Тийм гэж хариулдаг хүн өөрөө хэн бэ?
 
1. Ерөнхийлөгчийн Олуулаа болох бодлогыг эсэргүүцэгчид  өвөр монголчуудын эсрэг хөдөлгөөн өрнүүлэх нь ээ
 
Өнөөдөр бол ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол төрийн бэлгэдлийнхээ хувьд дэлхийн монголчуудыг Монгол улсад ажиллаж амьдрахыг уриалж байгаа, нийт угсаа нэгтнүүд маань нэгдэж нягтрах үйлсэд цоо шинэ уур амьсгал, ахиц гарч ирж буй гэрэл гэгээтэй цаг үе юм. Ард түмнээс шууд сонгогдсон ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгийг дэлхийн монголчууд Монгол улсын ард түмний хүсэл зориг гэж харлаа, хүлээж авлаа. Гадаад дахь уугуул монголчуудын төлөөлөгчид уриалгыг дэмжиж даган, эхнээсээ манай иргэн болохоор, Монгол улс үндэстнийхээ хөгжил дэвшил, эрх ашиг, сайн сайхны төлөө зүтгэхээр ирж буй.
 
Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр, хилийн чанадын монгол ахан дүүсээ, ялангуяа өвөр монголчуудыг өөчилж гоочилж, ад шоо үзэх явдал буурах байтугай, эрс ихсэх ноцтой, түгшим байдал ажиглагдаж байна. 1990 оноос хойш, бодлоготойгоор түгээсэн гэж болох “Өвөр монгол хүнээс цэвэр цусны хятад дээр” гэх хорт суртал ийм үр дүнд хүргэжээ. Төрсөн ахан дүүс, элэг нэгтнээ жигших, үзэн ядах энэ бузартай хандлага байгаад байвал яаж Олуулаа болох вэ? Үг хэлэнгүүт өөдөөс “өвөр монгол бол хужаа” гээд л дайраад, урагшаа алхам ч гишгүүлдэггүй, аймшгийн намаг балчиг хаа сайгүй байна шүү дээ.
 
Ерөнхийлөгчийн Олуулаа болох (ОБ) бодлогыг шууд улайран эсэргүүцэж, өвөр монголчуудын эсрэг уулгалан дайрч байгаа юм болов уу гэж бодогдохоор байна. Мэдээж хэрэг, монголчууд минь цөм тийм муухай нүгэл хилэнц үйлдэж байгаа биш ээ. Ихэнх нь монгол туургатандаа сүүн цагаан сэтгэлээр хандаж байгаа гэдэгт итгэж байна. Гэвч харамсалтай нь өвөр монголчуудын эсрэг үйл ажиллагаа явуулагчид, тэмцэгчид, тэнэглэгчид цөөнгүй байсаар. Төрийн тэргүүн нь бүх монгол туургатныг урьж залаад байхад ийм байж болох уу даа?
 
2. Өвөр монголчуудыг шоглосон нэг матэриалыг Фэйсбүкэд 1000 тавьж,  дэлхийн рэкорд тогтоох дөхөв
 
Саяхан “Өвөр монгол хэлний толь” гэж булай муухай зүйл ихэд дэлгэрч, ардын аман зохиол шиг түглээ.Үүний үүсэл гарал нь “Үнэн” сониноос эхтэй юм. Язгуурын эх орончдын маань үүсгэн байгуулсан энэ сонин өдгөөгийн завхарсан нийгмийн нөлөөгөөр үнэн юм нийтлэх нь багассан тул, эсрэг утгатай үгээр ч нэрлэгдэж болохоор болсон. Намын суртал ухуулгыг л гол болгохоос бус, Монгол дахь нэоколоничлол-гэноцидийн мөн чанарыг илчлэн бичдэггүй. Харин монгол үндэстний хамгийн том бүс нутгийнхан, бүлэглэл болох өвөр монголчуудыг доромжлон дайрдаг ажилтай болжээ. “Өвөрлөгч этгээдэд зугаатай зорчсон тэмдэглэл” гэх, ямар жанрын юу болох нь мэдэгдэхгүй зүйлийг анх энэ сонин нийтэлсэн.
 
Хошин шогийн нүүрэндээ тавьсан ч гэлээ, хошин үгүүллэг юм уу, юу юм гэдгийг нь тодотгоогүйгээс болж, аян замд тохиолдсон бодтой хөгжилтэй зүйлийг үнэнээр үгүүлсэн тэмдэглэл юм байх л гэж хүмүүс бодохоор. “Үнэн” гэх нэртэй сонин болохыг ч хэлэх үү. Т гэдэг залууд ийм юм тохиолджээ (Зохиогч нь Т. юм билээ) гээд, учир мэдэхгүй хүн үнэмшихээр байдалтайгаар, хошин шог гэж тэр бүрий ойлгогдохгүй хэлбэрээр бичсэн байгаа юм. Чимэг болгож, инээж буй сармагчны зураг тавьсан байв. Өвөр монголчууд бол сармагчин ч дооглож инээхээр хөгийн улс хэмээв үү, эсвэл энэ нийтлэлийг маань уншаад инээдэг ар монголчууд бол сармагчин юм хэмээв үү. Тэрхүү матэриалд өвөр монголчуудыг доромжлон гутааж, доог тохууны бай болгохыг л чармайснаас бус, үнэн юм нэг ч байсангүй.
 
