Гажуудал
 
Баян л бол нийгмийн дайсан уу? Үгүй дээ, энэ нийгэм өөрөө тэртээх П.Гэндэнгийн үеэс ч илүүтэй “баяжигтун” гэж уриалдаг, тэр бололцоог нь олгохыг эрмэлздэг нийгэм байх ёстой. Ёстой гэдэг нь тийм биш болсонд байна. Тийм бусын шалтгаан болсон 30 гэр бүлийг бид хайж байна. Тэд бусаддаа боломж бололцоо олгохгүй байна. Зарим нь үүнийгээ ч ойлгодоггүй байх. 
Зарим нь зөвтгөл хийх гэж “Анхны мянгыг хулгайгаар л олдог” гэж байгаа ч дараа, дараагийнх нь өмнөхөө даран давтсаар сая, саяыг буруу аргаар олсон хүмүүсийн тухай ярьж байна. Эхлээд хуулинд заагаагүй тул гэмгүй гэж авсан, дараа нь хууль нь ийм учраас авсан гэж ярьдаг байснаа хожим хуулийг засаад хэмжээ хязгааргүй баяжсан тэр хүмүүсийн тухай ярих болж байна! Тэд мянгыг хусдаг халаасны хулгайч байгаагүй юм аа. Харин ч хэрэгтэй мэдээллээ түрүүлж олж авах зиндааны, зохих албан тушаалтай, хувьсгалд гар дүрсэн (Бисмаркийн тодорхойлолтоор адгийн шаарууд нь), өндөр боловсролтой хүмүүс байсан. 
Яг өнөөдөр тэд бүхнийг хууль бусаар аван идсэн гэж тогтооход бас хэцүү, учир нь тэднийг ийм болгоход “авилга” үйлчилсэн, одоо авилга хамгаална. Бас АТГ хамгаална. Тэд өөртөө зориулж хууль гаргуулж байснаа, дараа нь өөрсдөө гаргадаг болж, түүнийхээ дагуу нийгмийн баялгаас хэт цөөхүүлээ, хэт ихийг хүртсэн. Саяыг хулгайлахад хууль хэрэгтэй! 
 
Ингээд зогссонгүй, тэрбумын төлөөх өрсөлдөөнд орсон бөгөөд үүний тулд бүлэглэл, тэр дундаа нам дамнасан бүлэглэл байгуулсан. Зүй тогтол ч биз. Ердөө 10 орчим жилийн өмнө 200 гэр бүлийн тухай ярьдаг байсан бол одоо 30 гэр бүлийн тухай ярьж байна. Тэдний тоо улам цөөрсөөр байгаа, угаасаа олигополь тогтолцоо эцэстээ монополизм рүү зүтгэдэг нь ёс. Гэхдээ хасагдсан нь үлдэгсдээсээ сайн хүмүүс биш л дээ.  Наад зах нь л хэвлэл мэдээллийн салбарынхныгаа томчуул нь залгиж орхилоо. Барилгын салбарынхан нь нуран унаж, тэднийг банкныхан нь шингээх гэж бодон залгисан аварга могой мэт тарчилж байна. Бас уул уурхайнхан цөөрчээ. Эд ийнхүү нэгнээ барьж идэхийг хүлээгээд амар сайхандаа жаргахгүй. Зүй ёсны монополизм нэг гэр бүлийн дарангуйлалд хүрч төгсөнө. 
Зарим талаар үүнийг “зэрлэг капитализм”, синдикат гэж нэрлэж болох ч улс орон бүрийн нэршил замнал өөр юм, харин ганцхан түгээмэл, ерөнхий шинж байдаг нь олигархи тогтолцоо ба баялгийн шударга бус хуваарилалт зайлшгүй хямралд хүргэдэг. Эцэстээ хямралаар л тэд өөрчлөгддөг, тэднийг эргэлтээр, үндсэн хуулийн өөрчлөлтөөр, хувьсгалаар түлхэн унагадаг. Энэ 30 гэр бүл бүгдээрээ тэрбумтан биш, тэрбумтнуудын ашиг сонирхлыг гүйцэлдүүлэгч улстөрийн нөлөө бүхий гэр бүлүүд ч бий. Тэд бол баялгийн шударга бус хуваарилалтын сувгууд юм. 
 
