Өнөөдөр Монгол оронд эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй удирдагчид ус агаар мэтээр үгүйлэгдэж байгаа билээ. Ерөнхийлөгчийн сонгууль энэхүү үгүйллийн нэгэн хариу болон, хонгилын үзүүрт гэрэл гаргах учиртай мэт.
Ард түмэн Монголыг Монголоор нь байлгах, улс үндэстнээ аврах ачтаныг хайж байна. Нэр цэвэр, зөв үзэлтэй, ногоон дэвшигчийг олон сонгогч эрэлхийлж байна. Ногоон үзэл гэдэг бол монголчуудын үндэсний үзлийн нэгэн гол чухаг хэсэг юм. Монголчууд бид үндэсний үзэлгүйгээр хол явахгүй, оршин тогтнох ч үгүй. Тэгвэл үндэсний үзэл өөрөө ногоон үзэлгүйгээр хол явахгүй.


Монголчууд түүхийнхээ туршид эх байгаль дэлхийтэйгээ уялдан зохирохуйн гайхамшгийг үзүүлэн оршиж ирсэн билээ л. Уул усаа шүтэж, нутаг бэлчээрээ хайрлан хамгаалж, байгалийн зүй тогтол, жам ёс, хуулиудыг хүндэтгэн дээдэлж ирсэн. Энэ л ухааныг хүн төрөлхтөн мөнхрөхүйн ухаан хэмээн биширч, бидний ирээдүй бол өндөр технологитой нүүдэлчид байх явдал гэж томъёолж байна.

 


Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ үүнийг яс чөмгөндөө хүртэл ухаарч мэдэрсэн жинхэнэ монгол хүмүүн бөлгөө. Хүний үзэл, ухаан зөв тогтвоос үйлс бүтээл нь зөв ундардаг. Өнөөгийн Монголын байгаль, нийгэм, бүхнийг сүйрүүлж буй хэт уул уурхайжилтын сөрөг нөлөөг эрт ухамсарлаж, эсрэг тэмцлийг ажил хэрэг болгосон тэр Ашигт малтмалын хуулийн цоорхойг арилгах хуулийн төслийг санал нэгт нөхдийн хамт, Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө өргөн барьж, тус гэрээнд ч тусгалыг нь хүргэх санааг өвөрлөж явжээ. Харамсалтай нь УИХ-ын олонхоор дэмжигдээгүй явдал буй. Гэхдээ байгаль орчин, татвар, цэрэг, цагдаа, эмнэлэг спорттой холбоотой хуулиудыг ч санаачилж, санаачлалцаж, шилдэг хууль тогтоогчдын нэгэн болохоо харуулсан нэгэн билээ л.


Санаж явбал бүтнэ, зорьж явбал хүрнэ гэдэг. Улс төрч Б.Бат-Эрдэний эх орноо харийн неоколоничлолоос чөлөөлөх гэсэн эрмэлзэл 2009 оны 7-р сарын 14-нд нэгэн бодит үр дүнгээ өгсөн юм. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн бүс бүхий газарт ашигт малтмал хайх олборлохыг хориглох тухай хуулийг Б.Бат-Эрдэнэ нар санаачлан лоббидсон бөгөөд, энэ өдөр батлагдсан. Урт нэртэй хууль гэх нэрийг авсан ч энэ урт нэрийн үг бүрийн цаана Монголын байгаль орчны аврал, хувь заяа оршиж байлаа. Урт нэртэй хууль ард түмний дэмжлэгийг даруй хүлээж, их ач холбогдолтой болж, хэт уул уурхайжилтын эсрэг тэмцэлд эрс эргэлтийг гаргасан юм.


Тус хуулийн дагуу 1100 гаруй лиценз цуцлагдах болсон билээ. Энэ бол 1100 гаруй бага эх орны аврал, 1100 гаруй том мөрөөдлийн биелэл юм. Монголын 5121 гол мөрний 831, 3732 нуур цөөрмийн 1163, 9300 булаг шандны 2096 нь ширгэж, эх орон маань амьдралгүй амьсгалгүй элсэн цөл болох тодорхой аюул нүүрлэж, элгэн нутгууд маань авраач гэж хашхирч, уйлж байлаа. Аварга маань үүнийг сонссон юм.