Иймэрхүү дайралт, доромжлол хөгжиж дэвжээд, хошин урлаг гээч алиа марзан зүйлийн маань бие даасан жанр шахуу, бизнэс, ашиг хонжоо олох хэрэгсэл болж байна. Өвөр монголчуудыг шоолон ярьж ухвар мөчид дарга нарыг инээлгэхээс өөр гавьтай эрдэмгүй, тэгээд цол, шагнал авдаг байсан эмэгтэй жүжигчин буй шүү дээ. Тэднийг шоглосон, хужаа маягийн улс болгож харуулсан хошин шогийн гараа, үзэгдэл зөндөө.
 
Тэгвэл “Үнэн” сонины тэр “зугаатай тэмдэглэл” гээчийг бүр өөрсдийнхөөрөө нэмж зохиож, найруулаад тоглосон бичлэг их түгж байна. Өвөр монголчууд дуучинг “чарлаач”, бүжигчинг “үсрэнгээ алцганагч”, жорлонг “хамаг юмаа илэн далангүй гаргах өрөө”… гэдэг гэхчилэн ор үндэсгүй зүйлийг хэлж жүжиглээд зогсолгүй, тужид “хэлний хомсдолд орсон”, “үгийн баялаггүй”, “ямар ядуу юм бэ”, “ямар балиар заваан юм бэ”, “даанч яав даа” гэхчилэн жигшиж зэвүүцэн дуу алдаж, төгсгөлд нь бүр “Хэл маань ийм болчих вий. Харийн нөлөөнд орох аюул нүүрлэжээ. Монголоороо яриач ээ гэж уриалъя!” гээд л түгшүүрийн харанга дэлдэж, уриалж сүйд болж байх юм.
Өвөр монголчууд - бидний хэд соёлыг гол дайсагнагчид юм гэж үү. Тэдний талаар бараг юу ч мэддэггүй бидэнд ямар гээч сөрөг нөлөө нь тусах билээ дээ. Хэл соёлын маань зарим дайснууд бол утга учиргүй зүйл зохиогчид, жүжиглэгчид өөрсдөө юм. Гэтэл тэдний гай лай, хор хөнөөлийг өвөр монголчуудынх гэж ойлгосон үзэгчид нь дахиулж тоглуулахаар алгаа хорстол ташиж, бүр нэг дайснаа дарж, дархан цолоо мандуулсан аятай авирлаж байжээ. Өөрсөдтэйгээ харьцуулаад үзэцгээе. Хэрэв ар монголчуудыг ингэсэн бол бидэнд таатай санагдах уу?
“Зугаатай тэмдэглэл”-ээс үүдсэн, “Өвөр монгол хэлний толь” гээч зүйл асар их тарлаа. Хэдэн зуун сайт, блогод нийтлэгдсэн байна. Монгол хэлээр бичигдсэн өөр ямар ч тэкст интэрнэтэд ийм олон дахин нийтлэгддэггүй билээ. Хорь гуч дахин хэвлэгдэх нь дээд амжилт байдаг. Мөн дээрх “Зугаатай тэмдэглэл” гээч ч хэдэн зуун сайт, блогод тавигдсан байв. Өмнөд монголчуудыг үндэслэлгүйгээр шоглосон зүйлс хэвлэл, FM, интэрнэтийн форумд ч их байгаа юм. Чукчагийн онигоо гэдэг шиг тусгай жанр болж хөгжиж байна шүү!
Фэйсбүкэд “Өвөр монгол хэлний толь” бараг 1000 удаа шэйрлэгдсэн байлаа! Монголчууд ямар нэг зураг, мэдээллийг дээд тал нь арав хорин удаа л шэйрлэдэг юм шүү дээ. 1000 гэдэг бол чухам дэлхийд дээгүүрт орох тоо юм. Бидний хамгийн их сонирхох, инээж баясах, дэмжих зүйл - өвөр монголчуудыг доромжлон гүтгэх явдал боллоо гэж үү? Эх орны төлөө үйлсийг, зөв зүйтэй зүйлсийг фэйсбүкийнхнээр дэмжүүлэх гэсэн хүмүүс үйл тамаа цайдаг билээ. Тэгвэл яагаад фэйсбүкийнхний ганц дэмждэг зүйл, хамгийн их дэмждэг зүйл нь ахан дүүсээ гутааж, бах таваа хангах явдал болчихов оо? Муу юманд л сэтгэл ханадаг чөтгөр шулам болчихов уу, бид?
Эх оронч залуус энэ бусармаг явдалтай тэмцэж, шэйрийг багасгаж чадсан ч, тэр л зүйл ахин нийгэмд өөр хувилбаруудаар гарч ирж, дэлгэрсээр байна. Нэгэнд нь, өвөр монголчууд уран гулгалтыг “гоолиг биений хальтаргаан галбирын хальтаргаа”, халуун усыг “бузраа бөмбөрүүлэх газар”, өнгөт зурагтыг “будагтай авдар” гэдэг гээд л гажууд үгсийг шинээр зохион оруулсан байна. Энэ элий балай юмсыг зохиогоод, хийгээд, сонирхоод байгаа улс хэн юм бэ? Бид шүү дээ. Тэгэхлээр ар монголчууд бид өөрсдөө ямар улс болж таарч байна?
 