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нэгэнт Монгол Улсын Ерөнхийлөгч улсыг маань “атгаж” ирсэн 30 гэр бүл байдаг гэдгийг цагаан цаасан дээр хараар буулгасан учраас нэрлэж өгнө үү! Чухам энэ 30 гэр бүл хэзээнээс бий болж, хэний нам нөлөөлж, хэн тэдэнд тийм их эрх мэдэл олгож, үйлчилдэг вэ гэдгийг ч бас Ерөнхийлөгчөөс асууя?” гэсэн нь ялгаж зааглах гэсэн оролдлого авч үнэндээ нэг л бүлэглэл юм. Тэр тусмаа улстөрийнхнийг ялгаж зааглах ямар ч аргагүй, харин ч улстөр-бизнесийн супер хүч чадлыг тэд эзэмшдэг. Т.Аюурсайханы шаардсаныг тайлбарлахад, (хариугаа зохих газраасаа авах биз ээ) Монголын цоо шинэ түүхийг, өөрөөр хэлбэл сүүлийн 30 жилийн Монгол Улсын түүхийг, бүр тодруулж хэлбэл Монголын түүхийн VI ботийг бичих хэрэгтэй болох байх л даа! Гэхдээ энэ ботийг түүхчид биш эдийн засагчдын баг бичвэл шүү дээ! 
Хамгийн товч хариулж болох “Хэний нам нөлөөлж, хэн тэдэнд тийм их эрх мэдэл олгож, хэн үйлчилдэг вэ?” гэсэн гурван асуултын эхнийхэд “Чухам танай нам, дараагийн хоёрт танай намынхан” гэж хариулт өгч болно. Мэдээж АН-ыг орхивол гомдоож, дорд үзсэн, үл тоосон хэрэг болох юм... Олон зүйлийг товчлоод шууд асуудалдаа оръё! 
 
Далд эдийн засаг ба давхар засаглал...
 
1992 оны хувьсгалын дараахь нийгмийн шилжилтийн явцад Монгол Улс эдийн засгийн талаар бие даах чадваргүй болтлоо доройтсон. Өмнө нь тийм ч сүрхий байгаагүй л дээ, асуудлын гол нь түүнээсээ бүр долоон дор орсонд байгаа юм.  Аж ахуй нь дотоод хэрэгцээгээ ч хангах чадваргүйгээс улс орны бусад салбарыг татан унагаж, систем бүхэлдээ хямрав. Өнөөдөр бид мухардал гажуудлын шалтгааныг эрж байна. Үндсэн хууль уу? Тогтолцоо юу? Намууд уу?... Эсвэл энэ бүхнийг хамруулан эртнээс бэлтгэсэн гадны явуулга уу? З0 гэр бүл үү?
Хуучин тогтолцооны сүйрэл, шинэ тогтолцооны гажуудал нь “санхүү-улстөрийн” хосолмол эрх мэдлийн төлөөх тэмцлээс үүдэлтэй. “Олигархиуд”, “нам дамжсан бүлэглэл” гэдэг шинэ нэр томъёо, ойлголт үүсэв. Олон нийт энэ шинэ үзэгдлийг ойлгож амжихаас өмнө тэд бүхнийг эрхшээлдээ аван томорчээ. 
Үүнтэй зэрэгцэн улстөрийн институци хоорондын тэмцэлд хөрөнгө оруулалтаар дамжсан гадны нөлөө хүчтэй түрэн орж ирэв. Улстөр, эдийн засгийн ужиг хямрал эхлэв. Улс орныг хараат байдал руу түлхэв. Үйлдвэрлэл унасан, эдийн засгийн олон салбар хөгжөөгүй, авилгажсан улс оронд асар их хөрөнгө оруулалт шаарддаг ч цөөн хүн баяжих талбар бол ашигт малтмал, уул уурхайн салбар юм. Энэ салбарт дотоодоос хөрөнгө оруулах чадавхи дутагдаж байв. Арвин их нөөц баялагтай ядуу буурай улсын хувьд энэ салбарыг хянахад гаднаас ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө татах шаардлагатай юм. 
Түүнийг 1997 оны “Ашигт малтмалын хууль”-аар нээв. Энэ хууль Монголын нөхцлийг тооцоогүй, ядуу буурай орнуудыг шинэ колоничлолын занганд оруулах түгээмэл заримд тулгуурласан, туршигдсан захиалгат хууль байв. Монголын эрх баригчид зуучлагчид болон хувирав. Олон улсад тохиолддог л жам ёсоор баялгийн үндсэрхэл сөрөн бий болов. 
Бүлэглэлийн эхлэл нь “Таван толгойн орд”-ыг эзэмшдэг голлох хоёр намын 10 гэр бүлийн консорциум, синдикат байсан юм. Эндээс нам дамнасан бүлэглэлүүд үүссэн. Яг Таван толгойн асуудлыг улстөрийн эргэлтэнд оруулах өгүүлэл бичмэгцээ бид өөрсдийн эрхлэн гаргаж байсан сониноо хаалгаж билээ. Цаашид энэ гэр бүлүүд улстөрчийг өөрсдийн эрх ашигт үйлчлүүлж эхлэв. Намуудын хөтөлбөрүүд эднийг баяжуулах хөтөлбөр болж хувирав. Монгол бол зэс-нүүрсний орон. Зэс нүүрсний томоохон ордуудад хяналт тавихдаа аль болох улсын оролцоог хязгаарлахын тулд бүхнийг хийж байсан юм. Тэр орон зайд өөрсдөө, бас гадаадынхан хүч түрэн эзэн суув. Бизнесийн цөөнх нүүрсний  ордуудыг хувьдаа ашиглан баяжиж байсан бол улстөрийн цөөнх зэсийн ордуудыг гадныхны хяналтанд өгөх замаар авилгадан баяжиж байв. Тэд гадаадыг хөрөнгө оруулалтыг өөртөө шингээж, хөрөнгө оруулалтын урсгалыг буцааж байна. Ашгийг урьдчилж аваад гадаадад байршуулдаг болов. Оффшорын дуулиан эхэллээ. Гададын хөрөнгө оруулалтыг Монголоор дамжуулахгүй байх нь Монголын төрийн хяналтаас зугтах сайхан боломж юм. Ийнхүү далд эдийн засаг, давхар засаглал бий болов. 
Улс орон дотоод зөрчилдөө идэгдэж, тэр тоолон улсад ашиггүй хууль, шийдвэр, гэрээнүүд цувран гарч эхэллээ. Улстөрийн тогтворгүй байдлын хөрсөн дээр тоглоомын Засгийн газрууд бий болдог уламжлал тогтов. Улс орныхоо эрх ашгийг хамгаалагчид нь буруудаж, огцорч, нэр хүндээ алдаж, сонгуульд ялагдав. Улстөрийн орчинд сөрөг цэвэрлэгээ эхлэв. Ийнхүү улс орон баялагтайнхаа хэрээр дээвэргүй шорон болж хувирав! 
Айлган сүрдүүлэгч, дарангуй цөөнхийн далд засаглал тогтов. Харин улстөрчдийг ивээн тэтгэгч гадаадын луйварчид өршөөл хүртэж, сул чөлөөтэй оргон зайлдаг болов. 
Улс орныг 30 гэр бүл удирдаж байна гэв. Ерөнхийлөгч...
 