 


“245 лиценз цуцлах гэхэд л 2 их наяд төгрөгийн нөхөн төлбөрийг засгийн газар олгох болчихоод байна” гэж, харийнхны өмнө бөхөлзөн үйлчилж хэдэн сохор зоос олохыгоо тэнгэрийн умдаг атгав гэж андуурдаг түшмэд уйлагнан гоншигонож байдаг. Тэд бол ердөө л албан ажил үүргээ мэдэхгүй, мэдсэн ч биелүүлэхгүй байгаа арчаагаа алдсан авлигачид юм. Гадныханд өгөх юмаа л харахаас, тэднээс авах юмаа зүй ёсоор нь хардаггүй. Тийм ч болохоор, гадны колоничлогчид Монголын байгаль орчинд махчид алуурчид шиг хандаж, өршөөлгүйгээр, өрөвдөх сэтгэлгүйгээр сүйтгэж сүйрүүлж ирсэн. Нэг компанийн 4 лицензийн тухайд шалгалт хийж, экологийн хохирлын үнэлгээ гаргахад л 4 их наяд 887 сая төгрөгийн төлбөр тогтоогдож байжээ. Тэгэхлээр, “урт нэртэй хуулийг хэрэгжүүлснээр монгол төр түмэн аугаа их өрөнд орно гэдэг нь гадаадын колоничлогчдын гар хөл болсон долдой далдай нарын л хий хоосон сүрдүүлэг, хорлол, заалгасан үг нь юм. Урт нэртэй хууль хэрэгжсэнээр Монголын байгаль орчин эргэлт буцалтгүй устаж мөхөх явдал нэн багасна, таслан зогсоогдоно, нөхөн сэргээж, эмчилж анагаах зардал мөнгө нь ч ороод ирнэ.
Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхэд колоний түшмэдүүд асар их эсэргүүцэл үзүүлж ирсэн ч, Б.Бат-Эрдэнэ гишүүн тэмцлээ зогсоогоогүй. Ерөнхий сайд С.Батболдод асуулга тавьсан. "Засгийн газар хууль биелүүлэхгүй байна" гэж шүүхэд хандан, биелүүлгэх шийдвэр гаргуулсан. Хэт уул уурхайжилт, харийн колоничлолд том цохилт өгөх Урт нэртэй хуулийн ажил урагшилсаар байна.

 


Өнөөгийн хүн төрөлхтний хамгийн том дээрмийн тоонд орж мэдэх; Монголын ард түмнийг ивээн тэтгэх учиртай ч муужруулан доройтуулсаар байгаа Оюутолгойн гэрээг дархан аварга маань сөрөн зогссоон. Оюутолгойн гэрээний талаар зүй ёсны шаардлага тавьсан УИХ-ын 57-р тогтоол батлагдахад аварга багагүй үүрэг гүйцэтгэсэн. 2011 оны намар Б.Бат-Эрдэнэ санаа нэгт УИХ-ын гишүүдээ толгойлон, “Оюутолгойн гэрээг Үндсэн хуульд тохируулан засахгүй бол ерөнхий сайд огцор” хэмээн шаардаж тэмцсэн. 2012 оны намар Оюутолгойн гэрээг засаж сайжруулах шаардлага тавин, барьцаа лавшруулан даацтай хөдөлж, хангалттайн дээд хангалттай тооны УИХ-ын гишүүдээр “дэмжинэ” гэсэн гарын үсэг зуруулаад, чуулганаар хэлэлцүүлсэн ч, цаг болоход цөөнгүй гишүүд урван няцаж, хэн болохоо харуулан, ялан дийлэхэд саад учруулсан билээ. Гэвч тэмцэл зогссонгүй үргэлжилсээр.

 


Эрх баригчид маань хамаг бүхнээ харийнханд авлигаар бэлэглэн, сүүлдээ бүр өгөх юмгүй болж мухардсан. Тэгээд ариун дагшин Бурхан Халдун уул, Их хоригт хамрагддаг түүх дурсгалт газруудыг ч багтаан уул уурхайн лиценз олгож, хэрэв эзэн Чингис хаан амьд мэнд байсансан бол эргэлзэх зүйлгүйгээр өөрийг нь хүртэл харьд барьж өгөн худалдчихаас ч буцахгүй галзууралдсан билээ. Үүнийг ёс жудагтай монгол аварга, эх оронч сэтгэлтэй улс төрч Б.Бат-Эрдэнэ хэрхэн хүлцэх билээ дээ. Сөрөн зогсож, эзэн Чингис, их түүхтэй холбоотой эрхэм дээд газруудыг шунахай харийнхны бузар савраас чөлөөлж чадсан болой. Монголын нууц товчооны 850 жилийн ойг сүр жавхлантайгаар тэмдэглэж байсан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумыг анхны уул уурхайн лицензгүй сум болгон дархалж, Хөдөө арал зэрэг ариун сайхан нутгуудыг аварчээ. Дэлгэрхаан, Мөнгөнморьт, Ширээт сумуудын заагт орших Бурхан Халдун уулыг ч харийн хомхой сувдагчуудын түрэмгий санаархлаас хамгаалсан. Хэрлэн мөрний хөвөөний түүх дурсгалт газруудад уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг бүрмөсөн хориулж, булаан эзлэгчдээс буцаан хамгаалсан амой. Нутаг усаа наймаалж арилждаг төрийн түшээд л дэндүү олон байдгаас бус, нутаг усандаа ийм ээлтэй ивээлтэй нь өдгөө ер нь бий билүү дээ.

