Улс орны хөгжил дэвшил залуучуудын мэдлэг, боловсролтой шууд хамааралтай ойлголт. Залуучууд ирээдүйдээ итгэлтэй, том зорилготой байж л эх орноо авч явна. Өөрөөр хэлбэл Монгол улс хүнээ хөгжүүлж байж хөгжлийн дараагийн шатанд гарна.
 
Сүүлийн жилүүдэд хүний хөгжлийн тухай зөвхөн манай улс биш дэлхийн олон оронд энэ асуудлыг чухалчлан судалж байна. Хүн төвтэй хөгжил дэлхий нийтийн үзэл баримтлал болжээ. Байгалийн баялаг огт байхгүй хэрнээ Сингапурын эдийн засаг яаж эрчимтэй өсөв өө, хүн бүхэн нь ажилтай, орлоготой, орон сууцтай, сайхан амьдраад байна вэ. Нууц нь хүнээ л хөгжүүлсэн байна.
 
Дараа нь боловсролтой, мэдлэгтэй, чадвартай хүн нь улс орноо хөгжүүлжээ. Сингапурын хурдтай хөгжлийг цогцлоон бүтээгч, ерөнхий сайд асан Ли Гуан Яао “Бидэнд бусдаас суралцахаас өөр ямар ч баялаг  байгаагүй” гэж хэлсэн байдаг.  Монголын баялаг, Монголын буян хэмжээтэй.
 
Бид холыг харж сэтгэж, хоёрыг ургуулж бодох ёстой. Монголчууд үнэхээр өвөг дээдсийнхээ ачаар их баялагтай, их буянтай эх орон өвлөсөн нь үнэн. Гэхдээ Монголын баялаг, Монголын буян хэмжээтэй. Баялагаа барьцаалж ирээдүйгээ өрөнд хийх эрх ямар ч албан тушаалтанд байхгүй. Ер нь өндөр хүүтэй зээл авч зам тавьдаг, зам нь жил болоод л эвдэрдэг, дахин зээл авч засдаг ийм буруу бодлоготой улс манайхаас өөр байдаг ч юм уу.
 
Бондын мөнгөөр ирээдүйд эвдрэх зам биш ирээдүйд мөнгө олох салбарыг бодитой дэмжих байсан. Улс өөрийн гэсэн мөнгөтэй болсны дараа замаа тавина уу, гүүрээ барина уу тэдний хэрэг. 1950 он гэхэд Азийн хамгийн ядуу орны нэг байсан Өмнөд Солонгосын эдийн засаг одоо дэлхийд 8 дугаарт, азид эхний 3 дугаар байрт явна. Өмнөд Солонгос хүнд үедээ  Баруун Германд уурхайчин, сувилагч нараа илгээсний хариуд тэдний цалинг барьцаанд тавьж мөнгө зээлсэн байдаг.
 
Тэр мөнгөөрөө гангийн үйлдвэр барьсан. Гангийн үйлдвэр, аж үйлдвэржилт мөнгө олсон. Солонгос ингэж л эдийн засгаа сэргээсэн, боссон. Японы тоёота компани АНУ-ын зах зээлд анх машинаа гаргах гэж маш их мөнгө алдсан. Энэ мөнгийг нь өрсөлдөгч компани болох ниссан, хонда, мицибуши хамт төлөлцдөг байж. Арай гэж тоёота АНУ-ын зах зээлд гарсан, араас нь нөгөө хэд нь ямар ч саадгүй нэвтэрсэн байдаг.
 
Манай ноолуурынхан саяхан АНУ-д нэг үзэсгэлэнд очсон чинь тэд Монгол ноолуурыг сонирхож байна гэнэ. Гэтэл яг адилхан ноолууран оймс хэрнээ өөр өөр үнэтэй, нэгнийгээ муулаад, өөрийнхийгөө магтаад сүйд болсон байна. Жон Батаагийнх сайн уу, Цэцгээгийнх муу юу гэхээс илүү Монголын ноолуур л гэж харна. Гадаад зах зээл рүү улсаараа нэгдэж гардаг болохоос урдах хойдохоо муулаад хол явахгүй. 
 
Оюу толгой дундрах баялаг, Оюунлаг толгой ундрах баялаг.  
Ухдаг биш ургуулдаг баялагийг бүтээх цаг болжээ. Оюу толгой бол дундрах баялаг, Оюунлаг толгой бол ундрах баялаг.  Ухаан бодлоо ургуулдаг салбарт уралдахгүй бол хол хоцорлоо. Бид хүний илүүгээр биш ухааны илүүгээр л улсаа хөгжүүлнэ. Саяхан л цөөнхийн тансаг хэрэглээ байсан гар утас одоо олонхийн энгийн хэрэглээ болсон байна. Хэсэг залуус нийлээд “Candy crush” шиг тоглоом хийгээд гар утсанд оруулахад л мөнгө олох боломж байна.
 
