Ард түмэн, олон нийтэд нөлөөлөх арга янз бүр байдаг. Гэхдээ ухаантай хүн ухаалгаар олон нийтийг удирдаж чаддаг уу? Энэ бол тун эргэлзээтэй юм. Мэдээж хэрэг, ухаантай, оюунлаг хүмүүс хүн амынхаа асрын асар өчүүхэн хувийг эзэлдэг. Тэгэхлээр тэр хүмүүсийг олон нийт ойлгох нь амаргүй. Олон нийт өөрсөдтэйгөө л адил, ойролцоо хүнийг сонгох чиг хандлагатай. Массын оюун санааны харьцангуй сул.
 
Ардчилал ч, дарангуйлал ч энэ масс дундаас оюунлаг удирдагчийг гаргаж ирэх ямар ч баталгааг өгч чадахгүй. Энэ бол том эмгэнэл бөгөөд нийгэм сайдсан ч, муудсан ч мөхөл рүү явчих гээд байдаг. Ард иргэдээ дээд зэргээр хайрлаж халамжилдаг гэх нийгмүүдийн удирдлага нь олонхийн дур хүслийг хэрэгжүүлэх бичиг цаас л үйлддэг диспетчерүүд болж хувирсан байдаг агаад, тэдэнд удирдаад байгаа юм үнэндээ үгүй. Терминатор л хэлсэн болохоос “Хүн төрөлхтөн бол өөрийгөө устгах механизм” гэдэг үнэний хувьтай.
 
Нэгэнтээ олон нийт Айнштайныг сонгоод дагаад явахгүй нь ойлгомжтой тул энэ их хоосон орон зайн дээр зальтан мэхтэн хүмүүс гарч ирж, олон нийтийг мэхлэн толгойлж явах боломж их. Ташрамд, оюунлаг хүмүүс илүү их оюуны өндөр төвшин рүү тэмүүлэхээс бус, бага төвшин рүү буюу масс руу тэмүүлдэггүй, тэднийг удирдах, тэдэнтэй ажиллахыг төдийлөн хүсдэггүй болно. Айнштайныг Израилийн удирдагч болооч гэхэд татгалзсан байдаг.
 
1919 оны хавар дэлхийн пролетарийн хувьсгал хийхэд нэн тааламжтай нөхцөл бүрдсэн болно. Дэлхийн I дайн урьд өмнө байгаагүй сүйрэл, аймшгийг авчирч, Европ дайнаас үнэнхүү залхсан байлаа. Европчууд өөр нийгэм, амьдралыг хүсэмжилж, зүүний янз бүрийн бүрийн үзэл сургаалууд ихэд дэлгэрч, коммунизм большевизмыг таашаагчид ч олон болсон байв.
 
Унгар, Баварид зөвлөлт засгийн төлөө үзэлтнүүд бослого дэгдээн амжилтад хүрээд байлаа. Украин хэмээх эмх замбараагүй хаос, анархи болсон газрыг туулж, сул Румынийг мөн гаталж, Унгарт хүрээд авбал большевикууд Хитлерийн цахилгаан дайн шиг амжилтыг олох боломж нэн их байсан хэрэг. Хэрэв энэ амжилт хэрэгжвэл дэлхий тэр аяараа ЗХУ гэдэг нэг улс болох байв л.
 
Энэ асуудлыг Зөвлөлт засаг Украины фронтын командлагч Антонов-Овсеенкод даалгасан байлаа. Тэрбээр даян дэлхийн аугаа хувьсгалын тухай мөрөөдөн, дайн болж байсан ч аз жаргалтайгаар өдөр бүр орондоо орон, малийн инээмсэглэсээр унтдаг байсан гэдэг. Дэлхийн хувьсгал хийхэд зөвлөлт засаг маш их бэлтгэж, Европод бэлтгэлээ сайн базаасан байв. Улаан арми дэлхийн хувьсгалыг эхлүүлэхэд дэмжих хүч Европын хаа сайгүй зэхэгдсэн байв.
 
Гэтэл… Гэтэл гэж бас байнаа. Хорин сайхан шарыг маань хоёрхон муу хулгана идчихлээ гэж үү гэдэг шиг хосгүй сайхан хувьсгалыг нь хоёр муу архичин баллаад хаячих юм гэж хэн мэдлээ.
 
 
Архичин №1. Атаман Григорьев.
 