Ерөнхийгөөс тодорхой руу буюу 30 гэр бүл
 
Феодал-газар эзэмшигч юм бол орд эзэмшигчид шинэ феодал мөн үү? Тэр дундаа стратегийн орд эзэмшигчид бол том толгой феодал мөн үү? Тэд улс доторх улс, тус тусын ванлигуудыг бий болгосон байна. Харин парламент тэр ванлигуудын зөвшилцөлийн талбар төдий юм. Парламент ийм байхад Засгийн газар бүр ч сул дорой байх нь аргагүй...
Монголын шинэ даймондууд орд газруудаас цэцэглэсэн юм. Чухамдаа УИХ-аас баталсан стратегийн 15 ордыг эзэмшигчдээс. Улсын төсвөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордуудыг үнэгүй авснаас 30 гэр бүлийн үүсэл эхэлсэн. 30 гэрбүлтэй холбогдох зарим үйл явцыг товч тайлбартай хүргэе л дээ! Хаана байна? Тэр 30 энэ тэр гээд мэнэрээд байх явдалгүй л юм, “Бүгдийг нь бүгд л мэддэг”.
 
Хамгийн эхний, хамгийн шуугиан тарьсан, одоо ч үлгэр нь дуусаагүй, хоёр ч хүний амь настай холбоотой нэг гадаадын компанийн асуудлаас эхлэе! Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон 70 тоннын нөөц бүхий стратегийн ордын жагсаалтад орсон Бороогийн алтны шороон ордыг тогтворттой байдлын гэрээгээр татвараас чөлөөлж дотоод, гадаадын хувийн компанид өгсөн нь 1997 оны Ашигт малтмалын хуулийн анхны ид шид байлаа. Түүгээр Сү.Батболдын дагуулж ирсэн “Сентерра гоулд” орж ирсэн ба одоо ч салахгүй дараагийн золиос-Гацууртын ордыг залгихаар дайрч байна. Энэ ордоос Сү.Батболдын гэр бүл тодрон гарч ирсэн юм. Өнөөдөр У.Хүрэлсүхийн ЗГ дахь хамгийн нөлөө ихтэй фракцын толгойлогч болжээ. Ашигт малтмалын салбарт гай тарьсан тогтовортой байдлын гэрээ гэгчийг Сангийн сайд байсан Баабартай холбож ярьдаг, гэвч Баабар болохоор дараагийнхаа Сангийн сайд Я.Очирсүх рүү хамаг бурууг чихдэг юм. 
Сү.Батболд үүнээс өмнө улсын хөрөнгөөр баригдсан “Чингис” зочид буудлыг зүгээр шахам луйвардаад авчихсан байдаг. Энэ бол П.Жасрайн ЗГ-ын үеийн үйл явдал. 
 