Хэлний зүйгээ алдчихсан манайхан л иймэрхүү зүйл зохиож чадна. Тэр галзуу солиотой үгсийг зохион дэлгэрүүлэгчид ар монголчууд биднийг ч шившиг болгож байна шүү дээ.Манай улсын иргэдээс өөр хэн ч энэ бүхнийг өвөр монголчуудын яриа гэхгүй. Ар монгол бидний л гаргасан, бидний дунд л байдаг яриа, бидний л этгээд хэллэгийн сэтгэлгээ! Тэнэг гэж элэглэн дооглосон зүйл эцэстээ хэнийх болж таарав? Зөвхөн хошин шогд бус, бүх зүйлд тэр тэнэглэл өргөнөөр түрэн орж ирж, бидний өдөр тутмын үг хэлд маань нөлөөлж байна. “Бачим учир…” гэхчилэн хаа сайгүй л яриад байдаг болж шүү дээ. Тэр тэнэг үг яриагаар хэн ярьж байна вэ, хэнийх вэ? Доромжлол болгож хэлсэн зүйлээ бид дээдлэл болгон хэрэглэж эхэлж байна. Юу болж байна вэ?
 
Өмнөд монголчуудыг дэмжигчид, үндэсний үзэлтнүүд, эрүүл ухаантай ард олон маань энэ бүх солиотой явдлыг шийдвэртэй эсэргүүцэж байна. Хэвлэн нийтэлсэн, нэвтрүүлсэн, жүжиглэсэн сонин, сайт, радио, продакшн, хүмүүст хандаж зүй бус явдлаа таслан зогсоохыг шаардаж байна. Хэрэв юмны учрыг ойлгох сэхээтэн, уран бүтээлч, ухамсартай хүмүүс аваас, гэмт үйлдлээ орхиж, уучлал гуйна, залруулна гэдэгт найдаж байна. Бусармаг байдалдаа дүгнэлт хийж, зөв зүйтэй алхам хийхгүй бол шүүхэд өгөхөөс өгсүүлээд, дараа дараагийн шийдвэртэй алхмуудад шилжинэ гэдгийг анхааруулъя. Өвөр монголчууд доог тохууны бай биш!
Тэдний аялгуу биднийхээс зарим хэмжээгээр өөр гэдэг нь ойлгомжтой. Цахар, Үзэмчин, Барга, Баарин, Түмэд, Ордос зэрэг аялгуу Халх аялгуунаас төдийлөн их ялгаагүй, харин Алшаа аялгуу Ойрад аялгуудад хамрагдана, Хорчин, Харчин аялгууд л Халх аялгуунаас нэлээд ялгаатай юм шүү. Гэхдээ өвөр монголчуудын баримжаалах аялга нь Халхтай ойролцоо Цахар аялгуу байдаг. Цахар аялгууны нөлөөг бусад аялгууд нь авч тусгаж байдаг болохоор, өвөр монголчуудын үг ярианд хачирхалтай содон зүйлс бараг үгүй юм шүү. Ямар ч “толь бичиг”, “сургалт”, “зугаатай тэмдэглэл” өвөр монголчуудтай ойлголцоход шаардлагагүй юм.
Аялгууг шоолно гэдэг мунхгаа л харуулж буй хэрэг. Аливаа хэл аялгаараа баялиг байдаг. Аялгуу багатай тусмаа хэл ядуу болдог. Тиймээс аялгуудыг шоолох биш, хүндэтгэж, сурч мэдэж авбал хэрэгтэй. Монгол улсад зонхилох халх аялгуунд ч өвөр аялгуутнууд сонсоход шоолмоор, хачирхмаар зүйл их байдаг. Гэвч тэд тэгдэггүй. Аливаа аялгууг сураад бүх монголчуудтайгаа ойлголцоод мэдэлцээд явдаг үлгэр дууриалтай. Нэг аялгуу нь зөв, цэвэр, нөгөө нь буруу, бохир байна гэж байдаггүй. Ердөө л аялгууд өөр өөрөөр хөгжсөн байдаг. Энд бол мэдээж харийн нөлөөг хамруулж авч үзэхгүй. Аялгуунд яаж хандах нь тухайн хүний ухаан мэдлэгийн хэмжээг л илрүүлэн харуулна.Харин тэр шоог доогийн хувьд бас нэг ноцтой зүйл буй юм. Учир мэдэх хүн, хятадуудын зүгээс монголчуудыг болхи бүдүүлэг, нуршуу сунжруу яриатай гэж үндэслэлгүйгээр өөчилж гоочилж байдаг тиймэрхүү онигоо, шоог доог байдаг тухай хэлсэн юм. Тэр хятад шогоос хуулбарлаад манайхан ийм зүйлс гаргаж ирээд байгаа юм гэнэ шүү.Хятадууд бол нийт монголчуудыг тэгж шоглодог байна. Гэтэл манайхан хятадуудтай нийлээд өвөр монголчуудыг ч, өөрсдийгөө ч шоолдог, доромжилдог, дарладаг ард түмэн болчихлоо гэж шүү дээ?
 
