Уриалга

Сүүлийн үед ашигт малтмалаас олох орлогыг хуваарилах талаар зарим саналууд дэвшигдэж байна. Гэхдээ ямар цогц, шат дараалсан арга хэмжээг авч байж, ашигт малтмалын үр шимийг ард түмэнд өгөөжтэй болгох талаар нухацтай яриа төдийлөн өрнөхгүй, тодорхой алхмууд хийгдэхгүй байсаар өдий хүрсэн нь хэрэгжилтэд нь эргэлзээг төрүүлдэг.
Монголын төр түмэн бүхий боломжийн хэрээр бие дааж, хариас аль болох бага хамааралтайгаар ашигт малтмалаа эзэмшиж ашиглах буюу дангааршлын (автаркийн) зарчмыг хэрэгжүүлэхийг эрмэлзэх нь жинхэнэ хэтийн төлөв юм.


Ашигт малтмалын асуудлыг Монголын ард түмний эрх ашигт ач тустайгаар шийдвэрлэхгүй алгуурлах тусам, нийгэм-эдийн засгийн бүх салбарыг хамарсан Их нуралт тохиолдох магадлал өндөрссөөр, ойртсоор байна. Худалдаа-үйлчилгээ рүү дэндүү хэлбийсэн өнөөгийн эдийн засгийн өрөөсгөл хэвшил хамаг потенциалаа шавхаж гүйцэж байгаа атал, улс орны асар их нөөц бололцоо болох ашигт малтмалыг үндэсний эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байгаа нь мухардлыг улам л гүнзгийрүүлж буй. Их депресси, Аргентиний хямрал зэрэг сүйрлүүдтэй агаар нэгэн Их нуралт дөтөлж буйн олон шинж тэмдэг түгшүүрийн харанга дэлдэх боллоо.
Энэ нөхцөл байдлаас юу аврах вэ? Гагцхүү ашигт малтмалын асуудлын зөв шийдэгдэл буюу дангааршлын зарчим л аварна.
Авралыг ойртуулах, бодитой болгохын тулд, төрд болон холбогдох этгээдүүдэд дараахь зайлшгүй тулгамдсан шаардлагуудыг тавихыг ард түмэндээ уриалж байна!



1-р бүлэг. “Ашигт малтмалын тухай” хуулийг шинээр тогтооё!



Юуны өмнө “Ашигт малтмалын тухай” хуулийг ард түмний эрх ашигт нийцүүлэн тогтоохын төлөө тэмцэцгээе!

