Тэд дэвшсэн тохиолдолд тойрогт нь болон, олон нийтийн талбарт сөрөг кампани өрнүүлнэ

7-р сарын 1-ний аймшигт хэрэг явдалд буруутай С.Баяр, Ц.Мөнх-Оргил зэрэг улс төрчдийг нэр дэвшүүлэхгүй байхыг 7-р сарын 1-ний хохирогчдын холбоо, Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн, Шударга иргэдийн фронт, Хохирогчдын нэгдсэн холбоо, Үндэсний Хас хөдөлгөөн, МАН-ын Шударга ёс хөдөлгөөн зэрэг ТББ-ууд МАН-д шаардсан билээ. Энэ явдалд МАН хэрхэн хандсан талаар тодруулан, 7-р сарын 1-ний Хохирогсдын Холбооны тэргүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.



-Та бүхэн 5-р сарын 15-ны дотор шаардлагын хариуг хэвлэл мэдээллийн хэрэгслээр, эсвэл биечлэн өгөхийг анхааруулсан. МАН-аас хариу өгөв үү?


-Бидний шаардлагыг үл тоомсорлон, хариу өгсөнгүй. Ийнхүү шударга шаардлагыг маань уландаа гишгэн, хөсөр хаясан тул амь насаа ч үл хайрлан, сонгуулийн бузар луйврын замыг нь хөндөлсөх болно гэдгээ хатуу анхааруулъя. Бид улс төрийн бусармаг явдлын золиос болсон, нэгэнт алдах зүйлгүй хүмүүс учир, энэ зүй бус хандлагын хариуг хангалттай хэмжээгээр өгч тэмцэх болно гэдгээ МАН-ын дарга С.Батболд, нэр дэвшихээр горилогч С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарт хатуу анхааруулъя.
Бид "7-р сарын 1" ахин бүү давтагдаасай гэсэндээ ийнхүү тэмцэж байна. Ерөөсөө, 7-р сарын 1-ний хэргийг энэ сонгуулийн өмнө заавал шийдвэрлэх ёстой байсан. Тэгж байж сонгуулиа хийх ёстой байсан юм. Тэгж байж л 7-р сарын 1 давтагдахгүй байх нэгэн гол нөхцлийг хангах учиртай байв.


Хэргийн буруу зөвийг тогтоох явцад улс төрийн нөлөө орж, хэргийг шийдүүлэхгүй байх арга саамыг өөрсдөө хэрэгт шууд холбогдолтой албан тушаалтнууд эрэлхийлсээр байна. Цагдаагийн удирдлагад байсан албан тушаалтнууд өөрсдийгөө гэм буруугүй гэж хэлж ярьсаар байх тусам, тухайн үеийн Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд нарын гэм буруу улам тодорч байна.
Гэтэл С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар хэргийн шийдэгдэх явцыг сунжруулах ажлыг далдуур зохион байгуулж, улмаар УИХ-д ахин сонгогдож, халдашгүй эрхтэй болж дархлагдах гэж байгааг хохирогчид, тэдний ар гэрийнхэн жигшин эсэргүүцэж байна. Тэднийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байхыг МАН-ын нийт гишүүд, МАН-ын дарга нараас шаардаж байна.


-Шаардлагад тань хариу өгөхгүй бол та бүхэн ямар хариу арга хэмжээ авах вэ?


-Бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Энэ нь ямар ч арга байж болно, энэ талаар бид хоорондоо зөвлөлдөн хэлэлцэж байна. Мөн сонгуулийн үеэр тойрог дээр нь болон, олон нийтийн талбар дээр сөрөг сурталчилгаа, сөрөг кампани өрнүүлнэ.
Сонгуулийн луйврыг эсэргүүцэн жагссан олон нийтийн хөдөлгөөнийг зэвсэг хэрэглэж дарж, 5 хүнийг буудан хороож, 800 гаруй залуусыг цагдан хорьж, тарчлаан зовоож, 275 залууд эрүүгийн хэргийг хүчээр тулган хүлээлгэж, 6 сараас 7 жил хүртэл хугацаагаар ял өгсөн хорьсон аймшигт хэргийн холбогдогч шүүхийн шийдвэр гарах хүртэл УИХ-д нэр дэвших эрхгүй. Ёс зүйгүй улс төрчдийг нэр дэвшсэн тохиолдолд бүртгэж авахгүй байхыг Сонгуулийн ерөнхий хороонд анхааруулж байна.


-7-р сарын 1 давтагдах магадлал хэр өндөр байна вэ?