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон  Нарийн сухайтын сайн чанарын их хэмжээний нүүрсний нөөцтөй стратегийн ордыг коммунизмын үеийн аюулаас хамгаалахын ажилтан, “Монголын Алт” МАК-ын Б.Нямтайшир авч, Хятадын “Чинхуа” компанитай хамтран ашиглахаар болж өнөө л тогтвортой байдлын гэрээ гэгчийг байгуулснаар тодорсон. Анх алтны орд эзэмшдэг байсан энэ компани маш түргэн нүүрсний компани болсон бөгөөд компанийн хунтайж Н.Номтойбаярын үед зэс-молибденийн компани болох сууриа тавьчихаад байгаа юм. Энэ компанийн өсөлтөд Ерөнхий сайд асан Д.Содном ихээхэн тус хүргэсэн билээ.
 
2012 онд санаачлаад мартагдсан Төрийн өндөр албан тушаалтан, ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг гадаад, дотоодын хувийн компанид зөвлөхөөр ажиллахыг хориглох тухай хууль нь улстөр-санхүүгийн ийм хэлхээ холбоог таслах зорилготой байсан авч уг хуулийн ажлын хэсгийг ахлах хүн ч олдоогүй гэхээр гайхмаар байгаа биз?
С.Баярын ЗГ-ын үед “Эрдэнэт” УБҮийн 51 хувийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 120 сая ам.долларын зээл авсан нь одоо хүртэл төлөгдөөгүй байна. 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нийт өр 23.6 их наяд төгрөг, үүнд Засгийн газрын гадаад өр 16.5 их наяд, дотоод өр 5.2 их наяд, Засгийн газрын баталгаа гаргасан зээллэг 1.9 их наяд байна. Энэ бол зөвхөн Монголын улсын Засгийн газрын өр. Харин аж ахуйн нэгж, иргэдийн өрийг нэмж тооцвол монголчууд бид 62 их наяд төгрөгийн гадаад өр зээлтэй байна. Энэ өр зээлийг Монгол улсын 3 сая хүн амд хувааж үзвэл нэг хүнд 21 сая төгрөг ногдож байна гэсэн. Энэ өрийн болон өмнө төлсөн өрийн ихээхэн хэсэг энэ 30 гэрбүлтэй холбогддог.
“Жаст”-ын асуудал Лондонгийн арбитрийн шүүхээр орж, 60 сая ам.долларыг Монгол Улсын ЗГ төлөх ёстой болсон. Энэ нь ЗГ-ын баталгаанд багтаж байгаа аж ахуйн нэгжин өр юм. Энэ гутамшигт ажлыг тэр үеийн Ерөнхий сайд С. Баяр, “Эрдэнэт” үйлдвэрийн тухайн үеийн захирал, ТӨХ-ны дарга Д.Сугар, “Жаст” ХХК-ын захирал Ш.Батхүү нар оролцон зохион байгуулсан юм. Тиймээс эдэнд, 2013 оноос хойш энэ хулгайг илт хамгаалах болсон Ц.Элбэгдоржид энэ 60 саяын өр оногдох ёстой!  2013 онд “Жаст” ХХК болон “Хадгаламжийн банк”-ыг дампууруулж “Төрийн банк” байгуулах үед дундаас нь 180 сая ам.долларыг зувчуулж гадагш шилжүүлсэн гэх шуугианд С.Баяр, Д.Сугар, Ш.Батхүү, Ц.Элбэгдорж нар дурдагддаг. 
 
С. Баярын ЗГ 2009 онд Дорнодын ураны ордын “Ханресурс” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь мөн арбитрийн шүүхээр орж Монгол Улсын Засгийн газар 70 сая ам.долларыг 2016 онд төлсөн билээ. Үүнийг зохион байгуулагч нь Ерөнхий сайд С.Баяр, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт нар юм.
 
“Оюу толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ (ХОГ) 2009 оны 10-сард ёсчлогдож 2010 оны 04 сарыэ 6-наас хүчинтэй болж С. Баяр, Сү. Батболдын засгийн газрыг дамжиж хэрэгжиж эхэлсэн. Гэрээ байгуулах ажлын хэсэгт С. Баярын ЗГ-аас Д.Зоригт, С.Баярцогт, Л. Гансүх нарын сайд нар орсон.
Оюутолгойн ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Айванхоу майнз” ХК-ын томоохон хувьцаа эзэмшигч “Голдман Сакс Азиа”-г (“Голдман Сакс” компанийн 100 хувийн охин компани) Оюу толгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний санхүүгийн зөвлөхөөр ажиллуулах гэрээг Д.Зоригт байгуулсан юм. Энэ компани нь Оюутолгойн ХОГ байгуулагдахын өмнө ба хойно “Айванхоу майнз” ХК-ын хувьцааны арилжаанаас 700 гаруй сая ам.долларын ашиг хийсэн байдаг. Энэ үйлдэл нь манай хуулиар ч олон улсын хууль журмаар ч илт ашиг сонирхлын зөрчилтэйд тооцогдоно.
 
