Саяхан Венесуэльд Ерөнхийлөгчийн сонгууль болж, хараахан эцэслээгүй ч үндсэндээ ялагч тодорлоо. Хуучин Ерөнхийлөгч Уго Чавес ард түмнийхээ саналыг дахин авчихаж. Сайн ажилласан гэсэн үг шүү дээ. Гурав дахь удаагаа олон түмний итгэл хүлээнэ гэдэг санамсаргүй тохиолдол, эсвэл манайх шиг сонгуулийн будлиан гэвэл дэгсдүүлсэн болох биз.

 

Нэгэн үе Венесуэлийн ард түмэн туйлдаа хүртэл ядуурч, хамаг баялаг нь гадныхны мэдэл, нөлөөнд орчихсон байсан юм билээ. Энэ бол ерээд оны дүр зураг. Тэр үед л хүнд байдлаас гарах гарц бол төрийн эрх мэдэлд ард түмэндээ хайртай \ жинхнээсээ гэвэл онох байх \, гадны мөнгө хөрөнгөтэй нөхдийн хөлд сөхөрч, хамаг баялгаа найр тавин өгөөд байдаггүй удирдагчтай болох ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн гэдэг.

 

Тэгээд Вөнесуэлийн армид хамт алба хашиж байсан итгэлтэй, гол нь үзэл санааг нь дэмжигч хэсэг нөхөдтэйгөө нийлэн төрийн эрхийг авах оролдлого хийсэн ч бүтэлгүйтэн шоронд суугаад авсан нэгэн л дээ. Тухайн үед Уго Чевасыг жирийн цэргүүд ард иргэд дэмжиж байсан ч хүчний харьцаа эрх баригч талд илт давуу байсны дээр газрын тосны гол баялагийг нь эзэмшиж, ашиглаж байсан гадны том улс гүрний оролцоо ч нөлөөлсөн учир ялагдсан гэж бичигдэж л байв.

 

Өөрөө ч ингэж ярьдаг. Тэгээд шоронгоос суллагдсаныхаа дараа нөхцөл байдлыг иргэддээ ойлгуулах сурталчилгааны ажилд шамдан орж. Ингээд өдгөөгөөс 14 жилийн тэртээ буюу 1998 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялалт байгуулсан хүн. Ерөнхийлөгч болсныхоо маргаашнаас л гол тэмцлээ гадны том хөрөнгө оруулагчид руу чиглүүлсэн байдаг.

 

Өмнө мөрдөгдөж байсан тогтвортой байдлын гэрээнүүдийг бүгдийг хүчингүй болгож, шинэ болзол, журам, гэрээний төсөл гаргаад “Миний тавьж буй энэ саналыг хүлээж авахгүй гэвэл манай улсаас гаp” гэсэн утгатай мэдэгдэл хийж байлаа. Улс орон болгон янз бүрээр л хүлээж авч, бичиж нийтэлж байсныг хүмүүс мартаагүй байх. Манайхан ч гэсэн уралдан шүүмжилж байсан цаг саяхан.

 

Үеэ өнгөрөөсөн социализмыг дахин сэргээх гэсэн явуургүй онолтон, сэтгэл мэдрэлийн өвчтэй, солиотой галзуу, ер муу бүхнээр л дайрсан байх шүү. Гадаад ертөнцөөс энэ улс тасарлаа. Түүнд Кубын Фидель Кастро, Хойт Солонгосын Ким Чер Ир хоёроос өөр ханьсах нөхөр олдохгүй \ үнэндээ тийм л байсан \ гэх мэтээр бичиж байв. Оросын Думын гишүүн Жириновский, манай УИХ- ын гишүүн Загджав хоёрыг Уго Чевасын өрөөсөн дугуй ч гэх зүйрлэл зарим хэвлэлд гарсан удаатай.

 

Гэвч мань хүний эрс шийдэмгий бодлогод нөлөөлж чадаагүй юм. Дэлхий нийтээрээ л зэмлэн буруушааж, бүр үзэн ядаж байсан Садам Хуссейн, Каддафитай ч уулзаж санал солилцоод амжсан. Хэлснээсээ буцахгүй нөхөр гэдгийг мэдэрсэн биз. Гол нь ард иргэд нь түүний санал санаачилгыг дэмжиж байсан нь нөлөөлсөн болов уу. Гадны хөрөнгө оруулагчдын ихэнх нь тавьсан болзлыг нь хүлээн авахаас өөр арга олдоогүй юм билээ.

