XX зууны эхэн үеийн Монголын түүхийн хамгийн эгзэгтэй цаг үед ард түмний төрүүлсэн, шалгаран гарч ирсэн удирдагчдын нэг бол яахын аргагүй Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг их жанжин Дамдины Сүхбаатар билээ. Түүнийг 1921 оны Ардын хувьсгалыг зохион байгуулж, ялалтад хүргэсэн Монгол Ардын Нам, эх орончдын нэг гол удирдагч байсныг болж өнгөрсөн түүхэн үйл явдлууд нэн тодорхой гэрчлэн харуулдаг.
Ардын нам, Ардын засгийн нэрт зүтгэлтэн, бүх цэргийн жанжин, тууштай эх оронч Д.Сүхбаатарын эх оронч эр зориг, шулуун шударга, нөхөрсөг зан чанар, төрөлхийн суу билиг, хүнд хүчир амьдралаар олж авсан эрдэм ухаан, зохион байгуулагч авьяас чадварын талаар болон нутаг ус, эцэг эх, гэр бүлийнх нь тухай түүнтэй мөр зэрэгцэн тэмцэж, шадарлаж явсан нөхдийнх нь яриа, бичлэг, дурсамж, захидал, баримт бичгүүд эдүгээ бүрэн хадгалагдан үлджээ. Гэтэл сүүлийн үед Д.Сүхбаатарын нэр төрийг гутаан доромжлох, түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэх, намтар түүхийг мушгин гуйвуулж, улс орны тусгаар тогтнолд санаатай, санамсаргүй байдлаар эргэлзээ төрүүлэх гэсэн гэнэн оролдлого цухалзах болсон нь Монголын ард түмний жигшил зэвүүцлийг төрүүлж байна.
 
Туурга тусгаар улс орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа өргөсөн баатарлаг эх орончдын байгуулсан гавьяа, мөнхөд дурсагдах алдар хүндэд бүдүүлгээр халдах нь чухам хаанаас эхтэй, захиалгатай, санхүүжилттэй байна вэ гэдгийг төрийн нүд, чих болсон байгууллагууд анхааралдаа авч нягтлан шалгах үүрэгтэй. 
 
Монгол Улсын иргэн хэн боловч хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөгөө хэнээр ч цагдуулахгүй эдэлж байгаа хэдий ч улс орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эх орончдын ясыг өндөлзүүлж, үндэсний эв нэгдэл, язгуур эрх ашигт сэв суулгахыг санаархсан аливаа үйлдэлтэй эвлэршгүй тэмцэж ирсэн. Тухайлбал, “Жанжин Д.Сүхбаатарын үнэн намтар” гэсэн гарчигтай өгүүлэл “Зууны мэдээ” сонины 2017 оны 51 дугаарт нийтлэгдсэнийг тухайн үед нь эрдэмтэн судлаачид эрс зэвүүцэн няцааж, их жанжны төрөл садангийнхны зүгээс буруушаасан ярилцлага, сэтгэгдлээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илэрхийлж, өөрсдийнх нь тухай дур зоргоор, сэтгэлийн хөөрлөөр мэдэмхийрч хандахгүй байхыг анхааруулж байжээ.
Уг өгүүллийг Дорнод аймгийн Хэрлэн сумын VII багийн иргэн Д.Мөнхдорж гэгч бичиж, жанжин Д.Сүхбаатар буриад хүн болох тухай өөрийн таамналыг дэвшүүлж, энэ талаар мэдээлэл өгсөн хүмүүсийн хаяг, утасны жагсаалтыг нийтлүүлсэн байдаг. Улаанбаатар хотын болон Дорнод аймгийн харьяат 11 иргэнийг холбогдох утасны хамт эх сурвалж болгосон энэхүү мэдээллийн мөрөөр лавлахад ам дамжсан яриа төдий зүйл байсныг тухайн үед нь дурьдаж байжээ. Түүхэн хүний гарал үүслийг дам яриа, хувь хүний хүсэл зоргоор бичихийг судалгааны эх сурвалж болгож үзэх ямар ч үндэсгүйг дурдах нь зүйтэй.
 