Уг овог нь Серветников гэх энэ казак эр үсэг бичиг сурснаас өөр ямар ч боловсролгүй гэхэд болно. Морин цэргийн эрдэм бас байнаа. Орос-Японы дайн, дэлхийн I дайнд энэ архичин эр гарамгай эр зориг гаргаж, штабскапитан болжээ. Штабад түүний хийж чадах ажил гэвэл архи уух. Никифор Григорьев штабын офицеруудтай архидахдаа илүү оюунлаг болоогүй, илүү оюунлаг бус л болсон болно.
 
Тэр масс гэгч харанхуй зүйлийг архины хүчээр удирдаж болох юм байна гэдэг л дүгнэлтэд хүрч амжжээ. Өөрөөс нь илүү оюунлаг хүмүүс болох штабын офицеруудыг хараад, хэрэв би эдэн шиг болбол намайг масс ойлгохгүй гэдгийг тэр хатуу ойлгосон. Иргэний дайн хэвийн хүмүүсийн хувьд аймшигт гамшиг. Григорьевын хувьд адтай дамшиг. Тэр тариачдыг дээрэм тонуулд уруу татаж, атаман нь болжээ. “4-5 цистерн (галт тэргийн) спирт байхад би тариачдыг хаана ч аваачиж чадна, ямар ч ялалт байгуулж чадна” гэж тэр сайрхдаг байв.
 
Григорьев хаана байна, тэнд заавал цистерн цистерн спирт байж байдаг. Улаан армийн төлөөлөгч Григорьевыг холбоотноо болгох гэж очоод олоогүй аж. “Намайг Григорьев ч, түүнийг орлох хүмүүс ч угтсангүй. Вокзал дээр хэдэн зуун зэвсэглэсэн архичид, хэдэн цистерн спирт л байна. Тэр цистерн рүү хэн дуртай нь очиж, хүссэн хэмжээгээрээ архи ууж байна” гэж тэр рапортласан байдаг. Тиймээ, үнэхээр Григорьев архины л хүчээр Украины томоохон босогчдын хөдөлгөөний удирдагч болсон байлаа. Ердөө л энэ.
 
Түүний хувьд архи хамгийн чухал. Тиймээс Никифор хамтран зүтгэгчидтэйгээ архидаж, хөгжин баясах л хамгийн дуртай байв. Тэд асар их дээрэм тонуул хийнэ, Григорьев олз омгийг нэн шударгаар “босогчиддоо” хуваарилна. Украины Петлюрын засаг болон гадаадын интервентүүд түүний дайсан. Грекийн илжигт цэрэгтэй тэр инээдэм ханиадам болон тулалдаад, олзлогдогсдыг бүгдийг хядсан. Арьсаар чинь бөмбөр хийнэ гэдэг бол амных нь уншлага болсон сүрдүүлэг.
 
Одесс руу Григорьевын босогчид ирэхэд тус хотод байсан давуу хүч буюу Францын цэргүүд, цагаан гвардийнхан “Энэ согтуу галзуу этгээд яаж ч мэднэ” гээд бараг тулалдалгүй ухарч байжээ. Гэвч Григорьев нэг ч хүний арьсаар бөмбөр хийгээгүй, түүнд тийм юм хийх ямар ч зав байгаагүй юм. Арьсаар нь бөмбөр хийнэ гэх үг архичдынх нь нэг удаагийн марзан ярианаас л үүджээ.Григорьев тариачдыг архиар удирддаг юм бол Григорьевыг архиар удирдаж болох байв. Энэ л зүйлийг большевикууд хийж чадсан. Тэд олонтаа Григорьевтой архидалт зохион байгуулж, холбоотноо болгож дөнгөжээ.
 
 
Архичин №2. Батька Нестор Махно.
 
Үсэг бичиг сурснаас өөр ямар ч боловсролгүй гэхэд болно. Морин цэргийн эрдэм ч байхгүй. Архидалт, бас дахин архидалт. Энэ л түүний оюуныг хөдөлгөдөг гол зүйл байв. Архи олж уух боломж хомс болсон буюу Францад цагаач байхад нь түүний оюун бараг хөдлөөгүй бөгөөд хэнд ч анзаарагдамгүй байсаар Парист нас барж, түүнийг оршуулах хэн ч байхгүй байсан тул хотын захиргааны зардлаар оршуулжээ.
 