Гэрээг байгуулах үед “Айванхоу майнз” ХХК-ын хайгуулд гаргасан зардлыг 700 сая ам.доллараар тооцож хөрөнгө оруулалтын зардалд оруулсан байдаг. Угтаа бол тэр үед хайгуулд зарцуулсан бодит зардал нь 150 сая ам.доллар байсныг тогтоосон. Хайгуулын зардал нь эрсдлийн зардалд орж, орд илрүүлсэн бол ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, ашиг авах эрх олж авах болж хувирдаг онцлогтой.
 
Гэрээ байгуулах ажлын хэсгийн ЗГ-ыг төлөөлсөн гишүүдэд “Та нар их мөнгө оруулчихаад их удаж байж ашиг авч эхлэх нь байна. Бид бол баяжмал олборлож эхлээд нөөц ашигласны төлбөр (НАТ) аваад эхлэнэ. Тэгэхээр та нар ямар нэг юм ав” гэж хэлсэн гэсэн аман мэдээлэл байдаг. Тэгээд үйлдвэрлэл эхэлснээс эхлэн хөрөнгө оруулалтын зардал болон үйл ажиллагааны зардлын дүнгээс 6%-ийн менежментийн төлбөр гэж авдаг болсон ба энэ нь баялагийн эзэн Монгол Улсын “Оюу толгой” ХХК-ын экспортолж буй баяжмалаас авдаг 5 хувийн НАТ-ийн дүнтэй бараг тэнцдэг юм. Харин одоо “Оюу толгой” ХХК манай ЗГ-т энэ 6 хувьд оногдох хүн амын орлогын албан татварыг төлөхөөс татгалзаж байгаа юм. Манай хууль ёсоор Монгол улсаас ашиг олсон гадаадын иргэд 30 хувийн ашиг орлогын татвар төлөх ёстой ч үүнийг 10 хувь буюу Монгол Улсын иргэнд оногдох татвараар тооцох саналыг нөгөө талаас тавьж байгаа билээ. Энэ л гэхэд 40 орчим сая ам.долларын асуудал болно. Харин үүнийг Л.Наранбаатар нарын этгээдүүд мушгин гуйвуулж, твиттерт “Гадаадын хөрөнгө оруулагчдаас 30 хувийн татвар авах ёстой гэж байна” хэмээн шуугиулж байсныг одоо ч харж болно. Хөрөнгө оруулагчдын чуулган нэртэй ямар ч үр дүнгүй хөгийн ажлынхаа хөлсийг МАН-ын ЗГ-аас авахын тулд ингэж долоох хэрэг байсан бололтой... Ингэж увайгүйтсэнийх нь хэрээр одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ татварыг авч чадах эсэхээр У.Хүрэлсүхийн ЗГ-ын ажлыг хэмжих болно, маш анхааралтай ажиглаж байгаа шүү!
 
“Оюу толгойн” гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулалт биш баялагийг барьцаалж олж ирсэн зээлээсээ арилжааны зээлээс ч өндөр хүү тооцож, мөн улирал бүр зээлийн хүүнээс хүү тооцдог байхаар тохирсон юм.
 
Ер нь Сү. Батболд 2007 оны үеэс Р.Фрийдландтай маш ойр харилцаж Оюу толгойн ХОГ байгуулах, ил уурхайн хөрөнгө оруулалтын зардлыг их хэмжээгээр хэтрүүлэх зэрэг Монгол улсад хортой үйл ажиллагааны ард зохион байгуулж ирсэн гэх. Иймээс “Айванхоу майнз” ХХК-д илт ашигтай гэрээ байгуулахад үнэтэй гавьяа байгуулсан Сү. Батболд, С. Баярцогт, Ч. Хүрэлбаатар, Д. Зоригт, С. Баяр нарт Р.Фрийдландаас тэр үед “Айвенхоу майнз” ХХК-ын эзэмшиж байсан одоогийн Хармагтай, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Цант уулын нүүрсний орд, “Засагт чандмань” ХХК-ын төмрийн орд зэрэг 10 гаруй ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг бэлэглэжээ. 
 
Монголын увайгүй улстөрчид эдгээр ордын лицензийг өөр хүний нэр дээр шилжүүлж аваад 2-саяас хорь, гучин сая ам.доллараар зарсан гэлцдэг. “Оюу толгой” ХХК-ын зардлын шилжүүлгийн баримтуудад эдгээр ордтой холбогдолтойтуссан зардлыг удахгүй нийтэд ил болгохоор шүүж байгааг дашрамд дурдах нь зүйтэй! С.Баярцогтын оффшор дансанд байсан гэх 9 сая ам.доллар ч энэ хэлбэрийн орлого байж магадгүй, хамтрагчид нь С.Баяр, Д.Зоригт, Сү.Батболд, Ч. Хүрэлбаатар нар байж болзошгүй гэх мэдээллийг шалгаж байна.
 
