Эхлээд бид одоо ямар засаглалтай байгаа вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй болно. 
 
Бид одоо ОЛИГАРХИЙН ЗАСАГЛАЛ буюу санхүү, эрх ашгийн бүлэглэлүүдийн ээлжгүй засаглалтай. Наанаа АН, МАН ээлжлээд буй мэт ч уг мөн чанартаа ОЛИГАРХИ ээлжгүй засагласаар л байгаа. Нэг бүлэглэл, нөгөө бүлэглэлээр солигдох нь мөн чанарыг өөрчлөхгүй. 
- Төрийн бодлого нь хөгжлийн үзэл санаа, концепцийнх бус, эрх ашгийн бүлэглэлүүдийн богино хугацааны популист амлалтыг хангахад зориулагдсан, 
- Төрийн алба нь мэдлэг, ур чадвар, туршлага, ёсзүйн шалгуураар бус намын, хандивын, бүлэглэлийн шалгууртай. 
- Тархи угаасан, амлалтаар хуурсан, мөнгө хөрөнгөөр гуядсан, эрх ашгаар барьцаалсан сонгуулиар сонгогддог. 
 
Ийм засаглалыг ОЛИГАРХИЙН ЗАСАГЛАЛ гэх ба манайд улам бүр бэхжиж байна. Ийм тохиолдолд 
• Төрийн бодлогод иргэдийн оролцоо
• Хууль дээдлэх ёс 
• Ил тод байдал 
• Хөнгөн шуурхай байх
• Зөвшилцөлд тулгуурлаж ажиллах
• Тэгш байдал
• Үр нөлөө, үр ашиг
• Хариуцлага
• Алсын хараа гэсэн засаглал үр өгөөжтэй байх шинж, боломжууд ямар нэгэн хэмжээгээр хэрэгжих боломж нэн мөхөс болно. Бодит байдал ч тийм байна. Бид олигтой урагшилж чадахгүй байгаагийн шалтгаан нь энд бий. 
Хэрвээ Занданшатар нар Олигархийн засаглал манайд байхгүй ээ гэж буй бол түүнээ нотлох шаардлагатай. 
 
Яагаад ОЛИГАРХИЙН ЗАСАГЛАЛ бий болчихов. 
 
1990-ээд онд өмнөх нийгмийн хэт төвлөрсөн удирдлага бүхий тоталитар тогтолцооноос ангижирсаны дараа, иргэний өргөн оролцоо бүхий иргэний нийгэм байгуулахаар төрийн тогтолцоо, ҮХ-ийнхаа загварыг хийсэн. Гэвч иргэний нийгэм, иргэний засаглал бий болох хөрс суурь ч байсангүй, орчин нөхцөл ч бүрэлдсэнгүй. Язгуур чанар ч бас өвөрмөц байсныг анзаарсангүй. Соц нийгэм сайн тал олон, гэм согог багатай. Гэвч нэг том согог байсан нь төр бүх ачааг үүрснээс хүн ард идэвхгүй, хариуцлага үүрэх, шийдвэр гаргах чадвар сул, өмч нийгэмчлэгдсэнээс дундын өмчөөс завших, ашиглах, бэртэгчлэх сэтгэлзүй давамгайлсан өвийг авсан. Соц аж төрөх ёс, соц соёл нь язгуур суурь шинж болтлоо суурьшиж, хэвшиж чадсангүй. Дээр нь өмнөх нийгэм нуран унангуут, хуучин итгэл үнэмшил нь гутаагдан доромжлогдсон ард түмэн үзэл санааны тулгуургүй, баримжаагүй болж, оюун санаа, ёс зүйн хувьд хүчтэй унаж, гүн хямралд орсон. Хавсраад ахуйн ядуурал маш хүчтэй нэрвэсэн. Үр дүнд нь нийгэмд олон ялгарал гарч, шударга бус байдал хавтгайрсан. Өөрийнхөө, гэр бүлийнхээ цаашлаад улс нийгмийнхээ төлөө хариуцлага үүрэх, бодож сэтгэх чадватай иргэд энэ хорин хэдэн жилд бэлтгэгдэж чадсангүй. Товчхондоо хар массын нийгэм болж хувирсан. Чухам ийм хөрс суурин дээр Олигархийн засаглал бэхжиж бий болов. 
Олигархийн засаглалын өсөж өндийсөн түүхийг дурдвал далай далай. Хэдэн боть юм болно. 
 
