Зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэдтэй сэтгүүлч Ч.Амартүвшингийн хийсэн ярилцлагыг хүргэж байна.
 
 
- Саяхан таны "Өр дарсан нь" өгүүллэгийг уншлаа. Нэг айл дааж давшгүй мэт өрд орчихдог, гэтэл ах дүүс, найз нөхөд нь бужигнаж, найр наадам шахуу юм болж байгаад нэг л мэдсэн өр дарагдчихсан, бүр өртэйгээ ч мартчихсан. Монголчуудын дотоод сэтгэл, мөн чанарыг эргэн сануулсан, сэтгэл өмөлзүүлсэн энэ түүх бодит уу?
Бодит бодит. Чухам бодит түүх учраас л хүмүүст хуучин танилтайгаа учирсан мэт ойрхон байгаа хэрэг. Би бага насныхаа дурсамжинд тод үлдсэнээ, таньдаг мэддэг хүмүүсээ л бичсэн. Мэдээж нэр ус, зарим дүр төрхийг ялимгүй өөрчилсөн.
 
- Үнэхээр сайхан. Бид чинь ийм л хүмүүсийн үр хойчис, үргэлжлэл шүү гэж бодоход сэтгэл онгойх шиг болдог. Таны өгүүллийг уншаад монгол хүний мөс, жудаг гэж ийм л зүйлийг хэлдэг дээ гэж дуу алдсан хүмүүс цөөнгүй байсан. Тэр бүү хэл “Бурхнаас хүсэл мөрөөдлөө хүсэж гуй гэвэл ийм л цаг үеийг эргүүлэн авчрахыг хүсмээр...” гэсэн сэтгэгдэл ч бичсэн байна билээ. Ер нь монголчууд бол сүүн зам татуулсан агуу сайхан сэтгэлтэй зон олон гэсэн тодорхойлолттой олонтаа таарч байлаа. Гэхдээ үнэхээр монголчууд тийм сайхан хүмүүс мөн үү?
 
 
Ер нь монголчууд бидний язгуур унаган чанар гэж нэг гайхалтай сайхан юм уг нь байсан юм шүү дээ. Өнгөрсөн цаг дээр ярьж байгааг анзаарсан биз. Өгөөмөр, хүний өөрийн ялгалгүй өрөвдөж хайрладаг, элдэв аар саар юманд шунадаггүй, эд хөрөнгийг тахиж шүтдэггүй, туйлширч шалчигнаж, хийрхэх нь бага голч нуруутай, хоёр нүүр гаргадаггүй, жудагтай, ёстой тэнгэр л нурчихаагүй бол барагтайд хөдөлдөггүй амгалан тайван, болхи хэнэггүй ч юм шиг, ойр зуурын юманд амархан хууртдаг гэнэн тэнэг ч юм шиг атлаа алсын цөлх ухаанаа тавьдаггүй, цаг барих гэх мэт ойр зууртаа итгэхэд бэрх мэт ч уг мөн чанартаа туйлаас итгэл даадаг, гол нь хүнлэг суртхуунлаг зан чанар нь Монгол ахуйтайгаа хоршин нийлээд ер бусын өвөрмөц орчин, сэтгэлгээг бий болгодог байжээ.
 
 
Мань мэтийгээ элдвээр дүрсгүйтэж, болж бүтэхгүй юм хийхэд “Монголоо алдсан моньд” гэж хөгшид зэмлэдэг байв. Тэр “Монголоо алдсан” гэдэг үгэнд л өнөөх дээр өгүүлээд буй тэр мөн чанараа нэхсэн хатуухан нэхэл цухалзаад байсан хэрэг.
Бидний багад буюу социализмын төгсгөл үед тэр мөн чанар нь юутай ч ямар нэгэн хэмжээгээр байдаг л байж, бид тийм мөн чанарыг харж, харьцаж өссөн учраас ер гайхдаггүй, ердийн байх л ёстой, байдаг л зүйл мэт ойлгодог байжээ. Тэгээд нэг л мэдэхэд өнөөх маань алга болчихсоныг анзаарах үедээ тэрбум тэрбум тонн нүүрсээр солимгүй үнэ цэнэтэй, нандин сайхан өв болохыг нь сая нэг мэдэрч, уйлах багадах, үхэх ихдэхдээ тулж байх шиг.
Үндэстэн мөн чанараасаа хэдий чинээ холдож хөндийрнө, тэр хэмжээгээрээ өөрийн эрхгүй дотуураа зөнгөөрөө түүнээ үгүйлэн битгэрдэг бололтой. Сураг ч үгүй алсад суугаа ээжийгээ гэнэтхэн их үгүйлдэг шиг л... Өгүүллэгийг олон хүн талархан хүлээн авсан нь чухам энэ зүүд ч билүү, юу ч билээ гэмээр бүүр түүрхэн мэдрэгдээд буй мөн чанараа санаж, мэдэрсэнд л байна гэж бодож сууна. Түүнээс өгүүлэгийн сайнд биш. Сайн өгүүллэг биш шүү.
Ер нь бид чинь нэг тийм өвөрмөц сэтгэлгээ, хандлагатай, соёлтой, түүгээрээ бусад үндэстнүүдээс илэрхий ялгардаг, тэр дундаа өмнөд хөршөөсөө бүр их ялгаатай мөн чанартай үндэстэн байж. Монголчуудын энэ мөн чанарыг таньж мэдсэн бусад зарим үндэстнүүд, тухайлбал, Төвөд, Уйгурууд сайн гэсэн хүнээ Монгол хүн шиг гэж зүйрлэдэг, “Хойт насандаа хүний сайн нь болж Монголд төрөөрэй” гэж хүртэл ерөөдөг байжээ. Тийм байхад харин энэ цагт бид өөрсөддөө итгэхгүй болж байгаа нь харамсалтай, бүр зориудаар итгүүлэхгүй суртал яваад байгаа нь аюултай.
.
- Та өмнөд хөршөөсөө бид их ялгаатай гэлээ. Ямар ямар ялгаа байна вэ?
.
Сүүлийн нэг жилд нөгөөх Нобелийн шагнал авдаг Мо Ян, бас Үй Хуа, Лю Цы Синь, Ма Жиан, Ли Жи Циан, Ин Шүэ Юүн гээд хятад зохиолчдыг л голдуу уншлаа. Ер нь хятадууд биднээс бүхий л талаараа хол тасарч байгаа нь улам хүчтэй мэдрэгдэх болов. 30 жилийн өмнөх Эрээн ямар л юм байлаа, хэдэн шавар тагз, 00 нь нэг сувган дээр ар араасаа эр эмгүй нүцгэн тонтгор өгзгөө харан эгнэж сууж байгаад авчихдаг, өвөлд угаадсан дээр нь хальтраад, зунд нь өмхий ханхлаад монгол хүн явахад бэрх газар байлаа.
 
Дэргэд нь манай Замын-Үүд чинь боловсон 00-той зочид буудалтай, ресторантай, вокзалтай, сургууль, цэцэрлэгтэй, соёлын төвтэй тов хийсэн орчин цагийн хөөрхөн суурин байв. Одоо манайх элсэнд дарагдаад, эсрэгээрээ цаахна талд нь орчин цагийн хот босож ирлээ. Энэ эрс ялгаатай байдал нь Хятадын хөгжил, манай хоцрогдлын толь, жижигрүүлсэн загвар.
Энэ мэт үзэгдэх ахуй дээр төдийгүй оюуны салбарт ч биднээс хол түрүүлчихсэн нь орчин цагийн хятадын уран зохиолын чанар чансаа юм. Тэдний элдэв хээнцэрлэл, хэлбэр хөөцөлдөөгүй, энгүүн атлаа хүчирхэг бичлэг, утга санааны төгс илэрхийлэл нь заримдаа үнэхээр уур хүргэх юм. Атаархаад байгаа ч юм уу, эсвэл өөрсдийнхөө байж байгааг харахаар дур гутаад бухимдаад байгаа ч юм уу, мэдэхгүй, юутай ч дотор нэг юм болж өгөхгүй байна.
Ер энэ хятад зохиолчдод нэг нэн нийтлэг хэв шинж байна. Тэр нь ямар ч тохиолдолд хятад хүн, хятад ахуйн давтагдашгүй онцлог л гарах юм. Ер нь хятадууд хаа очсон газраа хятад болгодог аюултай. Одоо голт зүрхэндээ хятад хороололгүй дэлхийн томоохон хот гэж бараг л байхгүй дээ. Тэр нь утга зохиолд нь хүртэл илт мэдрэгдэх.
Харин манай урлаг, уран зохиолд бол өмссөн хувцас нь монгол, нэр нь монгол, ахуй нь монголжуу боловч мөн чанараараа монгол биш, глобал космополит дүрүүд л голчлон гардаг. Нэрийг нь, ахуйг нь сольчихвол вьетнам ч, орос ч, хятад ч, америк ч хүн болгочихож болмоор дүрүүдтэй. Заримдаа ч бүр монгол нэр ч үгүй, ерөөс хэн болох нь ч мэдэгдэхгүй нөхдүүд гарна. Тэрбум хүнтэй, глобалчлалд магнайлж яваа хятад зохиолчид тийм зүйл бичиж буй бол болно, харин бүхий л талаараа сууриншилд бүслэгдэн шахагдаж буй 3 сая нүүдэлчин монгол зохиолч тийн бичнэ гэдэг нэг ч их сайхан юм биш ээ. Гэтэл бодит нөхцөл байдалд хятадууд нь хятад мөн чанараа бичиж, бид космополит мөн чанар түлхүү бичицгээж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хоцрогдоод, төөрөлдөөд байна л гэсэн үг.
.
- Яагаад та космополит дүр бүтээх нь хоцрогдол гэж хэлэх болов, харин ч эсрэгээрээ бид дэлхийн хүн болцгоож байгаа хэрэг биш үү?
.
Чи спортод ойр байдаг хүн. Тамирчин хүн өөрийн хүч нөөц, онцлог давуу талыг мэдрэх нь амжилтанд чухал гэдгийг сайн мэднэ. Бяртай бол бярдаж, үетэй бол отож барилдвал илүү. Бас сэтгэлзүйн төлөв хандлагаа ч мэдэх хэрэгтэй. Тийм биз. Үндэстэн ч мөн адил. Өөрсдийн онцлог мөн чанараа танин мэдэхгүйгээр хөгжлийн загвараа, үзэл санаагаа зөв тодорхойлж чадахгүй. Бидний сүүлийн 30 жилийн будилаан үүнийг нотолно. Гаднаас баахан загвар, онол авчраад хусчихсан. Тулгаад тулгаад загварчилчихсан... Урагшаа явдаггүй, хий эргэчихсэн.
Уран зохиол ч мөн адил, дахин давтагдашгүй онцгой өвөрмөц монгол мөн чанараа барьж, тэмтэрч байж л туурвихгүйгээр бид дэлхийд гарахгүй. Нобель авахгүй л болов уу. Дэлхийд гайхуулах зүйл бидэнд уг нь хангалттай бий. Гэхдээ нобель авах нь зорилго биш, харин үндэстнийхээ оюун санааг урлах нь зорилго.
Хятад заримын нь бичлэгээс бүр хятад ахуйн өмхий сэнгэнэх шиг, тийм үнэн натур бичиж чадаж байна. Ялангуяа тэр Ин Шүэ Юүний “Авга ах” романаас бол хятад хүний мөн чанар, эрхэмлэл маш тодорхой анзаарагдаж мэдрэгдэнэ. Тэр нэг цусан төрөл биш ч харь холоос зорьж ирдэг хүнтэй гэдгээ харуулах гэсэн эрмэлзэл нь угтаа зүгээр л ядарсан тосгоныхоноосоо онцгойрон, хүндлүүлэх, гайхуулах гэсэн өрөвдөм хүсэл, нөгөө талаас зөвхөн тусламж, дэмжлэгт л зорьж ирдэг өнөөх авга ах, гэвч тэр харьцаа нь явсаар мөчиг тачиг, хүнд хэцүү амьдрал дунд үр хүүхдийнх нь оюун санааны цор ганц гэрэл гэгээ, тэжээл, эрч хүч болсон тухай гээд элдэв гоёчлолгүй, үнэн, шулуун шударга өгүүлж.
Тэгээд л энэ мэт хятад хүний мөн чанарыг харуулсан зохиолуудыг уншиж байгаад, бүр шар хөдөлж, монгол хүний мөн чанарыг харуулсан ямар нэгэн юм бичмээр санагдсан хэрэг. Мэдээж хэрэг хангалттай хэмжээнд бичиж чадаагүй ч жаахаан бултайлгаж чадсан байх.
Ер нь бид чинь түүхэндээ их цөөхөн ард түмэнтэй харьцаж ирсэн улс шүү дээ. хятад, орос, солонгос, уйгар, тангуд, манж, киргиз, түрэгүүд, за ер нь ингэсгээд л... Орчин цагийн олон улс орон биш шүү, тэдний чинь олонхитой 30 жил, их сайндаа 60 жил л харьцаж байгаа.
 
