1. Эрээний гуниг

Элсэндээ шигдэх дөхсөн Замын-Үүдийн хүйтэн өглөө, хилийн хоёр хотын хооронд л мөлхөх манай халтайсан навтгар автобусны пиг чихэлдээн, бие биеэ түлхэлцэн гаалийн оочир луу ухаан жолоогүй гүйлдэх авгай хүүхнүүд, 1943 онд тээшээ шалгуулж байгаа германы хөөрхий еврей нар шиг дүр төрх.
Манай гааль “хятадууд оруулдаггүй юм” гээд монгол хэл дээр байгаа ном сонинг хичээнгүйлэн хурааж байв. Уг нь “гадагш монгол хэлээр байгаа ямар ч зүйлийг гаргаж үл болно” гэсэн Монголын хууль дүрэм байдаггүй л байлтай.


Хятадуудын ажлыг хийдэг монгол гаалиасаа гарахад нэг цүнхэн дээр хоёр гурваараа овооролдож, монголоор “Хөөе!”, “Яв аа!” гэхээс өөр харьцааны соёлгүй өмнөд хөршийнхөн маань угтав. Бас ч гэж вагонд уншиж явсан детектив романыг маань ямар ч яриа тайлбар, ёс төргүй л хураачив. Өчүүхэн төдий ч оочир дараалал үүсгэлгүй, шуурхай шалгах нь тайвшруулах ч, амбаардах дөхөн хөөж тууж, зандарч омогдох нь “Шиндлерийн бүртгэл”-ийг санагдуулаад байв аа.

Хятадын гаалиас өнгөртөл, диваажин гээч нь энэ үү гэлтэй дүр зураг угтав. Нар дээр хөөрч, бээрсэн биеийг бүлээцүүлэн ээнэ.
Асар том солонгын дүрсэт арк. Хүн амьтангүй, нүд алдам цэлийсэн цэмцгэр гудамж талбай. Хүч хайрлалгүй тарьсан, цэл ногоон навчист алаг цэцэг, мод бут.
Автовокзал дээр бужигнах ахан дүү өвөр монголчуудтайгаа уулзлаа. Гэтэл тэд маань монгол хэлийг тун чиг халтуурдаад сурчихсан харийнхан шиг, эсвэл орбоотууд шиг санагдаад болж өгдөггүй. Харьцааны соёл гэдгийг энэ насандаа дуулаагүй янзын тэд “Хөөе! Явъя аа!”, “Буудал явъя аа!”, “Зах явъя аа!” хэмээн омогтой шаардаж, баривчлах мэт гар хөлөөс чангааж, булаагч шүүрэгчид адил ачаанаас үгтээнэ. Юун нөгөө ахан дүүс байхав. Сүүлдээ дургүй хүрч, уур оволзоод ирдэг юм билээ.
Хайнгууд харахад хотын үзэмж гоё сайхан ч үнэн янз байдал нь их л гэнэн. Нэгэн гол талбайд нь нүцгэн европ эмэгтэйн дүртэй, ренессансын үеийнхийг санагдуулам томоо гэгч барималтай усан оргилуур буй бөгөөд, утга агуулга нь юу вэ? Гурилдсан, халтуурдсан зүйлс ч зөндөө.

Цэвэр, шинэ гудамжийн хажууд аймшигтай бохир заваан, хар бараан, манай гэр хороолол хажууд нь гэгээ болом хуучин гудамжнууд тохиолдоно. Ерөөсөө хэдэн гайгүй гудамжаас нь хадуурчихлаар нь тийм ертөнц угтана. Манай нэг ТВ-ээр саяхан Эрээнийг бурхны орон байгаа адил шагшин магтаж, “хөгжил нь Улаанбаатараас хол тасарчээ” л гээд байсан. Тийм биш юм.