1-рт, Харийнханд үйлчлэх байгууллагын журам шиг байгааг нь болиулж, улс түмнийхээ төлөө бодлогыг шингээсэн хууль шиг хууль болгоё.
2-рт, Монголын төр түмэн өөрсдөө бие даан ашигт малтмалыг олборлох, баяжуулах, ашиглаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эзэмших, худалдах явдлыг тэргүүн эгнээнд тавьж үзэж, тал бүрээр дэмжих зарчмыг гол тэнхлэг болгоё!
Энэ салбарт Монголын төр УҮГ байгуулах, үндэсний бизнесменүүд идэвхи санаачлага гаргах, мөн Монголын иргэдийн ажиллуулах хувьцаат нийгэмлэг, бичил, бага уурхай үүсч хөгжихийг хууль, бодлогоор дэмжих ёстой.
3-рт, Хөрөнгө оруулалтыг зөвхөн гадаадынхнаар хийлгэнэ гэсэн арчаагүй байр сууринаас татгалзах хэрэгтэй. Хөрөнгө бүрдүүлэх түгээмэл аргуудыг өөрсдөө ашиглах юм уу, гадаадын энэ чиглэлийн тусгай зууч компанийг хөлслөн ажиллуулж үр дүнд хүрэх боломжтой. Ашиг малтмалын ордоороо “барьцаалж” зээл авах, донор орнуудын тусламжийг хэрэглэх, иргэдээсээ хувьцаагаар дамжуулан мөнгө цуглуулах, “51+” зарчмын дагуу гадаадынхантай хамтран эзэмших уурхайн орлогоос зориулах зэрэг дотоодын хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх янз бүрийн арга буйг хэрэгжүүлье.
4-рт, Өөрсдийн нөөц бололцоог дайчлан бүрдүүлсэн хөрөнгөөрөө дотоод гадаадын компани, мэргэжилтэн, ажиллах хүчийг хөлслөн ажиллуулах замаар ашигт малтмалыг эзэмшиж болох ирээдүйтэй чиг хуулинд заавал тусгагдах шаардлагатай.
5-рт, Бусад улс орон, гадаадын бизнесийнхэнтэй ашигт малтмалын салбарт харилцан үр ашигтай, хүндэтгэл итгэлцэлтэйгээр, шударгаар, дангааршлын зарчмыг хөсөрдүүлэхгүйгээр хамтран ажиллах асуудлаар нөхөрсөг яриа хөөрөөг өрнүүлж, нааштай үр дүнд хүрч, энэ талаараа ил тод мэдээлж байвал зохино.
6-рт, Авлигаар эрх авсан, байгаль орчныг хордуулсан, сүйтгэсэн, хууль бус олборлол хийж, хууль бус цагаачдыг оруулсан зэрэг олон тохиолдолд лицензийг хүчингүй болгох хатуу журамтай болцгооё, олгох болзлыг нэн чангатгая.
Харийн үл бүтэх этгээдүүдээс эрдэс баялаг, газар нутаг, эх орноо чөлөөлцгөөе!
Ингэхгүйгээр тухайн салбарт ямар ч сайн үр дүнд хүрэх боломжгүй.
7-рт, Стратегийн орд биш, стратегийн ашигт малтмал гэсэн томъёолборыг хуулинд оруулцгаая. “Стратегийн ордын жагсаалт” гэгч, явуургүй хандлагыг илэрхийлсэн баримт бичгийг хүчингүй болгож, “Стратегийн ашигт малтмалын жагсаалт”-ыг бүрдүүлэн дагаж мөрдье. Чингэснээр аль нь чухлыг тодорхойлох асуудал цэгцэрч, оночтой шийдэлд хүргэнэ.
8-рт, 49 хувийг харийнхан эзэмших албатай мэт хэвшсэн барилыг шахан зайлуулъя. Тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын иргэд бид өөрийн баялгийг ямар ч хувиар эзэмшихээс ичиж зовох хэрэггүй. Монголын төр ч, Монголын хувийн хэвшлийнхэн ч, ордын хэдэн ч хувийг эзэмшиж болохыг хуулиар баталгаажуулъя.
9-рт, Ашигт малтмалын олборлолын хэмжээг гадны компаний юм уу, төр улсын бус, Монгол улс түмний эрх ашгийн үүднээс тогтоож, хязгаарлаж, гамнаж байх шаардлагатай. Ашигт малтмалгүй амьдрахад бүрэн бэлтгээгүй байж, ашигт малтмалын нөөцийг шавхагдуулж, улс орныг сүйрлийн ирмэгт аваачиж хэрхэвч үл болно!
10-рт, Ашигт малтмал олборлоход шаардлагатай мөнгөн ус, циант натритай тэмцэх зэрэг утга учиргүй шийдвэрүүдийг цуцалж, ашигт малтмалыг монголчууд эзэмших явдалд саад тотгор учруулж, тойруу замаар хорлон сүйтгэдэг явдлыг таслан зогсооё.
11-рт, Ашиг малтмалын салбарын мэдээллийг ил тод, бүрэн нээлттэй байлгая, хуурмаг, сөрөг мэдээллийг хянаж, няцаадаг арга хэрэглүүртэй болъё гэсэн бүлэг санаагаар “Ашигт малтмалын тухай” хуулийг шинэчлэн тогтоохыг ард нийтээрээ төрөөс шаардъя, санасандаа хүртлээ тэмцэцгээе!



2-р бүлэг. “Ашигт малтмалд суурилсан хөгжлийн хөтөлбөр”-ийг гаргуулцгаая!