Оростой бол 800 гаруй жилийн өмнөөс харьцаж, сүүлийн 70 жилд нэлээд ойр байж, зан зангаа авалцаж. Бусадтай нь орон гаран, янз бүрийн түвшинд байв. Ер нь оросууд мөн чанарын хувьд монголчуудтай хамгийн ойр үндэстэн санагддаг. Магадгүй өнөөх оросыг маажвал цаанаас нь татар цухуйдагтай ч холбоотой байж мэднэ. Манж нартай нэлээд удаан харьцсан. Бүр Киданаас ч өмнө байж мэднэ. Толгойд нь зүрчид угсааныхан байсан Тан улсын үед бид тэдэнтэй ямар нэгэн байдлаар харьцаж л байсан байж таарна. Дараа нь Зүрчидийн Алтан улстай юу болж байсныг сайн мэднэ. Ядаж л манай хаадыг хэрхэн устгадаг байсныг...
 
Харин Манж Чингийнхэнтэй хэрхэн харилцсаныг сайн мэдэх юм шиг атлаа үнэхээр сайн мэддэггүй. Гэхдээ юутай ч манж нарыг сайтар таньж мэдсэн, одоо “манж зан”, “манжлах” гэх мэт үг хэллэгийн утга учрыг бид сайн мэднэ шүү дээ. Өөрөөр хэлбэл манж, зүрчид хүмүүст нэг тийм нэгийг бодоод, өөрийг илэрхийлдэг унаган шинж илэрхий байж.
Харин ганцхан хятад гэдэг үндэстэнтэй л монголчууд бид бүхий оршин амьдарсан хэдэн мянганы түүхэндээ туж тасралтгүй харьцаж ирсэн, тиймээс хятад хүний мөн чанарыг бусдаас илүү сайн мэддэг, тэднийг харж, өөрсдийнхөө өвөрмөц мөн чанарыг ч ялган тодорхойлдог байж.
Хятад хүн гарын бэлээр,
Монгол хүн амны билгээр... гээд хэлээд захиад үлдээчихсэн л ард түмэн шүү дээ. Энэ хоёр үгэнд энэ хоёр үндэстний язгуур мөн чанар, гүн ухаан, ахуй, сэтгэлгээ бүхэлдээ багтсан. Өнөөх үхрийн махыг давсганд нь багтаадаг шигээ л манай дээдэс хоёр үгэндээ хорвоог багтаачихдаг улс.
.
- Монгол, хятад хоёр үндэстнийг ялгаатай болгодог онцлог шинжүүдээс зарим нэгийг дурдвал...?
.
Жишээлбэл, хээгүй гүдэсхэн гэдэг тодорхойлолтыг хятад хүн дээр тавиад үз. Яагаад ч таарахгүй. Яахав, мэр сэр хятад хүнээс тийм ааш араншин цухалзаж болох ч нийтлэг биш юм. Алив үндэстэнд бүхий л сайн муу төрхүүд холилдон байх ч бид нийтлэг, илүү давамгай байдаг шинжийн тухайд ярьж байна шүү дээ. Тэр хээгүй гүдэс гэдэг тодорхойлолт чинь монгол хүн дээр л жинхэнэ зохино. Магадгүй, орос ч юм уу, америк хүнд тийм хээгүй, гүдэсдүү шинж анзаарагддаг ч монгол эр хүний унаган шинжтэй харьцуулах аргагүй. Гэхдээ хээгүй гүдэс зан мунхаг харанхуйтай хосолбол адгийн болхи бүдүүлэг болно, харин цөлх ухаан, уужуу сэтгэлтэй хосолж байвал бахархал мөн. Ер нь монголчуудын сэтгэлгээ аливааг бүхэлтгэж, ерөнхийлж хардаг тун өвөрмөц онцлогтой.
Харин эд баялгийн тал дээр харилцагч нь аав, ээж, анд найз гээд хэн байхаас үл хамаарах хатуу чанд, бүр яхир тооцоотой, түүнд онцгой анхаарч, өндөр үнэлдэг зан чанарыг маш тод онож илтгэсэн монгол үг ч байхгүй. Яахав, харамч, хахир, нарийндаа хатсан, хорголоо тоолсон адгийн новш, бирд гэх мэтээр бид тийм чанарыг яаж ийгээд илэрхийлнэ. Гэхдээ эдгээр үгсээр монгол хүний унаган мөн чанарыг тодорхойлох боломжгүй. Яагаад гэвэл тийм мөн чанарыг сайн зүйл биш гэж үздэг нийтлэг хандлага бидэнд бий. Тэгэхээр тийм үгс дандаа муучилсан шинжтэй байгааг анзаарч байгаа биз. Яахав, тийм хахир, харамч хүмүүс монголчууд дунд бий, сүүлийн үед ихэссэн ч байж магад, гэхдээ энэ бидний нийтлэг язгуур мөн чанар нь биш юм.
 
Сэтгэл санаагаар унаад, эрч хүчгүй болоод, урвайчихсан нэгнийг “Өр алдсан хятад биш дээ” гэдэг байлаа. Нэг тийм, нийтлэг зүйл хятадуудад байдаг болоод л энэ “Өр алдсан хятад” гэсэн хэллэг гарсан хэрэг. Дээрх миний уншсан гэх зохиолуудаас ч тийм шинж тод мэдрэгдэж байна. Гэх мэт нэн ялгаатай хоёр ертөнц, аль алинд нь сайн тал ч, бас муу талууд ч бий. Гол мөн чанар нь тэр гарын бэл, амны бэлгэ юм.
 
Бүр саяхан болтол хятадууд цагаан идээ иддэггүй, угаасаа ч байхгүй байв. Одоо л сүү ууж сурцгааж байгаа ард түмэн. Бид ч мөн адил мөн саяхан болтол ногоо идэж чаддаггүй байв. Намайг дунд сургуульд байхад дотуур байрны хүүхдүүдэд, байцаа төмстэй хоол хийгээд өгөхөөр, ногоог нь ялгаад ширээний булан дээр овоолчихдог л байв. Нэгдлийн гишүүдэд өгсөн 70 килийн шуудай төмсийг өвөлжөөнийхөө хөлд асгачихсан, өнөөх нь хөлдөөд, мал нь хүртэл тоож иддэггүй, хаварт ялзардаг үе байлаа. Угаасаа ч бид ногоо тариад сүйд болж байсангүй, саяхнаас л ногоо идэж сурч байгаа гэх мэтчилэн. Гэтэл энэ иддэг уудаг юмыг чинь дагаад соёл, сэтгэлгээ хүртэл ялгараад ирнэ шүү дээ.
.
- Монголчууд бидний язгуурт мөн чанар ямар байсан тухай янз бүрийн цаг хугацаанд монгол орноор аялсан европын голдуу жуулчдын тэмдэглэлд их тодорхой туссан байдаг. Бүр Плано Карпини нараас эхлээд л, Пржевальский, Козлов, Рамстед гээд... Найрсаг, зочломтгой талаар бараг хүн бүр шахам бичиж үлдээсэн санагдана.
.
Тийм тийм, тэр найрсаг зочломтгой зан чанар чинь бидний маш онцгой нийтлэг шинж мөн. Хэн нь билээ нэг барууны нөхрийн тэмдэглэлд байдаг, түүний замд эр, эм хоёр таарчээ. Нэг ч ганзагалаа, ачаагүй яваа тэр хоёр их алсад байх хүрээ хийд зорьж яваа гэнэ. Өнөөх аялагч “Ингэхэд та хоёр яаж тэр алсад хоол хүнс, аяны бэлтгэлгүй явж байгаа юм бэ?” гэж гайхан асуусанд “Замд дүүрэн айлууд бий шүү дээ” гэж хариулж. Мэдээж тэр хоёр тэдгээр замын айлуудыг огт танихгүй. Гэвч таних танихгүйгээс, сайн муугаас нь үл хамааран аяны хүнийг байгаа бүхнээрээ дайлдаг ёс монголчуудынх. Тэр нүүдэл аяныг тосоод цай, боовоо бариад гүйдэг чинь саяхан хүртэл байсан юм шүү дээ. Одоо чухам ямар байгааг мэдэхгүй байна. Хөдөөд энд тэнд мэр сэр бий л байх.
 
Зуугаадхан жилийн өмнө манай баруун Алтайгаас Богдод мөргөнө гээд хүүхдээ арганд хийж үүрээд аянчид дагаад явган таваргачихдаг байсан байгаа юм. 1000 гаруй км газар шүү дээ. Ямар нэгэн хоол, хүнс, хөнжил гудас авалгүйгээр шүү. Нялх хүүхэдтэй, явганаар сар хагас яваад Хүрээ ордог, эргээд бас сар хагас явдаг байсан гэж байгаа. Өвс зулгааж, чулуу хүлхэж тэр холыг туулахгүй нь мэдээж, өнөөх л монгол ахан дүүсээрээ орж, гол дэвтээж, хоног төөрүүлж явсаар Хүрээ ороод ирдэг л байж дээ. “Хүрээ гэдэг чинь яасан ч хол юм, хүний амь гэдэг чинь яасан ч бөх юм” гэсэн нэг хууч үг байдаг нь энэ мэтээс л үүдсэн хэрэг.
 
