ОХУ-тай сөргөлдөж биш, хамтран УЦС барья!
 
 
Бодлогогүй УЦС-иудаас болж, Байгаль нуураас өмнө Хөвсгөл нуур сүйднэ
 
Монголчууд дайныг хүсээ гэж үү?
 
Ноён Путин сүүлийн үед Египт, Турк, Черногор улсуудтай муудалцан, харилцаагаа бараг тасаллаа. Туркэд эдийн засгийн хатуу хориг тавиад зогсохгүй, зэр зэвсэг хангинуулж, олон удаа харамсахад хүрнэ гэж айлгаж байна.
Гэтэл манай улсын эрх баригчид ОХУ-тай аль болох харилцааг муутгахыг эрмэлзэж байна. Оростой муудалцах орнуудын дараалалд яаран гүйж очиж зогсож, оочир дайран урагш тэмүүлж байна.
ОХУ өөртэй нь муудалцах орнуудтай дайтахаас буцахгүй байна. Тэгвэл манай удирдагчид ОХУ-тай дайтахыг хүсэн мөрөөдөж байна.
Тэд өөрсдөө аугаа дайчин баатар болоод дайтах гээд байгаа юм биш. Хөлсний ажлаа хийгээд л шан харамжаа аваад л цулайж цалайгаад, өмнөөс нь дайтаж байлдах монголын ард түмнийг элэглэж доромжилж, бах тав нь ханаад л сууж байх болно. 
УЦС-ийн авантюраас энэ бүхэн үүдэж байна.
Эг Сэлэнгийн бэлчрээс 2,5 км зайд, Булган аймагт Эгийн голын УЦС-ыг барих гэж буй. 1 тэрбум долларын зээлийг Хятадаас энэ зорилгоор авсан. 315 МВт-ын хүчин чадалтай энэ УЦС-ийг 2020 онд Хятадын “Чайна Гэжүба” компани концессийн гэрээгээр барина. Сэлэнгэ мөрөнд цутгадаг энэ голд УЦС барина гэж 1992-1995 онд ТЭЗҮ-г нь 5,2 сая доллараар хийсэн байдаг. Үнэндээ бол зөвлөлтийн мэргэжилтнүүдийн ТЭЗҮ-г л хуулчихсан хэрэг л дээ. 
Саяхан ахиад л ТЭЗҮ боловсрууллаа гээд ахиад л зөвлөлт нөхдийн судалгааг тийм зардлаар хуулсан сурагтай. Хуулсаан гэж оросын хэвлэлд бичиж байна. Харамсалтай нь, олон арван жилийн өмнөх тэрхүү судалгаа нэлээн хуучирсан хийгээд, өнөөдөр байгаль маань нэлээн доройтчихсон, бас экологи гэдэг чухал зүйлийг бөмбөрцөг даяар ухаарч байгаа цаг.
Социализмын үед зөвлөлт нөхөд Сэлэнгэ, Эгийн гол, Орхон, Туул, Хараа, Ерөө, Ховд, Хэрлэн, Богдын гол, Суман голд УЦС барьж болох судалгаа гаргасан байдаг. Тэр үед Байгаль нуурын экологийн тухай хэн ч бодож байгаагүй, зорилго аргаа зөвтгөнө л гэж байсан байх. Эндээс зөвхөн Байгаль мөрний цутгал дээр УЦС барьж болдог биш гэдэг нь харагдаж байгаа болов уу. Монголын гол мөрдийн үндсэн сүлжээнд хамрагдах Сэлэнгэд олон гол мөрөн шууд болон, шууд бусаар цутгадаг ч ( Монголд Орхон, Туул, Хараа, Ерөө, Дэлгэр, Эг, Идэр, Чулуут, Хануй, Суман, Оросод Үд, Жид, Хялга, Цөх), зөвлөлтийн мэргэжилтнүүдийн УЦС барих боломжтой гэсэн Хэрлэн, Богд, Ховд голууд бол Сэлэнгэд цутгадаггүй. Сэлэнгэд цутгадаггүй гол дээр бол УЦС үнэгүй шахуу бариад өгье л гэдэг юм дуулдсан, Оросын тал. 
