Тус улсын элчтэй түс тас хөөрөлдсөн минь

Миний бие нэгэн улсын ЭСЯ-ны улс төрийн хэлтсийн даргатай намын хоёр нөхрийн хамт уулзсан болно. Тус ЭСЯ нь манай улсын намуудтай уулзалт хийдэг уламжлалтай гэнэ Харин манай Монголын Ногоон нам (МНН)-тай тодорхой шалтгаанаас болоод уулзалт хийдэггүй байжээ гэж ойлгогдсон. МНН-ынхан тус улсын харьяанд байгаа нэг засаг захиргааны нэгжийн (ЗЗН) тусгаар тогтнолын асуудлыг дэмжиж хэвлэлийн хурал хийсэн, бас нэг ЗЗН-д гарсан үндэсний цөөнхийн эсэргүүцлийг дэмжиж энэхүү ЭСЯ-ны өмнө цуглаан, Монгол улсын хүнсний аюулгүй байдлыг алдагдуулж байна хэмээн мөн энд цуглаан хийсэн, 2011 оноос өөр ЗЗН-ийн уугуул үндэстний хүний эрхийг дэмжсэн нэг бус цуглаан, жагсаалд оролцсон, зохион байгуулалцсан хэмээн үздэг нь ийнхүү харилцаагүй байхад нөлөөлдөг байсан бололтой. Намын нөхөд уулзалтын талаар олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзсэн тул товчлон хүргэе. Харилцагч талуудыг М (МНН), Э (ЭСЯ) гэе.

Э: МНН-ынхантай уулзаж ярилцах болсон нь манай төрийн бодлого илүү нээлттэй, байгаль орчинд (БО) илүү ээлтэй болж буйтай холбоотой. Манай улс Монгол улстай, Монголын ард түмэнтэй дээд зэргийн найрамдалт харилцаа, түншлэлтэй байхыг эрмэлздэг. Та бүхэн намынхаа бодлого болон, манай улсад хандах хандлагынхаа талаар танилцуулна уу.


М: МНН бол Монгол улсын ууган намуудын нэг, олон намын тогтолцоо, ардчилал төлөвшихөд багагүй үүрэг гүйцэтгэсэн, Үндсэн хууль батлалцан, төр барилцаж явсан. Эрүүл байгаль, эрүүл нийгмийн төлөө үйл ажиллагаа явуулдаг... (товчлов). Гадаад харилцааны тухайд, Монгол улстай эрх тэгшээр найрамдан нөхөрлөх, харилцан ашигтайгаар хамтран ажиллах эрмэлзэлтэй бүх улсуудтай тогтоосон эрүүл харилцааг дэмжинэ. Хөрш улсуудтай ган бат найрамдал нөхөрлөлтэй байхыг дэмждэг.


Э: Монгол улсын намууд манай ЭСЯ-тай болон, манай улсын эрх баригч намтай маш нягт сайн хамтын ажиллагаатай байдаг. (5 намын нэрийг хэлэв)... намууд манай коммунист намтай янз бүрийн баримт бичиг байгуулан хамтран ажиллаж байгаа. Манай улстай энэ намуудын төлөөлөл танилцан аялал хийж, найрамдал нөхөрлөлөө улам бэхжүүлдэг. Тогтвортой харилцан туслалцаж ажилладаг. Танай нам энэ намуудын адилаар манай нам засагт найрсгаар ханддаг бол мөн адил хамтран ажиллаж болно.


М: Даян дэлхийн ногоонтнууд зүүн төвийн намуудтай хамтран ажиллах сонирхолтой байдаг. Танай улсад ногоонтнуудын нам байдаг бол холбоо тогтоон, зарим чиглэлээр хамтран ажиллаж болно. Мөн манай хоёр улсын БО-экологийн харилцан нөлөөллийг судалдаг ногоон үзэлтнүүдтэй тань холбоо тогтоомоор байна.


Э: Манай эрх баригч намд БО, экологийг хариуцсан бүтэц бий. Мөн намын сүүлчийн их хурал дээр илүү экологич бодлогыг тодорхойлсон. Намын дарга маань ч тэрхүү бодлогыг тунхаглан, хэрэгжүүлэн ажиллаж байгаа.


М: Даян дэлхийн ногоонтнууд түгээмэл хартигаа баримтлан ажилладаг. Танай эрх баригч намтай хамтран ажиллахыг дэлхийн ногоонтнууд сайшаахгүй болов уу. Бид бол Монголын улс төрийн нам ч мөн, даян дэлхийн ногоонтнуудын сүлжээний ч хэсэг мөн.


Э: Байгаль орчныг хамгаалах үйлс, улс орны хөгжлийг уялдуулахгүй бол болохгүй гэж бид үздэг. Эс бөгөөс аль нэгэндээ саад тотгор учруулах болно.