Монголчуудын хувьд хаалга үүд нь ихэнхдээ цоож цуургагүй байж. Аяны хүн эзгүйд нь ирээд цоожтой хаалга мөргөх вий гэхээс хаалгаа уяагаар нь домноод орхидог. Уяхгүй бол салхи савирт нээгдэнэ, нохой шувуу орно шүү дээ. Түрүү жилийн зун Алтайн нурууны зоон дээр тэнэж яваад, гэнэтхэн туйлаадастай таарч, хадны нөмөр, модны оёор хайж яваад айлын бараа харсан юм. Гүйгээд очтол гэр нь эзгүй. Уяаг нь тайлж ороод, цайг нь ууж, эрэгнэгийг нь онгичиж, боов, зөөхийг нь олж жаал цохиж аваад, бороо намдахыг хүлээгээд хэвтэж байтал унтчихаж. Оройхон гэрийн эзэд ирэхэд л сэрлээ. Гэтэл гэрийн эзэгтэй хүн хүлээж байхаар ханын нүдэнд бэлэн мах байхад, аваад чанаж хоол хийгээд идэхгүй, өдөржин хоосон хэвтээд, юун ч нэрэлхүү юм гээд бүр намайг загнах шинжтэй. Тэгээд цайлуулж, дайлуулж аваад явахдаа “Маш их баярлалаа” гэсэн чинь “За юун сүртэй юм” гэж байна. Энд бас нэг зүйл анзаарагдаж байгаа биз. Аян замын хүнд, ерөөс монголчууд нэг нэгэндээ тус болохоо хариу талархал хүлээх ёстой зориудын ухамсарласан үйлдэл биш, харин зүй ёсны өдөр тутмын ердийн хэм хэмжээ гэж үздэг сэтгэлгээ юм. Энэ онцгой шүү, барууныханд бол их соёлгүй, нэг нэгэндээ баярлаж талархаж ч мэдэхгүй мэт санагдаж мэднэ. Хийх л ёстой зүйлээ хийснийхээ төлөө хариу талархал хүлээнэ гэдэг монголчуудын хувьд ёстой “Юун сүртэй юм” байна. Би ч дотроо монгол түмнийхээ тэр сайхан уламжлалд залбираад л явлаа. Одоо бол хот суурин газарт хандлага эсрэгээрээ болсон. Хэрвээ тусыг чинь авсан хүн чамд ямар нэгэн байдлаар хариу талархалаа илэрхийлэхгүй бол уурлаад сүйд болж мэдэхээр. Тэнэг хөлдүүгээр нь дуудааж яаж л байх бол. Ер нь маний багад хот суурин газар чинь хүнийг их эвддэг эвгүй газар юм гэж хөгшчүүл ярьдаг байлаа. Өнөөх өөрсдийнх нь унаган шинжид хот суурингийн соёл харшилдаг учраас л тэгээд халаглаад байсан хэрэг.
 
Одоо ч монголчууд айлд зочлохдоо огт урьдчилж хэлэхгүй, гэнэтхэн хүрээд л ирдэг нь хэвээрээ шахам. Энэ чинь нөгөөх ямар ч үед хүлээж авдаг зочломтгой зантай нь холбоотой шүү дээ. Нөгөөдүүл нь ч баярлаад л угтана. Гэрт нь орж ирсэн хүн таньдаг, таньдаггүй хамаагүй, бүр асуухгүйгээр заавал суулгаж, цай барьж, таваг тавьдаг нь ёс. Айлд орж ирсэн бол заавал сууна. Ядахдаа тавагтайгаас юм авч амсана. Монгол хүн байна даа, аяга цай амсчихаад гардаг байгаа даа гэнэ. Энэ “Монгол хүн байна даа” гэдэгт их өвөрмөц сэтгэлгээ бий шүү. Зогсоогоороо цай хоол барихыг бүр цээрлэнэ. Гэтэл өөр улс оронд тийм ёс тэр бүр байдаг уу? Ихэнхдээ та юм уух уу? гэж асууна. Сандал тавьж өгөхгүй ч байж мэднэ, бас гэрт нь орсон бол эзний нь зөвшөөрөлгүйгээр хоймор өөд нь тэр бүр зүтгэхгүй гэх мэт... Манайд бол “Өөдөө, өөдөө” л гэнэ.
 
Хоёр өөр соёл, үзэл хандлага, үнэт зүйл. Монголчуудын онцлог өвөрмөц шинжүүд энэ мэт олон бий.
Гэхдээ одоо цагт, ялангуяа хот суурин газарт айлд урилгагүй ирчихээд, залхтал сууж, ажил алдуулдаг нь харин ч тэнэглэл, бүдүүлэг явдал. Шаардлагагүй үед хов жив, ойр зуурхны төлөө айл хэсүүчилж явдаг хүмүүсийг “ажилгүй хүн айлсаг”, “залхуу хүн завсаг” гэх мэтээр монголчууд элэглэн шоодог байсан. Энэ мэт бүдүүлэг болхи сэтгэлгээ хандлагыг монголчуудын зочломтгой зантай хольж хутгаж, бүдүүлэг муухай ёс заншил гэж хэлж болохгүй. Шаардлагатай үед хэн нь хэн бэ гэхээс үл хамааран нэгэндээ боломжоороо тус дэм болдог ёс бол ер эрдэнэс мэт сайхан ёс юм шүү дээ. Тиймээс ч дээдэс маань “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гээд хэлээд үлдээчихсэн.
.
- Монгол хүн бас их нутаг амьтай гэдэг шүү дээ?
.
Саяхан 100 эрхмээр Лувсангомбо гуай ярьж байна билээ. “Ээ, энэ нутаг гэдэг чинь ээж л юм байна шүү дээ” гэж. Газар нутгаа эхтэйгээ зүйрлэж сэтгэдэг, хайрладаг ард түмэн тэр бүр өөр байдаг эсэхийг нь мэдэхгүй юм. Монгол хүн, монгол морь хоёр шиг нутаг гүймтгий амьтан ховор. Монгол морь гэдэг амьтан чинь хэдэн мянганы цаанаас нутаг гүйдэг. Дэлхийн II дайны үед Орос-Германы фронтод явуулсан морь хоёр гурван жилийн дараа гүйгээд ирсэн, Вьетнам-Хятадын дайны үед Вьетнам явуулсан морьд олноороо гүйгээд ирсэн л байдаг. Нутаг гүйж яваа адууг саатуулдаггүй, сүү өргөж өнгөрөөдөг уламжлал ч байв. Тэр нутгаа гэсэн сэтгэл, эрмэлзэл, зоригт нь бахархаж, хүндэлж, хайрлаж буй хэрэг шүү дээ. Ганц адуу ч биш, тэмээ, үхэр ч нутаг айхтар гүйдэг. Монгол үхэр нэг салхи үнэрлээд явчихаараа зогсоно гэж байдаггүй, хөөж гүйцээд эргүүлээд туух гэхээр, ташуурдаж, шавхуурдаад байхад л дальдичсан хэрнээ нулимс нь мэлтрээд л эргэж зүтгээд байдаг юм. Тэгэхээр уул ус гэдэг юм чинь бүр монгол хүнийг бүү хэл монгол малыг ч нэг цаанаасаа соронзон мэт ер бусын хүчээр даллан дууддаг юм байна. Яг л ээж шиг тийм хүчтэй татдаг байх нь. Нэг тийм хүйн холбоо байна аа байна, яах ч аргагүй. Одоо хүн амьтаны биеийн усны бүтэц эхэлж амссан усныхаа бүтэцтэй адилхан байдаг тухай яриад л эхэллээ. Магад ч үгүй.
 
Манай уламжлалд чинь нүүхдээ шаасан гадсаа сугалж аваад, нүхийг нь дүүргээд явдаг байж. Юун ухаж төнхөх вэ. Ус голын эх ундрагад мөргөдөг, элдэв бохир халбага шанага авч очдоггүй, уулын орой, зоо дээр бие засдаггүй гээд байгал эхтэйгээ харьцдаг соёл маш өргөн дэлгэр, нэг талаар бүр залхмаар ч юм шиг. Энэ чинь чухам өнөөх ертөнцийг таньсан танин мэдэхүйтэй нь шууд холбоотой. 
.
- Таны өмнө хэлж байсан ертөнц бүхэлдээ нэг цул юм гэж сэтгэдэг сэтгэлгээний илрэл энэ мөн үү?
.
Тийм юм. Бүр нарийвчилья. Монгол хүн аавыгаа тэнгэртэй, ээжийгээ газар дэлхийтэйгээ зүйрлэдэг нь зүгээр нь гэнэн домгийн сэтгэлгээ биш юм аа. Бид чинь Тэнгэр эцэг гэдэг, Газар эх гэдэг. Хүний сүнс тэнгэрээс эцэгт ирдэг, тэгээд эцгийн үрийн сүнгээр дамжин эхийн алтан хэвэлд өлгийдүүлдэг. Тэгээд эх хэвэлдээ энэ газар дэлхийн шимээр тэтгэн тэжээж биежүүлээд төрүүлдэг. Тэнгэрийн төлөөлөл нь эцэг, шимээр тэтгэж тэжээдэг газар дэлхийн төлөөлөл нь эх юм. Бидний уламжлалт сэтгэлгээ энэ. Тиймээс монголчууд эхийн хэвэлд үр бүрдсэн цагаас л хүн бий боллоо гэж үзэж нас тоолдог шүү дээ. Түүнийг хий нас гэдэг. Бусад газарт бол эхийн хэвлээс гараад, нүдэнд харагдаж, гарт баригдсан хойно л сая хүн байна гэж итгэж үнэмшиж байгаа юм. Ихээхэн ялгаатай сэтгэлгээ, ялгаатай танин мэдэхүй байгаа биз. Тиймээс эхийн алтан хэвэлдээ байгаа хүүхдийг хүний тоонд тоолдог, жирэмсэн эмэгтэйг ихэд хүндэлдэг, өмнүүр нь гарахыг цээрлэдэг, өөрөөр хэлбэл хоёр хүн яваа учир хүндэтгэдэг, тэр хэвэлд буй хүүхдийн амьдралын замд хөндлөн зураас үлдээхгүйг эрмэлздэг бэлгэдэлт сэтгэлгээ тэр. Эхийн алтан хэвэлд байгаа ургийг хөндөх нь хүн алж буй хэрэг гэж үздэг байжээ. Одоо бол тэр аборт гэдэг юмыг эх захгүй хийдэг болсон нь монгол уламжлалт сэтгэлгээгээр бол зүгээр л шууд аллага юм. 90 он гарснаар нэг сая орчим аборт хийсэн тухай мэдээлэл байсан. Аймшиг.
.
- Монгол хүн бас эцэг эхээ шүтдэг ёс бас бий байх аа?
.
Бий бий. Эцэг эхээ л шүтэж яв, ямар ч шүтээнийг бүрнээ орлоно гэсэн хууччуул ярьдаг байлаа. Дээр дурдсан даа, эцэг хүн Тэнгэрийг төлөөлж, эх хүн Газар дэлхийг төлөөлж буй учир эцэг, эхээрээ дамжуулаад Тэнгэр, газрыг шүтэж буй хэрэг, өөрөөр хэлбэл арга, билгийн ёсонд, ертөнцийн түгээмэл агаад гуйвшгүй зүй тогтолд, монголчуудынхаар бол жам ёсонд мөргөж залбирч буй хэрэг. Монголчууд чухам энэ гуйвшгүй түгээмэл жам ёсыг Тэнгэрийн ёс, жам гэж нэрлэж ирсэн байдаг. Тэгэхээр эцэг эхээ хүндлэнэ, дээдэлнэ гэдэг нь зөвхөн тухайн хувь бодьгалийн хэмжээний асуудал биш, цаанаа том углуургатай ойлголт байх нь ээ дээ. Гэхдээ хүнд хамгийн ойр байдаг эцэг эхээрээ дамжуулж шүтэхээр тэр шүтлэг нэн үнэн сэтгэлийнх болно, жинхэнэ шүтэн барилдлага болно.
 