Эгийн голын УЦС-д зориулж, сууриас дээшээ 103 м өндөр, 740 м өргөн далан барина. УЦС-ийн эзлэхүүн 5,7 тэрбум шоо метр, жилд 606 сая кВт/цаг цахилгаан гаргана гэж байгаа. Үүний тул, 300 хүн амтай Хангай багийг нүүлгэнэ гэж байгаа. 
Сэлэнгэ бол ус цуглуулах талбай нь Байгаль нуурынхтай бараг адил, 447 мя. ам км. Үүнээс Орос дахь 148 мя. ам км нь тусгай хамгаалалтай Байгалийн экологийн бүсэд (Байкальские природные территории) хамаарагддаг. ОХУ-ын ЮНЕСКО-гийн даян дэлхийн өвийн жагсаалтад байгалийн хосгүй үзэсгэлэнгээр шалгарч орсон 4 газрын нэг нь Байгаль нуур. ЮНЕСКО-гийн зүгээс Монголын УЦС-иудын аюул энд нүүрлэсэн тул глобал төвшний хамгаалалтад оруулах шаардлагатай гэжээ. 300 гаруй цутгалаас Сэлэнгэ л Байгаль нуурт хамгийн ихээр нөлөөлнө. Гэтэл УЦС-ийг зүтгүүлж байгаа дарга нар “Байгаль нуурт гантай жил шиг л нөлөөлөх юм байхчивлээ” гээд сууж байна. Путиний өөдөөс ган болгочихоод сууж байдаг хэн бэ, тэд?
Энэ гангийнхаа төлөө тэд хариас маш том урамшил, одон медаль, аюулгүй байдлынхаа баталгааг авна. Харин монголын ард түмэн бүх эрсдэлийг үүрнэ.
Путин удаа дараалан Байгаль далайд аюул учирч байна, хамгаалах болно гэж мэдэгдээд байхад манай дарга нар огт тоохгүй, тэвштэй сав руугаа бөндөгнөн гүйлдээд байгаа. Эзэд нь ч хөөрхөн лоолой тооройнууд сайн дэлбэртлээ таргалаарай, амттай сайхан зоог болохдоон биеэн бэлтгээрэй, баяр ойртож байгаа шүү л гэх.
Тэнд Путин гэдэг хүн уурлаад суугаад байдаг. Саяхан Байгаль далайгаа ямар ч үнээр болсон хатуу хамгаална гэж ахин мэдэгдлээ. Тэгвэл Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёр өөдөөс нь бараг л салаавч гаргах шив, УЦС-т зориулж тэрбум долларын зээл авснаараа. 
Манай дарга нар ОХУ Монголыг цахилгаан үйлдвэрлүүлэхгүй баллаж байна, тэгж дарлуулдаг цаг өнгөрсөн, С.Зориг Эгийн голын УЦС-иас болж амиа алдсан, гэвч айхгүй шүү гээд л цагаан хоолой нь болсон хэвлэл мэдээлэл, социал медиа-гаараа тувтан ухуулж, мэдээллийн дайн өөдөөс нь хийгээд эхэлчихсэн. Эдний УЦС-ийн бизнесийн хуйлрал, хавтгайралд хил хязгаар алга.
 
Миний бие ноднингийн 10-р сард Буриадын Улаан-Үдэд болсон “Монголын УЦС-иудыг Сэлэнгэ мөрөн дээр барихад учрах нийгэм эдийн засгийн эрсдэлүүд” (Социально-экологические риски строительства ГЭС Монголии на реке Селенга) дугуй ширээний уулзалтад гол илтгэгчээр уригдан оролцсон. Энэ сард Оросын АРД сайтад “Путиний толгой дээр УЦС барихуй” гэх нийтлэлээ хэвлүүллээ. Тэрхүү нийтлэлийн маань дараа Р.Фаляховын “Орос Монголын хооронд үүссэн зөрчилт нөхцөл байдал”, А.Юрковын “Эгийн голын УЦС усгүй болоход инээхтэй манатай болно” гэсэн нийтлэлүүд ч гарч, АРД-д энэ сэдэв идэвхжилээ. ОХУ-тай зөрчилдөж биш, хамтарч УЦС барья гэсэн чиглэлээр янз бүрийн л зүйл хийж ирлээ. Тэгэх явцдаа манай дарга нарын мэдээллийн дайныг ч их мэдэрлээ. Маш ихээр хөлсний сэтгэгдэлчдээрээ, бичээчдээрээ дайруулж гүтгүүллээ. Монгол эх орныхоо сайн сайхны төлөө л атгаг хорт кампанийг сөрж явахад минь урвагч гэх нь бүр энүүхэнд юм. За би ч яахав. Харин мунхаг мэдээллийн дайн өрнүүлж, элий балайчуудыг өдөөж, хөлсний элдэв ажил, дайралт хийлгэж байж, хоёр орны жинхэнэ дайн л битгий гаргачихаасай билээ. 