М: Тийм ээ. Монгол улсын эдийн засгийн зүй зохисгүй, хяналтгүй, эмх замбараагүй өсөлт, ялангуяа хэт уурхайжилт байгаль орчныг их сүйтгэж байна. Монголчуудыг ажил амьдралтай байлгах, амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд хэт уул уурхайжилт шаардлагагүй юм. Бид хэт уул уурхайжилт биш, хэвийн уул уурхайн төлөө байдаг.
Танай улс олон уурхайгаа хааж манайд зөв үлгэр дуурайл үзүүлж байна. Монголын засгийн газар энэ мэт ажиллах хэрэгтэй байгаа юм. Танай улс зарим улсад үндэсний уул уурхайн хүчин чадлаа нэмэгдүүлэх, уул уурхай дээр суурилсан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үндэсний эцсийн бүтээгдэхүүний хэмжээгээ өргөтгөхөд нь ихээхэн тусалж, их хэмжээний зээл олгон ажилладаг. Энэ чиглэлээр хамтран ажиллавал манай хоёр орны найрамдал улам бэхжинэ. Монголд эдийн засгийн өсөлтийн хэмжээ бус чанар илүү хэрэгтэй байна.


Э: Монголчууд шуудхан ярилцах дуртай. Би ч гэсэн шуудхан ярья. Манай зарим иргэд улс орноо хагалан бутаргах, салан тусгаарлах үйл ажиллагаа явуулдаг. Ийм иргэд, байгууллагууд Монгол улсад үйл ажиллагаа явуулан, хоёр улсын найрамдалд сэв суулгахыг бид хатуу эсэргүүцнэ.


М: Монгол улсын эсрэг үйл ажиллагаатай иргэд, байгууллага танай улсад үйл ажиллагаа явуулахыг бид хатуу эсэргүүцнэ.


Э: Таныг манай улсын эсрэг байгууллагуудын Монгол дахь үйл ажиллагааны гол зохицуулагч гэж үзэж байна.


М: Надад танай улсын эсрэг үйл ажиллагаа явуулах сонирхол байхгүй. Би танай улсын үндэсний цөөнхийн хүний эрхийг дэмжин ажилладаг. Үндэсний цөөнхийн хүний эрх хангагдах нь танай улсын эрх ашигт харшлахгүй, нийцнэ гэж бодож байна. Манай улсын иргэдийн эрхийг хамгаалагч гэж та бүхэн намайг харах нь зүйтэй байна. Би бол танай улсын эсрэг байгууллагуудын Монгол дахь үйл ажиллагааны гол зохицуулагч бус юм.


Э: Тантай манай улсын эсрэг үйл ажиллагаатай иргэд, байгууллагууд хамтран ажилладаг гэж бидэнд харагддаг. Тэгээд энэ талаарх таны байр суурийг сонирхож байна.


М: Монгол улсад байгаа, танай улсын монгол үндэстэн иргэдтэй би холбоотой байдаг. Тэдний хүний эрхийг Монгол улсад хамгаалах сонирхолтой. Мөн гуравдагч оронд байгаа, танай улсын иргэн монгол үндэстэн иргэдтэй холбоотой. Би монгол хүн болохоор үндэс нэгт монголчуудынхаа хүний эрхийн талаар зовнин ажиллах нь зүйн хэрэг. Танай улсын иргэн монголчууд надад өөрсдийнхөө талаар эерэг ойлголтыг өгдөг, өөр ойлголт төрүүлэхээр мэдээлэл надад үгүй юм. Тэд танай улсад хагалан бутаргах, салан тусгаарлах аюул учруулж байгаа байдал надад харагддагүй. Танай улсын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж тэд ойлгогддоггүй.


Э: Нэгэн жишээ хэлэхэд, тэдний … нам нь малчин ...-ий алагдсантай холбоотой эрүүгийн хэргийг хоёр үндэстний мөргөлдөөн болгох зорилго тавьж үймээн дэгдээсэн.


