Гэтэл ийм хязгааргүй баялгийг их өр болгож болдог л юм байна

“Эх орноо харийн ноёрхлоос чөлөөлөгч баатар” гэж ойлгогдохоор байдлаар өөрийгөө сонгуулийн кампаний үеэр ичгүүр сонжуургүй сурталчлан, сонгогчдыг мэхэлж, сонгуулийн хуулийг зөрчиж байсан нэгэн ёс зүйгүй улс төрчийн талаар үгүүлэхийг хүсч байна. Энэ үгүүлэл нь төлбөртэй хар PR биш гэдгийг батлахын тулд, нэрийг нь эс дурдан, ноён Икс хэмээе.


Тэрбээр 1970 онд төрсөн, хятад гарвальтай агаад, энэ нь ч хятад судлаач болоход нь түлхэц үзүүлсэн нь лавтай. Монголын улс төрд ноёлдог, дэндүү олуулаа байдаг нангиад гаралтай хүмүүсээс ганцаараа яс үндсийн онцлогоо олны өмнө мэдэгдсэний нууц нь нэн хүчирхэгжсэнд орших гэнэм. Тэр бүү хэл хятад өвөг дээдсээрээ бахархдаг хэмээн тунхагласан. Ингэж яс үндсийн онцлогоо нуугаагүй, худал мэдүүлээгүй нь л цорын ганц сайшаагууштай үйлдэл нь болой.


Сурталчилгаа 1: “Монгол улсын нутаг дэвсгэрийн 44.5 хувийг тусгай зөвшөөрлөөр уул уурхайнхны мэдэлд олгосон байсныг 14.2 хувь болгов. Уул уурхайн лиценз олголтыг таван жилээр зогсоов”.


Тайлбар 1: Монгол улсын эрдэс баялгийн нөхцөл байдал социализмын үеийн геологийн судалгааны дүнд нэлээд хэмжээгээр тодорхой болсон байв. Эрдэс баялаг байж болох нутаг дэвсгэрийг бүгдийг нь буюу, дээрх 44.5 хувийг харийнхны голдуу компаниудад олгосон байлаа. Арав гаруй жилийн идэвхтэй хайгуул судалгааны дүнд, баялаг ихтэй нутаг болох 14.2 хувь нь тодорчээ. Энэ нутгийг сорчлон авсан харийн уул уурхайнханд, үлдсэн 30 хувь нутаг хэрэггүй байв (Тэд газрын наймаачид биш учраас). Харийнхны голж хаясан тэр 30 хувь нутгийг Монголын төр (Икс сайд ч биш) арга буюу “улсын нөөцөд авав” гэж, асар их бүтээн байгуулалт хийчихсэн, гавъяа байгуулчихсан аятай сүр бадруулсан билээ. Энд чөлөөлөлт биш, түрэмгийлэлт л харагдаж байгаа биз.
Үндсэндээ энэ “нөөцөд” л лиценз олгохгүй гэж тунхагласан. Өөрөөр хэлбэл, Монголын хамаг эрдэс баялаг газар нутагтайгаа хамт харийнхны гарт орсон хойно, цаашид лиценз олгох ямар ч үндэсгүй болсон хойно “таван жил лиценз олгохгүй” гэж зарлажээ.
Ашигт малтмалгүй нутагт яаж лиценз олгох вэ. 15 жилд бүгдийг нь харийнханд өгчихөөд, лиценз олголт дууссан хойно, лиценз олголтыг зогсоолоо. Өөрсдөө “шилний цаанаас чихэр долоолгох” гэгчилэн хэлдэг аргаараа ийнхүү олон түмнийг амаараа шороо үмхтэл нь мэхэлж байдаг аа.


Сурталчилгаа 2: “Урт нэртэй хуулийг хэрэгжүүлж, улс орныхоо өмнө гавъяа байгуулав. 245 лицензийг тус хуулийн дагуу цуцлуулжээ”.