-Өнгөрсөн 4 жилийн хугацаанд улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй, улам дордлоо. Тэгэхлээр бүр ч муу "7-р сарын 1" болохыг үгүйсгэшгүй.
4 жилийн өмнө сонгуулийн булхай луйвар хийчихээд, үүнийг эсэргүүцсэн хөдөлгөөнийг нухчин дарж, улмаар энэ жигшүүрт хэргүүдийг үйлдэгсэд нь "гэм буруутнуудыг олно, тодруулна" гэж сонгуулийн пиар хийгээд явж байгаа нь хүлцэн тэвчихийн аргагүй. Сонгууль луйвардчихаад л,  эсэргүүцэгсдийг цус урсган дарчихаад, энэ хэргийн учрыг олно гэж тэр хэрэгтээ холбогдолтой, буруутай улс нь ахин сонгогддог жишиг тогтох нь.


4-р сард Н.Энхбаярыг баривчлахад, аливаа асуудлыг нухчин дарна шүү, хүч, эрх мэдэл бий шүү гэж сүр далайлган, ард түмнийг айлган сүрдүүлэх үзүүлэн тоглолт хийлээ. Хууль хяналт чангатай хэдэн улс, тив дамнуулаад хүн хулгайлаад аваад ирдэг хүмүүс ганц Н.Энхбаярыг яаж л бол яаж баривчилж болох байсан. Гэтэл далимдуулаад 7-р сарын 1-ний бэлтгэл сургуулиа хийлээ, ард түмний реакцийг тандаж мэдлээ, бэлтгэлээ улам хүчжүүлж, эрчимжүүлж байгаа биз. Ийм байхад "7-р сарын 1" давтагдахгүй гэж үзэх ямар ч арга алга байна. Бүү давтагдаасай гэж залбираад сууж байх ч аргагүй байгаа учраас бид бүхэн дуу хоолойгоо нэгтгэж байна.


-7-р сарын 1-ний хохирогсдын холбоо хэзээ байгуулагдсан бэ. Ямар цар хүрээтэй вэ?


-2 жилийн өмнө байгуулагдсан. Эхэндээ зөвхөн амь насаа алдан хэлмэгдэгсдийн ар гэрийнхнийг хамарч байсан. Буудуулж шархадсан, бусад байдлаар шархадсан, эрүүдэн тамлагдсан, хилс хэрэг хүлээсэн, хуурамчаар яллагдан хоригдсон гээд, 7-р сарын 1-ний бүх төрлийн хохирогчид бидэнтэй нэгдэж байна. Зарим хохирогч маань шоронд хоригдож, зовж шаналсаар байна. Өмөн нь хэрэгт холбогдож байсан тул гээд, өршөөлд хамруулаагүй шүү дээ. Тэдгээр гэм зэмгүй улс төрийн хоригдлуудыг даруй суллах хэрэгтэй.
ХЗХ, Хонгор сум, Вако, Ми-8-ын гээд бусад хохирогчидтой нийлж бид Хохирогчдын нэгдсэн холбоог байгуулалцсан. Монголын иргэн бүр хохирогч болоод байгаа. Хохирох, хохироох бол манай нийгмийн гол мөн чанар. Хохирдоггүй, хохироодоггүй нийгэм байгуулахын төлөө монголчууд бүгд хүчээ нэгтгэн тэмцэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бүгд хохирсоор яваад л, бүгд дуусна.


-7-р сарын 1-ний зарим хохирогч хэрэгт холбогдох вий гэж болгоомжлоод байдаг юм шиг?


-Тийм ээ. Цагдаа 1000 хүнээ гаргаад 300-400 хүнээ их төлөв чулуунд өртүүлэн бэртээж гэмтээсэн байна. Тэгвэл, 7-р сарын 1-нд МАХН-ын байрны өмнө хичнээн хүн цуглав, хичнээн нь чулуунд өртсөн, цохиулсан зодуулсан байхав, бодоод үз. Тэд бол ерөөсөө огт гарч ирэхгүй байсаар өдий хүрлээ шүү дээ.
Цагдаагийн байгууллага бол ард түмэн бидний мөнгөөр ард түмэн биднийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл бидний мөнгөөр биднийг дарладаг байгууллага болж хувирсан. Улс төрийн бохир даалгавар биелүүлдэг байгууллага болж хувирсан. 7-р сарын 1-нд бол тайван эсэргүүцлийг өдөөн дэвэргэж, тайван бус шийдэлд хүргэх үүрэг гүйцэтгэсэн. Би цагдаагийн дарга байсан бол хэдэн утаа хаяад л тараах учиртай улсыг бол тараачих байсан. Өөр ч арга зөндөө байна. Гэтэл тэгээгүй. Сонгуулийн луйварт бухимдаад зарим иргэн хуяг бамбайтай цагдаа нар луу чулуу нүүлгэхэд, ямар ч хамгаалалтгүй иргэд рүү дүрэм бусаар чулуу нүүлгээд, чулуугаар байлддаг жаахан хүүхдүүдийн сэтгэлгээгээр хандаад, өргөн хэмжээний чулуун байлдаан болгоод хувиргачихсан. Цагдаа гэдэг чинь чулуугаар байлддаг газар юм уу.
Эрүүдэн шүүдэг. Эрүүдэн шүүж гаргуулсан мэдүүлэг бол баримт биш юм. Гэтэл цагдаагийн байгууллага хууль ёсоор мөрдөж шалгаж, баримт илрүүлэх чадваргүй учраас 1937 оны их хэлмэгдүүлэлтийн арга барилыг ашигладаг. Хэлмэгдүүлдэг байгууллага хэвээрээ байна. Тиймээс 7-р сарын 1-ний хохирогчид ил гарахаас эмээдэг.