С.Баярын ЗГ Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурсны дараа улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн Таван Толгойн ордоос энэ ордын нийт коксжих нүүрсний 25 хувийг эзэлдэг Ухаа худгийн ордыг тасдаж “MCS” компанид өгсөн. Коксжих нүүрс нь төмөрлөгийн үйлдвэрт ашигладаг хамгийн үнэтэй нүүрс.  С.Баяр энэ үед ордын ердөө дөрөвхөн хувийг “MCS” компанид өглөө гэж олон нийтэд мэдээлсэн.  “Ухаа худгийн орд”-ын эзэмшлийн талбай нь Таван толгойн ордын нийт газрын 4 хувь байсан нь үнэн л дээ, гэвч ордын гол баялаг коксжих нүүрсний нөөц нь ТТ ордын нийт косжих нүүрсний дөрөвний нэг байсан. Яг сор нь гэсэн үг л дээ. Энэ компани “Энержи Ресурс” компани гэсэн нэрээр тэр үед компаныхаа хувьцааны 20 хувийг Хонгконгийн биржид 650 сая доллараар худалдаж байжээ. 
 
Энэ үеэр Сү. Батболдын ЗГ-ын сайдууд “MCS” компаниас үнэтэй хаусуудыг бэлгэнд авсан гэсэн мэдээллийн мөрөөр үхэн үзээд илчилж бараагүй юмдаг. Одоо Ерөнхийлөгч энэ асуудлын цаадахь хууль хүчний байгууллагуудын оролцоог илчлэх талаар анхаарна гэж найдаж байна.
 
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн энэ ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг тодорхой бус байдлаар (М.Энхсайханы эдийн засгийн зөвлөхийн компанийн нэр дээр байсан тусгай зөвшөөрөл яаж очсон ньтодорхой бус, үүний дээрээс М.Энхсайхан өмнөх парламентын үед ТТ-д мега төсөл хэрэгжүүлнэ гэж ихээхэн зүтгэснийг энд дурдах ёстой) MCS компани эзэмшиж байсан бөгөөд, лицензийн төлбөрт ердөө 1сая ам.доллар л төлсөн байдаг.
 
Оюу толгой болон болон Таван толгойн ордыг хамтад нь эргэлтэнд оруул гэсэн УИХ-ын шийдвэр байсаар байтал С. Баярын ЗГ “Ухаа худгийн орд”-ыг тасдаж хувийн компанид өгснөөр ТТ-н ордын үлдсэн хэсэгт Монголын компаниуд хоорондоо өрсөлдөж, эцэст нь худалдан авагч хождог нөхцөл бүрдсэн. Үүний улмаас эдлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн өсөлтөд манай эдийн засаг мэдрэмжгүй болсон юм. Сүүлдээ МCS ба түүний нөлөөний улстөрчид улсын мэдлийн “Эрдэнэс ТТ” ХК-ыг олон талаас нь харлуулж, залгихаар завдаж Ч. Сайханбилэгийн засгийн газрын үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр таван толгойн ордыг бүгдийг нь үнэгүй шахам авах гэж дайрсан юм. Тэр үед УИХ-н дарга З.Энхболд нарын 40 гаруй гишүүдийн эсэргүүцэлтэй тулж зогссон ч тэр хонзогнолоор бүгд шахам сонгуульд ялагдаж, үлдсэн нь цагаан тугаа өргөжээ. Энэ үйл явцын дундаас анхны консорциумын 10 оролцогч хангалттай ашиг хүртэж чадсан юм. Гагцхүү тэр ашиг арван компанид биш ард түмэнд хүрэх ёстой байлаа.
 
Оюу толгойн ХОГ мөрдөгдөж эхэлсэн  2009 оны 11 сараас 2012 оны 08 сар хүртлэх хугацаанд Ерөнхий сайд Сү.Батболд, ЗГХЭГ-ын дарга Ч. Хүрэлбаатар, салбарын буюу Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт нар “Оюу толгой” төслийн ил уурхайн бүтээн байгуулалтын зардлыг  хянаагүйгээс анхны хөрөнгө оруулалтын зардал 75 хувь буюу 3.0 тэрбум ам.доллараар хэтэрч, энэ хэмжээгээр Монгол улсыг хохирсон. 3.0 тэрбум ам.доллар нь гурван сая иргэнтэй Монгол Улсын бүтэн нэг жилийн улсын төсвийн зарлагатай тэнцэх мөнгө. Жил бүр дунджаар тэрбум ам.долларын илүү зарцуулалт хийж, монгол улс өөрт ноогдох хувьт оногдох зээл түүний хүүгийн зардлыг арилжааныхаас хүнд нөхцлөөр даах болсон юм. Оюутолгойн гэрээ төсөвт маш хүчтэй дарамт учруулж эхэлсэн билээ. 
 
