УИХ-ын сонгуулийн дүн гарсны дараа Хөвсгөл аймагт телевизийн сэтгүүлчийг эзэн нь зодсон хэрэг гарав. Хэрвээ зураглаач мэргэжлийн овсгоо гарган камераа сэмхэн асааж орхиогүй бол тэгж айхтар зодож дээрэлхсэнийг хэн ч мэдэхгүй, мэдсэн ч үнэмшихгүй өнгөрөх байлаа. Эсвэл эзэн мөнгөөрөө дулдуйдаад хав дарагдах байсан нь лав. Тэгээд ч Хөвсгөлийн цагдаа, хуулийнхан тэр чигтээ МАН-д үйлчилдэг юм чинь ам ангайнаа гонжийнжоо.

 

Энэ явдлын учир начир хараахан олдоогүй удаж байгаагийн цаана ч өөр шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн Наранхүүтэй заргалдсан сэтгүүлч бүсгүй аргагүй хүчин мөхөсдөж ялагдал хүлээн зургаа, долоон сая төгрөгийн өрөнд унасан байна лээ. Шүүх хурлаас гарч ирээд “Шүүхийн шийдвэр урьдчилан гарчихсан байж гэдгийг ерөнхийдөө гадарласан. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн өөрийн биеэр хуралд ирсэн байснаас ингэж бодсон.

 

Гэхдээ би үнэнд биш, хөрөнгө мөнгө, эрх мэдэлд ялагдлаа” гэсэн утгатай үгийг мэргэжил нэгт нөхдөдөө хэлсэн. Үнэн л дээ. УИХ-ын гишүүн, тэр тусмаа том компанийн том босстой зарга хийгээд ялсан тохиолдол бий гэж үү. Шүүх засаглалийн тогтолцоо шинэчлэгдсэн цагт л юу юм гэхээс биш өнөө маргаашдаа ёстой лөөлөө биз дээ.
Ер нь тэгээд “ноёнтой заргалдвал хонгогүй нохойтой сөргөлдөл хормойгүй” гэж үг аль эрт, Манжийн дарлалын үеэс улбаалсан сүрхий зүйрлэл байдаг шүү дээ.

 

Тэгэхээр аль ч төрийн нүүрэнд иймэрхүү жишигбайдаг болоод тэр биз. Тэгээд ч “хүчтэний өмнө хүчгүй нь буруутдаг” гажиг манай улсын хувьд амь бөхтэй оршсоор буйн нэг жишээ өдөр алгасахгүй л гарсаар дасал болохдоо тулсан даа. Хөвсгөлийн “SKY” телевизийн хамт олныг би сайн мэдэх юм. Эзэн нь ялагдсан бухимдлаа тэдэнд тайлж байхыг телевизээр хараад үнэхээр балмагдсан. Арай ч дээ гэхээс өөр хэлэх үг ч олдоогүй.

 

Тэр телевизийнхэн хаа очиж Ардчилсан намынхан болон бусад өрсөлдөгч нарт арга буюу л хагас дутуу үйлчилдэг байсан шүү. Нэг талыг хэт барьж Энх-Амгалан, Мөнхбаатар хоёрыг дэндүү их сурталчиллаа, биднээс илүү мөнгө нэхлээ, хэвлэл мэдээлэл тэнцвэртэй хандах зарчмыг алдагдууллаа гэхчилэн байнга гоочилж байсныг яана. Тэгсэн эзний сэтгэлд хүрээгүй юм байж. Дургүйг нь хүргэсэн нэгэнд нударгын амт үзүүлэх гээд байдаг жишиг МАН-ынханд байдаг л даа.

 

Ямар сайндаа л иймэрхүү араншинг ерөнхий нарийн бичгийн дарга асных нь нэрээр “Хүрэлсүхдэх” гэж нэрийдээд байхав. Ижил зиндааны хоёр нөхөр ам мурийж, гар зөрүүлэх бол ч яая гэхэв эр улсын явдал гээд орхиж болох. Харин эзэн нь сэтгүүлчээ зодохыг түүнтэй адилтгаж боломгүй. Тэр телевизийн жинхэнэ эзэн нь УИХ-ын сонгуульд МАН- аас нэр дэвшигч Мөнхбаатар болохыг өдгөө Монголдоо төдийгүй дэлхий даяараа мэддэг болоо биз.

 

Харин тэр зоддог нөхөр гүйцэтгэх захирал нь юм гэсэн. Нэр дэвшигчийнх нь эсрэг ажилласан гэж буруутган зодсон нь аймгийн Ардчилсан нам, тус намаас нэр дэвшигчийн штабаас төлбөртэй хоёр гурван удаа хийсэн нэвтрүүлгээс л болсон байж таарна. Уг нэвтрүүлгэд телевизийн жинхэнэ эзэн Мөнхбаатартай холбоотой үг өгүүлбэр огт дурдагдаагүй юм.