Нэг ган Путинд бэлэглэх гээд байгаа биш, нэлээн хэдийг өргөн барина гэж байгаа. 6-7-г барина, 6-7 ган болгоно гэж буй. Нэг ганд Байгаль нуур тэсдэг юм байж, нэлээн хэдэн ганг яах вэ. Путинд ган-зэвсгээр цохилт өгөх гэсэн оролдлого нэн уршигтай юм.
Сэлэнгийн Цагааннуур суманд барих Шүрэнгийн ГЭС нь 244 мВт-ын хүчин чадалтай, 65 м өндөр, 1230 м урт далан барина. Шүрэнгийн УЦС-ийг барихад Сэлэнгийн 3, Булганы 2 сум буюу 20300 га газрыг усанд живүүлж, хүн ардыг албадан нүүлгэнэ. Сэлэнгийн цутгал Дэлгэр мөрөнд Чаргайтын УЦС барина. Бас Орхон Туулын уулзвар бэлчирт Орхон-1 УЦС барина. Орхон-2, Орхон-3 гэж бас байх юм байлгүй. Туул голд Тэрэлжийн УЦС барина. 
Гадаадын уул уурхайнхан “та нар ОХУ-тай байлдан байж хямд УЦС-иудыг мянга мянгаар нь барьж, биднийг ханга, бид харин хариуд нь Монголыг цөлмөөд өгье” гээд байдаг юм байх. Уг нь бол гадны уул уурхайнхан өөрсдөө станциа барих нь түгмэл жишиг ч, манай төр Монголын ард түмний хөрөнгөөр дэд бүтцийг нь барьж өгнө гээд байдаг. Цахилгааны хэрэглээний өсөлтийн дийлэнх нь Монгол дахь харийн неоколонист уул уурхайн өсөлтөөс шууд хамааралтай байгаа. ОХУ-ыг ган гачигт оруулах Монголын төсөл нь “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих” гэсэн албан ёсны нэртэй. Жинхэнэ утга нь: Монголыг ОХУ-тай муудалцуулж ганцаардуулан, үүнээс монголын ард түмэнд аль болох их хохирол учруулах.
Өнөөдөр тэдгээр УЦС-ийг барихгүй байлаа гээд тийм ч айхавтар болохоон байчихсан юм алга. Монгол улс цахилгааны хэрэглээгээ бараг бүрэн хангаж байгаа. Оюутолгой л Хятадаас цахилгаан авч байгаа, бусад уул уурхайн компаниудын цахилгааны хэрэглээний ихэнхийг Монгол улсад үйлдвэрлэж байна. “Эрдэнэт” УБҮ ч мөн адил. Оросоос хөнгөлөлттэй цахилгаан авах эрхтэй байсныг нь болиулсан. Монгол дахь хэрэглэгчдийг “эх орны эрчим хүчний салбарыг дэмжих зорилгоор” гээд гадаадаас цахилгаан авч хэрэглэхийг ЗГ-ын тогтоолоор хориглосон. 
Монгол ОХУ-аас эрчим хүчийг жил бүр олон арван тэрбум төгрөгөөр авч байна, 2014 онд 57 тэрбумаар авсан, шөнө манай цахилгааныг үнэгүй авдаг гэдэг. 1997 оноос хойш 320 сая доллар Орост алдчихлаа гэж халагладаг. 320 сая доллар байтугай, 320 тэрбум долларын баялгаа харьд бэлэглэчихээд, их сайхан бүтээн байгуулалт боллоо гээд баярлаад сууж байдаг биз дээ. Дутагдсан цахилгаанаа авлаа гээд мөнгийг нь төлөхгүй яах юм бэ. Өөрсдөө шаардлагатай ЦС-иа барьдаггүй, барих гэхээрээ заавал харийн хатгалгаар Путиний толгой дээр барих гээд байдаг нь ямар учир вэ? 