Зохиогч өгүүлэлдээ, “Миний бие нь Д.Сүхбаатарыг мэдэх, түүнийг нотолж чадах төрөл садан болон бусад хүмүүсийн тухай энд өгүүлэх болно.
...Алтанбулагийн чиглэлээр Монголд орж ирж, Ардын журамт цэрэгт элсч, байлдаанд оролцсон буриадууд ч олон бий. Их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн, Элбэгдорж Ренчино, Д.Сүхбаатар, Ц.Бадамцуу, Ц.Бадамжав, Ж.Сандагдорж нарын өндөр боловсролтой буриад сэхээтнүүд Монгол Ардын Намд гишүүнээр элсч, тус намын анхдугаар Их Хуралд оролцжээ.” гэхчлэн МАН-ыг байгуулж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэсэн Д.Сүхбаатарын түүхэн үүргийг илт гуйвуулж, түүнийг ЗСБНХОУ-аас ирж, МАН-д гишүүнээр элсч байсан гэж илт худал бичсэн байх юм.
 
 
Энэ нийтлэл гэгчийн бүтцийг авч үзэхэд Д.Сүхбаатарын үүсэл гарал гэхээсээ илүүтэй цаад утга санаа нь 1921 оны Ардын хувьсгал, бүр тодруулбал, Монголын уруудан доройтсон олон зуун жилийн гашуун түүхийг зогсоож, хөгжил дэвшлийн замд оруулсан аугаа үйл явдал, түүний бэлгэ тэмдэг болсон жанжин Д.Сүхбаатарын түүхэн үүргийг бүдгэрүүлж гуйвуулсныг уншаад өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрснийг нуугаад яахав. Ийм өгүүлэмжээр түүхийг гуйвуулж, баттай баримт, эх сурвалжаар хэдийнэ нотлогдсон үнэнийг “тэр ингэж хэлсэн, энэ тэгж ярьсан” хэмээн оролдох нь түүхийн наад захын мэдлэггүйн дээр уншигчдыг илт басамжилж даажигнасан хэрэг болжээ.
“Цуу үг модон улаатай” гэгчээр Д.Мөнхдоржийн энэ нийтлэлийг зарим сайт, сонин өнөөг хүртэл нийтэлсээр байна. “Жанжин Д.Сүхбаатар буриад гаралтай” Sonin.mn 2017.03.16, “Жанжин Д.Сүхбаатар бол буриад хүн”, 2018.02.01, “Их жанжин Д.Сүхбаатар хамниган хүн” Sonin.mn-д 2019.02.02, “Өдрийн сонин”-ы 2019.02.16-ны дугаарт тус тус гарчгийг нь бага зэрэг өөрчлөн нийтэлжээ. Энэ нь олны анхаарлыг татсан мэдээллээр үзэгч, уншигчдынхаа эгнээг тэлж, мэдээллийн өрсөлдөөнд байр сууриа бэхжүүлэх гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтлэлийн бодлоготой холбоотой болов уу. Гэхдээ Монголчууд бид үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй гээд түүхэн баримтыг мушгин гуйвуулсан аливаа хийрхлийг дэврээж, эх орныхоо төлөө бүхнээ зориулсан эцэг өвгөдийнхөө нэр төр, үнэт зүйлсийг хэн нэгэнд доромжлуулахыг хараад хүлцэн сууж чадна гэж үү.
Хоёр мянган жилийн баялаг уламжлалтай Монгол төрийн түүхэнд гагцхүү манжийн дарангуйллын зурвас үед л эцэг өвгөд, баатарлаг эх орончдынхоо нэр төр, алдар гавьяаг гутаан доромжлуулахын зовлонг амсч, эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээн мандуулах тэмцэлд нэгдэн нягтарч ялж гарсан билээ, бид.
 
