Энэ жилийн хувьд хаа сайгүй тариа ногоо сайхан ургасан байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум орсон юм л даа. Замын хажуугаар шаргалтсан тариа шаагиад "... алтан намар амьдрал тэтгэх сайхан цаг гээд Зангад гуайн дуулж байгаа нь нүдэнд харагдах шиг болж өөрийн эрхгүй аманд аялагдана. Оюутан ахуй цагтаа Орхоны Бэлэн далайн хөндийд тариа хураалцаж, будаа эргүүлж явсан үе ч дүрслэгдэнэ.

 

1981 онд юм байна. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт томилогдож очоод байсан тэр жил яг л энэ жилийнх шиг их ургац улс даяараа авч билээ. Тэгээд хураасан тариагаа агуулах сав олдохгүй, засмал замаас эхлүүлээд цементээр өнгөлсөн бүх газарт буулгаж, бүр сүүлдээ Сэлэнгийн төв вокзалын зорчигчид хүлээх заал, байгууллагуудын улаан булан, төв талбай гээд бололцоотой бүх л зай талбай болгон тариагаар дүүрсэн юмдаг.

 

Дарханд ч мөн адил. Сургуулийн сурагчид, албан хаагчид бүгд л тодорхой хэмжээний тариа хуваарилан авч эргүүлж; тойруулан хатаагаад гурилын үйлдвэрт ачуулж байлаа. Эмч, сувилагч, ажилчид маань ээлжийн ажлаасаа буугаад л гэртээ ч харилгүй тариагаа эргүүлэхээр яарцгаана. Нөгөө талаар аж ахуйнууд техник хэрэгслэл сайтай, машин тэрэг ч олон, дандаа улсын мэдлийн.

 

Талбай дүүрэн комбайнууд эгнэн хурааж, араас нь тэвшээ өндөрлөсөн машинууд дагаж дугаарлаад амсхийх ч зав гарахгүй ажил тасралтгүй үргэлжилдэг. Бүх их, дээд сургуулиуд, цэргийн ангиуд тариа, ногооны ажилд дайчлагдах болохоор хүн хүч дутна гэж байхгүй. Намрын хоёр гурван cap улс даяараа л оволзоод их ажлын ард гардагсан. Харамсалтай нь сааль арвин ч сав нь дутна.

 

Хэдэн гурилын үйлдвэр, Хөтөлийн агуулах гэс хийгээд л дуусчихна. Тариа тарьсан газар одоогийнхоос арай их байсан болов уу. Яагаад гэхээр сангийн аж ахуйнууд жил бүр хураасан ургацаараа уралдаж, шагнал урамшил авах ба муу ургац хураасан аж ахуйн дарга арга хэмжээ авахуулж, ажлаасаа хусагдах энүүхэнд байсан үе. Аягүй бол намын эсрэг санаатай үйлдэл гаргасан гэх улс төрийн хэрэгт ч унаж мэдэх.

 

Тиймээс зарим овсгоотой дарга нар хавар учиргүй их газар хагалаад үр цацна. Дээш нь мэдээлэхдээ нэмж хагалсан талбайгаа нуучихдаг. Тэгээд намар нь бага талбайгаас их ургац хураасан үнэлгээ авна гэсэн үг л дээ. Түүний гайгаар хожим нэгдэл, сангийн аж ахуйнууд хувьчлагдах нь хувьчлагдаж, дампуурах нь дампуурсны дараа энд тэндгүй зэрлэгт бариулан атаршсан газрууд хаягдаж хоцорсон юм.

 

Одоогийнхтой зүйрлэвэл уул уурхайн компаниудын нөхөн сэргээлт хийлгүй ухаад сэндийчээд үлдээсэн газруудтай төсөөтэй юм даа.  Ялгаатай нь том том нүх жалга үлдэхгүй. Гэхдээ л нэгэнт хагалаад хөрсийг нь эргүүлээд хаячихсан газар дахин өвс ногоо ургахгүй, мал бэлчих боломжгүй дүүрэн зэрлэг шарилж урган, хуурай тоосонцор өчүүхэн салхилах төдийд л цемент шиг бужигнана.