Өнөөгийн байдлаар Монгол улсын цахилгааны суурилагдсан чадал 963 мВт. ДЦС-ийн чадал 835,5 МВт буюу 79,8%, импорт 134,4 МВт буюу 12,8%, дизель станци 46 МВт буюу 4,4%, УЦС 28 МВт буюу 2,7%, нар салхи 3,7 МВт буюу 0,35%. МУ-ын эрчим хүчний системийн хамгийн их бага ачаалал 932 болон 652 МВт. Үүнээс үзэхэд 280 МВт-ын зөрүү гарч байна. 
 
Илүүдэл цахилгаан үйлдвэрлэхгүйн тулд 100 МВт-ын 2 зуух, турбинийг зогсоох болно. Чингэвээс, тэдгээрийг зогсоох үед хөргөх, асаах үед халаах гэж их дулаан зарцуулах болдог агаад, үүний оронд ОХУ-д хямд үнээр ч атугай цахилгаанаа өгвөл ашигтай тусдаг гэдэг ажээ. Мөн 2 турбиний буюу 200 МВт орчим цахилгааныг оргил цагт Оросоос импортолдог. ОХУ-д дарлуулаад байна, хамааралтай байна гээд байдаг нь энэ юм. 
Хойд хөрш манайхыг ингэ гээд байгаа юм биш, манайхан өөрсдөө л сайн дураараа хамааралтай байж ирсэн. Социалист систем, лагерь бол нэг юм гэж үздэг байсан үеийн өвийг 25 жилийн турш өөрчлөөгүй, цахилгааны хангамж, тохируулгын механизмыг хийж бүтээгээгүй төр засгийн л буруу шүү дээ.
ОХУ муу хэлүүлэн байж, манай илүүдэл цахилгааныг авч, асуудлыг шийдэж өгч байх албатай юу гэвэл тийм биш юм. Өмнө нь зүгээр өгдөг байсныг хойд хөрш хямд үнээр авах болсон байна. Манайх шөнийн цахилгаанаа хямдруулснаар үйлдвэрүүд шөнө ажиллаад, хойш нь бага гаргадаг үе байжээ. Гэтэл ингэсэнд орвол Оросод хямд ч болов өгсөн нь ашигтай юм байна гээд л больсон, гэр хорооллынхноос бусдын хувьд шөнийн цахилгааны үнээ нэмсэн байх юм. Үйлдвэрүүд ч шөнө ажиллахаа больж. Ингээд л яаж ийгээд л хуучин хэвэндээ ороод, Оросод өөрсдөө л цахилгаан нийлүүлээд байгаа байж, “Оросын дарлал гэж гол хэцүү бэрх асуудал байнаа” л гэх. 
 
 
Тайлбар: Зохиогч Улаан-Үдэд болсон "Сэлэнгэ мөрөн дээр УЦС барихтай холбогдсон нийгэм-экологийн эрсдэлүүд" дугуй ширээний уулзалт дээр.
 
 
Усгүй УЦС барих нь ээ
 
10-р сарын эхээр УБ-т шаггүй газар хөдлөлт болоход ерөнхийлөгч аюул болох гэж байна гээд л уйлан дуугараад байсан. Тэгвэл энэ УЦС-иудын үймээн нь газар хөдлөлийн аюулыг мянга түм дахин өсгөж болох аж. Учир нь хөрсийг хуурайшуулан, эсвэл хэт чийгшүүлэн байдал төлөвийг нь өөрчилснөөс, тэнцвэр алдагдан, ерөнхийлөгчийг эхэр татан уйлуулах эрсдэлийг буй болгох юм байх. 
Байгаль нуурын усны 50%-ийг хангадаг Сэлэнгэ мөрөн хангадаг. Баригдах 6 УЦС буюу далангууд бүгд Байгаль нуурт сөрөг нөлөө үзүүлнэ.