16 настайдаа дээрмийн анархи бүлгийн хүрээнд халдлагад оролцож, цагдаа нарыг хороолцсон. Дүүжлүүлэх ялтай хэрэг үйлдсэн ч, насанд хүрээгүй тул насан туршдаа хоригдох ял авсан. Бутырийн шоронд байхдаа оюунлаг анархистуудтай харьцаж байсан ч, мөн л Григорьевын адилаар эдэн шиг байх аваас намайг хүмүүс ойлгохгүй юм байна даа л гэх дүгнэлтэд хүрсэн, юу ч сураагүй.
 
Анархизм гэдэг бол хүн төрөлхтний диваажин гэж үздэг тэр л зүйл. Төргүй, төрийн дарангуйлалгүй нийгэм агаад, үүнийг марксизм-ленинизмд хүн төрөлхтний нийгмийн дээд шат гэж тодорхойлсон байдаг. Харин Махно бол өөрөөр хэрэгжүүлсэн. Анархи буюу “монгол хэлээр” архигүй гэж харагдахаар зүйлийг тэр архи гэж харагдуулсан, ан цавд унатлаа архиддаг байсан. Ердөө л томоохон архичин болсон.
 
Иргэний дайны эмх замбараагүй үеийг тэр архи уух сайхан боломж гарч ирлээ гэж үзсэн. Гуляй-Поле буюу Зугаацан цэнгэх талбай гэх таарсан ч нэртэй тосгоны залуусаа босгож, анархи улс (архи улс ч гэх үү) байгуулна гэж хөдөлсөн.Дайн дамжин, зовлон гамшиг. Энэ хүнд бэрх үед инээж хөгжин наргиж наадаж явах нь залууст таалагдсан. Гэвч аанай л большевикууд гарч ирэв. Сайн архичин, усан цэрэг Дыбенког Махно руу илгээж холбоотноо болголоо.
 
Украины өмнөдөд Григорьев, хойдод Махно гэх хоёр аймшигт архичин ноёлж байв даа. Хоёр арслан нэг торонд багтахгүй гэгчээр, энэ мундаг архичид хоорондоо таарахгүй, гэхдээ бие биедээ хал бал болоод байхгүй. Хааяа уулзаад уучихна. Энэ хоёр архичин Украиныг захирч байлаа.
 
Большевикуудын тооцоо нэг талаас зөв байв. Энэ хоёртой холбоотон болвол Украиныг хялбар эзэмдэнэ, дэлхийн хувьсгал хийх гүүрээ тавина. Тэгээд холбоотон болсон. Нөгөө талаас энэ хоёрын туйлбаргүй байдал аймшигтай. Аль аль нь л хаашаа л бол хаашаа хэлбэрэн хөлбөрнө. Архинаас бүх юм шалтгаална. Григорьевын босогчдын архидалт аюумшигт үр дүнд хүргэж байсан тул Одессынхон энэ хүмүүсээ аваач ээ гэж большевикуудаас залбиран гуйсан. Антонов-Овсеенко Одессоос дээрэмдсэн их хэмжээний зэвсэг, мэдээж спирт, 500 вагон эд барааг авахыг зөвшөөрч байж григорьевчуудыг гарахыг ятгаж чадсан.
 
Гэтэл архичин Махно архидалтынхаа үеэр большевикууд бол төргүй нийгмийн төлөө хүмүүс биш, тиймээс бидэнтэй таарахгүй гэх гаргалгаа гаргаж ирэх болов. Үнэндээ большевик дарга нар өөрсөдтэй нь хангалттай архидахгүй байгаад гоморхсоноос л үүдэлтэй. Большевикуудын үзэл баримтлалыг одоо л мэдэв гэж үү.
 
Махно бол Григорьевоос илүү зальтай. Тиймээс Григорьевыг архидалтад урьж, большевикууд чамайг алах гэж байна гэж итгүүлэв. Григорьев архины халуунд большевикуудын эсрэг бослого зарлалаа. Махно хамт босно гэсэн атлаа Григорьев руу 250 цэргээ л илгээв. Тэд нь Григорьевын штабыг эзэлж авахыг оролдлоо. Атаман тэднийг бут цохиж чадсан агаад, удирдагчдыг нь цаазалж, бусдыг нь зодож жанчаад буцааж илгээв. Махно ердөө л Украины гол архичин, гол удирдагч болохыг хүссэн байв.
 