Монголын ард түмний шалгарсан гарамгай хүү, цогтой эх оронч Д.Сүхбаатарын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг илт гуйвуулсан энэхүү нийтлэл гэгч ташаа мэдээлэл нь Монголчууд биднийг хооронд нь сөргөлдүүлсэн, улс үндэстний эв нэгдэл, эрх ашигт ан цав суулгахыг санаархсан, эрээ цээргүй, ёс жудаггүй үйлдэл болж буйг эрдэмтэн судлаачид, сэтгүүлч уран бүтээлчдийн төлөөлөл эрс шүүмжлэн буруушааж байна. 
Зуу гаруйхан жилийн тэртээ 1893- 1923 онд болж өрнөсөн үйл явдлыг гуйвуулж, гүтгэх боломжгүй, нэг хоёр алхаад л илчлэгдэн няцаагдах тийм илэрхий зүйл гэдгийг зохиогч ойлгосонгүй юу, эсвэл хүссэнгүй юу, бүү мэд. Ямартай ч түүхэн баялаг уламжлалтай Монгол төрийн хаад, ноёдын угсаа гарал, үгхэл, үйлдэл, дүр төрхийг нь хүртэл гаргачихсан манай түүхийн шинжлэх ухааны өнөөгийн хөгжлийн хүрсэн түвшин, судалгааны арга зүйн ур чадвараас зуу гаруйхан жилийн түүхэн үйл явдал, хувь тохиол хаашаа ч зайлж чадахгүй, түүхэн ул мөр балрах цаг хугацаа яагаа ч үгүй байна.
Жанжин Сүхбаатарыг судлах ажлыг түүнийг нас барсны дараа эхэлж, 1943 онд нэрт түүхч Ш.Нацагдорж жанжин Сүхбаатарын намтар судлалын талаар анхны бүтээлээ хэвлүүлснээс хойш маш олон хүн энэ хүний талаар ярьж, судалсны / “Ардын Хувьсгалын анхны долоо: амьдрал, үйл хэрэг”. Бага хурлын эмхтгэл. УБ.: 2012, Бат-Очир Л.Дашжамц “Д.Дамдины Сүхбаатар. Намтар. (Нэмж засварласан дөрөв дэх хэвлэл). УБ.: Улсын хэвлэлийн газар,1983, Болдбаатар Ч., “XX зууны Монголын улс төрийн зүтгэлтнүүд”. (Хянан тохиолдуулсан Д.Гомбосүрэн, З.Лонжид). УБ. “Адмон”, 2004, Лувсанноров С.,“Монголын цэргийн нэрт жанжин Дамдины Сүхбаатарын ураг төрлийнхөн”. УБ.:“Содпресс” ХХК, онгүй, Рощин С.К., “Монголын үндэсний баатар Д.Сүхбаатар”: “Намтрын хуудсууд”. (Орос хэлнээс орчуулсан Х.Төмөр, орч.ред.Н.Хишигт).УБ. “Сэлэнгэ пресс” компани, 2011, “Д.Сүхбаатар. Түүхэн үйл амьдралын атлас”. (Зохиогч О.Пүрэв, Редактор А.Минис). УБ.: Улсын геодизи, зураг зүйн газар, 1981, Пүрэвсүрэн И., “Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар”. Редактор О.Пүрэв. УБ.: Улсын хэвлэлийн газар, 2001, “Д.Сүхбаатар. Хэлсэн үг, бичсэн баримт бичгййн цоморлог”. (Эмхтгэсэн Л. Бат-Очир). УБ.: Үндэсний архивын газрын хэвлэн олшруулах тасаг, 2003, Хишигт Н., “1921 оны хувьсгал ба Ардын журамт цэрэг”. УБ.: “Соёмбо принтинг”, 2001,/ дотор түүхийн шинжлэх ухааны доктор О.Пүрэв гуайн хийсэн “Сүхбаатар судлалын бүтээлүүд” нэлээд чансаатайд тооцогдоно. Ийнхүү Д.Сүхбаатарын гарал үүслийн талаар түүхэн баримт нотолгоо, эх сурвалж хангалттай бүрдүүлсэн, түүний амьдралын намтар түүх сар, өдрөөр бичигдсэн байдаг тул энэ талаар олон юм нуршилгүй, дор дурдсан тавхан эх сурвалжаас иш татаж, үнэнийг ухаарахад нь уг нийтлэл гэгчийг зохиогчид тусалья.
 
