Дээрхийн гэгээн Далай лам манай улсад гэнэтхэн айлчилснаар Хятадаас авах 4 тэрбум гаруй ам.долларын зээл цуцлагдав. Энэ талаар эсрэг тэсрэг үзэл бодол байна. 
1. "Зээлээр дамжиж хятадын гарт орох аюулаас Далай багш биднийг аварлаа".
2. "Зээл авах гарцаагүй амин чухал шаардлага байтал Далай лам ирээд биднийг хорлочихлоо". 
Аль алинд нь үндэслэл бий. 
 
Өнөөдөр манай эдийн засаг Хятадаас бараг бүрэн хараат байдалтай байгаа. Гэтэл нэмээд тэднээс 4 тэрбум ам.долларын зээл авна гэдэг нь дээрх байдлыг санхүүгийн төдийгүй улс төрийн шинжтэй болгочихно. Чухам өгөх, авах тухай яриа хэлцээнийхээ шатанд явсан тэрхүү зээлийн НӨХЦӨЛ нь ямар байсныг мэдэхгүй учир тодорхой хэлэхэд хэцүү ч өмнө нь Хятадаас авч байсан зээлийн үр дүнгээр жишиж үзвэл манайд үлдэц өгөөж муутай байх магадлал бий. ЭЗ маань туйлдчихсан өнөө цагт 4 тэрбум ам.доллар гэдэг маш хүчтэй нөлөө, дагаад их эрсдэлтэй нь тодорхой. Хятадаас авсан зээлийн төгсгөл ямар эмгэнэлт байдалтай байдгыг Тажикстаны жишээн дээрээс ч харж болно. Энэ мэтээс үзэхэд "Дээрхийн гэгээн Далай ламтан биднийг аварлаа" гэж буйд буруу ер үгүй мэт. 
Гэтэл нөгөө талд нь бидэнд хэн нэгнээс их хэмжээний доллар зээлэх гарцаагүй шаардлага бий. Ирэх онд бид өнөөх их өрөөсөө өм цөм төлөх ёстой. Тэрбум тэрбумаар нь шүү. Харин бидний байдал юун тэрбумаар нь өр төлөх, төсвөө ч бүрдүүлж дийлэхгүй талдаа. Зээлийг зээлээр л төлөхөөс өөр гарц үгүй. Өөрөөр хэлбэл багавтар хүүтэй өмнөх зээлээ арай өндөр хүүтэй, илүү хүнд нөхцөлтэй зээлээр солих л арга зам үлдсэн. Харамсалтай нь манайх шиг нуман тулгуурт орчихсон улсад май гээд их хэмжээгээр нь зээл өгдөг "тэнэг" ч ховор доо. Тэгээд ч Хятадын өгөх гэж байсан зээл харьцангуй бага хүүтэй байх боломжтой байж. Одоо хаа нэгтээгээс зээл бүтээхгүй л бол ирэх жил чухам яаж хуйхаа маажихыг чөтгөр ч хэлж мэдэхгүй. 
Ганц гарц нь Дэлхийн банк, өнөөх стандбай л үлдэх шив... Үүний сайн муугийн талаар бид бараг жилжингээ маргалдсан. Одоо Дэлхийн банк, Хятад гэсэн сонголтгүй хоёр сонголтын нэг нь үлдлээ. Ингэхэд Дэлхийн банк гэж ямар учиртай байгууллага вэ? Тэдний бодлогыг Монголд хэн төлөөлдөг вэ? 
.
Далай ламын айлчлал гэнэтийн байлаа. Гэхдээ санамсаргүй биш... Дээрхийн гэгээн Далай ламтан зөвхөн Буддын шашны тэргүүн төдий биш, улс төрийн хүн. Хэдий Гэгээнтэн өөрөө Би улс төрийн ажлыг аль эрт орхисон гэж буй ч түүний үйлдэл бүхэн нь манай хөрш Хятадын хувьд ноцтой улс төр болж байдгын баталгаа нь зээл зогссон явдал юм. 
Харин эндээс нэг зүйл анзаарагдахгүй байна гэж үү?
Дээрхийн гэгээнтнийг хэн ямар учир шалтгаанаар урьсан бэ? Янз бүрийн таамаг байгаа ч тодорхойгүй. Зөвхөн бурхны ном айлдуулахын тулд, эсвэл Богдын болон өөрийнх нь хойт дүрийг тодруулуулахын тулд бурхны шашны иституцийн санаачилгаар энэхүү айлчлалыг зохион байгуулсан гэхэд итгэх аргагүй. Далай ламтны айлчлал нь ийм эгзэгтэй үед ямар үр дагавар дагуулахыг манай эрх баригчид, улс төрийн бүлэглэлүүд сайтар мэдэж байсан. 
Тэгэхээр энэхүү гэнэтийн айлчлал нь Далай багшаас өөрөөс нь үл хамаарсан, манай улс төр, санхүүгийн бүлэглэлүүдийн улс төрийн нэн тодорхой учир шалтгаантай, зориуд зохион байгуулсан далд улс төр, тэмцэл зөрчлийнх нь, санаархалынх нь ил илрэл төдийгүй нэлээд алсаас нууцхан дохисон дохиур ч байж болно. 
Өөрөөр хэлбэл энэ айлчлалаар халхавчилсан манай улс төр, санхүүгийн бүлэглэлүүдийн далд тоглолт, зөрчил, санаархал болон тэднийг дохиж буй дэлхий нийтийг нөмрөөд буй шинэ хүйтэн дайнд голлон оролцогч талуудын геополитикийн нүүдлийн агуулга, сонирхол юу байв гэдгийг анхаарахгүйгээр наана нь бид "Далай багш биднийг аварчихлаа", эсвэл "Далай лам биднийг хорлочихлоо" хэмээн маргалдан мэтгэлцэх нь гэнэн хэрэг мэт санагдах... 
 
Б.Номинчимэд