Аристотелийн үзэхээр бол Олигархийн засаглал нь гурван муу засаглалын дунд хэлбэр нь. Харанхуй массын засаглалд дөрөөлж гарч ирдэг байх нь. Олигархийн засаглалаас олон түмэн салахыг хүсэхдээ ихэнхдээ хүчирхэг удирдагчийг эрж хайдаг байна. Үр дүнд нь хамгийн адгийн засаглал болох дарангуйлагчийн засаглал тогтох аюул, эрсдэл маш өндөр.
 
Өнөө цагт хатуу гар, хатуу засаглалыг хүссэн дуу хоолой маш хүчтэй сонсогдох болсон. Харанхуй олны учраа олохгүй үймээнийг ашиглан Олигархиуд засаглалд бэхждэг бол хатуу гар хүссэн олны эгээрэл хүслийг ашиглаж Дарангуйлагчид эрх мэдлийн жолоон дээр гарч ирдэг. Гитлер тод жишээ нь. 
Өнөө Занданшатар нарын зүтгүүлээд буй Үндсэн хуулийн өөрчлөлт нь энэхүү Олигархийн засаглалыг үндсээр нь өөрчлөх итгэлийг төрүүлэхгүй байгаад асуудал нь байна. Харин ч бүр энэ засаглалаа өнгө будгийг нь өөрчлөх төдийгөөр улам бэхжүүлж мэдэхээр... 
Тэгвэл энэ Олигархи засаглалаас яаж салах вэ? Хүчтэй удирдагчийг дагах буюу хувьсгал хүчирхийллээр салах боломжгүй. Бясаанаасаа салах гээд байшингаа шатаачихдаг үлгэр болно. Иргэний засаглал бүр ч боломжгүй. Учир нь манайд иргэний нийгэм төлөвших яагаа ч үгүй байна. Тэр байтугай өнөөгийн нөхцөл байдал нь иргэний нийгмийн төлөвшлийн эсрэг байгаа. Харин олигархиудын эсрэг элитүүдийг сөргүүлэн гаргаж тавьснаар өөрчилж чадна. 
Тэгвэл Олигарх гэж хэн бэ? Чоно борооноор гэдэг лугаа адилаар нийгмийн хямрал, үймээнийг ашиглан эд баялаг, эрх мэдлийг олж авсан, ёс зүй, үзэл санаанаас ангид хэсэг. Товчхондоо түрүүвч зузаан ч тархи нимгэн, зүрх хатуу хэсэг. 
 
Элит гэдэг нь улс үндэстнийхээ ёс зүй, өв соёлын аль шилдэг сайныг шингээсэн, тодорхой итгэл үнэмшилтэй, эрдэм мэдлэгтэй, тэмцлийг ухамсартайгаар сонгож, эр зориг гаргаж чадах хэсэг. 
 
Тэгвэл энэ олигархиудын эсрэг элитүүдийг хэрхэн гаргаж ирэх вэ? Ямар тогтолцоо байвал элитүүдээ олж сонгон гаргах боломжтой вэ? Яавал Олигархийн засаглалыг Элитийн засаглал болгож өөрчлөх вэ? 
 
Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярихыг өмнө бид эхлээд ийм зүйлээ ярилцах хэрэгтэй. Түүнээс биш УИХ-ын гишүүдийг 76 байх уу, эсвэл 108 байх уу, Засгийн газраа Ерөнхийлөгч нь толгойлох уу, үгүй юу, хэд нь давхар дээлтэй байх вэ гэх мэт бол асуудлыг мөн чанараар нь өөрчлөх сонголт биш юм. Тэгээд ч Занданшатар нар нэгэнт өөрсдийнхөө гаргасан, өөрсдийнхөө засаглалыг үргэлжлүүлэх боломжийг хангасан загвар, тогтолцооныхоо хүрээнд л ард түмнээс асуулт асууж буйгаас биш, уг тогтолцооны суурь өөрчлөлтийг огт асуухгүй байна. Тиймээс энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг манай улс, үндэстний өмнө тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэх чадамжгүй косметик засварын төдий өөрчлөлт гэж үзэж, эсэргүүцэж байна.
 
 
Б.Номинчимэд