Хоол боловсруулахад чухал нөлөөтэй фермент ялгаруулдаг энэ булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас болж үүсэх эмгэг цөөнгүй тохиолдох бөгөөд голдуу панкреатит гэж нэрлэж хэшсэн байдаг. Ялгарах шүүрэл нь багассан, ихэссэн алин боловч эмгэг үүсэх шалтгаан болох ба оношлогдолгүй, эмчлүүлэлгүй цаг алдсанаас ялгарсан шүүрэл хуримтлагдан булчирхайн өөрийн эдийг уусган хайлуулах хүртлээ даамжрах эрсдэлтэй.

 

Ер нь элэг цөсний архаг өвчтэй хүмүүсийн нойр булчирхай хоёрдогчоор өвчлөх магадлал өндөр байдаг. Нэгэнт нойр булчирхай өвчилсөн нь тогтоогдсон бол байнгын гам барьж, хоол ундаа тохируулж явах шаардлагатай. Ялангуяа архи, тамхи зэрэг хортой зуршлаас татгалзах нь зүйтэй. Ингэж чадваас санаа зовохоор өвчин биш юм. Нойр булчирхайг өвчлүүлэх олон шалтгаан байдаг учир эх шалтгааныг нь олж тогтоолгох нь эмчилгээний ач холбогдолтой.

 

Өвчин голдуу цочмог эхлэх боловч архагших хандлагатай. Илрэх шинж тэмдэг шалтгаан болон бусад эмгэгтэй хавсарсан, өвчтөний нас хүйс зэргээс хамаараад харилцан адилгүй. Гэхдээ үндсэн шинж тэмдэг нь өвчүүний бүдэрхийгээс доохнуур гэнэт өвдөх ба өвчтөн өвдөж буй газраа яг энд гээд хэлж чаддаггүй. Өвдөлт ихэвчлэн өөх тостой хоол идсэн, архи дарс уусны дараа, тэрчлэн хэт ачаалалтай ажиллаж ядарсан, халдварт өвчнөөр өвдсөн, гэмтсэн зэрэг өдөөлтийг дагалдан илрэх ба удалгүй гэдэс базалж гүйлгэж эхэлдэг.

 

Өвдөлт нь хэвлий орчмоос бүсэлхийгээр дамжих байдалтай \ бүслүүрдэх гэнэ\ тархаж байвал нойр булчирхайн эмгэг гэж таамагладаг. Заримдаа өвдөлт маш хүчтэй огцом илэрч өвдөлтийн шокод орох нь ч бий. Ийм өвдөлт нойр булчирхайн аль нэг хэсэг задарсан, шүүрэл дамжуулах гуурс хагарсан үед гардаг ба шүүрэл хэвлийн хөндийд алдагдсан үед илэрдэг. Ийм үед маш яаралтай мэс засалд орж арга хэмжээ авахгүй бол амь насанд эрсдэлтэй гэж үздэг.

 

Өвчтөн хөдлөхөөс эмээсэн байдалтай царай нь цонхийн хүйтэн хөлс нь бурзайж, хөхөлбөртөнө. Зүрхний хэм түргэсч судасны лугшилт бүдгэрнэ. Амьсгаадна. Голдуу байрлалаа олохгүй эвхрэх ба заримдаа өвдгеө нугалан хэвлийдээ шахаж хэвтвэл өвдөлт бага зэрэг намжлаа гэдэг. Огиулж бөөлжих ба цөөнгүй тохиолдолд эхлээд гүйлгэж байснаа гэдэс түгжрэх нь ч бий. Эдгээр шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандах хэрэгтэй.

 

Орчин үед оншлоход түвэггүй болсон. Нойр булчирхайн эмгэгийг цусархаг, үрэвсэж идээлсэн, булчирхайн эд үхжсэн, булчирхайн хаван гэхчилэн ангилах ба эмийн, эсвэл мэс заслын эмчилгээ хийх эсэхээ шийдэхэд ач холбогдолтой. Цөөнгүй тохиолдолд нойр булчирхайн хүнд биш эмгэг хэвлийн хөндийн бусад өвчнүүдтэй андуурагдах нь элбэг байдаг.

 

Үүнд мухар олгой, гэдэсний түгжрэл, ходоодны өвчин, цөсний чулуу, чацархайн судас бөглөрөх зэргээс гадна өндгөвчний цусан хавдар умайн гаднах жирэмслэлттэй адилхан шинж тэмдгүүд өгдөг. Тиймээс яаралтай шинжилгээнд оруулж ялгаж зааглах нь чухал Өвдөлт хөнгөн хэлбэрээр илэрсэн цаашид дагалдах хүндрэл бага гэж эмч үзвэл эмийн эмчилгээнд оруулна.

 

Юуны өмнө өвдөлтийг намжаагад, булчирхайгаас ялгарах шүүрлийг хэвийн замд нь оруулахад чиглэсэн эмчилгээ хийдэг. Үүнтэй зэрэгцээд  дагалдан гарсан бусад шинж тэмдэг зовиур шаналгааг илааршуулах эмчилгээ шаардлагатай. Тухайлбал гүйлгэлтийг зогсоох, амьсга зүрх судасны өөрчлөлтийг тэнцвэржүүлэхэд чиглэсэн эм тариа шаардлагатай.

 

Эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх тул өвдөлтийг намжаах хор гэж нэрлэх тариаг тодорхой цэгүүдэд хийдэг. Эхний хэд хоногт хоолыг сойж, хамраар юм уу, амаар резин гуурс оруулан ходоодонд ялгарсан шүүрлийг гадагшлуулан оронд нь зориулалтын уусмал шахаж угаах  нь бий. Эмийн болон эмийн бус эмчилгээ үр дүн багатай гэж үзвэл мэс засалд орно.



Олхонууд Шаабар