Өнөөдөр \өчигдөр\ МАН-ынхан төв талбайд жагсаал зохион байгуулах шив дээ. Их олон хүн цуглаж, сүртэй л юм болох байх гэж төсөөлсөн биз. Тэгсэнгүй. Уг нь энэ өдөр нь олон сайн үйл давхацсан тун зөв өдөр юм билээ. Хурим найр улс орон даяар өргөн болсон байх. Тогтсон жишгээр гал голомтоо бадраасан олон залуу хосууд, аав, ээж, хамаатан садан, найз нөхдөө дагуулаад их эзэн Чингисийнхээ хөшөөнд, бас Төрийн ордондоо, жанжин Сүхбаатартаа хүндэтгэл үзүүлэхээр зорин ирэхдээ,
тэндээс сайн энерги авна л гэж бодож байсан нь гарцаагүй.

 

Харамсалтай нь дандаа төр засгийн \тэр нь сайн муу байхаас үл хамааран ард түмний сонголтоор байгуулсан засаг төр шүү дээ\ эсрэг \муу энерги гэхээс өөрөөр нэрлэлтэй биш\ үг, уриа бүхий туг лоозон барьсан, бөөн уур омог бүхий жагсагчид \МАН-ынхан\ замыг нь хаагаад хашгиралдаж байх. Хэчнээн хичээлээ ч тэдгээр хараал зүхлийг чихнийхээ гадуур өнгөрөөх боломжгүй нь ойлгомжтой.


Баяр хөөрөөр бялхан ирсэн хөөрхий залуусын амьдралын эхлэлд ийнхүү гай чирсэнд харамсахаас аргагүй. Харин жагсагчид \МАН-ынхан\ тавьж буй шаардлага шахалтаа сайн үйл гэж итгээд сайн өдрийг сонгосон байх даа. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг хойно тэднийг буруутгаад ч яахав, жагсана л биз. Харин сонгосон өдөр нь олон хүний таашаалд нийцээгүйг өөрсдөө ч анзаарсан л байлгүй.

 

Нөгөө талаас нь бодоод үзэхээр МАН дангаараа төр засгийн бүх эрх мэдлийг барьсаар ирсэн, энэ удаа ч гэсэн барьж байх ёстой гэсэн утгатай шаардлага тавиад байгаа юм уу даа. Далимд нь Сонгуулийн ерөнхий хороог огцруулаад оронд нь МАН-ын гишүүдээс бүрдсэн шинэ хороо байгуулах ёстой юм гэнэ. За тэгээд УИХ-ын дарга \З.Энхболдыг хэлж байна\-ыг ч гэсэн огцруулаад МАН-ын гишүүн С.Дэмбэрэлийн санал болгосон / тэр нь мэдээж МАН-ын гишүүн байж таарна/ хүнийг УИХ-ын даргаар тавих учиртай юм шиг л ойлгогдоод байх юм.

 

Маргаан үүсгээд шүүх, хуулийн байгууллагаар асуудал нь шийдэгдсэн Өвөрхангайн хоёр гишүүнийг тангараг өргүүлэхгүй л гэнэ. Үнэхээр л дөрвүүлээ хууль бус үйлдэл гаргасан юм бол дөрвүүлэнг нь болиулаад дахин сонгууль явуулах л байсан биз. Гэтэл тийм шийдвэр гарсангүй. Шийдвэр заавал С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёрын талд л гаргах ёстой юм гэнэ. Асуудлыг нөгөө талаас нь тавиад үзэж болдоггүй л юм байх даа.

 

Харин МАН-ын бүлэг УИХ-д байх эсэх тухайд бол тавьж болох шаардлага мөн болов уу. Гуч шахуулаа УИХ-д сонгогдож \У.Хүрэлсүх энэ тэр гээд намын жагсаалтаар гүйгээд ороод ирсэн нөхөд бий л дээ\ ирчихээд албан ёсоор бүлэг байгуулж чадаагүйд дургүйлхэх нь аргагүй, өөрсдөө том толгойлж, хуулиа зөрчин хугацаа хэтрүүлсэн ч гэсэн.

 

Асуудлын гол нь Ардчилсан намынхан зонхилсон хүмүүс төр барьж, намынхаа дэвшүүлсэн хөтөлбөрөө хэрэгжүүлж болохгүй мэтээр аяглахад л учир оршино. Тэднийг улс орноо аваад явж чадахгүй гэж үзээд байгаа бололтой юм. Гэтэл ард түмэн чад гээд сонгочихсон юм чинь яалтай ч билээ. Дөрөвхөн жил, чадах эс чадахыг нь хараад тэсч болдоггүй л юм байх даа гэж хүртэл бодох юм.

