Өмнөх УИХ-ын гишүүд сул дорой нөхөд байсан гэвэл арай ч үнэнд нийцэхгүй л дээ. Бас Хүрэлсүх Баярсайхан нарын зодолддог шиг үлгэргүй, тавтиргүй талаас нь хэлсэнгүй. Сонгогч олны хүсэл сонирхолд нийцсэн хууль, шийдвэр гаргахаас эхлээд шинэчлэх өөрчлөх зориг, шийдэмгий чанар талаас нь хэлж байна. Ерөнхийдөө 1996 оныг эс тооцвол харьцангуй сулавтар, чин үнэндээ бол ашиг сонирхлын зөрчил нь түлхүү цухалзсан гишүүдээс бүрдэж байсан нь үнэн.

 

Харин 1996 онд түүхэнд анх удаа ардчилсан хүчнүүд эвсэж байж ялалт байгуулсан болохоор арай дайчин, ардчилагч талдаа ажилласан учир зах зээлийн нийгэмд зохицсон, бас ардчилал, хүний эрхийг бодолцсон гол гол хуулиудын эхлэлийг тавьсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Харамсалтай нь түүхэнд анх удаа олдсон тэр том боломжийг тун тааруухан ашигласан нь ч бас маргах аргагүй үнэн л дээ.

 

Тэдэнд төр улсаа бие даан засаглах мэдлэг, туршлагаас эхлээд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх болтлоо танигдсан нь цөөн талдаа нь ч нөлөөлсөн биз. Яахав нийслэлд амьдарч, анхны жагсаал, цуглаан, өлсгөлөн суултыг манлайлж байсан, хэвлэл мэдээллээр өдөр бүр гарч, ард иргэдийн хүсэл мөрөөдлийг ярьж хэлсээр байгаад олны танил болсон улс төрчид байлгүй яахав.

 

Юм үзэж нүд тайлсан болохоороо тэд асуудлын голыг нугалж, өнөөгийн хөгжил дэвшлийн суурийг тавиулсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. 1996-2000 оны парламентыг хамгийн сонирхолтой, хөдөлгөөнтэй, хүсэл тэмүүлэлтэй, нээлттэй гээд шинэ бүхнийг илэрхийлсэн онцлогтой, бас төрийн дээд түвшинд байсан байж болох муу муухайг илчилсэн, өөрсдөө ч чамгүй бүдэрсэн, унаж туссан УИХ гэж хэвлэл мэдээллэл ч, иргэд ч дүгнэдэг юм билээ.

 

Улс орон ч ядуу, УИХ-ын гишүүд нь ч ядуу цаг үе байж дээ. Ихэнх гишүүд сарын цалингаараа төрөөс оноосон байранд амьдардаг, нийтийн тээврээр зорчдог, гар утас барьдаггүй, пүүс компани эрхэлдэггүй гээд нэг үгээр бол олон түмэндээ ойрхон, бүр дунд нь орших тул иргэдийнхээ ч, өөрсдийнхөө ч амьдрал ахуйг дээшлүүлэх сонирхол нь давхцдаг байсан болов уу.

 

Сайн тал нь энэ. Харин нөгөө тал нь болохоор сонгогдсон тойрогтоо очоод амласан бүтээн байгуулалтаасаа хугаслах нь бүү хэл, өвчин зовлон тохиолдсон нэгэнд хэдэн төгрөг хандивлах ч боломжоор хомсхон үе зөндөө. Үүнээсээ болоод хоосон амлагч нэр хоч зүүж, дараагийн удаад бэл бэнчинтэй баян компанийн эздийг сонгосон нь дээр юм байна гэх сэтгэдлийг үлдээсэн сөрөг гэхэд ч хаашаа юм, сайн биш тал нь юм даа.

 

Хэдийгээр малыг малчдад, орон сууцыг оршин сууж буй өрхөд нь, газрыг иргэн бүрт гэхчилэн өмчлүүлэх, иргэн бүрийг гадаад паспорттой болгох, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, амьжиргааны доод түвшинг баталгаажуулан цалин тэтгэврийг хэлбэлзүүлэх гээд өдгөө ч үргэлжлэн хэрэгжиж буй олон олон хуулийг боловсруулан баталж, хэрэгжүүлсэн ч тэдгээр хуулийн иргэн бүрт хүрэх үйлчлэл тухайн дөрөвхөн жилдээ хараахан мэдрэгдэхгүй хожмынх байв.

 

Энэ бүхнээс болсон уу, эсвэл албан тушаалд татагдах “нялхсын өвчин” хуучцуулаас халдварласан нь нөлөөлсөн ч байх, 2000 оны сонгуулиар сонгогчид маань нэг ч гишүүнд итгэл өгөөгүй. Ийнхүү дахиад л нөгөө хуучин МАХН \ тэр үеийн нэрээр \ дангаараа засаглаж, хөлжих, бэлжих сонирхол нь хараа хяналтгүй үргэжилсэн дээ. Өнөөдрийн тэрбумтнууд бараг бүгд л тэр үед л хамгийн олноор төрсөн байдаг юм билээ.