М: Монголын хүчний байгууллагынхан танай улсын монгол иргэдийг эрүүгийн хэрэгтэн, улс төрийн хэрэгтэн зэргээр хэлж, тэдэнтэй хамтран ажиллахгүй, харьцахгүй байхыг зөвлөдөг, анхааруулдаг. Тэр хүмүүсийн хэн нь ямар хэрэгтэн болохыг нотолсон баримт надад өг, тийм баримтгүйгээр би хэнийг нь ямар хэрэг үйлдсэн гэж ойлгож, яаж сэрэмжлэх вэ, ямар тэр улсын монгол хүн бүрээс зайлсхийж явалтай биш гэж хэлдэг. Гэвч надад ямар ч баримт өгдөггүй. Тэгэхлээр би өөрийгөө хууль зөрчиж байна гэж ойлгох үндэслэл байдаггүй. Гэмт хэрэгтэн гэдэг нь баталгаагүй танай улсын иргэнийг би гэмт хэрэгтэн гэж үзэн хандвал харин хууль зөрчсөн хэрэг болох байх.
Та бүхэн намайг танай улсын эсрэг байгууллагуудтай хамтран ажиллахаас сэрэмжлүүлэх гэвэл мөн баримт хэрэгтэй байна. Би баримтгүйгээр аль нэг иргэн, байгууллагыг танай улсын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж мэдэх аргагүй байна. Малчин …-ий амь эрсэдсэний дараа танай улсад гарсан монгол үндэстний хөдөлгөөнийг … нам зохион байгуулсан гэх баримт надад алга байна.
Малчин … бол нутаг бэлчээрээ хууль зөрчигчдөөс хамгаалсан ногоон үзэлтэн хүн гэж харагддаг. Ер нь танай улсын харьяат монголчууд ногоон тэмцлийг их өрнүүлдэг. Энэ нь бидний үзэлд ойр байдаг. Малчин …-ийг зөвтгөж, ар гэрт нь тусламж үзүүлсэн, түүний амь насыг хөнөөсөн этгээдүүдийг цаазалсан, БО, экологид илүү анхаарсан, уурхайнуудыг хаасан зэргээр танай улсын төр тэр жагсагчдын шаардлагыг биелүүлсэн нь, улсынхаа БО-ыг хамгаалсан зөв зүйтэй тэмцэл гэж дэмжсэн хэрэг гэж бодогдож байна. Танай улсын төрийн энэ алхмуудыг би ч зөв гэж бодож байна.


Э: (3 байгууллагын нэрийг хэлэв)...  зэрэг нь манай улсын эсрэг олон үйлдэл хийж ирсэн. Та хүсвэл баримтуудыг дараа бүрдүүлж өгч болно. Танай нам манай улсын эсрэг байгууллагуудтай харилцаатай юу?


М: Манай нам танай улсын иргэдийн ямар нэг байгууллагатай харилцаагүй, хамтран ажилладаггүй.


Э: Урьд харилцаатай ажиллаж байсан уу?


М: Намын нөхөд маань энэ талаар мэдээлэл өг гэж надад даалгаагүй. Тийм болохоор асуултад тань хариу өгөх боломжгүй байна. Миний ЕНБД болохоос өмнө намын хүрээнд болсон үйл явдлуудын талаар намайг байр суурь илэрхийл гэдэггүй. Танай улсын монгол харьяатуудын талаар миний явуулж ирсэн үйл ажиллагаа манай намын үйл ажиллагаа бус юм. ЕНБД болсноос хойш би энэ албандаа зүгшрэх гэж намын ажилдаа түлхүү анхаарч ирлээ. Мөн цөмийн эсрэг чиглэлээр идэвхтэй ажиллах болсон.

 


Э: (арлын нэр хэлэв)-ий байгууллага, иргэдтэй танай нам ямар холбоотой байдаг вэ?


М: (арал)-ий Ногоон намтай холбоотой байдаг. Ер нь бид сэдвээсээ хазайж байна. Хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх чиглэлээр түлхүү ярилцъя.


Э: Манай улс Монгол улс, Монголын ард түмэнд үнэхээр ямар ч хиргүй, сүүн цагаан сэтгэлээр ханддаг. Манай хоёр найрамдалт орны харилцааг бусниулахыг оролдогчид янз бүрийн үндэслэлгүй, сөрөг үг яриа гаргадаг. Энэ нь хоёр улсын найрамдалд ан цав гаргах учиргүй. Манай зарим иргэд Монгол улсад зөрчил гаргах явдал бий. Үүний эсрэг бид хатуу зогсон ажилладаг. Мөн манай улсын эсрэг үйл ажиллагаатай, манай зарим иргэдийн болон тэдний байгуулсан байгууллагуудын Монгол дахь үйлдлүүд ан цав суулгах гээд байдаг. Тэд бол зөвхөн хувийн атгаг ашиг сонирхолдоо хөтлөгдөгсөд бөгөөд, манай улс дахь монголчуудын эрх ашгийг ч, Монголын ард түмний эрх ашгийг ч юман чинээ бодохгүй.
Танай намын нөхөдтэй илэн далангүй ярилцлаа. Ийнхүү илэн далангүй ярилцах нь ойлголцолд тустай гэж бодож байна. Та бүхэнд цаг зав уулзсанд талархаж байна. Манай хоёр улсын найрамдал хөгжин цэцэглэх болтугай!


Ч.Мөнхбаяр