-Уг нь, Онц байдал зарлалгүй, асуудлыг шийдвэрлэх боломж байсан гэдэг...


-Байлгүй яах вэ, зөндөө байсан. Гэтэл асуудлыг хурцатгагчид бүх боломжийг үгүйсгэсэн. С.Баяр онц байдал тогтоохыг ихэд шахаж шаардаж байсан. Н.Энхбаяр энэ талаар цагдаагийн дарга Амарболдоос лавлан асуухад "Онц байдал тогтоолгүйгээр, бид цагдаагийнхаа хүчээр асуудлыг намжаан шийдвэрлэх бололцоотой байна" гэсэн байдаг. С.Баяр тэргүүтэй нөхөд шахаж шаардаж, асуудлыг хурцатгасаар Онц байдал зарлуулсан. Ц.Мөнх-Оргил нь Онц байдлын шуурхай штабын даргаар ажилласан. Ингэж ард олны тайван эсэргүүцлийг тайван бус шийдэлд хүргэж, нухчин дарсан.


-7-р сарын 1-ний хохирогчдын нөхөн төлбөрийг гүйцэд хийсэн үү?

 


-Үгүй ээ. Шархадсан нэг хөвүүн 160 сая төгрөгийн эмчилгээ хийлгээд байна. Тэгэхэд 12 сая төгрөг л өгсөн.
Монгол улс хүний эрхийн олон баримт бичиг, гэрээ хэлэлцээрт нэгдсэн ч, хүний эрхийн хэрэгжилтийн талаар маш доогуур төвшинд байгаа, бараг юм хийгдээгүй. Тэр хүний эрхийн баримт бичгүүд нь орчуулагдаа ч үгүй байдаг, орчуулаад хэрэглэе гэхээр, Гадаад яамаар орчуулагдаж баталгаажаагүй бол хууль бус гэдэг. Хэлмэгдэгч хохирогчдын нөхөн төлбөрийн талаар манай хуулинд тодорхой заасан юу ч байхгүй. Дээд шүүхийн 15 тоот тогтоолд зөвхөн нэр төр сэргээх талаар байдгаас бус, амь нас, эд эрхтэн, сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийн талаар юу ч байхгүй. Тэрийг нь дарга нар л шударга шүүмжлэлийг эсэргүүцэхэд ашиглаж байгаа. Дарга нар л хохирч болдог, бусад нь хохирдоггүй юм шиг л байдал байж байна.
НҮБ-аас хохирогсдын нөхөн олговрын талаар тогтоол гаргасан. Хэрэв Монголд тухайн холбогдох хууль байхгүй бол, гадаадын, олон улсын жишиг хууль, дүрэм журмыг харж асуудлыг шийдвэрлэхэд ашиглана гэсэн зарчим байдаг. Гэтэл тэгдэггүй, нөгөө НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх талаар төр юу ч хийгээгүй байгаа. Тэгэхлээр яаж хохирол барагдуулах вэ?


-7-р сарын 1-нд амь насаа алдагсдын дурсгалын хөшөөг босгох ажил юу болов?


-Бид МАХН-ын өмнөх цэцэрлэгт босгох нь зүйтэй гэж үзсэн, шав тавих ёслол үйлдсэн. Гэтэл та бүхэнд албан ёсоор газар олгоё гэсэн. Төрийн зүгээс биднийг ойлгон хүлээж авч ажиллахын нэг илрэл юм болов уу гээд тэрийг нь харъя гэж бодоцгоолоо. Шав тавьдгийн маргааш нь шууд тэр газрыг маань хашаалаад Туркийн гудамж байгуулна гэсэн бичиг хадчихсан байсан. Бидний шав тавьсан газр Турктэй холбоотой хөшөө босгочихсон.
Үндэсний түүхийн музейн баруун өмнө, Хэлмэгдэгчдийн хөшөөтэй харалдаа газар олголоо гэсэн. Тэр нь, явган хүний замаас, музейн наад хашлага хүртэл алгын чинээ жаахан газар байгаа юм. Ингэж, амь насаа алдагсдын дурсгалыг дорд үзсэн дээ. Бид үүнийг нь зөвшөөрөхгүй байгаа.
Ийнхүү 7-р сарын 1-нтэй холбоотой нэг ч асуудал шийдвэрлэгдээгүй байхад, буруутай этгээдүүд нь УИХ-д нэр дэвшиж байгаа нь хохирогч, сонгогч бид бүхнийг басамжлан доромжлох мэт санагдаж байна.


Ярилцсан Ч.Мөнхбаяр