Тэд нам байгуулан нэгдэж хүчирхэгжих гэж буй гэнэ
 
Монголын улс төрд фашизм, неонацизм хүчтэй нэвтэрч байна гэж судлаачид үзэж байна. МАХН Шударга бус аяны гэрээг 3-р сарын 18-нд байгуулсан. Олон нам, хөдөлгөөн үүнд нэгдлээ гэж байсан ч, хэдхэн хөдөлгөөн нэгдсэн.
 
Тэдгээр хөдөлгөөдийн төлөөллүүдийн голд СС-ийн штандартенфюрер Мюллерийн дүрэмт хувцсыг захиалан хийлгэж өмссөн нэгэн залуу ихээхэн гол байр суурь эзлэн байсан билээ. Тэрбээр “Талын цөөвөр чоно” бүлхэмийн тэргүүн Эрхэмбаяр бөгөөд, МАХН-ын үйл ажиллагаанд эхнээс нь идэвхтэй оролцсон.
 
Н.Энхбаярыг баривчлах үед бүлхэмийнхээ нөхдийн хамт хамгаалан, улс төрийн од болсон болно. Өдгөө Удвал ерөнхийлөгчид нэр дэвшин, монголын эмэгтэйчүүдийн саналыг ихээр аван, ялах ч магадлалтай байгаа. Чингэвээс энэ залуу тамгын газрынх нь дарга буюу үндсэндээ дэд ерөнхийлөгч болох нягууртай аж.
 
Хатагтай Удвал ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа неонацистуудын сүрт парад, зогсоцоор чимэх хувилбарыг ч анхааран ажиллаж буй гэнэм. Дүү намаасаа яаж дутахав гэсэн шиг МАН ч неонаци нартай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн.
 
Ялангуяа Н.Энхбаярын үед. Н.Энхбаяр бол “Хөх Монгол” бүлхэмийн загалмайлсан эцэг гэхэд болно. “Даяар Монголтой” ч тэр хамтран ажиллаж байсан. Н.Энхбаяраас хойш ч МАН-ынхан зарим иргэдийн хөдөлгөөдийн арга хэмжээг алсаас удирдахдаа хас-залуусаар хамгаалуулдаг байсан.
 
“Даяар Монгол” хэд хэд хуваагдсан агаад, нэг жигүүр нь АН-ынхныг дэмжиж байв. АН-ын Баасан авгайг тэргүүнээрээ тавьж байсан. АН-ын өөр нэг “Даяар Монгол”-ынхон Арго-г тэргүүнээ болгож байсан.
 
МУНН хас сүлдтэй агаад, “Хөх Монгол”, “Цагаан хас” бүлхэмийнхнийг гишүүнээ болгож, удирдлагадаа ч оруулсан. Ер нь МУНН-ыг үүсгэн байгуулагч О.Дашбалбар хас голдрилд оруулсан. МУНН-ын урьдал хөврөл - “247-гийн холбоо” 1992 онд л лав Хас сүлдтэй байсан.
 
О.Дашбалбар өөрөө “Монголын фашистуудын холбоо” (Галина), “Монголын фашист залуучуудын холбоо” (Ц.Ганхуяг) зэрэг 90-ээд оны фашистуудтай их хамтран ажилладаг байв.
 
Галинаг тухайн үеийн Монголын хамгийн ирээдүйтэй сайн улс төрч гэж үзэж, улс төрийн холбоотон, залгамжлагчаа гэж нэрлэж, хоёул ижилсэн фюрерийн формоор гангардаг байсан билээ л. Хасжисан МУНН-тай МАХН маш нягт хамтран ажилладаг байсан. МУНН бол хас залуусыг 2008 онд УИХ-д дэвшүүлэн, тэднийг их улс төрд оруулсан анхдагч болой.
 
Хамуг Монгол нам шинэ МАХН-ынхныг байрлаж байсан байрнаас нь шахан гаргаж, өөрийгөө тунхаглахдаа фашист залуусаар гол хүчээ хийсэн. Энэхүү шинэ тулгар намын лидер энэ байрыг олж авч түрээслэн, МАХН-д ашиглуулж байсан юм билээ л дээ. Тэрбээр, фашист залуусын дунд зогсон намаа тунхаглаж байсан билээ.
 
Өдгөө тэр хас залуус С.Баярцогтыг эсэргүүцэн тэмцэж яваа бөгөөд үүнийг зарим хүмүүс эртний хамтын ажиллагаа үргэлжилж байна гэж үзэж буй. АН-ынхан яаж дутахав гэсэн шиг “Хөх Монгол” бүлхэмтэй хамтран ажиллаж байна.
 
Энэ мэтчилэн, улс төрд амжилт, байр суурийг олж буйдаа урамшсан залуус өөрсдийн намыг байгуулан, фюрер фарер болцгоох санаа өвөрлөн сэддэг болсон гэнэ шүү.
 
 
Ч.Мөнхбаяр
 
2013.V