Өргөн зам гудамжаар нь машин, хүн тоотой хэд үзэгдэнэ. Машинтай хүн энд ховор, харин жирийн болон “мянгын” дугуйтай нь бол тэднээсээ хавьгүй олоон. Нэг гэм нь элдэв дугуйтнууд явган хүний замаар ч, зах зээлээр ч хаа хамаагүй сүлжилдэн давхиад амар заяа үзүүлэхгүй. Эл хульхан байхын учир нь, монголчуудад л худалдаж, үйлчлэх гэж босгосон энэ хотын ард иргэд цөм дэлгүүр хоршоо, гуанз, буудалдаа нуугджээ.
Шинэ зах нь шилэн дээвэртэй, чулуун шалтай, гял цал болсон газар. Даанч, манай “Нарантуул”-тай зүйрлэх аргагүй. Амь амьдрал гэж даанч үгүй. Уртаас урт, өргөн гудмуудад нь хаа нэг хэдэн монгол үзэгдэнэ.


Лангуунуудаар ороход эзэн олдохгүй байх нь ховор биш үзэгдэл. Чанх дээр, 2-р давхарт нь байх гэртээ бүгчихсэн байх аж. Аль нэг мухарт нь ТВ үзээд, хоол идээд сууж байх юм уу, хэвтээд унтаж байх зэргээр “үйлчилнэ”. Ажилч хичээнгүй л гэдэг, залхуу, санаачлагагүй улс уу гэж бодогдоно. Манайд тийм наймаачин байдаггүйсэн.
Эрээний зах “үнийн диваажин”. 7 мянган төгрөгийн костюм зэрэг элэг хөшмөөр зүйл ч тохиолдоно. Нэгэн лангуунд дэлхийн хамгийн алдартай виски, коньяк, дарс, манай “Чингис”-үүд ч 7-10 мянгаар л овоолоостой байв. Оригинал эсэхийг таних “мэргэжилтэн” би ч ялгахааргүй л юм билээ.
“Улаанбаатарын ориг бараа” гэсэн хаягтай лангуун дотор Монголын цөөхөн брэндүүд хэд дахин хямд үнээр өрөөстэй. “Gobbi” гэдэг манай брэндийн тусгай лангуу ч бий.


Даян дэлхийн бүхий л нэртэй зартай бүтээгдэхүүн ирийнэ, ярайна. Манайд байдаг бүхэн л байх юм билээ. Хүнс л байхгүй. Ерөөс хүнс гэдэг Хятадын хүнд асуудал болох нь ойлгогдсон. Хүнсний төлөө л Эрээн хот боссон аж.
Монголын худалдаачид цөөн үзэгдэх хэдий ч, барааг “дарж” өгнө дөө. Тэдний ярихыг сонсвол, хамаагүй чихэж баглаж байгаад, “гахай”-гаа дэлбэлдэг гэнэ. Яг л гранат дэлбэлсэн шиг юм болж, хүмүүс нь хийсч ойчоод, бараа нь өөдөс үртэс болчихдог юм гэсэн. Үнэн худлыг бүү мэд.
Захынхаа гудмын голд энд амьдардаг наймаачид хамаг хогоо овоолоод хаячихна. Хогийн сав гэж мэддэггүй бололтой. Овоорсон хогийг золбин нохой муур онгично. Ариун цэврийн талаарх ойлголт, төлөвшил нь ондоо. Улс нь сайн сайхан юм барьж босгож өгөөд байхад ингэх ч гэж дээ гэж өмнөөс нь харуусна. Авто замын голд нэг томоо гэгч хүүхэд баагаад сууж байхад буруутгах амьтан олдохгүй л байсан.