 

Ийнхүү газрын баялаг / гол нь нефьт л дээ/-аас олсон орлогынхоо ихэнх хувийг улсдаа үлдээж иргэдийнхээ ядуу тарчиг амьдралыг сайжруулахад чиглүүлж, эмнэлэг, сургууль, нийтийн тээвэр зэрэгт зориулж эхэлсэн байдаг. Өдгөө Венесуэлийн ард иргэдийн ядуурал буурсан боловч хүн амын 40 шахам хувь нь ядуу амьдралтай гэсэн судалгаа гарсан нь өмнөх жилүүдийнхээс хавьгүй буурсан үзүүлэлт гэсэн.

 

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийнх нь явуулж буй бодлого улс орны хөгжил, ард түмнийх нь амьдралд эерэгээр туссаны нотолгоо нь энэ удаагийн сонгуулийн дүн мөн буй заа. Уго Чевас гэж хүнийг, бас юу хийж бүтээснийг хэлж мэдэхгүй юм. Гагцхүү газрын доорх баялгаа гадныханд давуу байдлаар өгөх гэж зүтгээд байгаа манай өнөөгийн дүр төрхийг харахаар Венесуэлийн жишээг судалж үзмээр ч юм шиг бодогдод иш татсан хэрэг л дээ.

 

Оюутолгой, Таван толгой, ер бусад бүх баялгууд маань ард түмэндээ арай л бага өгөөжтэйгөөр ашиглагдах болоод байгаа тухай шүүмжлэл тасрахгүй. Харин сүүлийн үед хэвлэл мэдээллийн бүх сувгаар тэр тогтвортой байдлын гэрээг зөвтгөсөн, тайлбарлан таниулсан гэхээсээ илүүтэй дэмжихийг ятгасан талдаа юм уу гэж ойлгогдохоор реклам, сурталчилгаа өнгө өнгөөрөө гарах болж.

 

Эрх баригчид талаас нь харах юм бол ингэхээс өөр арга одоохондоо олдохгүй байгаа нь үнэн. Төрийн данс улайчихсан байдаг. Иргэдэд сонгуулийн өмнө баахан мөнгө төгрөг амлачихсан байдаг. Энэ бүхэнтэй зэрэгцээд сөрөг хүчин гэж олонхоос дутахааргүй тоотой, гол нь олны сэтгэл санааг үймүүлэхдээ тун гарамгай туршлагатай нөхөд хэл ам татлаад, цэц мэцээр гүйгээд салдаггүй.

 

Одоохондоо албан ёсны бүлэггүйдээ л торгоогдож байгаа нь анзаарагдахгүй байх аргагүй. Ядаж байхад хамтарч төр төвхнүүлэх гэрээ хэлцэлтэй “шударга” нөхөд үе үе дотор бодлоо ил гаргах төдийгүй, өөр зуураа ч толхилцоод нааш цааш гүйлдээд эхэлчихсэн байдаг. Ямар боловч эх орныхоо байгалийн баялгийг ард түмэндээ ахиухан өгөх боломжийг олоход Уго Чевасын жишээ хэрэг болох ч юм билүү.

 

Олны сэтгэлд нийцсэн гарц олдож л таарна. Ер нь гадны хөрөнгө оруулагчдад хэт дулдуйдаад, тэдэнд найдлага тавиад байх нь тийм ч сайн үр дүн өгдөггүйн жишээ бас байнаа. Гүржийн Ерөнхийлөгч Саакашвили гэж нөхөр хоёронтоо улиран сонгогдож, Америк зэрэг барууны том гүрнүүдийг гол түншээ болгох бодлого явуулсан даа. Эхний удаад ч яахав урьдчилан авсан зээл, урьдчилгаа зэргээсээ иргэддээ хувь хүртээх, том том барилга сав барих гэхчилэн хөдөлсөн л байх.

 

Аажимдаа байдал эвгүйрхэж, хөрөнгө мөнгө өөр тийш мэдэгдэхүйц урсах болсон тул сүүлийн сонгуулийн хугацаагаа арай л гэж давсан даа. Тэгээд сонгуулийн дүн гарлаа. Мань хүн ялагдаж таарав. Хамгийн хачирхалтай нь түүний сайдууд бараг бүгд, гадаадад зугтаагаад явчихсан байх юм. Буруу хэрэг тарьсна хүлээн зөвшөөрсөн нь тэр буй заа. Хол ойрын хоёрхон жишээ харахад л ийм байна. Ард түмэн ядуу байгаа нь үнэн. Бас байгалийн баялгаасаа ганц сая төгрөгийн “хишиг” аваад зогсохы хүсэхгүй байгаа нь ч үнэн. Хэрхэхийг төр засгийн мэргэн yxaaн мэдтүгэй. Уго Чевас шиг байдаггүй юм гэхэд Саакашвили \ сайдуудыг нь хэлж байна\ шиг болохгүй бол зүгээрсэн дээ.
 

Олхонууд Шаабар