Монголчуудын язгуурын сүлд бол Хас билээ. Хас Мөнх тэнгэрийн хүчийг бэлгэднэ. Хөх тэнгэрээс хий морин хөлгүүд бууж, дөрвөн зүгт орчин давхиж, Монгол нутгийн улс үндэстэнд хүч, ивгээлийг түгээж буй гэсэн утгаар өвөг дээдэс маань энэхүү сүлдээ зохиосон байдаг. Олон мянган жилийн өмнөх хадны сүг зургаас морин толгойт хасын дүрсийг олсон нь үүний нэгэн гэрч билээ.

Бусад улс орныхон хас хаанаас гарсан, ямар учиртайг түмэн янзаар тайлбарлаж, энэтхэгчүүд л нарыг бэлгэдэн зохиосон бололтой хэмээвч, энэ нь ч маш их учир дутагдалтай таамаг болохыг зөвшөөрдөг. Монгол нутгийн хүн ард өсч үржиж, хальж нүүж байсан нь олонтаа бөгөөд, морин хасыг хялбаршуулан зурдаг болсон хойноо бусад газар оронд түгээсэн гэвэл харин илүү үнэмшилтэй мэт.

Хас сүлдээ дээдлэх явдал нь монголчуудын хувьд, түүхийн нугачааны янз бүрийн ээдрээнд бүдэгрэн дарагдсаар огт үгүй болон замхарч байсан нь ч буй. Жишээ нь, шарын шашныг хэт шүтсэн нь сөргөөр нөлөөлж байж. Большевик туршилтад хэлмэгдсэн нь бүр ч муугаар нөлөөлсөн.

МАН нэрийн дор нэгдсэн язгуурын эх орончид маань хас сүлдийг намынхаа оройд өргөн мандуулж, улмаар улсын сүлд болгох гэж байв. Хамгийн интернационалч хас тэмдгийг ирээдүйд бүх дэлхийг багтаах ЗХУ-ын сүлд болгохоор судалж буй, учир иймд та бүхэн улсын сүлд болгохоо хүлээзнэ гээд большевикууд саад учруулсан нь баримт юм. Дэлхийн II дайн эхэлж, холбоотон Гитлерийн Герман нь довтолсонд сталинистууд БНМАУ-д хасыг хэрэглэх явдлыг ялт хэрэг болгон, цаазлан хориглосон билээ.

Хас сүлдийг дээдлэхээ багасгасан, больсон цаг үеүдэд Монгол улс үндэстний байдал уруудан доройтсоор ирсэн нь түүхэн үнэн.

Язгуурын Хас сүлдээ Монгол Улсын төрийн сүлд болгон залж дээдэлж, Монгол улс үндэстнийхээ хийморь лүндааг сэргээн бадрааж, Мөнх тэнгэрийн хүчээр хөгжин цэцэглэж, дэвшин мандах цаг иржээ. Хас сүлдээ төрийн сүлд болгоцгооё!

Чингэхдээ дөрвөн толгойт хас, таван толгойт хас хэмээсэн хоёр хувилбарын аль нэгийг юм уу, эсвэл дөрвөн толгойт хас Мөнх тэнгэрийн хүчийг, таван толгойт хас Монгол улс үндэстнийг бэлгэднэ хэмээн зэрэгцүүлэн хэрэглэхийг миний бие санал болгож байна.

3

1. Дөрвөн толгойт хас. Даян дэлхийн хүн ардад Германы фашизмыг санагдуулж болох бодот нөхцөл байдлыг харгалзан үзээд, морин хасыг сүлдлэн дээдлэх саналыг дэвшүүлж байна. Мөн шонхор хас, чонон хасыг ийн дээдэлж болох юм.

2. Таван толгойт хас. Грек-самгардиар пентастика хэмээх энэ бэлгэдлийг 1993 онд миний бие зохиосон. Тэмүүлэн орчих таван хөлгийн дүрээс сэдэвлэн үүсгэсэн. Төв (Монгол Улс), Өвөр (ӨМӨЗО), Хойд (Буриад, Тува), Ойрд (Халимаг, Шинэ хязгаар), Алс (Хөх нуур, Афганистан зэрэг) Монголын буюу, Таван Монголын монголчууд хамтдаа нэгдэж нягтарч, ахиж дэвшиж, мөнхөд мандан бадарна гэсэн утгатай. Морин, шонхор, чонон хэлбэртэй байж болно.

Төрийн сүлд, далбаанд хасаас гадна:

1. Морь, цагаан шонхор, чоно зэрэг амьтдын дүрс;

2. Нар-сар-гал, таван сум, халх, бамбай, бургас, уул зэрэг бэлгэдлийн дүрс;

3. Таван хошуу, дөрвөлжин, ромбо, шугам зэрэг геометрийн дүрс;

4. Хөх, цэнхэр, цагаан, улаан, шар, ногоон зэрэг өнгө;

5. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, ес зэрэг тоо;

6. Нар зөв, дээр, дор, зэрэгцээ, хүрээлсэн, огтлолцоо зэрэг байршил-хөдөлгөөнийг ашигласан.

Энэхүү элементүүдээр Хасын орчинг тодотгож баяжуулан сүлд далбааг бүтээсэн жишээнүүдийг энд үзүүлэв.

4

Хас сүлд, далбааг бүтээхүйн томъёолбор

1. Амьтдын дүрс

1. Морь. Хий морийг;
2.Цагаан шонхор. Монгол төрийг;
3. Чоно. Эрч хүчийг;

2.Бэлгэдлийн дүрс

1. Нар-сар-гал. Өөдлөн дэвжиж, нар шиг мандаж, сар шиг гийгүүлж, гал шиг бадарч явахыг;
2. Таван сум. Монголчуудын эв нэгдлийг;
3. Халх. Тусгаар тогтнол эрх чөлөөгөө хамгаалахыг;
4. Бамбай. Мөн адил утгыг;
5. Бургас. Муугаас хамгаалахыг;
6. Уул. Уул нурууг;

3. Геометрийн дүрс

1. Таван хошуу. Одон адил мандаж бадрахыг;
2. Дөрвөлжин. Дөрвөн зүг, орон зайг;
3. Ромбо. Мөн адил утгыг;
4. Шугам. Хязгааргүй үргэлжлэхүйг;

4. Өнгө

1. Хөх. Мөнх хөх тэнгэрийг;
2. Цэнхэр. Мөн адил утгыг;
3. Цагаан. Ариун гэгээн, шударгыг;
4. Улаан. Мандан бадрахуйг;
5. Ногоон. Тал нутгийг;
6. Шар. Говь цөлийг;

5. Тоо

1. Нэг. Нэгэн үзүүрт чиг зорилгыг;
2. Хоёр. Арга билгийг;
3. Гурав. Орчлон хорвоогийн зүй тогтлыг;
4. Дөрөв. Дөрвөн зүг, орон зайг;
5. Тав. Ертөнцийн аугаа ихийг, мөн бүх монголчуудыг;
6. Ес. Есөн хүсэл сэтгэлчлэн бүтэхийг;

6. Байршил-хөдөлгөөн

1. Нар зөв. Зөв зүйтэйг;
2. Дээр. Ивгээхийг;
3. Дор. Түшиж тулахыг;
4. Зэрэгцээ. Хамт байхыг;
5. Хүрээлсэн. Тэтгэн дэмжихийг;
6. Огтлолцоо. Зохирон оршихыг бэлгэднэ.



Ч.Мөнхбаяр

2007 оны арваннэгдүгээр сарын 18