 


Гадаад дотоодын зальхай бирдүүд аргаа бараад аавынхаа толгойг маажив гэгчээр, Хэрлэн Орхон зэрэг гол мөрдийг урагш эргүүлж, өмнө зүгийн олборлогч цөлмөгчдийн далай их усны хэрэгцээг хангана хэмээн уулгалах болсон. Б.Бат-Эрдэнэ гишүүн мөн л адгийн шааруудын атгаг мөрөөдлийг аваргын цээжээр хаан зогсоход айн сүрдээд тэд яаж ч чадаагүй. Монгол орныг тэр аяар нь усгүй ундгүй болгох гай түйтгэр нь хэрэгжээгүй.

 


Манай улс үндэстний шим шүүсийг өөрсдийн дураар хуваан шимэгч дайснууд өөр юуг яаж сорох билээ гэж эрэлд хатахдаа, даян дэлхийн бүхий цөмийн хөнөөлийг Монголд төвлөрүүлэн, хүй төрлөөр нь ард түмнийг минь хордуулж, удам судрыг нь мангас чөтгөр болгон үгүй хийх зүүдэнд оромгүй хорт төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр хэдэн арван орноор хэрэн доншуучилж, ятган гуйланчилж эхэлсэн. Бүх цөмийн хөнөөлийг нүүрлүүлэх төрийн, төрийн бус олон баримт бичгээс нэг нь ч хүчингүй болоогүй, аюул нь өсөн нэмэгдсээр л байгаа.

 


Б.Бат-Эрдэнэ гишүүн энэ асуудалд ч сэтгэл зовниж ирсэн. 2013 оны төсвийн төсөл гээчид сэм шургуулсан цөмийн янз бүрийн хорт төлөвлөгөөнүүдийг илчлэн, 2012 оны 10-р сард хамтран зүтгэгчдийн хамтаар таслан зогсоосон. Түүнээс хойш цөмийн эсрэг байр суурийг тууштай илэрхийлж, улс үндэстнийг хөнөөх аюултай эвлэрэхгүй нэгэн гэдгээ харуулсаан. Хаана аюул байна, тэнд аварга байж, аймшиг гамшигтай шууд хав барилцан авч, даран сөнөөж ирсээн.

 


Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэсэн лоозонтой, өөрөөр хэлбэл эрдэнэсийг маань цөлмөөд, эх орон, ард түмнийг маань хог хаягдал мэт болгон хөсөр хаях гэсэн этгээдүүдтэй эс эвлэрэн, нөхөн сэргээлт, байгаль орчны бохирдлын ажлыг ч анхааран, идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлсэн. Экологийн сүйрэл мөхөлд нэрвэгдэн сөнөх дөхсөн эх Монголыгоо аврах үйлсийн аварга байж үлдсэн түүнийг байгаль орчны 700 гаруй ТББ-ыг нэгтгэсэн Монголын байгаль орчны иргэний зөвлөл “Эко элч” хэмээн 2011 онд өргөмжилсөн. 700 байгаль орчны ТББ-ууд түүнийг дэмждэг, дээдэлдэг гэсэн үг шүү дээ. Байгаль орчны тэргүүний ажилтан ч болсон.
Эрүүл байгаль, эрүүл нийгэм хоёр шууд холбоотой. Бурханы ариун сургаалыг танин гэгээрч, үнэн сүсэглэж биширдэг Б.Бат-Эрдэнэ аваргын буянт үйлсийг нэг талаас харахад байгаль орчны чиг давамгайлсан мэт ч, олон талаас харвал нийгмийг эрүүлжүүлэх, эх орноо хэт уул уурхайжилт, гадаадынхны дураар дургилтаас хамгаалан тусгаар тогтнол, бие даасан байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн гажуудсан хэтийдсэн аливаа хандлагыг засах, төрөлх нутаг, байгаль дэлхийгээ хайрлаж шүтэж амьдардаг монгол ухаанаа сэргээн мандуулж, Монголоо Монголоор нь байлгах гээд тал бүрийн ач холбогдолтой гавьяат үйлс гэдэг нь мэдэгдэнэ.
Б.Бат-Эрдэнэ хүүхэд ахуйдаа сурлага хүмүүжил сайтай байсан агаад, ЗХУ-д дээд боловсрол эзэмших эрхийг түвэггүй авсан ч, багш, хүндэтгэдэг хүмүүс нь түүнийг “аварга болох хүү” гээд Монголдоо сурч боловсорч, бөхөөрөө уйгагүй хичээллэхийг ятган зөвлөсөн. Тэрбээр хуульчийн дээд боловсролыг эзэмшсэн агаад, гүнзгийрүүлж, магистрантур, докторантурт боловсрон, өдгөө доктор цол хамгаалах гэж буй. УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Эрдэм шинжилгээний үгүүллүүдээрээ тусгай ном гаргасан, орос, англи хэлтэй. Энэ бүхнийг "боловсролгүй чадваргүй" хэмээгчид л харин харанхуй болой.