 

Тийм газрыг дахин хагалаад үр бордоо цацаад сэргээж болдог эсэхийг мэдэхгүй юм. Бараг л үгүй болов уу. Энэ бүгд алсарсан дурсамж. Харин энэ жилийн хувьд тэр жилийнхээс дутахааргүй их ургац авах бололтой юм. Ургац хураалт ид явагдаж, ихэнх талбай хураагдаад дууссан харагдана. Хураагаад дууссан талбайд мал сүрэг орчихсон, үлдэгдэл будааг хаман идэж харагдана.

 

Тарианд орсон мал ч сайхан таргална даа. Ихэнх компаниуд тариагаа хамгаалах гэж тойруулан төмөр тор татсан хэдий ч адуу мал дайрч таслаад нэвтэрчихдэг гэсэн. Түүнээс үүдээд компанийнхан тарианд орсон малын эзнийг 100- 200 мянган төгрөгөөр торгохоос эхлээд, малыг нь хураах хүртэл арга хэмжээ авахуулдаг тухай дуулдана. Тэгэхээс ч яахав.

 

Бүтэн жилжин нойр хоолоо умартан зүтгэж байж ургуулсан тариаг нь мал идчихвэл ямар сайн байхав. “Ургацын аян" нөлөөлсөн байх. Өнгөрсөн жил их олон иргэн зээл авч тариа тарьсан юм билээ. Гэхдээ тэр болгон трактор, комбайн худалдаад авах бэл бэнчин дутах тул техниктэй бусдынхаа гарыг харна. Ээлжээр түрээслэн тариагаа хураана гэсэн үг л дээ. Тиймээс тариан талбай дунд ганц хоёроос илүү комбайн харагдахгүй.

 

Тариа ачсан машин ч цөөхөн зөрнө. Хүйтрэхээс өмнө амжиж хураадаг л байгаа даа хэмээн өмнөөс нь санаа зовохоор. Тариа нэлэнхүйдээ сайхан ургасан ч зарим газар цаг агаарын таагүй байдлаас болоод тарианы болц оройтсон дуулдана. Тухайлбал, Хүдэр сумын нутагт тариа ногооноороо байгаа тул, энэ жил ургац авч чадахгүй шатаж буй гэсэн.

 

Ямар ч гэсэн энэ жил улсын хэмжээгээр арвин ургац авах нь тодорхой болчихож. Гагцхүү хураасан буудайг нь улс амласан үнэ ханшаараа саадгүй авах эсэхэд эргэлзсэн хүн цөөнгүй. Учир нь өнгөрсөн жил олон хувь хүн, жижиг аж ахуйнууд тариагаа нэг хэсэг нь тушааж чадалгүй ялзруулсан. Зарим нь мөнгөө олж авч чадалгүй цаг алдсаар банкны зээлийн өрөнд барьцаанд тавьсан мал, барилга саваа ч хураалгасан нь бий.

 

Тийм байдал давтагдах вий л гэж санаа зовохоос яахав. Мал сүргийн хувьд ч ярилтгүй. Тарга тэвээрэг сайн авч. Иргэд хадлан тэжээлээ ч сайн бэлдэж буй бололтой. Хажуугаар данхайтал өвс ачсан машинууд тасрахгүй. Энэ жил их хатуу өвөл болно гэсэн яриа ам дамжин тархаж буй ч нөлөөлсөн биз. Мал бүхий иргэдэд тавих анхаарал халамж сайжирсан нь анзаарагдана.

 

Зүүнхараа хотын малтай иргэд голдуу нутагладаг газруудад Америкийн иргэдийн хандив тусламжаар \ Мянганы сорилтын сангийн Хот орчмын бэлчээрийг усжуулах төслийн хэрэгжилт \ хэд хэдэн худаг гаргаж өгсөн юм байна. УИХ-ын гишүүн С.Баярцогтын санаачилга, дэмжлэгээр хийгдсэн ажил гэх бөгөөд гэрийнхээ хойморт гишүүнийхээ зургийг залсан айл ч таарав.