Сэлэнгийн урсгалыг нь ихэд өөрчилж, урсацыг 3 дахин бууруулж, загасны АА-г дампууруулж, усан тээврийг үүдийг нь бариулж, ургамлын үнэт санг устгаж, усны чанарыг муутгаж, хангамжийг нь багасгаж, хөрс эвдрэх гулсахыг нэмэгдүүлж, Байгал нуурын төвшинг доошлуулж, загасны нөөцийг нь доройтуулж, ерөнхий байдлыг нь унагаж, ОХУ-ын экологи, цаг уурт хорт нөлөө үзүүлж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж, Оросын төдийгүй дэлхийн экологийн байдалд аюул занал учруулж байна гэж оросууд үзэж байна, цаана чинь. Судлаач В.Синюкович Шүрэнгийн УЦС 3,3 куб км, Эгийн УЦС 5 куб км усыг усан сангийн эхин шатдаа авна, ингэснээр Сэлэнгийн урсгал жилд 1 куб км-ээр багасна, Оросын хилд хэвийн үеээсээ 10-20 хувь багасч ирнэ гэжээ. Тэгвэл хуурайшилт, ган болбол байдал бүр ч хүндэрнэ. Ангар мөрөн дээрхи том УЦС-иуд зогсож, бүс нутаг цахилгаангүй болоход ч хүрч болох юм. 
Оросын экологийн зүтгэлтэн А.Колотов “Байгалийг Монголын УЦС-иудаас хамгаалъя!” (Защитим Байкал от монгольских ГЭС!) хөдөлгөөн өрнүүлэхийг уриалжээ. Тэрбээр В.Путин, Ц.Элбэгдоржид бичсэн захидалдаа, Орос, дэлхийн иргэд бид Байгаль нуур, түүний экосистемийг мөхөөх Монголын УЦС-иудын харалган төлөвлөгөөнөөс хамгаалах, хор хөнөөлгүй хувилбарыг сонгон хэрэгжүүлэхийг шаарджээ. Сэлэнгийн, ялангуяа Шүрэнгийн УЦС-иудыг барих ажлыг Путин хяналтдаа авна гэж мэдэгдсэн. 
Эгийн УЦС ус их авах тул Хөвсгөл нуур хамгийн түрүүнд доройтно. 
Гэтэл, Хөвсгөл нуурын онцлогоос болж, Эгийн УЦС өөрөө хэтийн төлөвгүй юм. Өдгөө Хөвсгөл нуур Эгийн голын хувьд усны найдваргүй эх сурвалж болсон. Хур багасвал ус өгөх нь ноцтойгоор багасдаг. Сүүлийн 10 жилд Хөвсгөл нуурын төвшин хэдэн удаа түгшмээр байдалтайгаар буурч байсан. Ийм үед Эг усгүй болдог агаад, олон арван жилийн өмнөх зөвлөлтийн мэргэжилтнүүдийн судалгаанаас хэдий болтол будаа идэж, нүглийн нүдийг гурилаар хуурч явах вэ? Эгийн гол төдийгүй, Сэлэнгийн бассейний бүх цутгалын ус, төвшин 90-ээд оноос буурсаар байгаа. Эгийн гол жилд 0,5-0,6 ам км ус өгдөг, Эгийн голын УЦС усан сангаа 6-8 жилд дүүргэнэ гэдэг ч бодит байдал дээр энэ нь яаж ч буурч болно. Усгүй УЦС л барих гээд байгаа юм шүү дээ. 
Манайхан 2008 онд Кувейтийн сангаас мөнгө авч, 20 сая доллар зарцуулан, Тайширт 11 МВт-ийн жижиг УЦС-ийг хятадын компаниар бариулсан. БОННҮ нь өөлөх юмгүй гарсан, гэтэл амьдрал дээр яав? Завхан гол 2011 оноос урсгал ус нь хомсдож, 300 км газар урсахгүй болсон агаад, улам энэ хэмжээ нэмэгдэж, цөлжилт өргөн явагдаж байна. Ийм байхад оросууд манайхныг Байгаль нуурыг ширгээнэ гэж айхгүй яах юм бэ?
Хойд хөрш Байгаль нуураас гардаг Ангар мөрөн дээр 1956 онд 660 МВт-ын Эрхүүгийн, 1967 онд 5000 МВт-ын Братскийн, 1974 онд 4000 МВт-ын Усть-Илимскийн, 2012 онд 1400 МВт-ын Богучанскийн УЦС-иудын барьсан агаад, энэ нь Байгаль нуурт сөргөөр нөлөөлж байгаагүй гэдэг. Гэтэл Эрхүүгийн УЦС лав их будлиантай гэж яригддаг.