3. Өвөр монголчууд руу давшлагчид дараагийн хохирогчдоороо  Монгол улсын 700 000 цөөнх ястныг сонгоно!
 
Зарим хүн өвөр монголчуудыг өмгөөлөхөөр ар монголчуудыгаа мууллаа гэдэг. Бид муулаагүй, сайн сайхан болоосой гэсэндээ л үнэнийг хэлж байна. Хошин шог сайн сайхан юмыг ойлгохгүй байна гэдэг. Хошин шог, доромжлол хоёрыг хуулиар зааглаад өгчихсөн байдаг бөгөөд, ойлгогдохгүй зүйл үгүй юм. Бусад үндэстэн ястныг төдийлөн хөнддөггүй, булт өвөр монголчуудыг л онилоод байдаг хошин шог гэж байх уу? Өчүүхэн зүйлийг дэвэргэлээ гэдэг. Нэг хүний эрх ашиг хохирлоо гээд нийгэмд том асуудал өрнөдөг, жагсаал цуглаан ч болдог. Тэгвэл сая сая монголчууд хохирч байвал өчүүхэн зүйл гэж үү?
 
Доромжилно гэж юу вэ гэдгийг олон хүн ойлгохоо байсан шиг байна. Тухайн нийгмийн сайн сайхан, үнэ цэнэт зүйл гэж ойлгогддог хэмжүүрээс эсрэгээр, нийтээрээ “хүлээн авшгүй” гэж үздэг цээртэй хэлбэр агуулгаар, өөр хэн нэгний нэр төр, үнэ хүндийг санаатайгаар унаган гутаахыг доромжлол гэдэг юм шүү дээ. Хохирогчийг шившиглэх, жигшүүлэх үндэслэл үгүй атал, бүдүүлэг, эрээ цээргүйгээр муу муухай гэж ойлгуулахыг хичээх явдлыг доромжлох гэдэг. Доромжлол нь хохирогчийн сэтгэлзүйд, оюун ухаанд гэмтэл; амьдрал, ажил үйлсэд нь бэрхшээл учруулдаг. Монгол улсын эрүүгийн хуулинд доромжлох гэмт хэрэг үйлдэгчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэдэн арав дахин их мөнгөөр торгох юм уу, хорьж цагдан засан хүмүүжүүлэх хөдөлмөр хийлгэнэ гэсэн байдаг. Олон хүний өмнө доромжлох тусам ял хүндэрнэ. Олон хүнийг доромжлох тусам хүндэрнэ. Хууль ёсны бодот байдал ийм л байна. Хуульгүй юм шиг дураар дургиж, сэрүүн зүүдлэгсдийг хууль сэрээгээд өгдөг, хазаарлаад өгдөг.
Гүтгэнэ гэдэг бол доромжлолоос ялгаатай нь, бүдүүлэг, цээртэй байх албагүй; бусдын нэр төр, үнэ хүндийг унагахын тулд хуурмаг үндэслэлийг санаатайгаар ашиглан гол зэмсгээ болгоно, хор хохирол нь илүү их. Гүтгэх, доромжлоход нэг хүний чанарыг олонд, олны чанарыг нэгд нялзаах, хүний нэг чанар муу бол бүх чанарыг муу гэж хавтгайруулах… зэрэг арга хэрэглэгддэг байна. Этнофолизм буюу угсаатан ястныг гүтгэн доромжлох бол хамгийн их хүндрүүлэх шалтгаан даа.
Ялгаварлан гадуурхах (дискриминаци) гэж том гэмт хэрэг байдаг. Гэм буруугүй хүний ямар нэг шинж чанараар нь шалтаглан, эрх үүрэгт нь үндэслэлгүй ялгавар тогтоон дарлахыг дискриминаци гэдэг. Яс үндсээр дискриминацилах нь мөн л хамгийн хүнд нь юм. Монгол улсын Үндсэн хууль болон, бусад хууль тогтоомжуудад яс үндсээр ялгаварлан гадуурхахыг хатуу хориглосон байдаг. Үндэстэн ястны хагарал үүсгэх, төр улсын үндсийг ганхуулах, үндэстний аюулгүй байдлыг алдагдуулах ноцтой гэмт хэрэг шүү дээ, яс үндсээр ялгаварлан гадуурхах гэдэг чинь.
 