Тайлбар 2: Урт нэртэй хуулийг Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд санаачилсан. Харин хоёр жил хэрэгжүүлэхгүй цааргалж, хамгийн их эсэргүүцэж, гар хөл болсон хэсэг гишүүдээрээ уг хуулийг өөрчлөн утгагүйдүүлэх алхам хийлгэж байсан хүн бол ноён Икс. 1700 гаруй (нийт 4727 байдаг) лиценз цуцлах ёстойн 254-г (өөрөө хууль зөрчиж олгосон нь 192) цуцлахчаа аядахдаа Орос, Монголын компаниуд руу голчлон довтолж, Хятадын компаниудад туйлын ивээнгүй ханджээ. Дархан, Эрдэнэтийг галтай байлгадаг Шарын голын уурхайн лицензийг ч цуцалж, даажинтай хорлонтой хандсан байна.
“Тэдгээрт хоёр их наяд төгрөгийн нөхөн олговрыг улсаас өгөх учиртай тул, урт нэртэй хууль хэрэгжих ямар ч боломжгүй” гэж ухуулга сурталчилгаа хийлгэж ирэв. Үнэхээр ч үйл ажиллагаагаа зогсоосон нь бараг үгүй юм. Ямар сайндаа ус нутгаа сүйтгүүлж, амьдрах аргагүй болсон ард иргэд зэвсэг барин босч байх вэ дээ.
Хоёр их наяд гэсэн нь 3-4 болон өсч, нэг төрлийн хууль бус бизнесийг буй болгож байна. Зөвшөөрөлтэй газар дээрээ юу ч үйлдэж амжаагүй байсан Asia Gould компани 300 сая төгрөг нэхэмжилсэн байх жишээтэй.
Нөхөн сэргээлтийг төр хийх ёстой гэж Икс сайдын хүмүүс зүтгэдэг.
Энэ бүхэн нь Урт нэрт хуулийг дампууруулан үгүй хийх гэсэн л оролдлого.
Харьд баялгаа зүгээр өгчихөөд, экологийн хувьд орших аргагүй болоод ирэхийн үес дааж давшгүй их мөнгө төлж байж авбал авах, тэр нь бараг үл гүйцэлдэх-энэхүү неоколонист нөхцөл байдлыг эхнээс нь бүтээгчдийн нэг нь ноён Икс ээ.

 


Сурталчилгаа 3: “Оюутолгойн асар их ач холбогдолтой, ашиг тустай гэрээг байгуулж, эдийн засгийн эргэлтэд оруулсан”.


Тайлбар 3: Оюутолгой дангаараа Монгол улсыг Дубай болгож чадах юм. Улсын төсвийн 80 хувийг бүрдүүлдэг байсан Эрдэнэтээс зэсийн нөөцөөрөө долоо дахин, Бороогоос алтны нөөцөөрөө 40 дахин, Асгатаас мөнгөний нөөцөөрөө дөрөв дахин их орд билээ. Оюутолгойн ашгаар дэлхийн долоон тэрбум хүнийг нэг сар тэжээж болно (Монголчуудыг бол 216 жил!)


Гэтэл Оюутолгой монголчуудыг их өрөнд оруулах болчихжээ. Урьдчилгаа 250 саяыг авлаа гэсэн нь, өндөр хүүтэй зээл байсан. Төслийн өртгийн 34 хувийг 12 хувийн хүүтэйгээр (арай гэж эх орончид 6 хувь болгосон) манай тал Рио-Тинтогоос (үнэндээ хятадуудаас) зээлэх болсон нь бодтоор бол өртгийн 52 хувийг нь дааж буй хэрэг аж. Тохиролцооны зарчим ёсоор 52 хувийг нь эзэмших ёстой зардал гаргачихаад 34 хувийг “эзэмшиж” луйвардуулсан гэсэн үг. Гэтэл Хөрөнгө оруулалтын гэрээ (ХОГ) буюу Хогийн гэрээ гэж алдаршсан баримт бичгээс өөр, маш нууц Хувь нийлүүлэлтийн гэрээ (ХНГ) гээчийг байгуулж, монголчуудыг бүр зургаан хувийг нь эзэмших болгосон байсан гол тоглогчдын нэг нь - Икс сайд.


ХОГ-ийг нь баримтлаад ч, Оюутолгойн ордын ашиглалтын 30 жилд ногдол ашгаа аваад, төсвөөсөө нэмэрлээд төлж дийлэхгүй, харин тэр 30 жилд Оюутолгойг цөлмөж дуусна гэнэм. Ийм солиотой гэрээг УИХ-ын гишүүд хүртэл мэдэрч, 1-рт, төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиас бууруулж болохгүй, 2-рт, цаашид 51 хувь болго, 3-рт, Монгол Улсын хуулиудад нийцүүлэх гэрээг зас гэсэн 57-р тогтоолоо (2009) гаргуулсан. Гэвч ноён Икс гэрээг засч залруулах чиглэлээр ажиллах байтугай, УИХ-д шаардлагатай ямар ч мэдээллийг танилцуулахгүй, бүр “Хуц, өгөхгүй!” гэж явдаг билээ. “Оюутолгой эмзэг бүлгийн хятадуудын хувьд амралт сувиллын газар, монголчуудын хувьд концлагерь боллоо” гэж хэвлэлд бичигдэж байна. Оюутолгой неоколоничлолын гол түшиц газар л болж байна.

