Францын нэрт кино найруулагч Жан-Жак Анно Зян Руны “Чонон сүлд” романаар кино бүтээх ажилдаа оржээ. Зян Рун Анно хоёр хэлхэлдэж, Өвөр Монголоор хэрэн хэсч яваа аж. Зян цагтаа Өвөр Монгол руу илгээгдсэн Бээжингийн оюутан байлаа. Тиймээс “хужаа нийслэлхүү” байсан үеийнхээ нутаг орнуудаар явж, учир жанцанг тайлбарлан өгч буй нь Аннод их таалагдаж байгаа аж.


Зян Рун гэж манайхан “гоёор” хэлээд байгаа болохоос Jian Rong буюу Жиан Лон, Жиан Жон гэж хэлж болох нэртэй юм. Хятад хэлэнд “р” авиа байдаггүй.
Мөн тэр зохиолч Зөвлөлтийн үеийн, монгол хэлнээ орчуулагдсан “Их нүүдэл” роман, чонын тухай зарим зохиолуудаас хуулбарлан зүйж эвлүүлж номоо эвлүүлсэн гэгдэж байна. Хуулбарынх нь талаар тусгай судалгаа үгүүлэл гарсан байдаг. Зян Руны роман 30 гаруй хэлэнд орчуулагдаж, 30 сая долларын ашиг авчирч, энэ хүн Хятадын хамгийн их амжилтад хүрсэн, хамгийн баян саятан зохиолч болсон юм. Гэтэл энэ хүн маань эрин зууны зальтан юм шиг.
Басхүү “Чонон сүлд” роман бүх талаараа маш муу, сул бүтээл болсныг судлаачид тусгайлан үгүүлдэг.

Ичгүүр сонжуургүй худал роман хэмээн түүх гадарлах хүмүүс нэгэн дуугаар баталж байна. Бүр хятадууд өөрсдөө эгдүүцэж байна. Яагаад гэвэл, тэр үед илгээгдсэн хятад оюутнууд нь Маогийн колоничлолыг, хэлмэгдүүлэлтийг хэрэгжүүлэгч харгис хүч байжээ. Үй олон өвөр монгол эрчүүд шоронд орсон, эсэхүл албадан хөдөлмөрт дайчлагдаж, солиотой төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэх ажилд зовж зүдэрч байв.

 

Тэднийг “орлохоор” ирсэн маоист хужаа залуус эмэгтэйчүүд, хөгшид хүүхдийг дарлан боолчилж, ялих шалихгүй зүйлээр буруутган дураар шийтгэн тамлаж, байнга ховлож матан хохироож бариулж, эд хөрөнгийг булаан завшиж, эмс охидыг хүчирхийлэн бузарлаж, үр хойчсыг эрлийзжүүлэн уусгаж, бидний дэргэд зөвхөн хятадаар ярь, яв хэмээн хэл соёлыг сөнөөж, хонь малыг хагачин идэж барагдуулж, сүм дуган, ном судар, хөшөө дурсгалыг уйгагүй хайн олж устгаж, тархи угаан мунхруулж явсан заналт дайснууд, түрэмгийлэн эзэлсэн балмадууд юмсанж. Гэтэл “Чонон сүлд” романд, колоничлогчдыг монголчуудын боол-соён гэгээрүүлэгчид, харин зүүн хойд орны монголчууд л тэдний жинхэнэ өстөн дайсан хэмээн дүрсэлж, хагалан бутаргах санаа агуулжээ. Зүүн хойд орны монголчууд буюу хорчин харчин тэргүүтэн нь хятадын хорт бодлогоос болж уусч өвөрдсөн байдал буй болохоос, монголчуудын дайсан яавч биш ээ. Зүүн хойд орны монголчуудыг буруутгах юм бол, хятадуудыг түм дахин ихээр буруутгах ёстой.