Монгол улсад өмнөд монгол гаралтай хэдэн мянган цахар, барга, үзэмчин, харчин, хорчин иргэд байна. Мянга орчим өмнөд монгол хүн ажиллаж, сурч байна. Ангараг дээр байгаа юм шиг аман зоргоор дайрч давшилж боломгүй байгаа биз.
 
Өнөөдөр өмнөд монголчуудыг тохуурхан дарлаж байгаадаа амташвал, цаашдаа гаараад ойрад, буриадуудын хэл яриаг шоолох шоглох нь нэмэгдэнэ. Казахуудыг ч зүгээр өнгөрүүлэхгүй. Монгол улсад 140 мянган казах, 70 мянган дөрвөд, 53 мянган баяд, 44 мянган буриад, 31 мянган захчин, 24 мянган урианхай, 13 мянган торгууд, 11 мянган өөлд монгол хүн байна. Цөөнх ястан, үндэстэн нийлсэн 700 мянга орчим хүнээ элэг доог болгох элбэг матэриал гэж олзуурхах уу? Тиймэрхүү байдалд гомдоод тэд маань сэпаратизм руу ч хэлбийж магадгүй шүү дээ. Аялгуугаа тусгай хэл гэж үзэх, тэр “тусгай” хэлээрээ ТВ байгуулна гэж зүтгэсээр мэдээ нэвтрүүлгэх явдал гарлаа. Цөөнх ястан үндэстэн бүр маань багагүй гомдол тээж явдаг. Сүүлийн үед бидэнтэй ахан дүүс болохоо мэдэлцэж байгаа хазаруудыг нэрийг нь сонсуутаа л халтар, гуйлгачин, буруу номтон гээд элдэвлээд эхэллээ.
 
Өөр ястан үндэстнийг дооглож тохуурхдаг нь улсуудын хооронд ч эвгүй асуудал үүсгэж болно гэдгийг анхаарах хэрэгтэй шүү.
Манайхны хошин шог гэж өхөөрдөөд байгаа зүйл хичнээн том гэмт хэрэг болж болохыг харж байна уу. 1000 шэйр хийнэ гэдэг бол том зохион байгуулалттай гэмт хэрэг байж болох юм шүү.
“Хошин шог” гэх тэр хэргүүдээс хавьгүй өргөн хүрээтэй, өндөр төвшинтэй ялгаварлан гадуурхах хэргүүд ч Монголд үйлдэгдэж байгаа. Тэдгээрийг хүн төрөлхтөн юу гэж үзэх вэ? Хошин шогийн том хэмжээний уран бүтээл гэх үү?
Үгүй ээ. Монгол улсад өмнөд монголчуудын хүний эрхийг зөрчих, тэдэнд дайсагнаж хандах нь  ноцтой, түгшмээр хэмжээнд хүрээд байгаа. Апартэид, расизм, шовинизм, нацизм, сэгрэгаци, ксэнофоби гээд хүн төрөлхтний эсрэг ноцтой гэмт хэргүүд рүү хэлбийх гээд байгаа. Заримыг нь ч үйлдчихсэн.
Бусад улс үндэстэн өөр улс үндэстний эсрэг ийм хэргүүдийг хийж байсан байдаг. Тэгвэл Монгол улсын тохиолдол хосгүй бөгөөд, бид өөрийн улс үндэстний эсрэг хийж байна. Тийм болохоор санаанд багтамгүй жигшүүртэй юм!
Британийн парламэнт Афганистанд хазаруудыг ялгаварлан гадуурхаж буй явдлыг хэлэлцэн буруушааж, тодорхой алхам хийхээ илэрхийлжээ. Тэгвэл Монгол улсад өмнөд монголчуудыг ялгаварлан гадуурхаж, тэдэнд дайсагнаж буй явдал Монголын парламэнтээр хэлэлцэхүйц хэмжээнд хүрэх нь байна шүү!
 