Харин УЦС бариагүй байхад л Монголын уул уурхайн замбараагүй идэвхжилээс болж, Байгальд ирэх ус багасч, төвшин буурч байна, бохирдол ихэсч, хэт замагжиж, булингартаж байна гэгдэж ирсэн. Академич М.Грачёв Байгаль нуурт бохирдол, өөрчлөлтөөс шалтгаалж, спирогира хэмээх сөрөг нөлөөт замаг их болсон, урьд өмнө огт ийм зүйл тохиолдож байгаагүй гэж түгшүүрийн харанга дэлджээ. 2015.9.24-нд Байгаль нуурын төвшин хэвийн хэмжээнээсээ 24 см-ээр доошилсон нь хэмжигджээ. Өдгөө бүс нутагт Росприроднадзорын дарга тэргүүтэй нэр хүндтэй баг Байгаль нуурын байдал, гадны нөлөөлөл, эрсдэлийг судлан ажиллаж байгаа, ямар ч үр дүнгүүд илрээ билээ. 
Буриадын Кабанск тосгоны дэргэд Сэлэнгэ мөрний нэгэн салаа завиар явдаг, гүүртэй байсан атал ширгэн тасарсан, Истомино тосгоны дэргэд завиар загасчилдаг байсан газарт хэдэн шалбааг үлдсэн, Ранжурово тосгонд худаг усгүй болсон зэрэгт оршин суугчид нь ихэд бухимдаж байгаа бөгөөд, ийм жишээ олон. Өнгөрсөн жилд Сэлэнгэ 19,25 куб км усыг хойд хөршид аваачсан хийгээд, хэвийн дундаж нь 28,8 куб км ажээ. Монголд уул уурхай гаарсан, ой ихээр огтолдог, түймэрт өртүүлдэг зэргээс энэ бүхэн үүдэж байна гэж үзэх судлаач цөөнгүй. УЦС бариагүй байхад л энэ шүү дээ. УЦС барихад, барьсан хойно хариуцлагагүйн зуд болсон Монгол орноос ямар ямар үр дагавар гарахыг таашгүй. 
Оросын голууд ч сөрөг нөлөө үүсэхэд оролцож л байгаа.. Иймд асуудлыг комплексоор нь авч үзэж, бодитой үнэлэлт дүгнэлт өгч, хамтран ажиллах учиртай. Хил дамнасан гол усны асуудлыг хамтдаа тохиролцож зохицон шийдэх ОУ-ын зарчим эртнээс жишиг болсон агаад, холбогдох бүх гэрээ конвенциудад Монгол улс нэгдчихсэн. Хүлээнэ гэсэн үүргээ умартчихсан л болохоос.
 Оросууд манайд тулгалт хийгээд байдаг юм биш, альтернатив вариант санал болгодог. Өөр газар УЦС барихад тусална, цахилгааны үнийн уян хатан бодлого баримтална гэдэг. Ийм юмаан яриад ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдын орлогч Семён Леви, Усны нөөцийн газрын захирал Марина Селиверстова нар 4-р сард ирэхэд бараг амбаардаад хөөгөөд явуулсан. Алдарт зохиолч Константин Симоновын ач, оросын олон нийтэд нэр хүндтэй Евгений Симонов судлаачийг тагнуул гээд албадан гаргаж, 10 жил нэвтрэх эрхийг хаасан хар тамга дарсан. Нэгэн нэр хүндтэй эрчим хүчний инженер Путин Монголд УЦС бариулах дургүй биш, мөн манай тал шаардлагатай хэмжээнээс илүүтэйгээр УЦС-иудын хүчин чадлыг төлөвлөж байна гэсэн санаануудыг хэлсэн билээ.
Манай дарга сайдууд оросуудтай проблемын үндсэн аспектуудыг илэн далангүй хэлэлцэж, шийдвэрлэх чиглэлүүдийг нь ажил хэрэгчээр тодруулан тодорхойлж, хоёр улсын төрийн байгууллагуудын холбогдох үйл ажиллагааг төлөвлөн хамтран ажиллахын оронд Путин юм хэлэхээр бүгдийг нь биелүүлнэ, гүйцэтгэнэ гэчихээд, эргэнгүүт нь 180 хэм эргэн хувьсдаг улс.
Араас хутга шаалаа гээд л Путин туркүүдэд дургүйцэж, ачааны тэргийн цувааг нь бөмбөгдлөө, нисэгчийг нь унагасан газрыг эргэж хөрвөтөл нь галлалаа. Тэгвэл манайхан араас нь хутга шаах байтугай, их буугаар буудах гэж байна.