 

 


Монголчууд бөхдөө хайртай ард түмэн. Яагаад гэвэл бөх гэдэг угтаа Мөнх Тэнгэрийн шүтлэгээс үүдэлтэй. Бөө, бөх хоёр нэг ойлголт байсан агаад, нэг ч үг. Эмэгтэй бөө, бөхийг ч нядхан гэх нэгэн үгээр хэлдэг байсан бөлгөө. Бөх гэдэг монголчуудын хувьд Мөнх Тэнгэрийн элч байсан үе буй. Энэ уламжлал ч эдүгээ нөлөөтэй хэвээр. Монгол бөх монгол хүний хамаг сайн сайхан чанаруудыг шингээсэн байх ёстой гэж ард түмэн маань үздэг нь нарийн учиртай. Энэхүү итгэлийг нь ч бөхчүүд дааж ирсэн. Аварга маань үүнийг “бөх хүнд амжилтаас илүү жудаг чухал” гэж томьёолж, уриалга ч гаргуулж байсан нь ихийг үгүүлнэ.

 


Б.Бат-Эрдэнэ хөвүүнийг хожмын гэргийнх нь аав улсын заан Барамсай бөхөд хөтөлж, хүүхэд ахуйд нь зодог шуудгаа бэлэглэжээ. Улсын наадамд 12, Цагаан сарын барилдаанд 12 түрүүлсэн нь монгол бөхийн эвдэгдэшгүй дээд амжилт байж ч юуны магад. Хоёр Мөнхийн дараа хоёр Эрдэний үеийг эхлүүлсэн гарьд магнай болой.
Б.Бат-Эрдэнэ тамирчин самбогоор дэлхийд 3 удаа аваргалж, 2 удаа үзүүрлэж, дэлхийн залуучуудын аварга ч болж, сумогоор дэлхийд 2 удаа аваргалж, 2 үзүүрлэж, 3 удаа хүрэл авч, жүдогоор Азийн наадамд үзүүрлэж, 3 хүрэл авч байжээ. 1983-2000 онд "Хүч" нийгэмлэгийн тамирчин, орлогч дарга, дарга, 1994-2004 онд “Аварга” спортын их сургуулийн захирлаар ажиллаж байв. 1989 онд Монгол улсын гавьяат тамирчин, 1990 онд Дархан аварга, 1998 онд Хөдөлмөрийн баатар болсон. Монголын спортын хөгжил дэвшилд их хувь нэмрээ оруулсан нэрт зүтгэлтэн билээ.

 


Манай олимпийн анхны аварга Н.Түвшинбаярын анхны багш тэрбээр аварга 2008 оноос хойш зодоглоогүй ч тамирчин хүний хувьд биеийн тамирын дасгал хийхгүй байж чаддаггүй гэнэм. Эрүүл биед саруул ухаан байх хойно доо.

 


Ямар учиртайг нь ойлгохуйяа бэрх хийрхэгчид бөх шиг муу муухай, бузар булай гэж үгүй, улс төр рүү бол бүр ч зүглэлтгүй гэж суртал ухуулга хийж байна. Хэзээ нэгтээ тамирчин байсан нэрт улс төрч олон гэдгийг тэд эс мэднэ үү? Хойд хөршийн төрийн тэргүүн В.Путин самбо, жүдогийн бөх байсан, одоо ч тухайн холбогдох бэлтгэлийг хийдэг. Б.Обама сагсан бөмбөгийн тамирчин, NCAA лигт тоглож байсан билээ. Америкт төрөөгүй учир л ерөнхийлөгчийнх нь сонгуульд оролцоогүй, улс төрч А.Шварценеггер бодибилдингийн нэрт тамирчин байв. Энэ мэт цааш тоочиж болох ч цаг цаас хэмнэе. Өнөөдөр, спорттой холбоотой байх нь улс төрчийн зайлшгүй нэг шалгуур, давуу тал, холбоогүй байх нь сул тал, алдаа дутагдал болоод байгаа шүү. Бөх хүн мангар тэнэг гэж эрүүл ухаангүй юм ярьж буй этгээдүүд монголын бөхчүүдийг, тамирчдыг, ард түмнийг ч доромжилж, гэмт хэрэг үйлдэж байна.