Захаа тойроод монгол наймаачдад зориулсан жижиг буудлууд шавчихсан. Тэр буудлуудын үүдэнд Монголоос “гаальтай” машинууд маань ирж үйлчилнэ. Би нэг тийм буудалд шөнө Бээжингээс ирээд хоносон чинь, өглөө нь 20 юань л авсан юмдаг. Тэндхийн эзэн нөхөр гэргий хоёр буудлынхаа үүдний дэргэд ороо засаад л унтдаг, хоол ундаа хийгээд иддэг, эндээ амьдардаг л юм билээ.
Эрээний тэнгэр цэлмэг, агаар цэвэр тунгалаг, гудамж талбай тоос шороогүй. Монгол хэл мэдэхгүй хүн гэж үгүй, бүгд л хэрэндээ найрсаг, уриалгахан. Түүнийг нь өвөрмөц харьцааны “соёлоос” нь болоод хэгжүүрхэж, янз үзээд байна уу гэж ойлгох явдал бий. Дасаад ирэхлээр тун ч дажгүй санагдах хот юм билээ.
Гэхдээ Эрээний уйтгар гуниг гэж бий. Худалдаа үйлчилгээ хэтрээд ирэхлээр ажил амьдрал утгагүй болдог байна. Эндхийн худалдаа үйлчилгээ Монголын хэрэгцээнээс өчнөөн дахин давчихаж л дээ. Чингээд борлодоггүй бараа, үйлчилгээнийхээ дэргэд гансарч цөхөрсөн, монгол хүн нааш харвал царайчилж, аргаа барсан, тийм хүн ардын хот болчихжээ.
Манайх ч гэсэн, өнөөгийн янзаараа явбал тийм л болно. Харин Хятадад засгийн газар байдаг болохоор Эрээнийг үйлдвэржүүлэх, олон салбарт эдийн засагтай болгох арга хэмжээ авч буй нь харагдсан. Тэр нь Монгол орны хэтийн төлөвт аятай таатай нөлөөлнө гэж үү дээ.
Бас Эрээний хүн ардыг өвөр монгол, хятадын аль болохыг мэдэх арга үгүй. Бүгдээрээ л адил царай зүс, дүр төрх, соёлтой, монголоор муухан, хятадаар ус цас ярьдаг. Бид ч бас ийм болох вий дээ гэсэн уйтгар гуниг эзэмдэн байсан авай.

 



2. Бээжингийн дардан зам



Нэгэн найз маань “Хятадад амьдрал ямар байна?” гэж асуусаан. “Бээжин хүртэл бол манайхаас дор, Бээжиндээ бол манайхаас дээр л байдаг юм байна” гэхэд тэр үнэмшсэнгүй. Үгээгүй ядуу тосгодын тухай ярихад, “тэд чинь цаанаа өчнөөн мөнгөтэй тэрбумтнууд байхгүй юу” гээд л зүтгэв. Төмс байцаанаасаа өчүүхэн бага ашиг олдог, хямд үнээр л хоорондоо өрсөлддөг, бүхий амьдралаа хүнд хүчир ажилд нухчуулан зовж зүдэрч өнгөрүүлдэг хөөрхий тэр ногоочдыг би тэрбумтан гэж бодохгүй ээ.
Үй олон хүн амтай, байгалийн баялаггүй энэ улсад амьдарлын төлөө тэмцэл нь дэндүү бэрх, хурц ширүүн өрсөлдөөнтэй юм билээ. Ачааны дугуйгаар цемент зөөвөрлөх, зулайгаасаа үл хүртлээ цав цагаан болчихсон эрийн зовлонт харцыг би мартахгүй. Тас хар болчихсон ногоочдын харц бас л тийм байлаа.
Энэ улсад байгаль- хүн амын асуудлаас нь үүдсэн гачлан, ядуурал их байна. Төдийчинээ хэмжээгээр төр засаг нь иргэдийнхээ төлөө гэсэн бодлого явуулж, халамж тавьдаг нь ажиглагдсан. Харин манай төр засаг 1990 оноос хойшхи 18 жилд эсрэг нөхцөл байдалтай Монголд асар их гачлан зовлон, ядуурал гуйланчлалыг буй болгочихсон нь муу ёрын гайхамшиг юм даа.
Хятадууд Монголд болон, улсдаа огт өөрөөр биеэ авч явдаг гэлтэй. Манайд тэд хичнээн хэл ам, хэрэг зөрчил тарьж, таагүй сэтгэгдэл, уур амьсгалыг үүсгэдэг билээ. Харин Хятадад бол цагаан цайлган, найрсаг нөхөрсөг, тусч эвсэг улс бишгүй л байгаа бололтой.