Монголчуудыг энэ романд ерөөсөө л чононоос л хамаг юмаа мэдсэн ухаарсан, чононоос ялгаатай нь хоёр хөлтэй араатан адгууснууд мэтээр л дүрсэлсэн болохыг уншигчид тэр бүрий анзаарахгүй байх шиг. Өрнөдийн үлгэр домогт хүн-чоно хэмээх босоо ороолон, мангас чөтгөр, албин шулам их гардаг, тийм кино ч их бүтээгдсэн байдаг. Тийм хүн-чоно мэтээр монголчуудыг үзүүлсэн. Хятадаас бусдыг нь чоно, араатан, амьтан гэсэн буй. Аж үйлдвэржсэн чоно, тэнгисийн чоно, талын чоно зэргээр бусад улс түмнүүдийг хэлсэн байдаг. Тэдгээр чонуудтай, араатан амьтастай мөн чоно шиг, араатан амьтас шиг харьц, тэгж байж хүн бид, хятад бид оршино гэсэн байгаа бус уу.


Монголчуудад олон тотем, олон шүтээн, олон бэлгэдэл байсан. Нэг тотем нь л чоно. Чоныг түргүүд харин илүүтэй шүтдэг. Мянга мянган жилийн тэртээ Бугат улс, Чонот улс гэж хятадуудын эртний сурвалжид тэмдэглэгдсэн байдаг. Бугат улс нь монголчуудын дээдэс, Чонот улс нь түргүүдийн дээдэс байжээ. Чоныг хэт шүтэх явдал манайд 1990-ээд онд буй болсон бөгөөд харийн нөлөөтэй гэж боддог.


Гэхдээ энэ роман бол 100 хувь буруу, муу муухай роман биш юм. Монголчуудад Мөнх Тэнгэрээс заяагдсан гүн ухааныг бас оруулсан байна билээ. Чухам Монгол ухаан энэ романыг аварсан, алдаршуулсан. Монгол ухаанаа аажим аажмаар гээж, хятад ухаанаар сэм сэмхэн сольсоор байгаа бид ийм роман бичээд ялж бадарчихаагүй нь хохь! Монгол ухаанаа хятад романаас сурах л дутаад байна уу даа гэхээр болчихоод байгаа маань гашуун үнэн!


Анно найруулагч, С.Михалковын “Уурга”-рхуу кино хийх гээд байгаа юм билээ. Хятад зохиолчийн хулгай хуурмаг, европ найруулагчийн солио гажуу нийлээд өнөөгийн монгол кино шиг элий балай юм гарах нь дамжиггүй.


Ташрамд, “Уурга” киноны гол дүрд тоглосон Баяр гэх өвөр монгол эр нэг франц бүсгүйтэй танилцжээ. Тэр бүсгүй моринд их хорхойтой аж. Хамтдаа морин аялал хийж, Улаанбаатарт ирж байжээ. Аажмаар улам дотносч, гэр бүл болжээ. Тэд Франц улсад амьдран сууж байгаад, Баяр Францын иргэн болсон байна.
“Уурга” кино хийхэд ямар ч зохиол бэлтгэлгүйгээр л зураг аваад байсан юм билээ. Кино фестивальд оролцуулах зорилготойгоор эхнээсээ хийжээ. Тэгээд Оростоо, авсан зурагныхаа учрыг олоогүй байгаа юм. Кинофестиваль болох Францад бөөн түүхий хальстай ирж, сандарч тэвдэж, монгол хэлтэй хүн хайж байхад нь франц судлаач, орчуулагч Сүхбаатар гуай таарч аминд нь орсон байдаг. Ингээд баахан худал хуурамбаа юм эвлүүлж хавлуулаад өгөхөд киноны мэргэжилтэн судлаач гэх үл ойлгогдох нөхөд “урлагийн нөхөд, төгс бүтээл” гээд тэргүүн шагналаа олгосон. Уг нь монголчуудыг доромжилсон, яггүй тэнэг эд шүү дээ. Тийм тэнэг зүйлийг үзэх, хүлцэх бэрх байдаг. Михалковын “Уургын” ууган хүү битгий болчихоосой билээ дээ.


Ч.Мөнхбаяр