 

Харин МАН-аас нэр дэвшигч \ өдгөө УИХ-ын эрхэм гишүүн \Эм Си Эс компанийн нэг босс болох Энх-амгалангийн тухай л онцлон дурдсан байсан. Гэхдээ хувь хүн талаас нь гутаан дормжлоогүй бөгөөд “Таван толгой”-н үндсэн ордын нэг хэсэг нь болох “Ухаа худаг”-ийн орд газрыг ард түмэнд, төрийн мэдэлд буцааж өг гэсэн шаардлагаа тайлбарлаад бас Энх-амгалан бол Ардчилсан намын гишүүн, тэр намаасаа албан ёсоор гараагүй байж өөр намаас нэр дэвшин УИХ- ын Сонгуулийн тухай хуулийг зөрчлөө гэх санаагаа хэлсэн хэрэг,

 

Уг мэдээллээ ганц “SKY" телевизээр биш, аймагт үйл ажиллагаа явуулдаг таван телевиз, хоёр сонинд зарлаж байгаад хэвлэлийн бага хурал хийснийг л дамжуулсан юм. Хэвлэлийн бага хурлынхаа үеэр Энх-амгалан гэдэг хүн Ардчилсан намын жирийн гишүүн ч биш, намын удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвлөлдөх хороонд Хөвсгөл аймгаас сонгогдсон гишүүн байсан тухай баримт, протокол, хурлын үеэр журмын нөхөдтэйгөө хамт авахуулсан зураг, гишүүний татвараа тушаасан баримтанд зурсан гарын үсэг гээд олон нотолгоо бүрдүүлснээ үзүүлсэн юмдаг.

 

Тэгэхээр сэтгүүлчдэд дургүйцэх хүн нь Мөнхбаатар биш, Энх-амгалан л байлтай. Бодвол нэг намаас дэвшсэн хоёр нэг нам болж дундаасаа санхүүжилт гарган тус телевизэд өгсөн буй заа. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчээ зодох хүртлээ эгдүүцсэн нь багийн сонирхол байсан болов уу гэж хардахаар. Хардах эрх хэнд ч байдаг болохоор арай нэр төрөө сэргээлгэх өргөдөл өгөөд унахгүй биз ээ. Тэгээд ч энэ асуудал хуулийн байгууллагад шалгагдаж байгаа болохоор удахгүй үнэн мөн нь олдож таарна. Энэ ноцтой хэрэг шийдэгдэж амжаагүй хугацаа сунжрах зуур сэтгүүлчийг зодсон, дарамталсан тохиолдол хэд хэд гараад амжив.

 

Хэний ч гэсэн зөрчигдсөн эрхийг хамгаалан дугардаг сэтгүүлчид дуугүй сууж яадна гэж үү. Бүгдээрээ л чадах чинээгээрээ өмгөөлөн хамгаалсан. Харамсалтай нь тийм ч хүчтэй биш байсан уу, төдийлөн газар авсангүй. Харин ч бүр дайран дээр давс гэгчээр, “Ард түмний мэдээлэл авах боломж хүслийг илүү анхаарч хувийнхаа мөнгөөр сонин, телевиз байгуулсан эзэн өөрийнх нь үгэнд ороогүй сэтгүүлчийг зодох нь зөв” гэх агуулгатай нийтлэл нэг сонинд гарсан байхыг уншаад харамсах, эгдүүцэх хоёр зэрэг төрснөө нуух юун.

 

Хувийнхаа мөнгөөр дэлгүүр ч юм уу, уурхай байгуулаад их мөнгө олох гэсэн чинь ажилчид нь залхуурч хойргошоод, эсвэл ажлын цагаар архи ууж, сахилга журам алдаад ашиг орлогыг нь хумслаад байгаа бол загнах, зодох байж болохыг үгүйсгэхгүй. Дээхэн үед багш нар даалгавраа хийдэггүй, хичээл үймүүлдэг сурагчдаа алганы амт үзүүлдэг байсан даа. Өнөөдөр ч гэсэн тийм багш нар дуулдаж л байдаг. Тэглээ гээд эцэг эх нь өмөөрөөд байдаггүй. Миний хүүгийн ирээдүйн төлөө л санаа тавиад ингэж байгаа юм гэж уучилдаг.

 

Солонгос, Хятад зэрэг зарим улс оронд даалгавраа хийгээгүй, хичээл үймүүлсэн хүүхдийг зодох эрх багшид хуулиар олгогдсон байдаг юм гэсэн. Энэ бол мэдээж тэс ондоо асуудал байх. Харин хэвлэл мэдээлэл бол онцгой салбар юм даа. Тийм болоод л ардчилал хөгжсөн улс орнууд дөрөв дэх засаглал хэмээн тусгай хууль, журмаар зохицуулдаг нь санамсаргүй ч хэрэг биш байх. Баар цэнгээний газар ч юм уу, зочид буудал, хүнсний үйлдвэр, уул уурхайн салбарыг дөрөв дэх тав дахь засаглал гэж нэрлэдэггүй биз дээ.