 
Монголчуудын энэ сэтгэлгээ зарим талаар пантиезмтай ч, атиезмтай ч төстэй.
Энэ монгол хүний эцэг эхээ дээдэлж шүтдэг ёс нь хятадын дээдсийнхээ шарил бунхныг шүтдэг ёсоос зарчмын хувьд өөр юм шүү дээ.
.
- Таны ярианаас монгол ёс, заншил маань нэлээд алдарч буйд эмзэглэсэн эмзэглэл анзаарагдах юм. Ер дахин сэргэх боломжтой юу?
.
Унаган чанар учраас сэргэх бүрэн боломжтой. Унаган хийгээд олдмол юм гэдэг чинь их ялгаатай зүйл шүү дээ. Их түүхч Чулууны Далай багштан “Нас ахих хэрээр бүүр унаган багынхаа яриагаар өөрийн эрхгүй ярьдаг болчихоод байх юм. Эсрэгээрээ зам зууртаа сурсан англи, хятад, орос хэлнүүд бага багаар сарниад л” гээд, тас хөндлөн баруун Алтайн аялгаар яриад сууж байдагсан. Тэр унаган юм, язгуур шинж гэдэг чинь бидний зөвхөн мах цус, генд төдийгүй бүр үйлийн үрд хүртэл шингэсэн байна. Монгол хүн өтлөхөөрөө нэг өөр шинжтэй, хятад хүн бас өөр, орос хүн ч бас өөр. Хятад хүний алхаа гишгээ нь хүртэл өтлөхөөр нь илт ялгараад явчихдаг шүү дээ.
Саяны энэ ярианы сэдэв болсон тэр жаахан өгүүллэгт гарах агуулгыг уншигчид догдлон хүлээн авч буй нь монгол хүний тийм нэг гүдэсдүү, гудиггүй хээгүй зан чанар бүр язгуур зөн сэрэхүйд нь байгаа болохоор тэр. Гэхдээ бас орчин цагийн хотжилт, урбан соёлтойгоо хэрхэн зүй зохистойгоор хослуулах вэ гэдгээ бодохгүй бол, тун, жин банг нь тааруулахгүй бол болохгүй л дээ. Тэр талаар боддог сэтгэдэг бүхэн, ялангуяа боловсрол, урлаг соёлын салбарынхэн эрх биш нэгийг бодож сэтгэж явдаг л байх.
 
Энд нэг зүйлийг зориуд хэлэхэд, монгол ёс уламжлалаа мунхаг харанхуй, шинжлэх ухааны үнэргүй, соёлгүй бүдүүлэг, хийрхүү хэмээн үгүйсгэдэг, элэглэн шоолдог орчин цагийн өндөр боловсролтой залуус мэр сэр таардаг болсон. Орчин цаг гэдэг нь өнгөрсөнгүйгээр байх боломжгүй. Өнгөрсөнд буй сайн сайхан зүйлээ уламжлан авах, саар муугаасаа сургамж авах нь хүний оршихуйн жам ёс болохоос өнгөрснөө нулимчихаад урагшаа явна гэвэл төөрч мунгинахаас өөр юунд ч хүрэхгүй. Үл тоож байсан зүйлс маань цаг нь ирэхээр ямар үнэ цэнэтэй болохыг мэдэх нь нэг хэрэг, гэхдээ хожимдчихсон байх аваас эмгэнэл.
 
Аав, ээжийгээ муу муухай гэж хэлдэг хүн нэн ховор, аав ээж гэдэг үр хүүхэддээ хэзээ ямагт эрхэм сайхан хүмүүс байдаг. Гэтэл хөндлөнгийн нүдээр бол хэний ч эцэг, эх ихэнхдээ байдаг л нэг, бусдаас ялгамгүй, алдаа дутагдалтай, сайн муу нь холилдсон хүмүүс. Гэхдээ үр хүүхдүүд нь эцэг эхийнхээ муу муухайг тэр бүр мэддэггүй, мэдсэн ч санахыг хүсдэггүй, тэр муу муухайтай нь эвлэрдэггүй. Зөвхөн сайн сайхнаар л голчлон санаж, дурсаж, хайрлаж явдаг. Сэтгэл, итгэлийнх нь гол тулгуур тэр болж байх нь бий. Үндэстэн ч мөн үүнтэй адил. Сайн сайхан мөн чанараа бид дурсаж, ярьж, өвлөдөг байхгүй бол, цаг үеийн үнэлэмжээр үнэлчихээд өөрсдийгөө муу муухайн хогийн тантан мэт үзэх аваас тэр яавч хөгжилд хөтлөхгүй. Бидний яриа дандаа нийтлэгийн тухай өрнөлөө шүү дээ. Ард түмэн л юм хойно сайн муу аль аль нь бий. Харин аль шинжийг нь өдгөөж, хөгжөөх вэ гэдэгт л төрийн бодлого, хөгжлийн үзэл санааны мөн чанар оршиж байдаг.
.
- Та цаг үеийн үнэлэмжийн тухай ярьлаа. Энэ цаг үед яагаад монгол хүний мөн чанарыг үнэлэх үнэлэмж унасан гэж та үзэж байна вэ?
.
За наадах чинь их олон учир шалтгаантэй, төвөгтэй асуулт. Маш тодорхой байгаа хоёр л зүйлийг хэлье.
Эхнийх нь энэ цаг үед монгол хүний үнэлэмж үнэхээр унасан. Монгол хүн монгол хүндээ хог новш шиг харагддаг болсон. Итгэхгүй бол та машин бариад л замын хөдөлгөөнд ороод үзээрэй. Дохио өгөөд байхад л хараагүй юм шиг эгнээнд оруулахгүй сигнаалдаад дайраад байна. Бүр өш хонзонтой мэт аашилна шүү. Магад 10 машины өнгөрөөж байж, сая нэг эгнээнд орно, эсвэл аймшиггүйгээр ухасхийн дайралцаж байж орно.
Хүний үнэлэмж нь уначихаар нэгэндээ итгэхийг байчихаж байгаа юм. Гагц зам дээр ч биш, нийгмийн бүхий л салбарт, ялангуяа улс төрд. Хардлага, сэрдлэг, стресс буримдал өндөр байгаа нь, шударга ёс ихэд алдарсан нь бид нэг нэгдээ итгэлгүй болчихсных. Итгэл байхгүй газар эв байхгүй. Бид чинь эвлэх мянган боломж байсаар атал эвдрэх ганцхан боломжин дээрээ үзэж тардаг болчихсон. Санал бодлоо ч аятайхан солилцчихож чадахыг байсан. Эв байхгүй газар хөгжил байх боломжгүй. Хөгжихгүй, олигтой урагшаа явахгүй байгаагийн үндсэн шалтгаан энд бий.
Удаад нь яагаад ийнхүү монгол хүний үнэлэмж уначихав гэхээр, нэг ноцтой шалтгаантай.
 
Энэ 30 жилд бид “Хүн бол адгийн хувиа бодсон арчаагүй амьтан юм” гэсэн монгол хүний язгуурт эрс харш тулгуур онол үзэл бүхий нийгэм, эдийн засгийн хөтөлбөрийг тулгаж хэрэгжүүлсэн. Энэ либераль онолын чинь суурь нь яаж ч гоёчилж тайлбарласан тийм л юм. Улс төрийн онол ч, эдийн засгийн онол ч, тэр байтугай утга зохиолын онол ч яг тийм мөн чанар дээр суурилж яваад байна. “Би төвтэй” баруунаас гаралтай онол. Бүр зориудаар монголчуудыг язгуур тулгуураас нь салгаж, нийгмийг нь задалж, хүчгүй болгож сөхрүүлэх бодлого онол хэрэгжсэн. Түүнээ гүн ухааны үзэл суурьтай болгосон. Хүн л бол адилхан гэсэн. Тэгээд бүр эргэлзээгүй гэж итгэсэн, тархиа угаалгасан. Гэтэл монголчууд чинь “Би төвтэй” биш, “Бид төвтэй” огт өөр язгуур суурьтай үндэстэн шүү дээ. Наад зах нь хэлэх нь хүртэл өөр. Монголчууд “Би”, бас “Бид” гэж Бид дотор Би-гээ багтааж ярьдаг. Гэтэл англичууд Би болоод Бид-ийг I, We, германууд Ich, Wir, францууд Je, Nous, оросууд Я, Мы гэх мэтээр. Үндэсний сэтгэлгээний онцлог хэлэндээ маш тод илэрдэг.
 