УИХ-ын гишүүн нь ч тоглочихно. Тоглоомыг 1 доллароор 1 сая хүн татаад авахад л 1 сая доллар олох жишээний. “Angry birds” тоглоом гэхэд л хагас тэрбум доллар олсон гэнэ. Монголчуудын бүтээсэн оюун ухааныг хөгжүүлдэг оньсон тоглоомыг гар утсанд оруулах бололцоо бий. Чингис нэртэй архи уралдан үйлдвэрлэж байхаар ЧИНГИС гээд (байлддаг) тоглоом үйлдвэрлэчих л дээ.
 
Стив Жобс гэдэг хүн интернэтийг гар утсанд оруулж өгсний маргааш л гар утсанд юу оруулж болох вэ гэж сэтгэх хэрэгтэй. Энэ бол нэг л жишээ. 1990-ээд оны үед хэн банкинд танилтай байна, хэн эхэлж Е паспорт авсан байна, хэн түрүүлж хотод орж ирсэн байна тэр нь тодорхой хэмжээгээр эхэлж бизнест хөл тавьдаг байсан. Тэгвэл одоо энэ хууль үеэ өнгөрөөжээ. Эдийн засагт шинэ хууль мэндэлсэн. Энэ бол мэдлэг төвтэй эдийн засаг.
 
Капитал биш, мөнгө биш мэдлэг. Дорж нэг ТҮЦ нээдэг, хажууд нь Дондог нэгийг барьдаг, маргааш нь Долгор ирдэг, нөгөөдөр нь бүгдээрээ дампуурдаг байдлаа нэн даруй өөрчлөх хэрэгтэй болох нь. Төрөөс инновацийн бодлогыг эрчимтэй дэмжих, шинээр зохион бүтээх үйлдвэрлэл, судалгааны төвийг байгуулахад хөрөнгө харамгүй зарах, патентийн эрхийг хамгаалах зэрэг арга хэмжээнүүдийг даруйхан авах нь мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх том хөшүүрэг болно.
 
Мөн хөрөнгө оруулалт татах, гадныхан удаан хугацаагаар бизнес хийх таатай орчныг бүрдүүлэх баталгаатай хөрс бий болгох нь чухал байх. (Бизнес хийхэд таатай орнуудын жагсаалтанд Монгол улс 72 дугаар байрт явна, жагсаалтыг нөгөө л Сингапур тэргүүлж байна). Харилцан ашигтай хамтрахыг л бизнес гэдэг болохоос хэн нэг нь илт цөм хийх сонирхолтой бол бизнес биш дээрэм болно. Гадны хөрөнгө оруулалт гуравны хоёроор буурсан нь бодит үнэн.  Одоогоор мөнгөө дээрэмдүүлэх гэж Монголыг зүглэх тэнэг олдохгүй л болов уу. 
 
Манайх хөдөлмөрийн анхдагч харилцаа болох ажилд авах, орох байдлаас эхлээд л өөрчлөгдөх зүйл их бий. Танил сайтай нь биш мэдлэг сайтай нь ажилд ордог, Ажилд орох гэж мөнгө төлдөг биш ажил таны мэдлэгт мөнгө төлж авдаг болох хэрэгтэй. Дөнгөж төгссөн залууд 3 жил ажилласан байх шаардлага тавьдаг, туршлага биш чадварыг үнэлдэг систем үгүйлэгдэж байна.  
 
Мэргэжил өөрөөс биш нам өөрөөс болж халагддаг төрийн албыг өөрчлөөгүй цагт ухаалаг төр гэх уриа, лоозон хэвээрээ л байна. Систем зөв өөрчлөгдөж чадвал түүнийг дагаад хүн ч, амьдрал ч өөрчлөгддөг жамтай. Цаг ирнэ ээ. Залуус энэ өөрчлөлтөөс өрсөж өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. 35 нас хүртлээ эрх мэдэл, эд баялагаар биш эрдэм боловсролоор биеэ чимэх нь зөв болов уу.  Энэ нь ирээдүйн 25 жилийн хоолоо бэлдэж буй хэрэг байж болох. Улс орон үргэлж ийм хямралтай, хүнд байхгүй. Сонголтоо зөв хийвэл эдийн засгийн хямрал илаарших цаг ирнэ.
 
Эдийн засаг сэргэнэ, улс мөнгөтэй болно. Тэр үед мөнгөө үр ашигтай зарцуулах ухаан, мэдлэг бидэнд чухал хэрэгтэй болно. Арабын зарим орнууд шиг баялаг ч үгүй, хөгжил ч үгүй болчихгүйн тулд ухдаг биш ургуулдаг салбарыг одооноос босгох хэрэгтэй. Ингэж чадвал улсаараа урагшаа олон алхана.
 
Улстөр, нийгэм судлаач Ж.Мөнхжаргал