Чингис хааны үед иймэрхүү жишиг байсан тухай “Нууц товчоо’’-нд цөөнгүй дурдсан нь  бий. Тэр цагт дайн тулаанд эрэлхэг зориг гарган байлдаж гавьяа байгуулсан баатар дайчдыг хоёр болон гурван буруу үйлдэл гаргахад нь хэлтрүүлэн уучлах зарлиг буулгасан байдаг. Харин тэрхүү буруу үйлдэл гэдэгт ямар төрлийн алдаа эндэгдэл хамрагддаг байсныг бүү мэд.

 

Эрүүл согтуудаа агсам согтуу тавьж. сандал ширээ эвдэлсэн ч юм уу, Хүрэлсүхэдсэн, Дагвадоржидсон,эсвэл Одхүүдсэн зэрэг бол эрчүүдийн хоорондын ялимгүй гар зөрүүлэлт хэмээгээд дээрх хэлтрүүлэлтэд лавтайяа багтаж таарна. Харин Чимэдцэрэндсэн, Энхбаярдсан, Дашидсан ч юм уу, Нямдорж гишүүний холбогддог шиг тагнуулдсан, гаалийн Баатар шиг төрийн мөнгөнөөс намдаа хандивласан, төсвийн хөрөнгөөр тэрбумтан болсон хурандаа нар зэрэгтэй дүйцэхээр алдаа эндэгдэл гаргасан бол уучилдаг байсан олов уу.

 

Лав л “Цотг тайж" кинон дээр гардгаар бол Манжид урвасан Цогт тайж хүүгийнхээ толгойг авсныг “Гүен баатрын зөв. Би ч бас ингэх л байсан” хэмээн байдгаас үзвэл уучлах, уучлахгүй хэрэг гэж байсан бололтой ойлгогддог. Мэдээж төр улсынхаа өмнө том гавьяа байгуулсан бол ял зэм оноохдоо харгалзан уучлах нэг үзүүлэлт болгох нь буруу биш байх л даа.

 

Жишээ нь арван жил хорих байсныг тав болгох ч юм уу, цаазаар авагдах ялыг бүх насаар хорих болгон өөрчлөх, гурван жил шоронд суухаар оноосноо тэнсэн харгалзах ялаар солих гэхчилэн аль хөнгөлөлтийг хэлж барахав.Гол нь Үндсэн Хуульд зааснаар хууль. шүүхийн өмнө иргэн бүр адил тэгш байх хатуу бөгөөд шударга, ардчилсан зарчмыг гажуудуулж боломгүй.

 

Энэ бүхнийг дурдсаны учир нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдчихсон нэгнийг өмөөрөх, зөвтгөх оролдлого, сурталчилгаа газар авч буйтай холбоотой юм.  Ерөнхийлөгч байна уу, УИХ-ын гишүүн байна уу, эсвэл халаасны хулгайч байна уу ялгаагүй эдлэх ёстой ялаа эдлэх л учиртай биз дээ. Тэгэхгүй юм бол шүүх цагдаа, хууль цааз, улс гүрэн ч гэж байхын хэрэг юун.

 

Саявтархан УИХ-ын эрхэм гишүүн Уянга \сэтгүүлч мэргэжилтэй ч одоо бол төрийн түшээ шүү дээ\ өөрийн үзэл бодлоо тайлбарлах, тулгах хоёрыг хослуулан ярьж байхыг сонсов. Бүр хамтарч засаг байгуулсан хажуу хавиргаа хадарч байгаад шүү. Эрхэм гишүүний юу хийх, хэлэх нь бүрэн эрхийнх нь асуудал болохоор маньд хүртээлгүй байх л даа.

 

Гэхдээ “ханилж яваад нөхрөө, унаж яваад морио” гэдэг дэмий нэг тэнэмэл зүйрлэл биш байлтай. Гишүүний хэлж байгаагаар бол Энхбаяр гэж хүн төрөөгүй бол Монгол Улс өдий зэрэгтэй хөгжихгүй. тэр дотроо ардчилсан намынхан, өнөөгийн Ерөнхийлөгчөө хүртэл бүгд шоронд сууж , дахин хэзээ ч сэргэхгүйгээр мөхөх байсан гэнэ. Хэтрүүлнэ, хэтрүүлнэ гэхэд арай ч дэндэнэ ээ.

 

Түүхэнд гүйцэтгэх нэг хүний үүрэг оролцоог үгүйсгэж болохгүй л дээ. Гэхдээ л өнөөгийн монголын өнгөтэй өөдтэй бүхнийг ганц Энхбаяр гэдэг хүнээс хамааралтай мэт тайлбарлах нь үнэнд нийцнэ гэж үү. Энхбаяр гэдэг хүн \гурав дахь Ерөнхийлөгч байсан нь гарцаагүй үнэн\ улс орондоо олон тэрбум төгрөг олж өгсөн учир тодорхой хувийг нь шагнал болгон өөртөө авах эрхтэй гэх шахам л яриад байх юм.

 

ОХУ-д төлөх байсан их өрийг 250 сая ам.доллар болтол нь бууруулж чадсан юм чинь 50 саяыг нь авч үлдсэн нь тийм ч шагшраад байхаар буруу үйлдэл биш бололтой юм. Төсөл, хөтөлбөрийн тендерт “ялах боломж" олгосныхоо хариуд арав ч билүү, хорь ч билүү хувийг нь харамж болгон авдаг жишиг байдаг тухай хэвлэлээр зөндөө л бичигддэг. Тэр л санааг хэлээд байна аа даа янз нь.

 

Энхбаяр гэдэг хувь хүн сайн хүн байж бололгүй яахав. Хашиж байсан албан тушаалууд нь угаасаа л улс орныхоо, ард түмнийхээ эрх ашгийн төлөө тэр байтугайг хийх маш том үүрэг хариуцлага хүлээсэн болохыг мэдэхгүй баймгүй. Дүрэлзэн буй гал руу хэний ч шахалт шаардлагагүй сайн дураараа гүйж ороод өөрөө түлэгдэн, сэртэн байж хүний амь нас, нийгмийн өмч, эд хөрөнгө аварсан хамгаалсан бол өөр хэрэг.

 

Нэвтрүүлэг бэлтгэн цацаж буй эрхэм гишүүнийг ойлгож байна аа. Өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн бас төр түшилцэх боломж олгосон хүнийхээ ачийг санаж яваа нь сайн хэрэг. Зарим нэгэн шиг нүүр буруулан, танихгүй царайлаагүй, хүн чанартайгаа харуулж буй нь сайшаалтай. Гэхдээ л хамтарч засаг байгуулан төрөө төвхнүүлэх гэж тохиролцоод, хэрхэн ажил хэрэг болгохоо харуулж эхлээ ч үгүй байхад ийн аяглах нь тийм ч таатай санагдсангүй.

 

Бусад хүмүүст, тэр тусмаа сөрөг хүчин болсон МАН-ынханд илүүтэй таалагдсан нь лав. Ялангуяа, “Энэ эвсэл чинь тун удахгүй задарна. Харж л байгаарай. Алтанхуягийн нуруунд хутга шаагаад эхэлнэ” гэж ам асууж байсан нөхдөд бол ёстой л загатнасан газар нь маажих гэгч л болж байгаа даа. Одоо яая гэхэв. “Үйлийн үрийг үүрээд үлдсэнийг нь чирээд" ч гэсэн засаг төрөө хурдхан эмхэлж, юу чаддагаа харуулах л үлдэж байна. Битгий л задарч, тасарч шившгээ дэлгээсэй билээ.


Олхонууд ШААБАР