 
Юун Сэлэнгэд УЦС барих байтугай, хойшоо урсдаг эх оронч биш бүх голыг өмнөш нь урсгаж эх оронч болгох Гадаргын усыг үр ашигтай ашиглах төсөл гээчийг боловсруулж байна. Яаж эх оронч болгож байнав гэхээр 95 хувийг нь гадагш нь гаргаад, 5 хувийг нь өөрсдөө ашиглана, 5 хувь л болоо ш дээ, өөр илүү юмаар яах гээд байгаа юм гээд л яриад сууж байнлээ шүү дээ. Хүний юмаар яах гээд байна гэх нь л халаг.
Оросын Думын депутат М.Слипенчук Хятадын “Ногоон хэрэм” төсөлд зориулж үүнийг хийж байгаа гэж мэдэгдсэн байсан. Нэгэн судлаач маань, манай ус, нүүрсэнд түшиглэн Хятадын эрчим хүчний хүчин чадлыг буй болгож байна, тэгээд л цаашдаа ашиггүй, алдагдалтай гээд л Тавантолгой шиг Хятадад зүгээр өгөх гэж байна гэсэн. Тэгвэл хэцүү л байна. Тэмцэгч Ц.Мөнхбаяр УЦС Монголд огт барих хэрэггүй, эмзэг байгальд маань нэн их хөнөөлтэй, гол ус урагш нь эргүүлэх төслийг бол санахын ч хэрэггүй, говио ч усжуулсан юмгүй, хангайгаа ч цөл болгоод, ус мөрдөө ч ширгээж алдаад дуусна, Хятадад тоос, агаарын бохирдол, хуурайшлын асуудал ноцтой болж, нарийн технологийн үйлдвэрлэлд ялангуяа сөргөөр нөлөөлөх болсон, тиймээс усжуулах, ногооруулах талаар их анхаарч байгаа, үүн дээр дөрөөлж манай энэ дээр байгаа улсууд хувийнхаа ашиг хонжооны төлөө гол мөрдөө золиослох гээд байна гэсэн билээ. УЦС-иудын төсөлд оролцоно гэж Хятадын экспорт импортын банк оройлон мэдэгдэж байгаа гэж Оросын хэвлэлд бичсэн байсан.
 
ОХУ-тай муудалцан харилцаа тасрахад наад зах нь л Монгол улс шатахуунгүй болно. Манай ойр шатахуун нийлүүлчих улс байхгүй. Казахстан автоматаар ОХУ-ын хоригт нэгдэнэ. Өөрсдийн нефтиэ бид харьд бохир ус гээд бэлэглэчихдэг, бохир ус зайлуулсны төлбөр гээд аягүй бол төлбөр төлж байгаа байх. Алс Арабаас далай тэнгис гатлуулж зөөгөөд энд үний нь хүчрэх хүн байхгүй.
УЦС барьтал цахилгаангүй болно. Угаасаа шатахуунгүй, цахилгаангүй болчихоор яаж ч УЦС барих юм? Оросоор дамжуулж хүн, ачаа зөөвөрлөж чадахаа болино. Европтой харилцаа тэглэгднэ. Эдийн засгийн хоригоос олон сөрөг зүйлс үүднэ.
Манайд учиргүй олон хүн Путин мандтугай, ОХУ бадартугай гээд л сүйд болоод байдаг. Тэгсэн хэрнээ, УЦС бариулахгүй байгаа Путин сөнөтүгэй, эрчим хүчний хараат байдалд байлгаж байгаа ОХУ-тай байлдсугай л гээд байх юм. Эсрэг тэсрэг ийм хоёр бодгальд хуваагдах нь биполяр гэдэг ноцтой өвчин болой. 
Тэгсэн мөртлөө бас, төвийг сахиж болохгүй ээ, орос ахтайгаа хамт Шанхайн эвсэлд орж, америкчуудтай байлдмаар байна гэх. Хятад Америк хоёр цэргийн маш дотно гэрээ байгуулчихлаа.
Манайхны учрыг ойлгоно гэж бүтэшгүй даваа юм...
 
Худалдан авагчгүй цахилгаан үйлдвэрлэх гэж хуйлран шуугиж байна уу?