Ашигт малтмал дээр суурилсан хөгжил дэвшилд тусгай цогц хөтөлбөр зайлшгүй шаардлагатай юм. Үүнд:

12-рт, Дангааршил, автарки, бие даалтын зарчмыг хөтөлбөрт онцгойлон шингээх учиртай.
13-рт, Төр ашигт малтмалын орлого ашгаар хишиг хүртээх зоригтой шийдвэр гаргахаас гадна,
а) Монголын улсын Хөгжил, Их бүтээн байгуулалтыг тэтгэх хөрөнгө оруулалт хийх;
б) Ард иргэдийн амьдралын түвшин, нөхцөл байдал, баталгааг сайжруулах алхмууд хийх
гэсэн чиглэлээр алсын хараатай, хэтийн төлөвтэй, хэрэгжүүлэх бололцоотой, оночтой, үр ашигтай шинэ хөтөлбөр боловсруулж, баримтлан ажиллах шаардлагатай.
Хишиг хүртээхдээ акци, хөнгөлөлт, үнэгүй үйлчилгээ, тусламж, дэмжлэг гэсэн ухаалаг хэлбэрээр хүртээхийг санал болгоцгооё!
Төр аль болох юу ч хийхгүй байхыг эрмэлздэг жигшүүрт хандлагыг ашигт малтмалын салбараас эгнэгт үлдэн хөөж, хөгжүүлэх, бүтээн байгуулахыг эрмэлздэг зүй ёсны хандлагыг хэвшүүлгэцгээе.
14-рт, Ашигт малтмалыг бие дааж ашиглахад чиглэсэн шинжлэх ухаан-технологийн хүчирхэг бааз суурь байгуулах, чадварлаг боловсон хүчин, мэргэшсэн ажилчдыг бэлтгэх асуудлыг чухалчлан анхаарвал зохино.
15-рт, Ашигт малтмалын нөөц дуусахад улс түмний амьдралыг хариуцлагатайгаар бэлтгэх диверсификацийн бүтээн байгуулалтыг өрнүүлэх нь амин чухал ач холбогдолтой.
16-рт, Ашигт малтмалын ашиг орлогыг Чингис хааныхаа тунхагласан монгол туургатныг нэгтгэх үйлсэд ч зориулах хэрэгтэй!

Ашигт малтмалыг хөгжлийн хөдөлгүүр, их бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт болгож хэрэглэх “Ашигт малтмал дээр суурилсан хөгжлийн хөтөлбөр” нь аз жаргалын алтан түлхүүр болж өгнө өө. Энэхүү хөтөлбөрийг шаардаж, дуу хоолой, сэтгэл зүтгэлээ нэгтгэцгээе ээ.



3-р бүлэг. Их нуралтаас өрсөцгөөе!



Бүх юм сайн сайхан байгаа гэж дарга нар итгүүлэхийг оролддог ч, Их Нуралт айсуй нь тов тодорхой юм. Социализмын үед мөн л худал хуурмагт үнэмшүүлэхээр чармайдаг асан ч, дарангуй дэглэм нуран унаж, 90-ээд оны эхэн үеийн хүнд хэцүү хямрал тохиосонтой л адил. Тэр үед наймаа хийгээд өндийж чадсан бол, одоо ямар ч “эм тарианы” нэмэргүй шахам болоод байна. Ашигт малтмалын “амь тариа” л нийгмийг аварна.