 


Аун Сан Су Чи хэмээх жинхэнэ ардчиллын төлөө цогт тэмцэгч эмэгтэй саяхан Монголд ирсэн. “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас балагтай” гэж тэр хэлсэн. Учир нь дүр эсгэсэн ардчилал улс үндэстнийг богино хугацаанд доройтуулан устгах дөхдөг бэлээхэн жишээ байж байна. Харин дарангуйлагчид тэр бүрий авлигаар эх орноо харьд нэгтгэчихдэггүй, бэлэглэчихдэггүй болно. Тэгвэл Б.Бат-Эрдэнэ өнөөдөр шударга ёс, эв нэгдлийг илэрхийлэгч, өөрөөр хэлбэл жинхэнэ ардчиллын төлөө тэмцэгч, жинхэнэ ардчиллыг хэрэгжүүлэгч, жинхэнэ ардчиллыг бэлгэдэгч байж чадахаар харагдаж байна.

 


Аун Сан Су Чи “Ардчиллыг загварчлах дургүй” гэж, өөрөөр хэлбэл ягшмал нэг үлгэр загварт барих маягаар боогдуулах, хуулбарлах дүрээр хутган үймүүлэхэд дургүй гэдгээ хэлжээ. Америкт ийм байдаг гэж худал хэлж байгаад л Монголд өндөр албан тушаалтнуудын л ашиг хонжоонд үйлчилдэг хуурамч ардчиллын дэглэмийг тогтоочихлоо шүү дээ. Хуурамч ардчилагчид “бөх байсан хүн ерөнхийлөгч болж болохгүй, сонгогдож болохгүй” гэж улайран дайрч, ард түмэнд тулгалт хийж, ардчиллын үнэ цэнэт зүйлсийг уландаа гишгэж байна. “Ерөнхийлөгч байсан хүн л ерөнхийлөгч болж болно” гэх нь холгүй, явцуу, гажуу, ардчиллын эсрэг загвараар ардчиллыг хүлж баглаж байна. Б.Бат-Эрдэнэ аварга хуурамч ардчилагчдын худал загваруудыг эвдэн үгүйсгэж, таягдан хаяж чадах дэвшигч.

 


Аун Сан Су Чи: “Би хүний эрхийн төлөө тэмцэгч гэхээсээ илүү, ардчиллын хар ажилчин” гэж даруухнаар мэдэгджээ. Б.Бат-Эрдэнэ аварга ч эрүүл нийгэм, байгаль орчин, туурга тусгаар Монгол орны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн, хийх юмаа л хийхийг эрхэмлэхээс, уриа лоозон, чимээ шуугиан түгээж явдаггүй, ардчиллын хар ажилчин ч мөн, хүний эрхийн тэмцэгч ч мөн.

 


Б.Бат-Эрдэнэ дэвшигч: “Айж дальдралгүй санасан бодсоноо хэлдэг” гэдэг. Янз бүрийн улс төр-бизнесийн, шантаажийн барьцаанд ороод амаа ч үдүүлчихсэн, хөдөлж ч чадахаа байчихсан биш, ард түмнийхээ төлөө айж дальдралгүй санасан бодсоноо хэлдэг ерөнхийлөгч бидэнд амин чухал хэрэгтэй байна. Зөв сонголт, зөв юм хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа учраас бид ч Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж байна гэдгээ айж дальдралгүй хэлж байна. Жинхэнэ монгол ерөнхийлөгч болж чадна гэж найдаж байна.
Ногоонтнууд бидэнд аварга, аврал гэх үгүүд их төстэй сонсогдоод байгаа. Б.Бат-Эрдэнэ дэвшигч - Байгаль орчны үйлсийн аварга ч мөн, Байгаль эхийн маань хувьд аврал ч мөн.


Аваргаа ч сонгоё, Авралаа ч сонгоё гэж Монголын хүн арддаа ногоонтон бид уриалж байна.