4. Өвөр монгол хүнийг улсын ерөнхийлөгч хөөцөлдөөд ч  Монголд суулгаж чаддаггүй ажээ
 
Монгол улсад хятадууд бүр хүн алж байхад, өмнөд монголчуудыг эсэргүүцдэг шигээ эсэргүүцэж байгаа юм төрийн төвшинд ч, түмний төвшинд ч алга. Хошин шог зохиосон ч юм алга, ер нь өмнөд монголчуудыг л онцгой ихээр шоглодог шүү дээ. Хятад хүн монгол хүнийг алсан байхад, өвөр монгол Соёлт алсан гэж мэдэгдээд, мэдэлцээд л сууж байдаг. Хамаг муу муухай гэм нүглийг өвөр монголчууд үйлдээд байна гэх сурталчилгаа их л хийгдэж ирсэн дээ.
Тэр битгий хэл “Өвөр монгол хүнээс цэвэр цусны хятад дээр!” гээд сууж байдаг. Энэ бол Монгол улсад маш өргөн дэлгэрсэн, хэрэгжил биеллээ олсон үзэл суртал юм. Анх харийн бодлогоор буй болж, хятад гаралтай наймаачид, хөнгөн явдалт эмс өөрсдийн амьдралынхаа шалгуураар талархан хүлээн авч тараасан, одоо төрийн нэг бодлого болсон үг юм.
Тиймээс, Монгол улсад хужаа хүн өмнөд монголчуудаас илүү дээдлэгдэх байдалд хүрчээ. Өмнөд монгол хүн бол монгол л хүн болохоор, мэдээжийн зүй тогтлоор хужаа хүн ер нь монгол хүнээс дээдлэгдэх байдалд хүрчээ. Хорт бодлогыг өнөөдөр “Монгол хүнээс цэвэр цусны хятад дээр!” гэж нэрлэж болохоор болсон байна. Өмнөд монголчуудыг ад үзэх явдал ийнхүү монголчуудыг, өөрсдийгөө ад үзэх байдалд хүргэдэг байна. Иймэрхүү нөхцөл байдлыг бүрдүүлж ирсэн, ямар ч монгол үндэсний үзэлгүй хүмүүсийг хэн чгэмээр юм бэ дээ?
Сүүлийн үед монгол төрийн үндэсний бодлогыг БНХАУ-ын үндэсний бодлоготой адил болгохыг шаардсан суртал ухуулга их хийгдэх болллоо.
Саяхан тийнхүү шаардагсдын “Манай хужаа” гэх, мөрийн хөтөлбөрөөс танилцуулсан чанартай нийтлэл түглээ. Тэр нийтлэлд, 1983 онд гаргагдсан 2300 хужааг буцаан рэпатриацаар авчирсан, 1725 оноос Монголд хужаа суурьшсан, Их Хүрээнд 30-45 мянган хужаа байсан, Монголоос хөөгдсөн хужаа нар ардчиллаас хойш хоёр дахин олон болоод эргэж ирсэн, эрх ашгаа хамгаалах нийгэмлэг байгуулсан гэхчилэн бичжээ.
Тэр нийтлэлд болон, өөр нийтлэлүүдэд “Дэлхийн улс бүрд олон тооны цагаач байдаг, тэр нь голдуу хужаа байдаг, өдгөө нэг үндэстний улс хоцрогдсон, ардчилсан дэвшилт улс болгон олон үндэстнийх байдаг болсон, Монголд 600 мянган хүн амынх нь 100 мянга нь хужаа байсан, олон үндэстний орон байсан, Монголд амьдарч байсан, байгаа бүхнийг монгол гэж тооцох ёстой, БНХАУ-ын нутагт амьдарч байсан, байгаа бүхнийг хужаа гэж тооцох ёстой” гэж бичсэн байв. Монгол улсад 500 мянган хужаа авчрах хэрэгтэй, тэд бол Монгол улсад амьдарч байгсдын хойчис учир монгол гэж тооцогдох эрх эдлэх ёстой, харин өвөр монголчууд Монгол улсад амьдарч байгаагүй учир хужаа гэж тооцогдох ёстой, тэднийг авчирч болохгүй гэсэн санааг л илэрхийлж байна. Тэр нь хэрэгжсээр байна, хэрэгжиж байгааг ч зөвшөөрч байна, илүү өргөжүүлэн хэрэгжүүлэхийг ч шаардаж байна шүү дээ. Өвөр монгол хүнээс цэвэр цусны хятад дээр гэдэг бодлого ийм л үр дүнд хүргэж байна.
БНХАУ-ын л нутаг дэвсгэрт амьдарч байсан, байгаа бол жонхуа буюу дундад хүн гэж, 56 угсаатныхаа яс үндсийг үгүйсгэдэг тэр номлол Монгол улсад муутгасан хувилбараар хэрэгжиж байна. Манай нутаг дэвсгэрт л амьдарч байсан, байгаа бол монгол, хятад, казах бүгд монгол гэж, манай нутаг дэвсгэрээс л гадна бол монгол ч байсан монгол биш гэж яс үндсийг үгүйсгэх маягаар хэрэгжиж ирэв. Тэгвэл, өмнөд хөршид иргэдээ цөмийг нь хятад гэхгүй дундад гэж байна, хужаа нараа хятад биш гэхгүй, хятад л гэж хандаж байна.
БНХАУ сүүлийн үед хүн ам нь хөгширсний улмаас, гадаадад ажиллах хүч гаргахыг багасгах, гадагш гаргахгүйн тулд цалин нэмэх зэрэг арга хэмжээ авч байна. Гэтэл манай тал Монгол дахь ажиллах хүчээ битгий багасгаач ээ, тэгвэл бид сүйрнэ, сөнөнө, ямар ч цалин хамаагүй олгоё гэж гуйж байгаад ирүүлдэг болсон гэнэ. Нөгөө бодлогын, үгийн үр дагавар энэ шүү дээ.
Өнөөдөр Монголд оршин суух, Монголын иргэн болох нь хятад хүнд дээд зэргийн таатай нөхцөлтэй, өвөр монгол хүнд хориотой байна. Үнэн худал баримт бичигтэй, хар цагаанаар суугаа хятадуудынхаа тоог алдсан, хянах боломж байхгүй гэдгээ холбогдох байгууллагууд нь өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. Тэгвэл өмнөд монгол хүнийг Монголд суулгах гээд улсын ерөнхийлөгч хичээгээд ч хүчирдэггүй гэнэм. Монгол улсад ардчилал ялахад Сумъяа бэйсийн унаган нутгаас арав гаруй өрх айл орж ирсэн. Нэг өрхийг нь Монголд үлдээх гэж, Сумъяа бэйсийн хүү Базарваань улсын ерөнхийлөгчид хандаж, ерөнхийлөгчийн ахиж дэвшихэд нь ихээхэн тусалж байсан, ажиллаж байсан уурхайнх нь нэг дарга асан хүнээр хөөцөлдүүлээд хөөцөлдүүлээд бүтээж чадалгүй, гадагш гаргуулж байжээ. Энэ нь улсын зөвхөн нэг л ерөнхийлөгчид тохиолдсон хэрэг ч биш юм.