Одоо ингээд “Бид” гээд ярихаар социализм санагалзлаа, ханхлуулаа гэдэг. Нөгөөх хий үзэгдлээр айлгадаг шиг. Монголчууд бид чинь орчлон ертөнцийн ил болоод далд бүхий л юмс, үзэгдэл нэн нарийн чанд учир шалтгаанаар барилдсан, салгаж ялгахын аргагүй, нэгэн цул юм гэж үздэг суурь үзэлтэй ард түмэн. Бидний энэ “Бид” гэдэгт орчлон хорвоо бүхэлдээ багтдаг. Ертөнц гэдэг чинь цул нэгдмэл юм. Тиймээс л алив зүйлсийг учир шалтгаант холбоос дотор нь багтааж хардаг бэлгэ билгэдэлт сэтгэлгээ их хөгжсөн, юуных нь мухар материалист социалист үзэлтэй харьцуулахав дээ. Монголчуудын ертөнцийг үзэх үзлийг ухаж ойлгохын тулд орчин цагийн квант, астро физикийн шинжлэх ухааны нэн шинэ ололт нээлтүүдийг ч мэдэх шаардлагатай. Ер нь хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг үнэн. Орчин цагт залуус сурч боловсрох хэрээр үндэстнийхээ язгуур мөн чанар, танин мэдэхүй рүү нулимж, шоолох нь илүү ч болоод байна уу даа гэмээр болох юм. Бас нэг учир нь орчин цагийн боловсрол гэдэг чинь маш их глобалчлагдсан шүү дээ. Тиймээс туйлчилж болохгүй.
Гэхдээ хэдий социализмын үед манай соёлын өв нэлээд гэмтсэн ч нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэсэн үндсэн зарчим нь монголчуудын язгуур итгэл үнэмшилтэй ойрхон байсан учир тэр цаг үед монгол хүний мөн чанар тэгтлээ алдарчихалгүй тэсээд байсан хэрэг. Тэр “Өр дарсан нь” өгүүллэгийн үйл явдлыг орчин үед болж байгаагаар бичих гэсэн чинь ер итгэл үнэмшилгүй худал болчих гээд болохгүй байсан юм шүү. Харин 85 оны орчимд болж буй үйл явдалд зохиомжлохоор яг сайхан таарчихаж байгаад нэг учир байгаа биз.
90 оноос хойш монгол хүний мөн чанарт нэн харш өрсөж булаа л гэдэг зарчмыг ил тод сурталчилсан. Итгэлт баян шиг байцгаая гэж уриалсан. Ингэхэд Итгэлт гэж хэн билээ, ашиг олохын төлөө хулгай луйвар ч, дээрэм ч хийнэ, хүн ч ална. Бадарч тахартай нийлж байгаад Тамирийн бургасанд зуднаас зайлж яваа хөөрхий хэдэн ядарсан улсыг дээрэмдэж, алж шулдаг байх аа. Өөрийнхөө тачьяал хүслээ хангах нь чухал болохоос Эрдэнэ гэдэг айлын голомт сүйрэх нь огт сонин биш л хүн шүү дээ.
Үр дүнг нь одоо харж, мэдэрч л байна. 30 хувийн ядуурал 30 жилд огт буудаггүй, нийгэм даяараа их стресстэй, баян хоосны ялгаа энэтхэгийн каст шиг болохоо шахаж байгаа. Төр нь тогтворгүй, өр зээлд баригдсан, авилгалд идэгдсэн, ёс зүй унасан, офшортой болсон, хулгайчууд цагаан захтай болж аваад дээр заларчихсан гээд. Явж явж, хөөрхий өнөөх хэдэн хоосон ядуу сонгогчидоо л буруутгаад дуусаж байх шиг байна. Тэд л буруу хүмүүс сонгочихож гэнэ дээ. Нүдэн дээр бол шууд утгаараа үнэхээр л буруу хүмүүс сонгочихсон, гэтэл яагаад ч өөрөөр сонгох боломжгүй нөхцлийг бий болгочихсон тухай хэн ч ярихгүй байгаа юм бэ?
Энэ мэт зүйлсийн талаар яривал ёстой “Лу гүний хүрээний бузрыг яривал далай далай” гэдэг шиг, далай далай. Ингэсгээд больсон нь дээр. Ер нь бид хөгжлийнхөө тулгуур үзэл санааг зөв л олохгүй бол, үндэснийхээ язгуур мөн чанарыг сэргээхгүй л бол болохгүй. Зөвхөн эдийн засгийн үзэгдлээр хөгжлийг загварчилдаг нь үнэхээрийн согогтой сэтгэлгээ. Гагц ДНБ төдий биш, зан заншил, сэтгэлгээ, мөн чанар, үнэт зүйл, үзэл баримтлал, хандлага, соёл, уламжлал гээд маш олон зүйлсийн нийлбэрээс нийгмийн хөгжлийг хөдөлгөж байдаг хөдөлгүүрийн хүч бүрдэж байдаг. Бидний яриа энэ мэтийн тухай эхлээгүй тул орхивол ямар вэ? Яагаад гэвэл энэ дуусахгүй яриа болно.
.
- Та “...орчин цагийн боловсрол гэдэг чинь их глобалчлагдсан. Тиймээс туйлчилж болохгүй...” гэлээ. Энэ санаагаа тодруулахгүй юу?
.
Энэ цаг үед хамгийн ихээр даяаршиж байгаа салбар чинь боловсрол. Сайн тал бишгүй байна. Эрдэм соёл, танин мэдэхүйн бүхий л шинэ дэвшилтэд зүйлсийг богино хугацаанд хангалттай авах боломжтой. Эрмэлзэл чармайлттай, авьяас чадвартай, хөрөнгө санхүүтэй хэн ч дэлхийн аль ч орны шилдэг их дээд сургуульд суралцах боломж чөлөөтэй байгаа нь үнэхээрийн сайхан. Гэхдээ энэ даяар боловсролд үндэсний онцлог гэдэг зүйл байдаггүй.
Хятад, АНУ ч юм уу, япон шиг том хүчирхэг, хүн ам олонтой улс орнуудын хувьд нөхцөл байдал тийм чухал биш, тэртэй тэргүй боловсролын даяарчлалын гол талбар, хэл хийгээд хэрэглүүр нь тэдгээр улсын хүрээ хязгаараас хол байх боломжгүй. Харин монгол шиг цөөхөн хүн амтай, эдийн засаг, хөгжил сул орны хувьд үүнийг анхаарахгүй орхиж болохгүй.
 
Монголын авьяас чадвартай залуус дэлхийн хүн болж байгаа тухай ярьцгаах болсон нь үнэхээр сайхан, гэхдээ тэр хүн монгол гэдэг нь ямар нэгэн хэмжээгээр мэдрэгдэж харагдахгүй л юм бол монголчуудын хувьд ер тийм чухал юм уу? Зарим тохиолдолд бүр хортой, яагаад гэвэл тэднээр дамжин монголын ирээдүй монгол шинж төрхөө алдах магадлалтай учраас. Яагаад гэвэл монголоо мэдэхгүй атлаа дэлхий дэлхий гэдэг, хүн төрөлхтөн гэдэг космополитууд олширч, тэдний балаг ч нэмэгдэж байна. Тэд хамгийн түрүүнд үндэснийхээ онцлог өв рүү дайрдаг нь гашуун.
 
Глобал боловсролыг хүргэдэг, сургадаг технологиос авах зүйлс их бий, бас ерөнхий эрдэм, шинжлэх ухаан, танин мэдэхүй, техник технологийн мэдлэг мэдээлэл бүхнийг гарцаагүй сурах, суралцах л ёстой. Гэхдээ боловсролынхоо суурь агуулгад өөрийн үндэсний хэв шинжээ суулгаж өгөхгүйгээр дангаар нь шүтэж, туйлын гэж бишрэн дагана гэдэг манайх шиг эмзэг соёл, уламжлалтай, боловсролын талаарх өөрийн гэсэн өвөрмөц философоо алдчихсан, бусдыг сармагчин шиг даган дуурайж буй улс орныг сүйрэлд л хүргэнэ.
Монгол залуус Дэлхийн хүн болно гэдэг нь монголынхоо шилдэг сайхан шинж чанараа, өв түүхээ, соёл уламжлалаа мэддэг, тэр бүхнээ дэлхийн хэмжээнийхээ боловсролоор баяжуулсан хүнийг л хэлнэ шүү дээ. Түүнээс биш хаанахын хэн болох нь мэдэгдэхгүй бол ер хичнээн эрдэмтэй, чадвартай байгаад хаана ч тийм хэрэгтэй юм уу, нэг гайгүй шиг гүйцэтгэлтэй роботын хэмжээнд л үнэлэгдэх биз. Ер нь хөгжингүй улс орнуудыг харахад өөрийн гэсэн онцлог имиж, төрхөө онцгойлон тордсон байдаг юм шүү дээ.
Манайханд нэг туйлширдаг хачин өвчин их байна, одоо бид хоёрыг ингээд ярихаар орчин цагийн боловсролыг эсэргүүцлээ, монголыг дундад зуун луу нь чирэх гэж байна, Хойт Солонгос шиг болгох гэлээ гээд л эхэлнэ, тодорхой. Харж л байгаарай.
.
- Та тэгэхээр манай бүх шатны боловсролын агуулгад онцгой анхаарах хэрэгтэй л гэх гээд байна аа даа?
.
Яг тийм. Өмнө ч дурдаад өнгөрсөн дөө, үндэснийхээ онцлог дээр тулгуурласан хөгжлийн бодлого дутагдаж байгаа талаар. Тэр дотор чинь орчин цагийн монгол хүнийг бүтээх цогц бодлого гэдэг юм бас орж таарна. Манайхан нэг үе Кембрижийн боловсрол гэж баахан шуурсан. Сайн нь сайн, үнэхээр сайн. Гэхдээ тэр чинь христ шүтлэгт суурилсан, өрнийн агуулгатай боловсрол шүү дээ. Суурь шинжлэх ухаануудаас бусад нийгмийн талын хичээлийн агуулгуудыг нь сайн ухаад үзэхэд л андашгүй.
Түүний дараа Зөв монгол хүн гэсэн хөтөлбөр гаргасан. Одоо чухам юу болж буйг мэдэхгүй байна. Ингэхэд Зөв монгол хүн гэдгээ хэрхэн тодорхойлсон нь ч тодорхойгүй. Яагаад гэвэл бид суурь үзэл санаагаа одоо болтол бүрэн гаргаж авч чадаагүй нөхцөлд хэлбэр төдийгөөс хэтрэхгүй.
.
- Ер нь дэлхийн хөгжсөн улс орнуудад энэхүү ярьж буй үндэснийхээ онцлогт тулгуурлан хөгжсөн туршлага хэр түгээмэл байдаг вэ?
.
1970-аад онд хятадууд гэнэтхэн Соц системээсээ мугуйдалж, Хятадын үндэсний онцлогтой социализм гэсэн онол гаргаж ирсэн. Тэр үед соц систем даяараа л шүүмжилж, социализмынхаа зарчмаас ухарлаа гээд бөөн юм болж байлаа. Үнэхээр л ухарсан, либераль эдийн засагтай социалист систем гэж тэр үеийн соц ойлголтоор ер байж боломгүй. Гэтэл одоо Дэн авгайн зөв нь батлагдаж, тэд дэлхийд тэргүүлээд гараад ирлээ. 40 гаруйхан жилийн дотор шүү дээ. Хятадыг ардчилах тухай барууныхан мөрөөддөг. Тэр ёстой үлгэр, яагаад гэвэл хятад хүнд тэр огт таарахгүй. Харин ч бүр аюултай.
 
Дэлхийн II дайнд ялагдаж, эдийн засаг нь сүйрсэн, сэтгэл санаагаар унасан япончууд хорь хүрэхгүй жилийн дотор эргэн сэргэн мандсаны нэг нууц нь япон үндэсний үзэл, япон хүнээ дахин шинээр бүтээж чадсанд шүү дээ. Яагаад япон бараа чанартай байдаг юм бэ? Япон хүн бүтээж байгаа болохоор тэр. Тэгвэл тэр япон хүн нь хэн юм бэ, тэд юугаараа онцлог юм бэ? Японы боловсролын зорилго нь юуны түрүүнд шударга, хөдөлмөрч, үүргээ шавхан биелүүлэх чадвартай япон хүнийг бүтээхэд байдаг гэдэг. Япон соёл, япон түүх, япон уран зохиол, япон хэлээрээ дамжуулан япон хүнээ бүтээж байна. Бүшидо үзэл бол япон хүний мөн чанарт нуугдаж байдаг тэр өвөрмөц хүчирхэг тал нь шүү дээ.
 
