Санал уламжлах тухай

“Таны зүтгэлийн төлөө” ТББ санаачлан хэрэгжүүлж буй ажлынхаа талаар үүний өмнө танд болон Ерөнхийлөгчийн Тамгын Газарт хоёронтоо албан бичиг илгээн танилцуулсан болохоор Ерөнхийлөгч та манай байгууллагын талаар ерөнхий ойлголттой байгаа биз ээ. Тиймээс илүүг үл нуршин гол саналаа уламжилж байна.

 

Бидний үйл ажиллагаа 2012.11.26 буюу улс тунхагласан тэмдэглэлт өдрийг тохиолдуулан албан ёсоор эхлүүлснээс хойш өдгөө Сэлэнгэ, Дархан-уул, Хөвсгөл, Баян өлгий, Дорнод, Дундговь, Дорноговь, Булган зэрэг найман аймаг Хан-уул, Сүхбаатар, Налайх, Багануур дүүрэг, Монголын Ахмадын Хороо, Нийслэлийн ахмадын Хороо,

 

Эрчим хүчний ахмадын байгууллага, Барилгачдын ахмадын Хороо, Төмөр Замын Ахмадын Хороодоос гадна нийслэлийн зарим эмнэлэг, сургууль, албан байгууллагуудтай  хамтран ажиллаж, нийтдээ 1800 шахам ахмадууд төр, улсад олон жил ажил хөдөлмөр эрхэлсний хүндэтгэл болох “Төрийн соёмбо” хүндэт тэмдэг, өргөмжлөл авсан болно.

 

Цаашид уг арга хэмжээ тасралтгүй үргэлжлэх бөгөөд аймаг, дүүрэг, сум, хороо бүрт төлөөллийн нэгжүүд ажиллах юм. Тэрчлэн энэ оны хоёрдугаар улирлаас аймаг, дүүрэг бүрт өндөр, нарийн мэргэжил эзэмшсэн, төр улсад олон жил удирдах албан тушаал хашсан, эрдмийн зэрэг цолтой ахмадуудаас бүрдсэн “Мэргэжлийн зөвлөх баг”-ууд ажиллуулах хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах бэлтгэл ажилдаа  ороод байна.

 

Энэ бүхнийг товч дурдсаны учир нь олон мянган ахмадууд болон тэдний үр хүүхдийн талархалыг хүлээн буй дээрх арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжинэ хэмээн итгэн буйд оршино. Бидний уламжилж буй гол санал бол төр улсынхаа хөгжил цэцэглэл, хүн ардынхаа сайн сайхан аж амьдралын төлөө залуу насны эрч хүч, оюун мэдлэгээ хоёргүй сэтгэлээр зориулсан ахмадуудад хүндэтгэл үзүүлдэг байх цэвэр ёс суртахууны жишгийг улс орон даяар хэрэгжүүлэн, хэвшил болгохыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар баталгаажуулах хүсэлт юм.

 

Ийм зарлиг гарснаар өндөр насны тэтгэвэртээ сууж буй олон мянган ахмадуудын урмыг сэргээж, хуримтлуулсан баялаг туршлага, мэдлэг дадлагаа залуу үедээ өвлүүлэн үлдээх, төр улсынхаа төлөө үлдсэн нөөц боломжоо харамгүй зориулах асар их дэм өгөх ба ингэснээрээ ахмад настнуудын эрүүл мэндэд ч том хувь нэмэр болох нь дамжиггүй.

 

Ийнхүү таныг мэргэн оюундаа тунгаан цэгнэж, болгоох буй заа хэмээн Зарлигийн төслийг Монголын Ахмадын Хороотой хамтран хоёр хувилбараар боловсруулснаа хүргүүлэв.


Таныг гүнээ хүндэтгэн ёсолсон

Тэргүүн Шаравжамцын Батбаяр