Эрхэм УИХ-ын гишүүдэд...
 
Бидний өвөг дээдэс XIII зуунд төр, шашин хоёрын зүй зохист харьцааг хүн төрөлхтний түүхэнд анх удаа ёсоор болгож явжээ. Харин үр удам нь 800 зууны дараа төр, шашин хоёрыг холив.
Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын өргөн барьснаар Зуны тэргүүн сарын Шинийн 15-ны Бурхан багшийн их дүйчин өдрөөр нийтээрээ амардаг өдөр болгож буй юм байна. Энэ нь тусгайлан нэг шашныг бусдаас илүүд үзэж буй хэрэг болно. Гэхдээ доорх хүчин зүйлийг тооцож үзсэн үү?
 
2018 оны байдлаар Монгол Улсад
 
- Буддын шашны 134 сүм хийдэд 202 лам хуварга
- Христийн 196 сүм хийдэд 1321 номлогч,
- Исламын 24 сүм хийдэд 25 мулла байгаа ба
- бусад шашны 10 сүм хийдэг байна гэжээ. /ҮС-ийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд/
10 жил тутам болдог Хүн ам, орон сууцны тооллогоор 2010 оны байдлаар Монгол Улсад 15 ба түүнээс дээш насны иргэдийн шашин шүтлэгийн байдал
- Шашин шүтдэггүй 735 283 буюу 38.6 хувь
- Шашин шүтдэг 1 170 283 буюу 61.4 хувь нь байна.
 
Үүнээс
 
- Буддын шашин шүтдэг 1 009 357 буюу 53.0 хувь
- Христийн шашин шүтдэг 41 117 буюу 2.1 хувь
- Исламын шашин шүтдэг 57 702 буюу 3.0 хувь
- Бөөгийн шашинтай 55 174 буюу 2.9 хувь
- Бусад шашин шүтлэгтэй 6 933 буюу 0.4 хувь байна.
Шашин шүтдэггүй хийгээд бусад шашин шүтдэг 15-аас дээш насны иргэдийн тоо 896 209 буюу 47 орчим хувь байна.
 
 
2010 оноос хойшхи 9 жилд энэ тоо магад өөрчлөгдсөн, ялангуяа бөө мөргөлийн маш хүчтэй тэлэлт чухам энэ жилүүдэд өрнөсөн учир бөө мөргөлтнүүдийн тоо илэрхий өөрчлөгдсөн болов уу. Мөн Буддын шашинтан гэж хэн бэ? Тэдгээрийн хэд нь засал гүрэм хийлгэх, зүг чиг гаргах төдийгөөр, гэр бүлийн уламжлал төдийгөөр шашин шүтлэгээ тодорхойлж байгаа вэ?
 
 
Ийм нөхцөлд Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэдэг амралтын өдөр болгох нь хэр зөв, ухаалаг явдал вэ????
НЭГ. Хэрвээ Буддын шашныг Үндэсний шашин гэж үзэх аваас
-Монгол Үндэстэн хэдэн мянганаас мөргөж шүтэж ирсэн Тэнгэр шүтлэгийг Үндэсний шүтлэг биш гэх үү? Хэрвээ мөн гэвэл Тэнгэр шүтлэгтнүүд ч бас Нийтээр амардаг өөрийн гэсэн өдөртэй болоё гэвэл юу гэсэн Хариу өгөх вэ?
-X зууны үеэс монголын хоёр том зонхилох аймаг болох Найман, Хэрээдүүд, мөн Онгудууд Христийн шашны дорно зүгийн урсгал болох Нестор шүтлэгтэй байв. Түүнээ эш үндэс болгон Христүүд бас христийн шашин бол монголын Үндэсний шашин гэвэл юу гэх вэ? Тэд Улаан өндөгний баяраар Монгол даяараа амарья гэвэл юу гэх вэ?
-60 гаруй мянган Мусульман шүтлэгтнүүдийгээ бид хаашаа хийх вэ? Тэд ч бас Наурызынхаа баяраар амармаар байна гэвэл юу гэх вэ?
 
 
-Ерөөсөө Буддын шашин шүтлэгтнүүд л Үндэсний шашинтан, бусад нь биш гэсэн утга мөн үү? Өөр бусад шашинтнуудаа ялгаварлаж буй үйлдэл мөн үү? Нэг шашинд илүү давуу эрх олгож буй явдал биш үү? Өнөөх хувь хүний шашин шүтэх, эс шүтэх эрх эрх чөлөө хаачсан бэ?
 
 
ЭНЭ МЭТЭЭС үүдэн тэртээ тэргүй сул байгаа Үндэсний эв нэгдэлд сэв суувал яах вэ? Эрхэм гишүүдээ? Ер нь шашин шүтлэг нь тийм амар тоглож болдоггүй галтай торх шиг эмзэг зүйл байдаг юм шүү.
Олон шашин дэлгэрэх нь хүсээд байх зүйл биш ч харин төрөөс хуулиар оролцож болохгүй ээ, асуудлыг бүр дэвэргэнэ.
ХОЁР: Бидэнд амралтын өдөр цөөдөөгүй.
Эрхэм УИХ-ын гишүүдийг Бурхан багшийн их дүйчин өдрөөр нийтийн амралтын өдөр болгож буйгаа эргэж харахыг хүсье.
 
 
Б.Номинчимэд