 

Цөөвтөр ам бүлтэй айл дотор нь амьдарсан ч болохоор тун тохилог дулаан байртай юм, худаг нь. Дотроо мотортой. Тэгээд малчдаасаа сонгож байгаад нэгэнд нь хариуцуулаад эзэмшүүлчихдэг аж. Малчин айл өрх бүр төсөл хийгээд фермерийн аж ахуй эрхлэх боломж олгосон гэсэн. Уулзсан хүн болгон л манайх зээлээ авсан. Одоо ажлаа эхлүүлэх гэж байгаа хэмээн хуучилна.

 

Малчид зах зээлдээ ч ойртчихож. Зүүнхараа нийслэлээс 180-аадхан км, зам сайтай зэрэг нь ч нөлөөлдөг биз. Нийслэлээс сүүний машин өдөр бүр очих ба айл айлын гадаа зогсч, сүү саалийг нь цуглуулж авдаг. Авсан сүүгээ Зүүнхараа хотын төвд зориулалтын байранд хөргөж, хөлдөөгөөд хот руу ачина. Малчдын амьдрал мэдэгдэхүйц сайжирсныг эндээс харж болно.

 

Айл болгоны гадаа бага оврын ачааны машин, мотоцикль сойгоостой. Гэртээ нарны зайгаар ажилладаг телевизор, хөргөгч, угаалгын машинтай. Телевизор нь яагаав нөгөө Хүрлээгийн “Цогоо гуай ..." гээд шаналгаад байдаг авсаархан эд. Тухайн тойргоос сонгогдсон гишүүн нь УИХ-аас хуваарилагдсан мөнгөө зөв зүйлд оновчтой зарцуулсан газарт бол нэг иймэрхүү нааштай, ирээдүйтэй өнгө аяс бүрдчихсэн байна шүү.

 

Ер нь Зүүнхараа амьжиргаатай газар л даа. Хориод мянган хүн амтай, хэд хэдэн том үйлдвэртэй, хажуудаа алтны, төмрийн уурхайтай. Уурхай гэснээс Бороогийн алтны уурхайнхан одоогийн далд уурхайн нөөц нь багассан учир шинэ орд газар дахин нэг уурхай байгуулаад ашиглаж эхэлж байгаа юм билээ. Тэр нь Мандал сумаас зүүн урагшаа байх Баян уул гэдэг газар.

 

Хоёр гурван жилийн өмнө байх. Нутгийн малчид бэлчээргүй боллоо гэж хэсэг эсэргүүцээд тусыг олоогүй. Бороогийнхон шинэ уурхай хүртлээ зам тавьсан л даа. Зүүнхараагийн дарга уурхайн удирдлагуудтай гэрээ хэлцэл хийж байгаад нөгөө замыг нь хойш нь татуулж хотынхоо төвөөр явуулахаар болсон байдаг. Гучаад км тойрууг эс тооцвол тун дажгүй замтай болсондоо иргэд ч сэтгэл өег байлаа.

 

Сумын ойд уригдсан зочид ч сайхан болсныг нь магтаж байсан юмдаг. Харамсалтай нь нөгөө сайхан зам “магтсан хүүхэн хуримандаа юу яадаг” шиг л болчихож. Бороо руу салсан хэсэг хүртлээ гайгүй сайн боловч сум руу явсан зам нь яг л “Дамба- очирын там” замаас ялгаагүй бартаа, дэржигнүүр. Аргаа барсан жолооч нар замын хажуугаар илүү товч бөгөөд донсолгоогүй зам гаргачихаж Гэм нь жолооч бүр шинээр зам үүсгэсээр байгаад “алиугаар нь явах вэ та минь ээ болгочихож.

 

Бороогийнхон түр аргацаах байдлаар хулхи зам тавиад алтны уурхайгаа нээгээд авсан гэх буруутгал ч дуулдана. Зарим нэгэн болохоор уг нь сайн зам тавихаар хөрөнгө гаргасан юм байна лээ. Засаг дарга энэ тэр л дундаас нь өөр зүйл зарсан байж магадгүй. Нэг хэсэг Авлигатай тэмцэх газар хавиар шалгуулаад явсан. Зүгээргүй л байх гэнэ. Алин боловч нэгэнт тавьсан замаа засч тордоод явах сэтгэл дутсан нь илт. Ийнхүү сайн саар хослуулсан алтан намар хөдөөд налайн үргэлжилж байна.


Олхонууд ШААБАР