Бараг 2000 жил эх оронгүй хөөгдөж, туугдаж, цаг үргэлж хаа газраа гадуурхагдаж, үе үе геноцитэд өртөн хядуулж, бүр өөрийн гэсэн хэлээ ч гээчихсэн явсан еврейчүүд яагаад энэ урт удаан он жилүүдэд бүрмөсөн устаагүйгээр барахгүй өнөөдөр 150 сая лалын дотроос дэлхийн улс төр, эдийн засгийн хүчирхэг тоглогч болтлоо босож ирж чадсан хэрэг вэ? Өнөөх л еврей хүнийг бүтээдэг нууцад бий. Түүнээ бүр хэлд орох үеэс нь эхлээд л Талмуд судраараа “Чи бол бурхнаас сонгогдсон еврей хүн шүү” гэж мэдрүүлж ирсэн хатуу дэг сургууль.
Америкчууд ч ялгаагүй, чи бол эрх чөлөөний бэлгэдэл болсон америк хүн юм шүү гэсэн агуулгаар өсөж хүмүүждэг. Тэд хаана ч явсан цээж тэнэгэр, хараа дээгүүр, өөртөө итгэлтэй явдаг. Англи тэргүүтэй европын орнуудын нийгмийн эд эс бүхэнд католик шашны нөлөөлөл ямар хүчтэй шингэсэн байдаг гээ.
Одоо Африк яагаад муугийн жишээ болоод, хөгжиж дэвшиж чадахгүй байдгийн шалтгаан нь боолчлол, колоничлол тэдний үндэсний хамаг үнэт зүйлсийг шимж сороод, өөрийн гэсэн оюун санааны тулгуур байхгүй болчихсонд л юм. Тэдний олонхи нь колоничлогчдийн хэлээр ярьж, тэдний тогтоож өгсөн хууль цааз, төрт ёс, аж төрөхүйн хэвшлээр амьдарч байна.
.
- Тэгвэл монголчуудад японы бушидо шиг, эсвэл еврейчүүдийн Талмуд шиг тийм хүчирхэг үзэл санаа тээгч, уламжлагч бий юу?
.
Байлгүй яахав. Гэхдээ нүүдэлчдийн нэг онцлог нь орд харш бариад үлдээдэггүйтэйгээ адил, судар ном бичээд хадгалаад үлдээсэн нь ховор, ихэнхдээ зан заншил, өв соёл, хэл хэллэг, уламжлалдаа тэр бүхнээ шингээж үлдээсэн. Энэ нь онцлог л болохоос биш муу, мулгуугийнх биш. Түүнийг байхгүй, тэр бол зөвхөн хэсэг бусаг, эрээвэр хураавар догматик зан заншил гэж харах нэг хэрэг, харин тэнд үнэхээр цогц юм бий шүү гээд эрэх хайх огт өөр. Тийм л нүдээр өв соёл руугаа хардаг болоосой. Еврейчүүд хуучин судрын тасархайгаас олдсон 30 хүрэхгүй үгсээс бүтэн хэлээ сэргээн босгосон шүү дээ.
.
- Хятадыг ардчилах нь яагаад аюултай вэ? Гонконгийн хүн амын үнэмлэхүй олонх нь буюу 92 хувь нь хятад үндэстнүүд. Гэтэл тэд ардчилалтай ч, хөгжилтэй ч. Түүн шиг хятад ардчилагдчихвал бүр үсрэнгүй хөгжих юм биш үү? Яагаад зохихгүй гэж?
.
Хятад нэгмдэл хүчирхэг байх нь, задарч бутрах нь аль аль нь бидэнд сайн биш, гэхдээ задрах нь илүү аюултай. Хятад задрахад юу болно гээч. Хамгийн түрүүнд хятадын нийгмийн гүнд үргэлж уугин цогшиж байдаг Их хятадын үндэсний хэт туйлширсан шовинизм хүчтэй дэлбэрнэ. Чухам тэр үзлийг хатуу тоталитар тогтолцоо л хоргоон тогтоож байдаг. Одоо хятадууд хүчирхэгжээд өөрсдийгөө мэдэрсэн, тэр хэрээрээ өнөөх шовинизм нь улам хүчтэй уугиж байгаа. Тэр үзлийн тэргүүн ээлжинд Ар монгол бол бидний газар нутаг юм гэсэн итгэл үнэмшил байдаг. Тэгээд улайрч догширсон, хяналтгүй хүн сүргийн үер хаашаа урсана гээч. Наашаа, хүн ам сийрэг, уудам газар нутагтай, баялаг ихтэй, хөгжлөөр сул дорой манай руу л урсаж таарна. Өөр хаашаа ч урсахгүй. Баруун тийшээ Хамилай давахгүй, давсан ч цаана нь Энэтхэг гээд өөрсөд шиг нь хүн далай юуг ч багтаж шингээхгүй. Урагшаа Вьетнамууд чимээгүй хүчирхэгжчихсэн, оруулах ч үгүй. Бас л хүн ам шигүү.
 
Зүүн талдаа хүчирхэг Солонгос. Тэгэхээр хятад чүдэнзний хайрцаг наашаа л онгойно. Зарим хүмүүс хятад задрахаар өвөр монголтойгоо нийлнэ гэдэг. Тэр ёстой хоосон мөрөөдөл болсон. Нэгд, Өвөр монголчуудын маань 40 гаруй хувь нь хятадтай эрлийжсэн. Түүнийг яаж ялгаж, салгах юм, ёстой давагдашгүй хүчин зүйл гэдэг чинь энэ. Хоёрт, өнөөдрийн Өвөр Монголын газар нутагт аж төрж буй хүн амын үнэмлэхүй олонхи нь хятад иргэд. Хөх хотод л гэхэд нэг монгол хүнд 30 хятад хүн ногдож байна. Хятадууд Өвөр Монголыг орхиод явна гэж ёстой байхгүй, харин ч хятад задрахад энэ харьцаа улам нэмэгдэнэ. Гуравт, өөрсдийнхөө байж байгаа царайг бодитоор харах хэрэгтэй. Тэр хүн далайн их түрлэгийг тогтоон барьж чадах уу, яахав Орос дахиад нэг удаа тусалж болох л юм.
 
За тэр Гонконгийн хятад чинь европын дэг соёл дор 170 жил болчихсон, күнзээсээ өөр соёл, сурталд суралцчихсан, огт өөр хятад. Эх газрын хятадууд чинь саяхнаас л нийтээрээ гэдэс цадна гэж юу болохыг мэддэг болж байгаа, сүргийнхээ шинжээс дөнгөж салаад буй хятад. Хятад ардчилагдсанаар задарч, хүчин суларч, барууныханд л дахин сэргэх боломж болно гэж тооцож буйгаас биш нэг их хятад хүний эрх эрх чөлөө зөрчигдөөд, түүнийг нь АНУ тэргүүтнүүд өрөвдөж, өмөөрөөд байгаа юм огтхон ч байхгүй. Их гүрнүүдийн стратегийн тоглоомийн хөлд бид үрэгдэх вий. XX зуунд болсон том тоглоом бидэнд аз таарч, тал хагас ч газар нутаг дээрээ тусгаар тогтнолтой болоод авсан, гэхдээ дандаа аз таараад байхгүй л байх. Дараагийн том тоглоом магад бидэнд гай тарьж ч болно. Манай зарим хэнхэг ардчилагчид хятадад ардчилал заах гэж өвчигнөдөг нь үйл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдохын үлгэртэй адил.
За за, ингэхэд уран зохиолын тухай эхэлсэн яриа маань сүүлдээ халиад юу ч болчихов.
.
- Тэглээ, нэлээд хальчихлаа. Гэхдээ буруу хальсан гэж бодохгүй байна. Монгол мөн чанарыг харуулсан өгүүллэгийн тухай эхэлсэн яриа маань үндэстний мөн чанараа олж тогтоох, улмаар түүндээ тулгуурласан үндэсний хөгжлийн үзэл санаа, бодлогын талаар яриа болон өргөжсөн нь буруу үгүй, харин ч утга учиртай болов. Ингэхэд та монголчуудтай язгуур чанарынхаа хувьд оросууд нэлээд дөхүү гэж хэллээ. Яагаад ингэж хэлэх болов?
.
Оросуудтай бид 70 жил их ойр явлаа. Хэдий алдаа, оноотой ч, сайнтай муутай ч бид түүхэндээ өөр үндэстэнтэй ингэтлээ ойртсон эсэхийг мэдэхгүй юм. Үгүй л болов уу. Урд хөрштэйгээ 70 бүү хэл 7 жил тэгэж ойртсон бол монголоос юм үлдэхгүй л дээ. Тиймээс л бид урд зүгийн хүмүүсээс тэгтлээ их болгоомжилдог, тэр нь зарим тохиолдолд бүр шизо хэмжээнд ч хүрдэг. Арга ч үгүй, яагаад гэвэл манай үндэстний түүхэн дэх бүхий л сүйрэл цаг ямагт урд зүгээс ирж байсан учраас. Хүннүгээс өмнөх үеийн сүйрлүүд ч, Хүннүгийн хоёр удаагийн том сүйрэл ч, түүний дараах Сүннү, Түрэгийн сүйрэл ч бүгд урд зүгээс ирж байв. Хамгийн сүүлд 1919 онд Монгол төр хэдэн мянганы түүхэндээ анх удаа албан ёсоор зэвсгээ хураалгаж, тугаа буулгаж, эзэн хаан нь харийн хааны/ЕС/ зурганд мөргөсөн явдал нь бас л урд зүгээс... “Хүйсэнд нь хүүхэд, хөрсөнд нь үр” гэдэг үгийг манайхан дэмий балай шизотож байгаад зохиочихсон юм биш шүү дээ. Үнэхээр л тийм бодлого үе үе хүчтэй түрж орж ирж байсан. Түүх түүнийг гэрчилдэг.
 
Харин орос манайтай 70 жил тийм ойр байчихсан атлаа, одоо явцгаа гэхэд олон юмгүй гараад л явчихсан. Хэрвээ хятадууд 70 жил манайд байсан бол яах л бол, 60-аад онд Бал дарга Улаанбаатарын хэдэн хятадыг бөөн дажин болж байж арай гэж гаргасан. Вокзал дээр, бас Бээжин дэх манай ЭСЯ-ныханд юу болж байсныг одоо мэдэх хүмүүс хараахан шавхарчихаагүй байх. Бас л түүхэн баримтууд гэрчилнэ.
 
