Ахин саналаа луйвардуулахгүй гэвэл цахим сонгуулийг сонгоцгооё



Модон хайрцгаар санал өгдөг “технологи” нь бүр эрт дундад зуунд, зарим албан тушаалд томилохыг болон, зарим үйл ажиллагааны шаардлагатай эсэхийг феодалуудын хязгаарлагдмал хүрээнд шийдвэрлэхэд хэрэглэгдэж эхэлсэн, олон зуун жилийн түүхтэй юм.
Өдгөө гагцхүү Монгол улсад модон хайрцгийг хэрэглэн сонгууль өгч буй нь улс орны маань нэрийг гутааж, хоцрогдлыг харуулж байна. Басхүү, модон хайрцаг дээр суурилсан, сонгуулийн булхайн арга хэлбэр манайд нэн хөгжсөн нь харамсалтай.
Хоцрогдсон бүдүүлэг ёсыг халж, дэлхийн дэвшилт ололттой хөл нийлүүлэн явах, асар их гай түйтгэрийг авчрах болсон модон хайрцгийн булхайг таслан зогсоох зорилгоор цахим сонгуулийг улс орондоо нэвтрүүлэх цаг нэгэнт болжээ. 2008.7.22-нд энэ санааг би анхлан дэвшүүлсэн бөгөөд, түүнээс хойш хүмүүсийн санаа оноог сонсож, дэмжлэгийг нь хүлээж, гадаадын цахим сонгуулийн мэргэшсэн хүмүүс, байгууллагуудтай ч холбоо тогтоож, хамтран ажиллаж, төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
Чингээд, Монгол оронд шударга нийгмийг тогтоох үйлсэд нэн их ач холбогдолтой төрийн цахим сонгуулийн системийг (ТЦСС) нэвтрүүлэх хууль-эрхзүйн төслийг (боловсруулалцаж буй төслийн маань нэг хэсэг) уншигчиддаа танилцуулъя (Та бүхэн мэргэн ухаанаараа ариутган шүүж, санал бодлоо илэрхийлээрэй):



Төрийн цахим сонгуулийн системийн тухай хууль
(төсөл)

Нэгдүгээр бүлэг
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад төрийн цахим сонгуулийн системийг (цаашид ТЦСС гэх) ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. ТЦСС-ийн тухай хууль тогтоомж

2.1. ТЦСС-ийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон, хууль тогтоомжийн холбогдох бусад актаас бүрдэнэ.

Хоёрдугаар бүлэг

3 дугаар зүйл. ТЦСС-д тавигдах шаардлага болон, ТЦСС-ийг ашиглах

3.1. ТЦСС бол төрийн сонгуулийн үеэр сонгогчдын саналыг авах-тоолох ажиллагааг автоматжуулах үүрэгтэй; цахим техникийн тусгай программ, төхөөрөмж, сүлжээний цогц систем юм.
3.2. ТЦСС нь Монгол Улсын Үндсэн хууль болон төрийн сонгуульд холбогдох хууль тогтоомжид нийцсэн; үнэн бодот, бүрэн дүүрэн, найдвартай хамгаалагдсан – санал тооллогын үр дүн болон мэдээллийг өгөх үйл ажиллагаатай байх ёстой.
3.3. Тухайн ТЦСС нь Монгол Улсын мэргэжлийн холбогдох байгууллагуудаар магадлагдан итгэмжлэгдсэний дараа, СЕХ-ны зөвшөөрөлтэйгээр Монгол Улсын төрийн сонгуульд ашиглагдана.
3.4. ТЦСС-ийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр:
- ашиглах, ажиллуулах,
- мэдээллийн болон холбооны сүлжээнд холбох,
- эвдэрч саатаагүй байхад ажиллагааг нь хөндөхийг хориглоно.
3.5. ТЦСС-ийг:
- санал хураалтын өмнө суурилуулах,
- санал авах-тоолох ажиллагаанд оруулах,
- санал хураалт дууссаны дараа нээн санал тооллогын дүнг болон холбогдох мэдээллийг хүлээж авах үед, сонгуулийн хэсгийн гишүүд, ажиглагчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид (цаашид ХМХ-ийнхэн гэх) байлцаж, хяналт тавина.
3.6. ТЦСС-д эвдрэл, саатал учирсан үед, СЕХ-ноос итгэмжлэгдсэн мэргэжилтнүүд ажиглагчид, ХМХ-ийнхний хяналтын дор техник үйлчилгээг гүйцэтгэнэ.
3.7. ТЦСС-ийн санал авах төхөөрөмж нь сонгогч:
- саналын нууцлалаа алдах,
- уг төхөөрөмжийг эвдэж сүйтгэх боломжийг гаргуулахгүй байхаар суурилагдана
3.8. Сонгуулийн хорооны дарга тус хорооны гишүүдийн хамтаар ажиглагчид, ХМХ-ийнхний хяналтын дор санал хураалт эхлэхээс 30 минутын өмнө:
- ТЦСС-ийн хэвийн ажиллагааг шалгасан,
- ТЦСС-ийг хорооны зохих гишүүдэд хүлээлгэн өгсөн байх бөгөөд, санал тооллогын дүн болон холбогдох мэдээллийг нээн хүлээж авах цаг болох, эвдрэл саатал гарахаас бусад тохиолдолд, сонгогчоос бусад нь санал авах төхөөрөмжийг хөндөж үл болно.
3.9. Санал хураах хэсэг дээр ирэх боломжгүй сонгогчийн саналыг ТЦСС-ийн зөөврийн төхөөрөмжөөр авна.
3.10. ТЦСС-ийн эвдрэл саатал сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах боломжгүй болговол, хуулийн дагуу дахин сонгуулийг зохион байгуулна.
3.11. ТЦСС-ээс санал тооллогын үр дүн болон холбогдох мэдээллийг нээн хүлээж авахад хангалттай хугацааны дотор л, ТЦСС-ийг мэдээлэл дамжуулах тусгай сүлжээнд ажиглагчид, ХМХ-ийнхний хяналтын дор холбож болно.
3.12. ТЦСС-ээс ажиглагчид, ХМХ-ийнхний хяналтын дор нээн хүлээж авсан санал тооллогын үр дүнг цаасан дээр буулган, сонгуулийн байгууллагууд баталгаажуулж, нийтэд шуурхай хүргэнэ.
3.13. ТЦСС-ийн холбогдох төхөөрөмжүүд нотлох баримтын үүрэг гүйцэтгэж болно.
3.14. ТЦСС-ийн холбогдох төхөөрөмжүүд сонгууль явагдсаны дараа лацлагдан, сонгуулийн байгууллагад хадгалагдана.

Монгол Улсын Их Хурлын
дарга …

 

Ч.Мөнхбаяр. MMIX.III.X