 

Тэдгээр салбарын үйл ажиллагаа, ашиг орлогыг зах зээлийн эрэлт нийлүүлэлт өөрөө зохицуулдаг, төр зөвхөн татварын бодлогоор л хянадаг, удирддаг. Хэвлэл мэдээллийн хувьд бол мэргэжпийн хүмүүс нь олон тайлбар хэлж таарна. Аль ч тайлбарт “эзэн нь сэтгүүлчээ зодож болох’’-ыг зөвтгөсөн үг, үсэг орохгүй л болов уу. Хөрөнгө мөнгөтэй хүн телевиз, сонин, радио ч юм уу байгуулдаг жишиг дэлхий даяараа л бий. Тэд хоёр л үндсэн зорилго агуулдаг гэх юм билээ. Нэг дэх нь зарцуулсан мөнгөө ахиулж олох бизнесийн сонирхол.

 

Нөгөө нь өөрийнхөө талаар болон бусад бизнесийнхээ сурталчилгааг давуу эрхээр, хүссэн зоргоороо хийх боломж. Түүнээс биш ард түмний мэдээлэл авах хүсэлтийг хангаж, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэхэд тус дэм болох гэх “ариун” санаа тээдэг нь юу л бол. Бүгдийг ингэж гүжирдэж болохгүй байх л даа. Бага боловч тийм сонирхол байлгүй л яав гэж. Бас зарим улс оронд хөрөнгө мөнгөтэй хүмүүс мэргэжлийн бус атлаа телевиз, сонин байгуулах нь орлогоо нуух, мөнгө угаах хамгийн ашигтай аргын нэг байдаг тухай бичигдсэн л байдаг. Олон хүн амтай, зах зээл арвинтай улс орнуудад байж болох л асуудал болоод тэр биз.

 


Харин манай улс шиг хоёр сая гаруйхан хүн амтай орны хувьд бол мөнгө угаах гэхээсээ илүүтэй өөрийгөө хүссэнээрээ сурталчлах боломжийг нь илүү хардаг болов уу. Өөр санаа агуулдаг ч юм билүү, хэн мэдлээ. Үгүйсгэх аргагүй. Одоо чинь төрийн түшээ болгон шахам нэг сонин, нэг телевизтэй болчихсон байгаа шүү дээ. Ашиг олох эсэх сонин биш. Дугаар болгонд өөрийнх нь тухай гарч л байвал болох нь тэр. Уг нь жинхэнэ утгаараа \чөлөөт хэвлэл мэдээллийг дэмждэг нь үнэн бол\ хөрөнгө гаргасан эзэн cap, улирал бүр гаргасан зардлаа бага ч гэсэн ахиулаад авч байвал л болмоор.

 

Тэдний хувьд байгуулсан хэвлэл мэдээллийн хэрэгслэл нь чөлөөтэй байх тусмаа захиалагч уншигч нь нэмэгдэж, орлого ашиг нь нэмэгдэнэ гэж үзнэ.
Эсрэгээр олон түмний мэдээлэл авах эрхийг хүндэтгээд хэвлэл мэдээлэлд хөрөнгө оруулсан бол алдагдалтай ч байсан зөрүүг нь гаргаад ч хамаагүй ажиллуулж таарна. Ингэх "тэнэг” босс дэлхийгээс олдоно гэж үү. Ингээд харвал манайд зөвхөн өөрийгөө л магтан сайшаалгах зорилгоор хэвлэлтэй болдог хэлбэр нь тунаж байна. Өөр нэг гарцаагүй зүйлийг мартаж боломгүй.

 

Ямар ч сонин, телевиз байлаа гэсэн сайн сэтгүүлчидгүй бол зүгээр л хоосон нэрнээс цаашгүй. Гарааны хөрөнгийг л босс гаргахаас биш цаашдын хувь заяа, нэр хүнд, ашиг орлогыг сэтгүүлчид л шийддэг. Тэр тусмаа гар нийлсэн сайн эвсэг баг шүү. Хамт олны бүтээл гэсэн үг. Тиймээс ганц нэг болдоггүй \ажил тасалдаг, үгэнд ордоггүй, хэл ам таталдаг, архи уудаг ч юм уу, хэвлэлийнхээ нэрээр бусдыг шантаажалдаг, шан харамж нэхдэг гэхчилэн\ сэтгүүлчийг ажлаас хална уу гэхээс биш, зодож яавч боломгүй. Гэхдээ босс “зодох” эрхгүй гээд сэтгүүлчид дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргээд байж болохгүй нь ойлгомжтой. Сэтгүүлчийн ёс зүй, жудаг, хариуцлага гээд тоочвол олон жаяг, шалгуур, үнэлэмж байдгийг мэргэжлийн хүмүүс нь мэддэг байж таарна. Ямар ч байсан нэг нь зодоод, нөгөө нь зодуулаад байхыг хүлээн зөвшөөрөхгүй.


Олхонууд ШААБАР