 


Сурталчилгаа 4: “Цөмийн хаягдлыг Монголд булшлах ямар ч гэрээ байгуулаагүй, цөмийн асуудлаар ямар ч хууль бус зүйл хийгээгүй, цөмийн асуудалтай ямар ч холбоогүй”.


Тайлбар 4: “Цөмийн нууц хуйвалдааны гол тоглогчдын нэг учир нэрийг нь тат, бүү сонго, нэрсийн жагсаалаас хас” гэж No Nuclear in Mongolia гэх нэр хүндтэй бүлэг ноён Иксийн нэрийг дурдаж, ард түмэн, нам, СЕХ-нд хандсан байдаг. Гэтэл удалгүй Цөмийн энергийн газрын (ЦЭГ) дарга асан С.Энхбат: ноён Икс Цөмийн хаягдлыг Монголд булшлах ажлын хэсгийг ахлаж ажилласан, холбогдох гэрээнүүдийг байгуулсан болохыг мэдэгдэв. Салбарын тэргүүлэх удирдагчдын нэг байсан С.Энхбат эрдэмтэн албаны эх сурвалжуудыг ашиглан ийнхүү баталсан юм.
“Хэн гол тоглогч вэ, хэн гол зүйлүүдийг хийсэн бэ” гэх ноцтой асуултууд нийгэмд удаан хугацаанд оршсон. Хариу нь энэ билээ.
Ер нь энэ нь тодорхой байсан, их яригдсан бөгөөд, С.Энхбат эрдэмтний үг эцэслэн баталгаажуулсан.
Энэ хүн цөмийн хаягдлыг Монголд булшлах асуудлыг эсэргүүцсэн тул албан тушаалаасаа зайлуулагдсан юм. Тэгвэл шүүхээс түүнийг хууль бусаар халагдсан болохыг тодорхойлж, эрхийг нь сэргээлээ. Зөв зүйл хийж байгаад хэлмэгдсэн нь тогтоогдлоо. Тэр зөв зүйлийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь ноён Иксийн асар их хор хөнөөлтэй гэрээнүүдийг илчлэх явдал байжээ. Эрхэм сайд холбоотой, буруутай гэдгийг шүүх зөвшөөрсөн шиг болжээ.


Нүгэл бүхнийг гүйцээж дүүргэсэн Икс ч шуурхай хөдөлж, эрдэмтэн С.Энхбат, үүнийг бичигч хоёрыг эрүү үүсгүүлэхээр цагдаад өгч, гэрээ байгуулаагүй гэж янз бүрийн байдлаар л ухуулав. Үндэслэл нь юу вэ? - Тэр гэрээ нь санамж бичиг гэсэн хуурамч нэртэй байдаг юм, гэхдээ гэрээний статустай. Гэрээ биш, санамж бичиг үзэглэсэн! Харин цөмийн хор хөнөөл - хуурамч биш, жинхэнээс ч илүү жинхэнэ байх болно!
Сурталчилгаа 5: “Насаараа хариуцлагатай ажил алба эрхэлсэн, гавъяа зүтгэлтэй, шалгарсан шударга төрийн түшээ”.
Тайлбар 5: Номенклатур гаралтай тэрбээр хятад судлаач хэдий ч, яагаад ч юм ашигт малтмал “судлаач” болон хувирч, 90-ээд онд одоогийн “эрдэс баялгийн бодлого” буюу, неоколоничлолын бодлогыг боловсруулалцаж эхэлсэн “анхны алтан хараацай” юм. Тэрбээр Ашигт малтмалын хуулийн төсөл, Оюутолгойн төсөл, Тавантолгойн төсөл, Цөмийн бодлогын төслийн гээд олон неоколоничлогч ажлын хэсгийн ахлагч байж.