Большевикууд энэ үед яг дэлхийн хувьсгал хийх гэж байв. Гэтэл Григорьев, Махно хоёр бодлоо өөрчилж, замд нь хөндөлслөө. Гол нь Григорьев. Ихээхэн хүч дайчилж байж Григорьевынхонд цохилт өгч чадав. Гэвч Григорьевын босогчид зууралдан тулалдсаар, партизаны дайнд шилжиж, их балаг учруулж байлаа.
 
Атаман Махнотой холбооцох шийдвэр буюу ээлжит алдаагаа гаргав. Хатуу самогоныг хэдэн стаканаар хөнтөрсний дараа тэд маргалдаж эхлэв. Григорьев тэсэлгүй гар бууныхаа хуй руу гараа явуулсан ч, Махногийн туслах Чубенко гарыг нь барьж, толгойд нь сум зоов. Григорьев зугтаж гарахад Махно араас нь хөөж, хэд хэд буудан зүйл дуусгалаа. Украины өмнөдийн эзэн ноёныг нохой шиг буудсан тэд цогцсыг нь ердөө л ойрын жалганд хаясан агаад эхнэр нь иртэл хэдэн хоногийн турш Григорьев агсан тэнд хог шороо шиг хэвтэж, Махно архидсаар л байв.
 
Григорьев байхгүй боллоо гээд, дэлхийн хувьсгал хийх боломж нээгдсэнгүй. Илүү хүчирхэг дайсан большевикуудын өмнөөс тулав. Махно Григорьевын босогчдыг өөртөө нэгтгэсэн байлаа. Григорьевчууд өөрсдийнх нь архидалтыг анархи гэдэг юм байна гэх л ойлголттой болж, урьдын амьдралаа үргэлжлүүлэв. Батька Нестор Махно Григорьевыг бодвол соёлтой, зөөлөн, хөгжилтэй хүн байсан тул шинэ хамтран зүтгэгчид нь түүнийг таашаав. Махно бараг одой хүн тул өхөөрдөх нь ч буй. Тэрбээр “Хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн дээд шат бол ногоон талбайгаар зөвхөн сайхан морьд давхиж, сайхан хүүхнүүд гүйлдэж байх явдал болой” гэсэн үг тэдэнд таалагдалгүй яахав.
 
Зөвлөлт засаг Махнотой улайран тулалдав. Большевикууд цэргүүдээ харгислал, цаазлалтаар барьдаг бол Махногийн цэрэг сайн дурынх. Нестор гуай байр сууриа алдаж эхлэв. Байлдаан 1-рт, архи 2-рт тавигдаж эхэлсэн тул цэргүүд нь сайн дураар эгнээг нь орхисоор. Эцэстээ махночууд тулалдсаар Румын руу гарав. Харин большевикууд Румын руу гарсангүй. Григорьев, Махно нартай байлдаж их хүч хөрөнгө үрэн туйлдсан тул дэлхийн пролетарийн хувьсгалын төлөвлөгөөгөө орхив.
 
Ийнхүү дэлхий аврагдлаа. Харин аврал нь Григорьев, Махно хоёр юм гэдгийг мэддэг болов уу. Жилийн дараа буюу 1920 онд ЗХУ дэлхийн их хувьсгалын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, Тухачевский маршалаар удирдуулсан их цэргийг хөдөлгөв. Тун харамсалтай нь Польшийн маршалл, дарангуйлагч Сикорскийн цэрэг Варшавын дэргэд дэлхийн хувьсгалчдыг бүслэн бут цохив.
 
Зөвхөн 1919 оны хавар дэлхийн большевикуудын хувьсгал боломжтой байсан юм. 1920 онд ч, түүнээс хойш ч биш. Зөвлөлтийн дэлхийг эзлэн ноёрхох эрмэлзэл дэлхийн II дайныг ч, Хитлерийг ч буй болгосон. Гэвч энэ эрмэлзэл нь Дорнод Европыг 1930-40-өөд онд булаан эзэлж, захирснаар хязгаарлагдсан.
 
Ямар ч боловсролгүй, бүр магадгүй байдаг л нэг архичин гэж хэлж болохоор, гол нь архины хүчээр бүхнийг хийж болно, ард түмнийг удирдаж болно гээд бодчихсон хоёр украин дампуу эр дэлхийг аварсан түүх ийм болой. Энэ хоёр хүн чингэж дэлхийг авраагүй бол өдгөө хүн төрөлхтөн сөнөж сүйрсэн байх бүрэн магадлалтай билээ л.
 
Ч.Мөнхбаяр
 
2013.VI