Туршлагагүйгээс болоод, дан хятадууд зорчих хот хоорондын автобусанд сууж орхиход, Бээжинд шөнө буугаад өвөр монгол хүнтэйгээ холбоо барьж чадалгүй мунгинахад, тэндхийн элдэв газрааар явахад аль болох тусалж дэмжих гэсэн, эсвэл зүгээр л найрсаг нөхөрсгөөр хандсан хятад хүмүүнүүд зөндөө л тохиодсоон. Монголын иргэн гэдгийг маань мэдэж байгаа мөртлөө шүү дээ. Урьд нь бол ”Монгол манай хэсэг!” гээд л бариад идчих ухааны юм төсөөлж байсныг нуух юун.
Бээжин бол дэлхийн том мегаполисуудын л нэг болж. Токио, Осака, Сөүл, Гонконг ийм харагдаж болох биз ээ. Мегаполист байдаг бүхэн энд байна. Мегаполис буюу хэт хотод байдаг дутагдлууд ч буй. Жишээ нь, бүх юм нь нүсэр, аварга энэ хотод хүн өчүүхэн жижиг шоргоолж болж хувирах мэт дарамттай сэтгэгдэл төрнө. Тэр нүсэр, аварга чанар нь хүний чанараас хэтэрхий давамгайлаад байх аж.
Улаанбаатарын гол ажил үйл хотын төвд л өрнөдөг. Тэр хэсэгт бол явган таваргаад л байхад болно, явган таваргах нь ч илүү хурдан. Нэг өдөр сондгой, нөгөө өдөр тэгш дугаартай машин хөдөлгөөнд оролцдог Бээжингийн ширээ шиг өөгүй тэгш замаар ямар ч саадгүй хичнээн хурдлавч, хаанаас ч хаашаа хүрсэн, цаг гаруй давхичих гээд байх аж. Хэт нүсэр хотод ажил амжуулахад бэрхтэй ийм хүнд асуудал гардаг байна.
Таксины үнэ нь манайхаас хямд ч гэлээ, таксидаад байвал багагүй мөнгө үрнэ. Автобус нь гэж вагон шиг том, шил толь болсон, ямагт суудалтай, кондуктор нь халамжилсан унааны тасалбар нь ердөө 1 юань. Метроны билет нь 2 юань бөгөөд, газар дээрх унаануудаасаа хурднаараа давуутай юм билээ.
Бээжингийн компьютерийн худалдаа нь Жонгуанжун ч билүү гудамжинд нэлээд төвлөрөлтэй агаад, олон давхар шилэн байшингуудтай хотхон-зах байсан. Эндхийн компьютерийн барааг үзэж сонирхъё гэвэл бүтэн сар ч явж магадгүй.
Энэ хотод нартай байх нь тун ховор. Ямагт бүрхэг байх агаад, зүг чигийг ч мэдэх аргагүй, бороо харин элбэг. Нам дор газар байрлах тул агаар нь нягт бололтой. Амьсгалахад хүнд, чийглэг агаар нь монгол хүнд нэн зохимжгүй гэлтэй. Дээрээс нь бас өчүүхэн төдий салхигүй бүгчим, халууныг нэм. Гэхдээ дасчихаж л байгаа юм. Эрс тэс бөгөөд, дундаж байгалийн нөхцөлтэй бид дасан зохицох чадвараар муугүй бололтой. 9-р сард, яванхынхаа өмнө би “халууныг нь яана” гэж халширч байсан ч, энд ирээд, дороо дасаад, тоохоо байсаан.