Сайд байхдаа “Огцор!” гэх үгтэй л хамт алба хааж ирсэн. Хамгийн сүүлд УИХ-ын олон гишүүд санал нэгдэж, түүнийг золтой л огцруулчихаагүй.
1. Оюутолгойн холбогдолтой мэдээллийг УИХ-ын ажлын хэсэгт гаргаж өгдөггүй,
2. Нийслэлд эрчим хүчний төлөвлөгдсөн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлдэггүй,
3. ЗГ-ын тогтоолын дагуу Налайхын нүүрс олборлолтын асуудлыг цэгцэлдэггүй,
4. Сэргээгдэх эрчим хүчний асуудлыг - олон тэрбумыг үрэн таран хийсэн үргүй зарлага, будлиантай тендерүүд болгон хувиргаж дампууруулсан,
5. УИХ-ын тогтоолуудын дагуу агаар бохирдлын эсрэг ажил хийдэггүй, коксжих нүүрсэнд түшиглэх түлшний үйлдвэрлэл зохион байгуулдаггүй,
6. УИХ-ын ажлын хэсгийн албан бичгийг үл ойшоодог,
7. Урт нэртэй хуулийг зөрчиж, хориотой газар 192 лиценз олгосон гэсэн баталгаатай үндэслэлүүдээр огцруулах шаардлага тавигдсан.
Салбар нь хамгийн их авлигад идэгдсэн гэж АТГ-аар тодорхойлогдсон. Ашигт малтмалын газрын дарга Ж.Батхуяг нь АТГ-аар шалгагдаж байгаа. Хамгийн ядуу гишүүнээр шалгарахуйц хөрөнгө-орлогын мэдүүлэг толилуулдаг ч, “Альянс” төв ноён Иксийг АТГ-т өгсөн. Оны эхээр сонгуульд хэрэг болох хүмүүсийг авлигадсан гэх хэл аманд орсон. Юун шударга төрийн түшээ вэ!



Сонгуулийн 6-р бүлгийн 27.5.2-д, УИХ-д дэвших хүний “...эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг харгалзан үзнэ” гэсэн байдаг. Ноён Икс-д эдгээр чанарын аль нэг нь буй юу?


6-р бүлгийн 27.5.3-д “...хууран мэхлэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж байна. Хууран мэхэлсэн талаарх мэдээллийг авснаас хойш СЕХ долоо хоногийн дотор асуудлыг шийдвэрлэх ёстой байдаг юм билээ. Тус бүлгийн 35.31-д хууран мэхлэх мэдээлэл түгээсэн нэр дэвшигч, нам эвсэл, хэвлэл мэдээллийн байгууллагыг торгоно, нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасна, СЕХ нийтэд мэдээлнэ гэж байна.


Тэгэхлээр ноён Икс сонгуулийн нэрсийн жагсаалтаас хасагдчихсан, хуулийн хариуцлага хүлээх гээд байж байх ёстой аж. Тийм юм болж байна уу? Үгүй ээ. Тэр хүн үнэний төлөө дуугарсан хүмүүст эрүү үүсгүүлээд, үргэлжлүүлэн өөрийгөө худлаар сурталчилж ухуулаад, өчнөөн санал аваад, өдгөө ялалт байгуулагсадтай заргалдаад явж байна.


Өрсөлдөгчдийнх нь ёс зүйгүй явдлын талаар үнэнийг дуугарсан хүмүүсийг өөрсдийнхөн нь ч урвагч гэдэг цаг иржээ.
Учир нь, нэр дэвшигчийн зүй бус явдлыг илчлэх тусам сонгогчид тэр дэвшигчийг илүү хүчтэй дэмждэг хандлага их буй гэнэ. Дорнодод нэгэн дэвшигч нэр хүнд муутай байсан ч, хүчин, авлигын хэрэг нь яригдсаны дараа рейтинг нь огцом өсч, өрсөлдөгчдөө гүйцэж түрүүлэн сонгогдсон гэж байгаа. Эрдэнэтэд МАН-ын дарга С.Батболдыг ирэхэд булхайтай явдалд нь бухимдсан иргэд дайрч давшилсан болой. Үүний дараа МАН-ыг дэмжигчдийн тоо үлэмж нэмэгдэж, нэр дэвшигчийг нь ялуулжээ. Дундговьд нэгэн дэвшигчийн луйвар, залилан, авлига, бага насны охидыг уруу татдаг зэрэг нь мэдээж сөхөгдөж, мэдээж сонгогдсон. Өвөрхангайд ч тийм явдал болжээ, тоочвол олон жишээ байна. Тиймээс Икс сайд ч сонгогдох дөхсөн буй.


Тэр чөлөөлөгч баатар, урт нэрт хуулийн баатар биш юм. Тэр неоколоничлолын баатар, эдийн засгийн аллагын баатар юм. Тэр Монголын улс төрчдийн маш нийтлэг дүр, хэв шинжит төлөөлөл юм.

Ч.Мөнхбаяр