Язгуурын эх орончид маань өмнөд монголчуудтайгаа нэгэн өрх бүлд хамт байхын төлөө байнга тэмцэж ирсэн бол язгуурын урвагчид маань өмнөд монголчуудыг түлхэн зайлуулж, түүхэн өвөг дээдэс үндэстнийхнээ Монголд ноёлуулахыг хичээн байнга тэмцэлдэж ирлээ. 1911 оны хувьсгалын дараа өмнөд монгол эх орончдыг хорлосон, хөнөөж алсан, хөөсөн, байлдаж дарсан, большевик хэлмэгдүүлэлтээр хохироосон, 1945 онд Дэмчигдонров ван тэргүүтэй удирдагчдыг барьж тушаасан, суугуул өмнөд монголчуудыг хөөсөн, БНМАУ-тай нэгдэх бодолтой 2400 өмнөд монгол зүтгэлтэн, сэхээтний нэрийг маочуудад өгсөн, соёлын хувьсгалын үед болон дараа нь хятадын тагнуул туршуул гэж хэлмэгдүүлж, хяхдаг асан, 1990 оноос хойш 1000 гаруй өмнөд монгол хүн орж ирснээс, хөөх, хавчих, барьж тушаах, шоронд хийх, луйвардан цөлмөх зэргээр 900-г нь гадагш дүрвүүлсэн, Монгол улсад нэвтрэх, суухыг бараг хориглосон, тэдний эсрэг хорт суртал ухуулга явуулж, жигшүүлж ирсэн, яс гарлаа нууж явахад хүргэсэн гээд олон хэргийг урвагчид маань харийн бодлого, явуулга, хатгалга, даалгаврын дагуу гүйцэтгэжээ. Ямар сайндаа, ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өмнөд монгол буюу, Шинжааны ойрад гаралтай гэж, нэр дэвшигч байхад нь улангасан дайрч байх вэ.
Өмнөд монголчуудын эсрэг зөвхөн хошин шог гэх хэрэг үйлдэгдээгүй байгаа биз? Бүх төрлийн хэрэг бодлоготойгоор үйлдэгдэж ирлээ. Үргэлжилсээр ч байна. Энэ хуралтай холбоотой мэдээллүүдийн араас сэтгэгдэлчдийн гэмт хэрэг хөврөх болно. Өмнөд монголчуудтай холбоотой сэтгэгдлүүдийн ихэнх нь сөрөг, дээрэнгүй, үзэн ядсан өнгө аястай байгаа мэтээр ойлгуулан, хөлсний ажлаа хийдэг. Хошин шог гээч бол Хятадын апартэидээр хүнд өвчилсний зөвхөн симптом юм.
“Хятадууд бүр тэднийг тэгж ингэж дарлаж байхад энэ зэрэг бол яах вэ, юу ч биш шүү дээ” гэх хүн олон тохиолддог. Тэгээд одоо яах вэ? Хятадын төвшинд хүргэж дарлах ёстой юу? Тэр үед ярьж эхлэх үү, бас ярьж болохгүй юу. “Эднийг хэн өмгөөлөх юм , ямар улс нь өмгөөлөх биш” гээд элэг алаг үзээд л байх уу? Хужаа нарыг 1-р сортын, өөрсдийгөө 2-р сортын болгосонд ажирдаггүй зарим иргэд маань өмнөд монголчуудыг Олуулаа болох бодлогоор ирэхээр нь, 3-р сортын болгож зарцлах, дарлах ухааны юм ярих, уур амьсгал бүрдүүлэх боллоо. Хятадаас илүү хятад болох гээд байна уу, бид? Хятадуудын муу бүхнээс суралцаад байхаар юу болох вэ?
Хужааг Монголд хамгаас илүү дээдлэгддэг хүн болгочихоод, өмнөд монголчуудыг хужаа гээд тэмцэлдээд байдаг болчихсон нь үнэхээр хачирхалтай юм шүү. Өмнөд монголчууд өөрсдийнх нь эсрэг Монгол улсад үйлдэгдсэн бүхнийг уучилдаг. Гэхдээ өөрсдийг нь хужаа гэдэгт хамгийн их гомддог. Түүнийгээ илэрхийлээд байдаггүй л болохоос.
Илэрхийлээгүй гээд элэг барин доромжилж дарлаад, адлаад байж болохгүй ээ. Олуулаа болох бодлого хэрэгжих гэж байхад, монгол үндэстэн бодтойгоор нэгдэж нягтрах шинэ цаг үе ирчихээд байхад тэнэг юм шиг байж болохгүй. Хужаа шиг байж бүр ч болохгүй.
“Өвөр монголчууд хужаа биш” гэсэн, өвөр монгол хүнтэй гэрлэсэн, хамтран ажилласан, өвөр монгол эцэгтэй юмуу эхтэй хүмүүсийг ч хужаа, эрлийз, Хятадын бодлогыг хэрэгжүүлэгч гэж дайрдаг. “Өвөр монголоос цэвэр хужаа дээр” гэдэг хүмүүсийг болохоор тийм биш гэдэг. Солиорол байгаа биз?
Тэгэхэд Тэмцэлт гэдэг өмнөд монголчуудын удирдагч, “биднийг хужаа гэж байсан ч, яаж ч байсан ар монголчуудыгаа хайрлаарай, Монгол улсаа хайрлаарай” гэж уриалсан байдаг. Сэтгэлгээний ямар их ялгаа байна вэ!
Бид “хужаа дээр, дээд “ гээд яваад байвал сөнөнө, мөхнө. Сөнөж мөхөхгүй гэвэл бид өмнөд монголчуудаа хайрлах ёстой. Хятад юу хий гэснийг бид хийдэг байж болохгүй. Нөгөө, Хитлэр тушаасан, бид биелүүлнэ гэдэг шиг үг дуугүй дагаад байж болохгүй юм
Ар монгол биднийг цээжээрээ, яс цусаараа хамгаалан хааж явахдаа өөрийн эрхгүй зарим хэмжээгээр уусан өвөрдсөн зүйл байж болно. Ингэснийг нь бид ойлгох, өрөвдөх ёстой. Биднийг хагаралдуулах гэж уусгасан атал, өө тэгвэл хагаралдъяа гээд л дөрлүүлсэн үхэр шиг зүтгэж болохгүй. Цаашид Хятадын апартэидийг ягштал баримталдаг байж яавч таарахгүй.
 