Ер нь том төсөл дээр гадны том корпорациуд худалдан авалтаар дамжуулж үндэсний компаниуд, увайгүй улс төрчдийг худалдаж авдгийг энгийн хүмүүс ч ойлгодог болсон. Хамгийн энгийн жишээ нь С.Баярцогтын мэдлийн “Модерн номадс” сүлжээ Оюу толгойн уурхайн хүнсний хангалтыг хариуцаж байсан юм.
 
Хэтэрсэн 3 тэрбум ам.долларын 1/3-г нь Монголын авилгач улстөрчдөд зарцуулсан гэсэн мэдээлэл Австралийн хэвлэлд гарч байв. Тухайн үеийн АМТХ, Хүний хөгжлийн сангийн тухай хуульд зааснаар стратегийн ордыг зардлын хяналтийг ЗГХЭГ, салбарын сайд, ТУЗ-н гишүүд хийх үүрэгтэй байсан. 
 
Гэтэл хяналтыг хийж чадаагүй, тэр үеийн ТУЗ-ын гишүүдийн нэг Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуай дахиад ТУЗ-ын гишүүнээр томилогдчихсон сууж байна. ТУЗ-д нөгөө талаас Н.Багабандийн охины хуримын зардлыг Бээжингээс авчирч байсан Г.Батсүх гэгч тогтвортой ажилласаар байна.
Зардлыг хатуу хянах учиртай Сү. Батболдын ЗГ үүгээр зогсохгүй стратегийн орд дээр зардлыг хэтрүүлэхийг зөвшөөрсөн журам баталж, Оюутолгойн гэрээнд заасан далд уурхайн хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохдоо “Оюу толгой” ХХК-д биш гаднын огт өөр компанид олгох шийдвэрийг гаргасан байдаг. Яагаад ингэсэн нь тун хачирхалтай.
 
Энэ зардлын хэтэрсэн тайланг Ц.Элбэгдоржийн оролцоотойгоор унагасан Н.Алтанхуягийн ЗГ-ын дараа томилогдсон, МАН-тай хамтарсан Ч.Сайханбилэгийн Засгийн газар, түүний Сангийн сайд Ж. Эрдэнэбат нар хүлээн авч, Дубайд шившигтэйгээр хүлээн зөвшөөрсөн билээ. Ингэснээр Монгол Улсын ЗГ энэ төслөөс ноогдол ашиг авч эхлэх хугацаа даруй 15 жилээр хойшилсныг УИХ-ын чуулган дээр шалсаар байж хэлүүлж авсан шүү дээ! “Дубайн гэрээ” гэгчийг байгуулагдсаны дараа Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаас 400 гаруй сая ам.долларын ажлыг “MCS” компанид өгсөн байж болзошгүй.
 
Сонгуулийн дуулианы үеэр УИХ-ын чуулганыг сарын өмнө завсарлуулаад тэр хооронд ЗГ дур мэдэн шийдэж Эрдэнэтийн 49 хувийн эзэмшигчийг сольсныг УИХ хууль бус гэж үзсэн. Энэ арилжаа явуулах хэлэлцээрийг “Эрдэнэт” ХХК-ийн ТУЗ дэх ОХУ нэг генерал , экс захирал Ч. Ганзориг нар эхлүүлсэн гэж нэг улс төрч зурагтаар ярьсан билээ. 49 хувийн төлбөрт 400-500 сая ам.доллар шилжүүлэхдээ нилээд хэсгийг нь Монгол банкнаас эмисс хийсэн төгрөгөөр хар захаас доллар  худалдаж авч шилжүүлсэн гэж ярьдаг. Үүний улмаас долларын хомсдол үүсч, богинохон хугацаанд 500 төгрөгөөр өссөн байх магадлалтай юм. 
 
“Монроссовцвет” ХХК нь “Эрдэнэт” ХХК-д өртэй байснаас энэ компани байсан тусгай зөвшөөрөл, тухайлбал Асгатын мөнгөний стратегийн ордын 49 хувь давхар ХХБ-ныханд шилжихээр болсон гэдэг мэдээлэл ч байна. Энэ комбинацид Ч. Сайханбилэг, Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч байсан Н.Золжаргал нар болон өөр олон хүн оролцсон юм.
 