Оростой 70 жил ойр явахдаа манай үндэстэнд тэдний өөрсөдтэйгээ ойролцоо зан чанаруудыг мэдэрч, зан зангаа авсан байдаг. Өнөөх бидэнд байдаг гүндүүгүй, гүдэсдүү, цайлган, хэнэггүй гэх мэт. Ер нь ойролцоо зан чанартай хүмүүс илүү бат нөхөрлөдөг. Олон ч монголчууд орос хүмүүстэй хүн ёсоор нөхөрлөж, найзалж байв. “Орос ах” гэдэг үг зөвхөн улс төрийн доромж ёгтлол биш юм шүү дээ, одоо тийм хүчтэй сурталчилгаа, тархи угаалт их явдаг болсон. Тэр “Орос ах” гэдэгт зан зангаа авалцсан хүмүүсийн хүн ёсны харилцаа ч бас байсан юм. Нүдээ таглачихаад, эерэг сайхан зүйлсийг нь анхаарч харахгүйгээр, алдааг нь шүүрэн барьж, бүхнийг тэр алдаагаар шүүж, тогтоож ялладаг нь лав л ардчилал ч, эрүүл ухаан ч, үзэл бодлын чөлөөт байдал ч биш ээ. Зүгээр л тархи угаалт, пропаганда. Бид хоёрхон хөрштэй, нэг хөршөөс холдохоор хаашаа гулсдаг гээч, нөгөө хөршрүүгээ л гулсдаг юм шүү дээ. Үүнд чинь эргэлзээд, гайхаад байх юм байхгүй. Тийм л гулсгадаг үйл явц өрнөж байгаа.
Мэдээж хэрэг хүмүүс л юм хойно орос, монгол хувь хүмүүсийн харилцаанд сөрөг тал, зөрчлүүд байсан, бас улс төрийн харилцаанд ч шүүмжлэлтэй хандах, тэр байтугай хүлээн зөвшөөрөх ч аргагүй зүйлс байсан нь бүгд тийм байсан гэсэн үг биш. Монгол оронд газар тариалан, МАА, худаг ус, барилгажилт, үйлдэржилт, дэд бүтэц, урлаг, соёл, боловсрол гээд Улс ардын аж ахуйн бүхий л салбарт оросын мэргэжилтэн зөвлөхүүд, ажиллаж зааж сургаж байлаа. Тэдний гар бие оролцоогүй салбар гэж байхгүй дээ. Харин одоо тэдний авч байсан цалин нь манайхыг шулж байсан гэж шогшрох атлаа монголчуудад зааж сургасан зүйлсийн тухай огт дурсдаггүй. Бид чинь 40-өөд он гартал ямааныхаа ноолуурыг самнаж авч мэддэггүй, тэр үед анхны ямааны сам ирэхэд яаж самнадгыг нь хүнээр заалгаж л явсан нь үнэн л юмдаг. Өөрөөр хэлбэл оросоор дамжиж бид өнгөрсөн зуунд орчин үежсэн юм.
Дээр миний дурдсан Хятад зохиолчдын зохиолуудыг уншиж байгаад Оросын, тухайлбал В.Шукшиний өгүүллэг, туужуудыг уншаад үзээрэй. Юуны өмнө огт хоёр өөр зан төлөв, ертөнц мэдрэгдэнэ. Шукшиний өгүүллэгүүдээс орос хүний, тэр дундаа Сибирийнхний өнөөх жинхэнэ “Мужик” гэгддэг тийм зан чанар нэвт ханхална. Монголчууд бид уужуухан, эрмэг, гүдэс шулуун зантай, нөхөрлөлдөө үнэнч, туйлбартай хүнийг “Эр хүн” гэдэг. “Эрийн чинээ эр” ч гэдэг. Оросын энэ “Мужик” гэдэгтэй бараг л таардаг. Гэтэл хятад зохиолоос, ерөөс хятад ертөнцөөс тийм зан чанарыг хайхад ер ховор шүү.
.
- Зохиолч, кино найруулагч, жүжигчин Василий Шукшинийг оросууд их хайрладаг юм билээ.
.
Аргагүй байх аа, тэр хэдий Толстой, Чехов, Достоевский шиг сонгодог аварга нь биш ч гэсэн өнөөх орос мөн чанар гэдэг юмыг гэрэлттэл нь бичиж чаддаг цөөхөн зохиолчдийн нэг. Тиймээс л тэгэж хайрлаад байгаа хэрэг.
Ингэхэд би бага залуудаа В.Шукшинийг шальдар бульдар дэмий юм бичдэг гээд огт тоодоггүй, оросууд яагаад энэ нөхөртөө хайртай байдгийн учрыг ч ойлгодоггүй явлаа. Өнөөх Достоевский, Хэмингуэй энэ тэрээ гайхаж шагшраад, хайрлаж, тэврээд байх. Харин одоо эргээд харж байхад Шукшин, Распутин нар орос хүний давтагдашгүй нандин чанарыг тун гярхай, бас сэтгэлд хоногшим хэв шинж болгон үзүүлж чаддаг байжээ. Бидэнд ч мөн тийм дүрслэл, мэдрэмж бүхий зохиол бүтээл их үгүйлэгддэг. Ялангуяа энэ цаг үед. Бид чинь монголоо бичнэ гэхээр ердөө хөдөөг л бичдэг, тэгээд нэг “Мангар Дамдин” маягийн бүдүүн баарагдуу дүр төрхүүд голдуу бичиж байна. Илэрхийлэл нь ч болхидуу, дүрийн мөн чанар нь хиймэлдүү, угалзалсан авдрын хээ шиг гоёчилсон нь дийлэнх. Энэ цаг үеийнхнийг тэр бүр татаж чадахгүй байх аа. Тэгэхээр сэдэв, орон зайн хувьд жаахан өргөн хүрээнд, сэтгэлгээ, дүрийн сэтгэлзүйн хувьд ч илүү нарийн мэдэрч, илэрхийлэх шаардлагатай гэсэн үг.
.
- Та Шукшинийг талархан сайшаажээ. Гэтэл Шукшин яг уран зохиолын хэмжүүрээр тийм сонгодог сайн орохгүй, магадгүй, тэр зүгээр л олон түмний зохиолч байх. Манайд ч тийм зүйл бий. Тэгэхээр таны энэ санаа уран зохиолын мета түвшнээс массын түвшинд гулсах тухай яриа биш үү? Эсвэл уран зохиолд тодорхой үүрэг зорилго нялзаадаг соц реалист үзэл санаа ч ханхлаад явчих шиг.
.
Ер нь чиний хэлдэг анхаарууштай зүйл мөн. Гэхдээ Уран зохиол гэдэг бүхэл том ай савын тухай л бид ярилцаж байгаа шүү дээ. Зөвхөн мета түвшний уран зохиолын тухайд арай өөр зүйл ярилцаж болох байх.
Нөгөө талаар би нийгмийг үзэл сурталжуулах, амьдралыг гоёчлон харуулах тухай огт яриагүй дээ. Уран зохиол гэдэг энэ том ай сав чинь бүхэлдээ үндэстнийхээ оюун санаа, үнэт зүйлсийн дархлааг нь бэхжүүлэгч, баяжуулагч, цаашлаад бүтээгч мөн чанартай, эсрэгээрээ бол сүйрүүлэгч ч хүчтэй. Ухаарч сэхээрсэн улс үндэстнүүд уран зохиолын энэ бүтээгч мөн чанарыг нь үр дүнтэй ашиглаад, боловсролынхоо нэг чухал бүрэлдхүүн хэсэг болгоод, үндэстнээ бүтээдэг нэг түлхүүр болгоод байгааг бид анзаарахгүй өнгөрч болохгүй тухай л ярьж байгаа.
 
Кембрижийн боловсролын хөтөлбөрийн Уран зохиолын хэсэгт 2000 гаруй гарчиг зохиолын нэр орсон байдаг юм билээ. Гэтэл тэдгээр зохиолуудын үнэмлэхүй олонхийн үндсэн агуулга нь католик шашны үзэл санаанд суурилсан, түүнийг сурталчилсан, түгээхэд чиглэсэн байгаа. Эргэлзвэл татаад үзэхэд болно. Энэ чинь нэг юм хэлээд байгаа биз.
 
АНУ-ын ЕБС-ийн хөтөлбөрөөс гадуур 138 гарчиг зохиол бүхий заавал унших номын жагсаалт гэж бий. Бас л агуулга нь өвөрмөц.
ОХУ-д хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгчийнхөө зарлигаар оросын оюуны элитүүдээс бүрдсэн комисс байгуулагдаж, оросын хүүхэд багачууд, өсвөр үеийнхний унших ёстой номын жагсаалт гэж гаргасан. 770 орчим гарчиг зохиолын 70 орчим нь үндэснийх нь уран зохиол, урлаг соёл, оюун танин мэдэхүйн бүтээлүүд орсон. 2017 онд ЕС Медведийнх нь захирамжаар хүүхэд багачуудын Уншилтыг дэмжих хөтөлбөр гэдэг баримт бичиг гарсан байна билээ. Түүндээ УЗ-ын уншилт нь дараах ач холбогдлуудтай гэж тодорхойлсон. Үүнд: Уншилт нь дараах зүйлүүдэд эн тэргүүний ач холбогдолтой, үүнд: - өсвөр үеийнхний хүмүүжил, боловсролд, хувь хүний төлөвшил, хөгжилд; - нийгмийн бүх гишүүд, түүний дотор төрийн түвшинд шийдвэр гаргагчид, орон нутгийн эрх баригчид, албан байгууллага, үйлдвэрийн газар, олон нийтийн байгууллагуудын удирдах хүмүүсийн боловсролын түвшин, мэргэжлийн мэдцийг дээшлүүлэхэд; - улс орны нийт соёлын чадамжийг бүрэлдүүлэхэд; - амьдралын чанарыг дээшлүүлэхэд.
 
 
Бүр “амьдралын чанарыг дээшлүүлэхэд” гэж тодорхойлсон байгаа юм шүү. Хүн нь хөгжиж байж улс орон хөгждөг, гэтэл хүн хөгжинө гэдэг нь гоё ганган машин унаад, гоё ганган хувцас өмсөх тухай яриа биш, боддог, сэтгэдэг, эрж хайдаг, хүсэл эрмэлзэлтэй, ёс суртхуун, соёлын илэрхийлэл нь хэлбэржсэн тухай яриа юм. Гэтэл хүнийг ийм болгодог гол хүчин зүйл чинь тэр урлаг, уран зохиолд байгаа хэрэг. Товчхондоо уншихгүй бол сэтгэхгүй, энэ чинь аксиом.
 