 
Орос улс манайхаас цахилгаан аваад УЦС-даа хаалт хийж, усаа нөөцлөөд л, ашигладаг аж. Ийм л учраас Монгол улс УЦС-тай болох ёстой байхгүй юу гэх байх. Тэгвэл УЦС-гүй ч орон байдаг, усгүй ч орон байдаг, яаж болоод байдаг юм? Яагаад тэд ямар нэг том орныг усгүй болгон байж УЦС-тай болно гэхгүй байна? Энд би Монгол УЦС-гүй байх ёстой гэх гээгүй, УЦС Монголд байж ч байгаа, Оросоос хол газар, маргаангүй газар барих боломж ч бий. Цахилгааны хэрэглээгээ тохируулах УЦС-иас өөр ямар ч арга байдаггүй юм уу л гэх гэсэн юм.
 
Бий нь бий. Шөнө цахилгаан хэрэглэх газар ихтэйгээр нийгмээ, эдийн засгаа зохион байгуулдаг байна. Манайх ч тэгж байсан боловч, туйлбартай байж чадаагүй ажээ.
Цахилгааны тохируулгын зориулалтаар УЦС барина гэвэл тэр нь их том юм уу, хэд хэд байх шаардлагагүй. Харин ямар зорилготой нь мэдэгдэхгүйгээр олон УЦС, ДЦС, СЭХЦС, АЦС-ийг зэрэг зэрэг туйлшран хуйлран барих гээд байгаа нь л хачирхалтай.
УЦС барих гэж л байгаа юм бол бусад төрлийн ЦС-иудыг яах гэж барих гээд байгаа юм? Тавантолгойн 450 МВт-ын ДЦС-ийн төслийн удирдагч М.Энхсайхан бидний гол асуудал бол цахилгааныг маань худалдан авах этгээд байхгүй байгаа явдал гэжээ. Оюутолгой авахгүй гэнэ. Тэгээд ч манай тал Оюутолгойг найдваргүй хэрэглэгчид тооцдог бол, Оюутолгой манай үйлдвэрлэгчдийг найдваргүй нийлүүлэгчид тооцдог юм билээ. Монголд тог тасрах нь хэвийн ажиллагаанд тооцогддог, тэгвэл гадаадад бол онц байдалд тооцогддог. Тэгвэл Амгалангийн ДЦС-5-ын хүчин чадал З00 МВт, ДЦС-З-ын өргөтгөлийнх 50 МВт. Худалдан авагч нь хэн бэ? Тодорхойгүй.
Яагаад худалдан авагч байхгүй байхад, өчнөөн зээл хөрөнгө зарж, хойд хөрштэй муудалцаж, урд хөршийн нөлөө, ажиллах хүчийг нэмэгдүүлэн байж, ажиллагаагүй балгасуудыг үйлдвэрлэх гээд байгаа юм бэ гэж уншигч гайхан асуух магад. 2008 онд барилгын салбар замбараагүй өссөнөөс болж, эдийн засгийн ноцтой хямрал болж, их нуралт эхэлсэн. Тэгвэл одоо УЦС, бусад ЦС-иудыг замбараагүй барьж, ЦС-ын хямрал үүсгэж, эдийн засаг, нийгмээ бүрмөсөн нураах гэж байнам уу.
Хэн нэг нь УЦС, ЦС барих ашигтай ажил олоод хийчихлээ гэсэн явган яриа тарснаас болж л бүгд өрсөлдөн ийнхүү дууриаж бужигнаж байгаа асуудал ч бас бий. Гол нь энэ үймээнд улс орны эрх ашиг, ард түмний аж байдлыг эрхэмлэсэн зүйл огт үгүй. Ингэж уршигтай балагтай юм хийж байхын оронд дутагдаад байгаа үйлдвэр, аж ахуй, цэцэрлэг сургууль барьж болдоггүй юм уу. Оросод дарлуулаад болохоо байлаа гэж ард түмнийг турхирч суухын оронд нефть боловсруулах үйлдвэр барьчихдаггүй ээ? Мэдээж барихгүй. Ард түмэнд муу болох л юм хийнэ. Ард түмэнд муу юм тохиолдох тусам өөрсдөд нь сайн байх, ард түмний эсрэг дэглэм л биднийг дарлаад, хорлоод байгаа шүү дээ.
 
Ч.Мөнхбаяр