Монголд одоо бэлэн байгаа төслүүд дотроос Таван толгой-Ганц модны боомтын төмөр зам хамгийн ашигтай, хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөх боломжтой төсөл. Гэтэл Сү. Батболдын ЗГ “Төмөр замын тээврийн тухай хууль”, “Төмөр замын талаар баримтлах бодлогыг” зөрчиж, төмөр зам барих, эзэмших эрхийг нь “МСS” компанид өгсөн байв. Энэ алдааг Н. Алтанхуягийн Засгийн газар засахыг оролдож, “Чингис бонд”-ын хөрөнгөнөөс тодорхой хэмжээний санхүүжилтийг хийсэн билээ. Гэтэл Ч. Сайханбилэг, Ж. Эрдэнэбатын Засгийн газар энэ төсөл дээр хуруугаа ч хөдөлгөөгүй ба одоо бол энэ чухал замыг барьж эхлүүлсэн ЗГ, ЗГ-ын гишүүд буруутай гэж бичүүлсээр байдаг. Үүнийг өнгөрсөн сонгуулиар ашиглахаар оролдсон авч үр дүнд хүрээгүй юм. 
 
Таван толгой-Ганц модны боомтын автозамыг “МСS” компани барьсан. Барьсан нь сайн хэрэг. Гэвч барьсныхаа дараа энэ замаар нүүрс болон бусад ачаа тээвэрлэх компаниудад тээврийн өндөр үнэ хэлээд суучихдаг байсан тул аргаа барсан ЗГ энэ авто замыг өндөр үнээр худалдаж авсан шүү дээ. Ер нь төмөр замыг тэр замаар ачаа, нүүрс тээвэрлэх компанид эзэмшүүлж болдоггүй гашуун туршлага олон оронд давтагдсаныг Монголд ч бас ингэж давтсан түүхтэй.
 
Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн мэдлийн Сэлэнгэ аймаг дахь Төмөртэйн стратегийн орд  үйлдвэртэйгээ хамт концессоор ХХБ-д очсоныг тэр бүр хүмүүс мэддэггүй. Концессийн гэрээ нь Ч. Сайханбилэгийн ЗГ-н үед байгуулагдсан юм л даа. 
 
Энэ мэтээр хэмжээ хязгааргүй үргэлжлэх төлөвтэй. Би дээр дурдсан, бүрэн түүхийг бүтэн ботид л багтаана гэж... 30 гэр бүлийг зарла гэж яг үнэндээ тэр 30 гэрбүл өөрсдөө шаардаж байгаа билээ...
 
Одоогоос 10 жилийн өмнө 2007 оны УИХ-ын 27-р тогтоолоор стратегийн 15 ордыг баталж, стратегийн ордод хамруулах боломжтой эсэхийг судлах 38 ордыг заан оруулсан байдаг. Эдгээр ордуудын нэгээс бусдад нь (Оюу толгойгоос бусдыг) улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон байдаг. 
 
Стратегийн 15 ордоос “Бороо” (алтны), Оюутолгой, Эрдэнэт, Цагаан суврага (зэс-алт, зэс-молибдены), Дорнодын уран, Тавантолгой, Нарийн сухайт (нүүрсний), Сэлэнгийн Төмөртэйн төмрийн орд, Асгатын мөнгөний орд гэсэн 9 ордын зарим нь хуваагдаж, зарим нь буруу замаар явж, олонхи нь луйврын аргаар хувьд шилжжээ. Эндээс алдарт улстөр-бизнесийн, нам дамжсан, МАНАН-гийн гэх олонтодотголтой 30 гэр бүл төрсөн. Үлдсэн уран, хүрэн нүүрсний ордууд нь хагас дутуу болж үлджээ. 
 
Судлах ёстой Дээрх 38 ордоос Дорнодын нүүрсний “Адуунчулуун", Увсын нүүрсний “Нүүрст хотгор” (Увс аймгийн Бөхмөрөн сум, Хотгор шанага гэх) зэрэг ордууд чимээгүй алга болсон бололтой. Чимээгүй ч гэж, одоо чимээ нь гарч байна...
 
30 гэр бүлийг тодруулах нь 30 жил орооцолдсон аалзны торийг тайлахаас ч төвөгтэй. Басхүү оролцоо ба эрэмбийг тооцохгүй бол бас л өөрчлөгдөж байдаг эд. Нэг гэр бүл гэхээр ердийн өрх айлтай адилтгах аргагүй, өргөн хүрээг хамардаг. Ах дүү хамаатан садан, сүүлийн үед ураг төрлийн холбоогоор дамжсан нийгмийн бүхэл бүтэн шинэ давхарга үүсэж байна. 30 гэр бүлийг зарлаад өг, алаад өг гэхээс илүүтэй түүнд хамрагдагсад өөрсдөө юу хийснээ мэдэж хэр хэмжээгээ мэдэж байвал зүгээр. Гэвч анх хэлсэн ёсоор баялгийн шударга бус хуваарилалт зүй ёсоор ужиг хямрал үүсгэж, засах арга зам улам бүр хомсдож байгааг анхаарч аюутугай! Сайн санасан хүний үг шүү.
Хямрал үргэлжилж байгаа цагт энэ бүхэн ахиад л үргэлжилнэ... 
 
А.Баатархуяг