Өвөр монгол хүнээс цэвэр хятад дээр биш шүү. Монгол улсдаа бид төрийн болон, төрийн бус байгууллага, олон нийт, хувь хүний төвшинд монгол үндэстэн гэсэн ойлголтыг, монгол үндэстэн л бидний хувьд хамгаас эрхэм дээд гэсэн ойлголтыг буй болгох ёстой. Энэ бол үндэсэрхэх үзэл биш, өөриймсөх үзэл, үндэсний үзэл. Ямар ч үндэсний үзэлгүй хүн мал амьтны төвшинд очих нь олонтаа бөгөөд, манайд ийм үзэгдэл хавтгайрах аюултай ч юм.
Хятад хүнийг биш монгол хүнийг эрхэмлэдэг үндэсний бодлого бидэнд хэрэгтэй.
Өвөр монголчуудаа бид өмгөөлж тэмцэхгүй бол маргааш бид ямар ч гай зовлонтой учирч болно. Монгол улс маань айдас төрүүлэм хурдтайгаар ӨМӨЗО шиг болсоор байна. Өмнөд монголчуудтайгаа хамт үүний эсрэг сөрөн зогсохгүй бол ӨМӨЗО-оос ч дор хүнд байдалд, ямар ч байдалд орж болно шүү.
 
Ч.Мөнхбаяр
http://moenhbayar.blogspot.com