Одоо энэ л дутаж гэнэ. Украин шиг, Сири шиг үү эсвэл дахин дахин бослого гаргаж цэргийн эргэлт хийгээд байдаг Тайланд шиг болох гэж үү. Саявтархан УИХ-ын гишүүн Ж.Батзандан тиймэрхүү утгатай уриалга гэж ойлгогдохоор мэдэгдэл хийсэн бололтой юм. Сайтуудад тавигдсаныг бодвол нэлээд газар авсан байж таарна. Уг нь Ардчилсан Намын гишүүддээ хандсан байх л даа. Гэхдээ намынх нь дотоод асуудал гэж харагдахгүй л байна лээ.

Ерэн оных шиг бужигнуулахыг л хүсэж байгаа мэт анзаарагдсан. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед иймэрхүү “өдөөн хатгалга” тун осолтой үр дагаварт хүрч болохыг эрхэм гишүүн төсөөлж л байгаа буй заа.

Намынх нь дарга нар үгэнд нь орохгүй, хэлсэн үг, шүүмжлэлийг нь тоож авч хэлэлцэхгүй болохоор эрхэм гишүүн цухалдсан нь ойлгомжтой. Уг нь үе үе үнэн үг хэлдэг, сөрөг мөрөг гэхгүй хатуу шүүмжилдэг гээд эрхэм гишүүнд олон сайн чанар байдгийг үгүйсгэхгүй. Хэлээсэй гэж олон хүн хүсэж бухимдаж байсан шүүмжийг хэлээд байдаг нь ч үнэн.

Харин энэ удаагийн уриалга гэхээр үг нь цаг үетэйгээ таарч буй эсэхэд эргэлзэж байна. Иргэний хөдөлгөөнийг манлайлж явах үеийнх нь дурсамж үе үе санаанд нь бууж үгүйлэгддэг байх л даа. Тэр үед хэлсэн үг хийсэн үйлдэл болгон нь үнэ цэнэтэй, тойрон хүрээлсэн нөхөд нь зарлиг мэт хүлээж авдаг, олон нийт ч гэсэн талархан дэмждэг байсан болохоор арга ч үгүй биз.

Хэрэггүй АН-д орлоо л гэж боддог байхыг үгүйсгэхгүй. Харамсалтай нь 20 жилийн туршлагатай, хал үзэж, дол цохисон цаад хашрууд нь “нохой хуцахын чинээ” ч цочрохгүй байгаа л даа. Эрхэм гишүүний хэлсэн санааг буруутгаж болохгүй байх.

Үнэн л байдлыг дурдсан байна лээ. Харин төрийн түшээ хүн олон түмнийг “бослогод” уриалж болох эсэхэд эргэлзэж буй нь цөөнгүй. Амьдрал хүндэвтэр байгаа нь бултах аргагүй үнэн шүү. Тэглээ гээд бослого, тэмцэл гаргахдаа тулчихсан гэвэл юу л бол. “Муу дээр муу, муухай дээр улцан” гэдэг шиг юм болох байлгүй. Хоёр том гүрэн мөнгө зээл өгье, туслана, дэмжинэ гэж байгаа үед шүү.

Гараа сунгаж байгаа гурав, дөрвөөр тогтохгүй  хөршүүд ч байж л байна. Тиймээс нам доторхи зөрчил, маргаан, зөрөлдөөнөө олон түмэнд цацалгүй өөр зуураа ярилцаж шийдвэрлэсэн нь аль аль талдаа өлзийтэй. Тэгээд ч намуудын хэрүүл уруулаас олон нийт залхсан. Иргэдийн дунд ороод үз л дээ.

Ихэнх нь “аль ч нам ялгаагүй болж” гэсэн дүгнэлт хийчихсэн байгаа шүү. Дээшээ гарсан нэгнээ хэмлэж “тамын тогооны үлгэр”-ийг сөхөж байхаар болж бүтэж байгааг нь түлхүү дэмжээд хамтдаа урагшилсан нь зөв мэт. Хөндлөнгөөс харвал АН-д боломж ч байна даа.

Дээрээ Ерөнхийлөгчтэй, УИХ-ын даргатай, Ерөнхий сайдтай, доогуураа аймаг, дүүрэг, сум хорооны засаг даргаас эхлээд цагдаа, тагнуул, татвар, даатгал, захирал, ерөнхий эмч, шүүгч, прокурор хүртэл үндсэндээ Монгол төрийг бүх шатанд АН-ын гишүүд барьж байгааг хэлүүлэх юун. Одоо л эвлэлдэн нэгдэж чадахгүй юм бол дахиад ийм боломж олдох нь эргэлзээтэй гэдгийг хаа хаанаа тунгаасан л байж таарна. Намаа хэрхэн шинэчлэх, яаж сайн ажиллуулахаа дотооддоо л ярьцгаа л даа. Олон түмнийг бүү үймүүл.

Олхонууд Шаабар