 

Мэдээж “Би явж байна Бээжин сууж байна “гэдэг шиг жирийн иргэдийн амьдрал ахуй бага багаар дээшилсэн болохыг үгүйсгээд яахав. Зах зээл гэдэг угаасаа төр засаг сайн, муу байхаас үл хамааран урагшилдаг жамтай. Жишээ нь, малчдын хувийн мал сүрэг засгаас биш өвс тэжээл, хашаа саравчнаасаа хамаараад өсч л байдаг биз дээ.

 

Нарантуул зах дээр зогсч буй наймаачид ч ялгаагүй, бараагаа зөв сонгоод авчирч чадсан бол өдрийн орлого нь нэмэгдээд байна. Ийнхүү парламентууд 2000 оноос хойш гурвантаа солигдов. Бүгд үлбэгэр байгаагүй л дээ. Гүндалайгаас эхлээд Нямдорж хүртэл, Хүрэлсүхээс Мөнх-Очир ороод олны анхаарал татсан хэрүүлч, зодоонч, бас хэл ам таталсан нөхдүүд бишгүй л байлаа.

 

Бүр АТГ-т шалгагдаж, аавын хаалга татаад авсан эрхмүүд ч бий. Ард олныхоо төлөө чамгүй дуугардаг, ул үндэслэлтэй санал дэвшүүлдэг гишүүд ч ганц нэгээр тогтохгүй байсаан. Жишээ нь, Тэмүүжин, Гантөмөр, Бат-Эрдэнэ, Даваасүрэн, Ганбямба гээд гарын арван хуруунд л багтахаар. Харин 2012 оны буюу одоогийн УИХ-ыг аль ч талаас нь харсан боломжийн дайчин, тэмцэгч гишүүдээс бүрдсэн гэдгийг хаана хаанаа хүлээн зөвшөөрч бас тэр хэмжээгээр хүлээлт, итгэл найдвар төрүүлээд буй.

 

Хэдийгээр AH, МАН гэх хоёр гол намаас ихэвчлэн бүрдсэн ч гэлээ сүүлийн хэдэн жилийн турш ард түмний төлөө гэх уриан дор жагсаал цуглаан зохион байгуулж, удирдан манлайлж, бас баривчлагдан хоригдож, эрх баригчдын аазгайг хөдөлгөхийн зэрэгцээ айдаст автуулж явсан цөөнгүй улс төрчид сонгогдож чадсан онцлог бий. Олон түмэнд хэдийнээ танил болсон Батзандан, Бурмаа, Цог, Батцогт, Ганбаатар, Баасанхүү нар дээр Одонтуяа, Оюунгэрэл, Эрдэнэчимэг гээд дайчин бүсгүйчүүд ч хүч нэмнэ.

 

Өмнөх парламентаас улиран сонгогдсон Тэмүүжин, Гантөмөр, Эрдэнэ, Даваасүрэн, Бямбацогт, Ганхуяг, Бат-Эрдэнэ нар ч мэдээж ард түмнийхээ талд зогсох нь гарцаагүй. Ингээд бодохоор тун боломжийн \шударга гэдэг утгаар хэлж байна\ парламент биш гэж үү. Дайчин нөхдийн шинжүүд эхнээсээ харагдаад л эхэлсэн шүү дээ.

 

Барилгын салбарын шинэчлэлээс эхлээд, төр засгийн хуучин бүтцийг зоригтой, дорвитой өөрчилж буй байдал \ хэдийгээр өөрсдийн хүнээ тавилаа гэж шүүмжлээд байгаа ч гэлээ, уг чанартаа цаг нь болсон шинэчлэлт гэдэгтэй олон хүн санаа нийлдэг юм билээ \ гээд гайгүй ажлууд хийж л байна. Цаашдаа унтарчихгүй \ мохох, эсвэл уусах гэсэн ч болно \ бол илүү олон санал санаачилга гаргах байлгүй гэж итгэнэ.

 

Харамсалтай нь хамгийн чанга дуугарч, шүүмжлээд байсан өөрчлөлт шинэчлэлээ баталгаажуулах болов уу гэж итгэж байсан нөхөд дуугаа хураачихлаа. Тэмүүжин, Гантөмөр, Ганхуяг, Эрдэнэ гээд сайд болсон гишүүдийг хэлж байна. Арай ч сайдын суудалд баглуулаад амаа үдүүлчихээгүй байлтай. Мэдээж танхимд нь багтсан Засгийн газрынхаа бодлогоос зөрөөд “дайчид”-тай нэгдэх нь боломжгүй нь ойлгомжтой. Гэхдээ л дууграх үедээ зоригтойхон дуугараад байвал бусад “дайчид"-даа хүч нэмэх юм даа. Ямар боловч энэ удаагийн УИХ ард түмэнд өгөөжөө өгөх л байх гэж итгэх.

Олхонууд ШААБАР