Хүнсний асуудал Монголоос бусад бүх л оронд хүнд байдаг бололтой. Бээжинд, Монголын жирийн гуанзны хэдэн хуушуур шиг нүнжигтэй хоол олж идье гэвэл хэдэн зуун юань зарах юм уу, хаашаа юм. Тэнд гахайн шарсан мах идсэн чинь огт үл амссаны дайтай “цатгасан” агаад, Монголоос авчирсан боорцог харин хавьгүй илүү нүнжигтэй санагдсан нь юуны учир вэ. Хичнээн идсэн ч өлсөөд байдаг асан Оросын, оюутан насны минь цаг үе санаанд орж байв. Харин гадныхан Монголд ирээд, манай ямар ч үндэсний хоолыг идээд гэдэс нь өвдчих гээд байдаг нь үнэн бус уу.

Бээжин – сайхан хот оо. Шил толь, гял цалд нь болж байгаа юм биш. Хүний төлөө гэсэн сэтгэл тэнд байдаг нь хамгийн сайхан санагдсан. Автобусны буудал дээр тусгай ажилтан байх агаад, хаачих нь вэ, ийчих нь вэ, ийшээ зогсвол зохистой, энд зогсвол сүүдэртэй, тэнд та сууна уу гээд л зорчигчдод үйлчилж гарах жишээтэй.
Өнгө үзэмжийн хувьд биширч бахдана уу гэхээс, өөлөх юм даан ч үгүй. Хуучин барилга байшин нь хааччихсан ч юм. Монголын төр засаг улс орноо сөнөөсөн хугацаанд Хятадын төр засаг их юм хийж бүтээжээ.


Тэр олон сайхан барилга байшингийн дунд нүд эрээлжилж, толгой эргээд нэгийг нь ч тогтоож, нүдэлж чадаагүй. “Олимпийн бамбар” гэдэг нэг байшин л санаанд тодхон хоногшсоон. Шавар, модон тагзны бохир заваан хот байсан Бээжин хэний ч өмнө нүүр улайлгахгүй, орчин үеийн гайхалтай сайхан шилэн хот болжээ.
Улаанбаатар ийм болж чадах байсан уу. Мэдээж чадах байсаан. Ашигт малтмалаа зөв ашигласан арабууд Дубай-гаа ямар үлгэрийн хот болгож байна. Бид ч тэгж чадах байсан. Өөдгүй муухай дарга ангийнхан л Улаанбаатарыг маань утаандаа дарагдаж, шороондоо булуулсан, дэлхийн хамгийн тааруухан нийслэл болгож хувиргав.
Ойр дотны хүмүүс, дурсамжууд, Монгол улсын нийслэл, монголын соёл-нийгмийн төв, гэр орон, төрөлх хот гэсэн талуудаас нь аваад үзэхлээр Улаанбаатар минь яриангүй сайхан.
Хэрэв би харь хүн байсан бол Улаанбаатар ямар харагдахав. Газар дээрх там мэт л үзэгдэх байсан буй за. Ийм зүйлүүдийг бодон, Бээжинд барайж явав л. Энэ хотын сайханд бас баясч явав л.


Бээжингийн автовокзал дээр монголын наймаачидтайгаа тохиов. Тэд Бээжин-Эрээний ганцхан автобусанд л сууна. Өөр зөндөө автобусанд суух хятадууд энд хүлээж байлаа. Гэвч хэдэн монгол маань хятадуудаас хавьгүй их дуулиан шуугиан дэгдээн, түмэн “гахай” юугаа хятадуудаар зөөлгөх нь зөөлгөж, өөрсдөө үүр дүүрч, өнхрүүлэх нь өнхрүүлсээр орж ирэх нь аргагүй л нэг эрч хүчтэй. Монгол, хятад хүмүүсийг даан ч нэг ажиггүй ялгаж таньж болохыг мэдлээ. Царайг нь харахад л, шууд л нүдэнд дулаан, нүнжигтэй, хүчтэй шинж мэдрэгдээд ирж байгаа юм. Гэхдээ хятадууд муу муухай гэх гээгүй шүү, өөрийнхөн маань өөр юм аа л гэж байгаа ухаантай.
Унтлагын автобусандаа бид багтаж цөхөн чихэцгээлээ. Гучаад монгол ачаатайгаа холилдон хөглөрч хэвтсэн ганц том күпе-нд орчихсон адил хөгжилдөн аяллаа. Унтах нь унтаж, уух нь ууж, худал ярих нь худал ярина. Харин улсдаа байж, харьд буй мэт байдалд орсон хэдэн хятад бишүүрхэн болгоомжилно.