 

Маш их сандралдаад, улайраад байхаар нь өөр ч этгээд хардлага төрөөд болдоггүй. Тэр нь АН-ынхан төр засгийг сайн төвхнүүлээд, гол авлига, хууль бус үйлдлүүдийг ямар нэг хэмжээгээр таслан зогсоогоод, буруутай этгээдүүдийг хариуцлагад татаад унавал \ерөнхийдөө тиймэрхүү ажлууд хэдийнээ хийгдээд байгаа шүү дээ\, олон
жил төр барьж, болохгүй, бүтэхгүй болгоны суурийг тавьсан нөхдөөс нь өртөх магадлалаас л эмээгээд байна уу гэлтэй.

 

Ядаж байхад ихэнх жирийн гишүүд нь бөөн бөөнөөрөө МАХН-руу нүүгээд байдаг. Хэчнээн худлаа гэж мэлзээд ч нуух аргагүй хошуурч байна биш үү. Өнгөрсөн жил МАН-аас ийм жагсаал зохион байгуулсан бол гээд төсөөлөөд үз дээ. Төрийн албан хаагчид, оюутан, сурагчид дарга, багшийнхаа хараан дор өөрийн эрхгүй л цуглачихсан, нүүрээ нуугаад, бие биеийнхээ араар орох гэж тэмүүлээд жагсах байсан нь лав.

 

Өнөөдөр гишүүн асан Сүхбаатар өөрсдийн мэдлийн нэг телевизээр бүтэн цаг шахам ухуулаад, намын дарга, Ерөнхий сайд асан нь Хууль зүйн сайд асантайгаа хоршин гомдоллоод анзаарч, дэмжиж байгаа хүн ховор талдаа л болчихож. Өөрөөр хэлбэл, тэд засаглаж байхдаа муу л ажилласан гэсэн үг. Захын иргэнээс асуухад л амьдрал огт дээшлээгүй л гэнэ дээ.

 

Тэгээд Оюутолгойгоос авахуулаад уул уурхайн том компаниудтай муу гэрээ байгуулсныг хүлээн зөвшөөрөх нь маргаангүй. Тэр муу гэрээнүүдийг АН-ын хоёр сайд \С.Баярцогт, Л.Гансүх хоёрыг хэлж байна\ оролцон байж хийсэн ч гэлээ хариуцлагыг энэ хоёр сайд биш, чиглэл өгсөн Засгийн газар, тэр тусмаа Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Сү.Батболд хүссэн ч, эс хүссэн ч хүлээж л таарна.

 

Ард түмний тавьсан дүн энэ. Тиймээс ялагдлаа хүлээн зөвшөөрч шинэ Засгийн газраар ажлыг нь хийлгэх нь зүйд нийцнэ. Мэдээж энэ дөрөвхөн жилд ард түмний амьдрал ахуй суга дээшилнэ гэдэг бараг бүтэхгүй нь тодорхой. Ялимгүй дээшлэх байх л даа. Хамгийн гол нь иргэдийн дургүйцлийг хамгийн их хүргэдэг, улс орны хөгжилд чөдөр тушаа болсон төрийн байгууллагуудын хүнд суртал, хууль, шүүхийн шинэчлэл, газрын маргаан, барилгын салбарын дампуурал, эрүүл мэнд, боловсролын салбарын гажуудал гээд төрөөс тэрбумтнууд төрөөд байдаг үүд хаалгыг хаах эхлэлүүд тавигдаж, хуулийн орчин бүрдэнэ гэдэг чухал биш гэж үү.

 

МАН- ынхан ийм зоригтой өөрчлөлтийг хэзээ ч хийж чадахгүй. Чадахгүйгээ өнгөрсөн бүх он жилүүдэд хангалттай харуулсан даа. Тийм болоод л ялагдал хүлээсэн хэрэг шүү дээ. Иргэний хөдөлгөөнүүд жагсаал цуглаан хийж, шаардлага тавихаар эрх баригчид \МАН-ынхныг хэлж байна\ юу, юу гэж доош хийдэг байлаа. Эргээд нэг санаач. Төр засгаа хүндэлсэнгүй, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авах гэлээ гэх зэрэг бол юу ч биш.

 

Бүр хэтрээд дөрөв таваар нь буудан хороож, мянгаар нь шоронд суулгаж байсан цаг саяхансан. Өнөөдөр яах гээд ард түмнийг талцуулан, төрийн эсрэг турхираад байна вэ. Сири шиг болгох гээд байгаа юм уу. Ерэн жилийн түүхтэй, төлөвшсөн, ноён нуруутай нам \ МАН-ыг хэлж байна\ гэдэг биз дээ. Ард түмний олонхыг шанаадаж унагаад талдаа татна гэвэл том эндүүрэл болох байх шүү.

 

Урам нь хугарсан, өмнөөс нь ичсэн гишүүд, дэмжигчдээ улам улмаар алдахын л цондон ёрлоод байна даа. Зөвхөн АН-ын гишүүд л ийм үг хэлнэ гэж бодож байгаа бол мөн л том эндүүрэл. Шинэчлэлийг бүгд хүсч байна. Төрөөс төрсөн тэрбумтан хурандаа нар, дарга даамлуудаас салахыг иргэд хүсч байна. Амар тайван амьдармаар байна шүү дээ, монголчууд бид.

Олхонууд ШААБАР