд байхгүй” гэдэг үг бол харийн луйварчдын басамжлал, манай гар хөл бологчдынх нь доромжлол. Бусад улс гүрэн ордоо “барьцаалж” зээл, тусламж аваад, үе шаттайгаар ашигладаг нийтийн жишиг буй. Бүгдийг өөрсдөө хийх боломжгүйд хүрлээ ч, хөлс мөнгийг нь олгоод гадаадын компани, мэргэжилтнээр гүйцэтгүүлэх боломжтой. Ажлын хөлсийг нь шүү!

Энэ салбарт Монголын төр УҮГ байгуулах, үндэсний бизнесменүүд идэвхи санаачлага гаргах, мөн бичил, бага уурхай үүсч хөгжихийг хууль, бодлогоор дэмжих ёстой.

3-рт, Ашигт малтмалын салбараас төсөвт орох ашгийг а) Монгол улсын хөгжилд нэмэрлэх хөрөнгө оруулалт, б) ард иргэдийн амьдралын түвшин, нөхцөл байдлыг сайжруулах нийгмийн хөтөлбөрүүд гэсэн чиглэлээр хэтийн төлөвтэй зарцуулах зарчмыг мөн чухалчлан тусгах ёстой.

Улс түмэндээ үйлчилдэг хууль шиг Хууль болгох, Монгол улс түмэн ашигт малтмалыг өөрсдөө ашиглах явдлыг бодлогоор дэмжих, ашигт малтмалын ашгийг хэтийн төлөвтэйгээр зарцуулах гэсэн энэ гурван автарки зарчмаар “Ашигт малтмалын хуулийг” шинэчлэн тогтоохын төлөө тэмцэцгээе!

Ингэж “Ашигт малтмалын хууль”-ийг үндсээр нь өөрчилбөл сая Монгол улс бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн замд орж, ард түмэн ашигт малтмал, газар шороондоо эзэн сууж, ариун цагаан хөдөлмөрөө эх орондоо зориулаад тэгш дүүрэн аж төрөх боломжтой болж, улс орны олон хурц асуудлууд шийдэгдэж, амьжиргааны түвшин дээшилж, бултаар цэнгэлийн манлайг олно.

Монгол улс түмнийг боомилж, хөнөөж буй өнөөгийн хуулийг үгүй хийж, “Ашигт малтмалын тухай” шинэ хуультай болохын төлөө тэмцэхийг бүх ард түмэндээ уриалж байна.

Бодогтун, босогтун, түрхрэгтүн!

Монгол ард түмнийхээ эрүүл ухаанд итгэн сүслэгч, чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр.

Улаанбаатар. 2007 оны 7 дугаар сарын 26.