 
Тэгээд оросууд бүр бага ангиас нь тун сайн уншуулаад эхэлсэн. Тэдний 3-р ангийн унших бичиг л гэхэд 2 боть, 110 орчим гарчиг зохиол орсон. Япон, Хятад, Франц ямар байдгыг бас гадарлана.
Энэ бүхэн чинь юуг хэлж байна вэ гэхээр, улс орнууд уран зохиолын тэр бүтээгч мөн чанарыг нь ирээдүйгээ бүтээхдээ ашиглаад байна аа гэсэн үг. Гэтэл бид цэвэр уран зохиол, онол яриад, үр дүнд нь манай сургалтын хөтөлбөрт уран зохиол хавсрага шинжтэй орсон, манай боловсролын бодлого боловсруулагчид уран зохиол бол зугаацуулан цэнгүүлэх төдий гэж үздэг болсон. Сайхан хийлгэсэн байгаа биз. Яг л тогос гоёмсог өдөндөө дурлаж яваад шатаж үхдэг шиг л юм болох шахав.
Гэхдээ Уран зохиолын бүтээгч мөн чанартай тухай яриа нь уран зохиолыг анхнаасаа бүхэлд нь тодорхой зорилгоор туурвиж, бүтээдэг гэсэн үг бас биш юм шүү дээ, энэ хоёрыг хольж хутгаж болохгүй.
Тэр уран зохиолын гоёчилсон, зугаацуулсан, хэлбэрдсэн, хуурсан, үзэл сурталжуулсан, хээнцэрлэсэн хэв маягууд чинь бүгдээрээ л том ай савдаа байгаа. Түүнээс нэг хэсэг нь уран зохиол, бусад нь уран зохиол биш ээ гэдэг үзэлтэй би санал нийлдэггүй ээ. Сайнтай муутайгаа нийлээд л нэг том савандаа түлхэлцэж, жийлцэж яваа. Үнэхээр л үнэ цэнэ багатай, ур чадварын ч, уран сайхны үнэний үнэр ч байхгүй шахам хээнцэр уран зохиолыг олон түмэн хошуурч уншдаг нь гашуун ч гэсэн үнэн. Харин ард түмэн нь биш юмаа гэхэд төрийн бодлогын түвшиндээ уран зохиолын үр нөлөөг нь зөв ойлгодог, бас сайн мууг нь ялгах чадвартай байх хэрэгтэй юм.
Гэхдээ бас тэр олон түмний хошуурч уншдагууд нь хавтгайдаа муу ч гэсэн үг биш. Өндөр түвшинд бичигдсэн ч олон түмэн олноороо хошуурч уншдаг зохиол бүтээл ч бий. Миний мэдэх манайд “Зуун жилийн ганцаардал” лав л хэдэн мянган ширхэгээр, янз бүрийн хувилбараар дахин дахин хэвлэгдсэн. Яахав, сургаар уншдаг, моодорхож уншдагууд байгаа ч ер нь бол манай залуусын уншилтийн түвшин эрс дээшилсэн шүү. Аюур, Өлзий нарыг уншдаг өргөн хүрээ байгаа нь анзаарагддаг чинь ер сайн уншигчид бий болжээ л гэсэн үг шүү дээ. Тагтаагийнхан нэлээд боломжийн түвшний номууд эрхэлж гаргадаг, гэтэл тэдний уншигчид бас л нэмэгдсээр байгаа гэдэгт би итгэдэг.
.
- С.Эрдэнэ гуайн “Өвгөн шувуу” өгүүллэгт нэг гол усны өвгөдийн нэгнээ гэсэн сэтгэл, жудаг, бас үхлийн өмнөх монгол хүний сэтгэл зүйг өвөрмөц гаргасан шүү.
.
Өө, тэр сайхан өгүүллэг. Ёстой монгол хөх өвгөдийн дүр тод гарсан. Ер нь хүний мөн чанар үхлийн босгон дээр тодордог. Монгол хөгшид бол тэр бүр энэ амьдралд хоргодож, уйлж, зууралдаж сүйд болдоггүй. Жамын юм жамаараа л гэж хүлээж авдаг, амгалан тайван явцгаачихдаг. Дахиад л нэг тийм өвөрмөц онцлог эндээс харагдана.
Ерөөс үхэл хийгээд оршуулга нь тухайн үндэстний сэтгэлгээ, танин мэдэхүйн тун өвөрмөц талыг илэрхийлдэг. Бид чинь талийгаачдаа хайрцаглаад, цементлээд, хөшөө босгоод, түүнээ ойр ойрхон эргээд байдаг үндэстэн биш шүү дээ, уг нь. Хайрцаглаж, цементэлдэг нь баруун зүгийнхний л соёл юм. Бид бол аль болох хурдан түргэн байгалдаа шингээхийг эрмэлздэг байж. Хүмүүн бол энэ байгал эхийн хүүхдүүд, түүний нэг хэсэг, тиймээс эргээд түүндээ хурдан түргэн шингэхийг эрмэлзэх нь аргагүй. Их ялгаа байгаа биз. Бас тэр ханш нээхээр шарил эргэдэг нь урд зүгийнхний соёл. Ли Чи Жианы “Цаст булш” өгүүллэгт хятадын талийгаачдаа хандах, шарил бунхныг тахиж шүтдэг соёл, сэтгэлгээний талаар тун тодорхой бичсэн байна билээ. Хятад хүний сүнс сүг нь хоргодоод үлдчихдэг, тахиж тайлснаар ард үлдсэн гэр бүл үр хүүхдээ тэтгэдэг, ивээдэг гэж үздэг. Ивээл эрж, тэр шарил булш руу очдог. Өөрөөр хэлбэл зуурдын тамд гацсан сүнстэй нь харьцаад, ивээлийг нь аваад байгаа хэрэг.
Харин монголчууд бол газар дэлхийдээ шингэчихсэн, тиймээс газар дэлхийгээ л шүтнэ. Хүндэтгэнэ. Мэдээж хэрэг, эцэг эхийн газар маш эрхэм, явдал ойр таарвал заавал мориноосоо бууж, одоо цагт бол машинаасаа бууж, залбирдаг, сүү өргөдөг. Түүнээс биш ивээл хөрөнгө мөнгө хүсэж мөргөхгүй. Монгол хүн ялангуяа эцгийн газрыг машид онцгойлон үздэг, сонгож шилдэг онцлогтой. Эцгийг буруу газар оршоосноор үр удамд нь ноцтой сөрөг нөлөөлөл бий болдог гэж үздэг. Барууныхан шиг эзэмшил хашаандаа оршуулчихдаггүй. Гэх мэтчилэн дахиад л ялгаатай талууд их бий.
.
- Та дээр монголчуудын сэтгэлгээний нэг онцлог нь бүхэлтгэдэг гэсэн. Энэ юу гэсэн утга вэ, сайн хийгээд муу тал юу вэ?
.
Бүхэлтгэж хардаг сэтгэлгээг, жишээг ойрхноос нь энэ ярианд дурдсан Оростой 70 жил ойр байсан гэдгээр авая. Яг үнэндээ 70 ч биш, 1921 оноос тоолбол 69 жил болно. Хэн нэгэн нь “Өө, 69 жилийг 70 гэж хэллээ, буруу хэллээ. Иймхэн юмыг зөв хэлж чадахгүй байна гэдэг чинь юу ч мэддэггүй хүн байна” гээд маргаад эхлэх бүрэн боломжтой. Гэхдээ ярианы үндсэн илэрхийлэх гэсэн нь энэхүү яг таг 69 жил үү, 70 жил үү гэдэгт биш, ойролцоогоор 70 орчим жилд л ойр байжээ болно. 65-аас дээш, 75-аас доош бол 70 орчим гээд л хэлчихнэ. Ингэлээ гээд уг ярианы үндсэн агуулгад онцын зарчмын өөрчлөлт гарахгүй.
Малд явсан хүн “Арваад адуу усанд ороод гарав”, “Ар оройд таванзуугаад бог бэлчиж байна” гэж ярьвал сонссон хүмүүсийн хэн ч яг арван хэд байна, эсвэл яг таванзуун хэд байна гэж асуудаггүй. Ерөнхийд нь ойлгочихно. Заавал таванзуун тавин гурван бог байгаа эсэхийг тоолох ч гэхгүй, нөгөөдүүл нь шаардах ч үгүй. Ахуйн хэрэгцээ шаардлага нь угаасаа тийм юм.
 
Биднийг цаг барьдаггүй, болздоггүй гээд байдаг нь магадгүй энэ багцаалдаг уламжлалтай нь холбоотой ч байж мэднэ, за бид чинь үдээс өмнө дөө л болгочихно доо гэвэл тэгээд юутай ч нэг юм үдээс өмнө юм байна гэж ойлгохоос биш, яг 11 цаг, 10 минутад гэх аргагүй.
Танил маань ярьж байна, ирэх 2020 оны 8 сарын 10-нд монголд айлчилна аа, тэр үед чи завтай байх уу гээд. Пүү, би яаж бүхэл бүтэн жилийн дараах тодорхой өдөр яг юу болохыг мэдэх юм бэ? Ёстой тааж мэддэг таван хаан, тамшаалж мэддэг тарлан бух биш гэдэг байх аа. Тэр байтугай долоо хоногийн дараа ч яг тодорхой цаг хэлэх боломж лав л миний хувьд байхгүй. Гэтэл германчууд, япончууд аль хэдийнэ яс тас төлөвлөчихсөн. Магадгүй энэ нь тэдний онцлог, энэ онцлог нь цаг үедээ тун давуу талыг бий болгоод байгаа хэрэг.
 
Харин бидний хувьд тэр цаг яс барьдаг, ойр зуурын алив юмыг яг тодорхой байлгадаг сэтгэлгээнд дасах гэж их будилах юм. Будилахаас илүүгээр бүр дургүйцэх талдаа шүү. Энэ амьдралд чинь юу ч, хэзээ ч гэнэтхэн тохиолдож болдог, ялангуяа нүүдэлчдийн амьдрал бол өдөр, цаг мөч бүрд гэнэтийн хувирал өөрчлөлт, эрсдэл, шалгууртай тулгарч байдаг учраас бид бүхнийг яг таг тулгаж төлөвлөдөггүй байж, гэхдээ л санасан бол санаснаасаа ухардаггүй, хэлсэн бол хэлсэндээ заавал хүрдэг. Гэхдээ яг 8 сарын 10-ны өдөр биш, 8 сарын 1-нд байж болно, эсвэл 10 сард ч байж болно. Энэ намар нь нэг очиноо л гэж ярихаас биш 10 сарын 7-нд очино гэсэн үг биш. Бороотой ч болзоондоо. Хуртай ч хугацаандаа л байж.
Энэ мэт цаг яс барих, зарим нэг зүйлийг яг тодорхой болгох зэрэгт өөрчлөгдөхгүй бол орчин цагийн энэ эрчилсэн хуйларсан нөхцөлд нэлээд бэрхшээл зөрчил үүсгээд байдаг. Бидний хувьд анхаарч, засах, суралцах зүйлс гарцаагүй мөн.
За тэгээд монголчууд өнөөх орчлон ертөнцийг салгаж ялгах аргагүй, нэн нарийн шүтэлцээ бүхий нэг цул юм гэж үздэг тулгуур үзэл нь өнөөх болзолгүй нүүдэлч ахуй амьдралын онцлогтой шууд холбоотой байгаа биз. Энэ нь зөвхөн тоо тооллого, цаг хугацаатай холбоотой төдий биш, амьдралын алив илрэл хийгээд хүнд хандах хандлагад хүртэл тод илэрдэг.
Хэн нөхөр архи уучихаад агсамнаж, өвчигнөөд байхад “Өө зайлуул, хөөрхий, уучихаараа л ингэдэг юм. Уг нь манай энэ ч сайн хүн шүү” л гэнэ. Эсвэл хэн нэгэн нь эд баялагтай, нэр цуутай болоод эхэлбэл, “За энэ ч дээ. Энэ цагийн өнгөнд жаахан өөдөлж л явна. Яахав яахав. Уг хүн нь удам судраараа базаахгүй дээ”, эсвэл хэн нэгэн авилга аваад шоронд орчихлоо гэвэл “Өө халаг гэж, манай энэ уг нь тийм юм хийх ч хүн биш дээ, юу болчихов зайлуул” гэх мэт. Өөрөөр хэлбэл тухайн нэг хоёр илрэлээр нь хүнийг үнэлж дүгнэдэггүй, ямар нэгэн илрэлд нь учиргүй реакцалж, ойж буудаггүй, бүхэлд нь харах гэдэг, хөндлөнгөөс харвал мэдрэмжгүй ч юм шиг, амгалан ч юм шиг гэвч дотроо бүгдийг тооцоолж, эргэцүүлж, багтааж суудаг. Өнөөдөр муудаж байгаа тэнгэр, маргааш ч юм уу, хэзээ нэг өдөр онгойно гэдгийг ч мэддэг. Сайн муу нийлж байж сав ертөнц дүүрдэг гэдгийг ч ямагт санаж явдаг нэг ийм л сэтгэлгээ юм. Хуучны тулхтай хөгшдийн углуургатай, цөлх ухаан сэтгэлгээ гээд байдаг нь энэ.
.
- За та бид хоёр монгол хүний унаган шинж чанарын тухай ярилцлаа. Яриа ч дуусамгүй шинжтэй. Үндэстэн оршин тогтнодог тулгуур учраас дуусашгүй сэдэв. Улс үндэстнүүдийн язгуур гэж юу юм, яагаад монголчууд өөрсдийгөө тэнгэр язгууртай гэдэг юм, тэр язгуур өөрчлөгддөг үү, ерөөс хүнийг биологийн хувьд биш харин хувь хүний хувьд, соёлын хувьд цоо шинээр бүтээж болдог уу, болдог бол үндэстний язгуур шинж гэдэг ойлголт гуйвж ганхах уу гээд сонирхолтой зүйлс бишгүй үлдээ. Дараа тэр бүгдийн талаар эргэж ярилцая.
 
 
Ярилцсан Ч. Амартүвшин
 
Эх сурвалж: Zogii.mn сайт