21 цаг өнгөрөөгөөд автобус нэг хоолны газрын гадна зогсов. Өөр автобусууд ч байлаа. Улсын ач холбогдолтой, замын чухал буудал аж. Гэвч би амьдралдаа ийм бохир зааван газар үзээгүй. Цөм л илээр бие засацгаана. Харин ч тэнд нь гуанзныхан ногоо тарьчихсан. Ийм дүр төрх Хятадад энгийн л юм билээ. Бээжин орох замд нэг хоолны газрын гадаа зогсоход, бүсэлхээр татсан ганц тоосгон хаалт л байсан нь хоёр талд нь эр эм хүндрэх учиртай, ил гэхэд дэндүү ил “жорлон” байсан агаад, зорчигчид түүгээр түвэггүй үйлчлүүлж байсансан. Арга ч үгүй юм. Хятадын хот хоорондын автобусны нэг зовлон гэвэл зогсоно гэж огт үгүй. Хятадууд үүнд тэсвэртэй хандан гүрийж суух бөгөөд, нэгэнтээ автомат буутай харуулуудын дэргэд сарьцгаана билээ. Харин монголчууд маань хурдны замд зогсож болохгүй гэсэн жолооч нарыг барьж зодох дөхөн эсэргүүцэж, хүссэн цагт л зогсч байх болгон, буулт хийлгэж билээ…
Замын-Үүдэд ирээд, гуанзанд нь хоол идсэн чинь хөлс чийхрав. Тааруухан л хол байсан, гэхдээ Хятадад би ийм сайхан хоол олж идэж чадаагүй ээ.
Вагоны билет олдохгүй гээд, хүмүүс урдаас өглөө эрт орж ирдэг, гэтэл галт тэрэг маань болохоор 18 цагаас хөдөлдөг сонин зохион байгуулалт байх аж.
Тэр хүртэл эндхийн буудалд орж унтахаар шийдэв. Энэ хотод харц тогтоох юу ч үгүй, ганц хоёр алхахад л гутал элсээр дүүрч, агсам согтуучууд хялайж, өчүүхэн төдий сүүдэрлэх зүйлгүй гудамжийг нь говийн нар хайр найргүй шарах тул өөр яах билээ.


Буудлын 2 хүний өрөө цагт 2000 төгрөгийнх хөлстэй аж. Дүү бид хоёр 10 мянган төгрөг төлөв. Эрээний “Зүн Юань” гэдэг буудлын бидэндээ орд харш мэт өрөөнд хоноход 88 юань, өөр нэг тохь муутай буудалд хоноход 20 юань төлж байсан билээ.


Гэтэл Замын-Үүдийн энэ буудал 20 юаний буудлаас ч дор аж. Эрээнийх нь давхартаа жорлонтой байсан бол, энэ 3 давхар буудал подвалдаа жорлонтой бөгөөд, тааз нь тонгойход хүргэнэ. Өрөөндөө зай завсар ч байхгүй, хана, таазных нь шохой нурчихсан, хаалга нь салхинд хүн тогших, сэгсчих мэт туж дуугарна. Нэг хананд нь унтахаас бусад бүх зүйлийг хориглосон уртаа гэгч жагсаалт хадаатай. Нөгөө хананд нь зурагт, хөргөгч, агааржуулагч, ширээний чийдэн зэрэг огт байхгүй зүйлүүдийг ч оруулж байгаад хөврүүлсэн, эвдэж үрэгдүүлбэл гурав нугалуулж төлүүлнэ гэж мэдэгдсэн, мундаг мундаг гарын үсэг, тамгануудтай жагсаалт хадаатай байх ажээ…



Ч.Мөнхбаяр


ММVIII.IX.XXI