17-рт, Айсуй гамшигт “цунами” болох нийгэм-эдийн засгийн Их нуралтаас сэргийлж, ашигт малтмалын асуудлыг цаг алдалгүй ард түмэнд нэн ач тустайгаар шийдвэрлүүлэхийн төлөө эрс шийдэмгий тэмцлийг даруй эхлүүлцгээе!
18-рт, Сүүлийн үед дэвшигдэж буй Лу.Болдын “Баян Монгол” корпорацийн, Э.Бат-Үүл нарын Авлигаар олгогдсон лицензийг хүчингүй болгох зэрэг, ашигт малтмалын асуудлын нааштай шийдэгдэлд дөхөм үзүүлэх зоригтой саналуудыг цаг тухайд нь зохих ёсоор дэмжиж байя, ашигт малтмалын нүгэлтнүүдийг ч гэмээ наманчлан зөв алхам хийхийг шаардаж, өөгшүүлж, урамшуулж, талархаж байя.
19-рт, Намууд болон бие даагчдад “Лу.Болд шиг байцгаа!” гэж уриалъя, Лу.Болдоос ч илүүг уралдаж өрсөлдөн санаж сэдэхийг нь дэмжицгээе. Ашигт малтмалыг ¹1 асуудал болгож яриагүй нэр дэвшигчийг бүү сонго. Ашигт малтмалын нүгэлтэй хэрнээ буруугаа хүлээгээгүй нэр дэвшигчид бүү итгэ. “4 минут төрийн эрх барихдаа” буюу сонгууль өгөхдөө хариуцлагатай байж, асуудалд сайнаар нөлөөлцгөөе!
20-рт, 45 хоногийн сонгуулийн кампаний дараа ашигт малтмалын талаарх санал, амлалтууд популизм гэгдээд замхарч арилах боломж олголгүй, эздэд нь хэрэгжүүлэхийг байнга шаардаж, шахаж, нэхэж явцгаая!
21-рт, Өөрсдөө “овоо босгож”, асуудлыг хурцатгасан атлаа, бусад улсад буруугаа тохож, улс түмнүүдийн хооронд яс хаяж, аль алиных нь эрх ашгийг хохироодог, ямар нэг улсыг ашигт малтмалын маргаанаас болж цэрэглэн халдахад хүргэж ч мэдэх нөхцөл байдлыг үүсгэдэг явдлыг болчимгүй төрийн түшээдээр дахин гаргуулахгүйн төлөө хүчээ хамтатгая.
22-рт, Ашигт малтмалын гэмт хэргүүдийг шүүх Шүүлтийн өдрийг шаардацгаая! Хэрэв Монголын шүүх шийдвэрлэж чадахгүй аваас олон улсын шударга шүүхэд хандацгаая! Шүүлтийн өдөр нь шударга ёс тогтооход, дахин эх орноосоо урвах гэмт хэрэг газар авахгүй байхад тустай! Монголын болон харийн гэмтнүүд шүүлтийн өдрийн өмнө адил тэгшээр ял асуулгаж, хариуцлага хүлээх учиртай.
23-рт, “Ашигт малтмалын өршөөлийн хууль”-ийг гаргаж, бүх буруугаа бүрэн хүлээсэн гэмт хэрэгтнийг өршөөдөг, нууцалдаг, хамгаалдаг болъё. Чингээгүй гэмт хэрэгтнийг өршөөлгүй хатуугаар гэсгээн цээрлүүлье.
24-рт, Гадаадын компаниудад “Энержи ресурс” шиг байж чадацгаа гэж уриалъя. “Энержи ресурс”-д хандсан шигээ гадаадын компанид хандаж чадаж бай гэж төрдөө ч уриалъя!
25-рт, Монголын ашигт малтмалын асуудлыг олон улсын хууль-эрхзүйн үүднээс хянаж байя!

Дээрх зайлшгүй шаардлагуудыг төрд болон, холбогдох этгээдүүдэд тавихыг ард түмэндээ уриалж байна. Дэлхийн улс орнуудын зүй ёсны жишиг рүү тэмүүлснээр л бид мэдэхгүй чадахгүй зүйлгүй болж, цэнгэлийн манлайд хүрнэ. Хүнд, хар ажлуудыг тойрч давхиад, зөвхөн сайхан үр дүнгийн талаар яриад байдаг төр засаг, хэн бүхэн биднийг сайн юманд хүргэхгүй.
Шинэ цаг, аз жаргалаа дөтлүүлэгтүн хэмээн, ард түмэндээ уриалж байна. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна аа. Шударга ёс, эрх ашиг, сайн сайхныхаа төлөө түрхрэн босоцгооё!



Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр


2008.05.17