1 .Д.Сүхбаатар жанжны удам угсааг залгамжилж яваа, зээ хүү Ц.Хүрэлсүхтэй сэтгүүлч М.Тунгаагийн хийсэн ярилцлагаас. /Newsmedia.mn сайт, 2018.02.02./
 
-Монголын ард түмнийг төөрөгдүүлж түүхэн үнэнийг гуйвуулж байгаад харамсч байна. Түүхч, судлаачдын үзэж байгаагаар Д.Сүхбаатарын удам угсааны 300 гаруй хүн байна. Тэд бүгд халх хүмүүс. Түүхэнд Халхын Сэцэнхан аймгийн Ест бэйсийн Улс цуцлагч гүнгийн хошуу нутаг Хайсуу овгийн Алтангэрэлийн хүү Бор хэмээх хочтой Төгсийнд Элбэг хэмээх өндөр өвөө нь төрсөн.Түүний хүү Төгөөгийнд жанжны аав Дамдин төрсөн. Төгс, Элбэг, Төгөө, Дамдин гээд жанжны дөрвөн үеийн өвөг эцэг одоогийнхоор бол Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт үе дамжин амьдарч байсан. Харин эх талаас нь яривал Д.Сүхбаатарын ээж Ханд нь Шүхрийн долоон хүүхний хамгийн бага нь юм. Манжийн дарангуйллын үед “Цагаан дээлт” Дамдин Богдын хүрээнд нүүж ирээд Хандтай гэр бүл болсон. Хэний ятгалгаар Сүхбаатарын нэр хүндэд халдаж байгааг мэдэхгүй юм. Дэндүү дэгс юм ярьсан хүмүүсийг сонсоод гайхах юм.” гэж Д.Сүхбаатар жанжнь удмын хүн Ц.Хүрэлсүх өгүүлжээ.
 
2. Д.Сүхбаатар судлаач, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн түүхч доктор О.Пүрэвтэй сэтгүүл Э.Ариунаагийн хийсэн ярилцлагаас /News.mn 2011.03.03/
 
“-Би МАХН-ын дэргэдэх Намын түүхийн институтэд ажиллах үе: Д.Сүхбаатар жанжны намтрыг судпах болсон юм. Д.Сүхбаатар жанжин бол Монголчуудын шүтээн болсон хүн л дээ. Тэрбээр 1893 онд төрж, 1923 онд яг 30 насныхаа ой дээр өөд болсон байдаг. Судалгаагаар Д.Сүхбаатар гэж ямар хүн юм бэ гэдгийг мэдэхийн тулд гарал үүслийг нь судлах ажлаас эхэллээ. Түүний аав цагаан дээлт Дамдин 1890 онд Хүрээнд орж ирсний дараа Д.Сүхбаатар Амгаланбаатарт төрсөн, ард гаралтай ядуу гэр бүлд өссөн хүүхэд. Ядуу ч гэсэн бичиг үсэг, тоо бодлого заалгасан тухайн үедээ л боловсролтой хүн байсан. Архивт байгаа бичиг баримтыг нь үзэхэд их гоё бичигтэй хүн байсан нь харагддаг. Гэтэл сүүлдээ, ардчилал эхэлснээс хойш Сүхбаатарын талаар янз бүрийн гуйвуулга их явдаг боллоо. Түүнийг Оросоос ирсэн хиймэл хүн, Орост сургуульд сурч байсан гэдэг байв. Үнэндээ Орост сургуульд сурч байгаагүй ганц хоёр удаа л Эрхүү, Москва руу очсон байдаг юм. Зарим нь халимаг хүн байсан гэнэ. Миний судалснаар Орос яав ч биш.
Гарал нь Сүхбаатар аймгийн хүн ч гэсэн Амгаланбаатарт төрсөн хүн. Тэгээд удам судрыг нь хөөгөөд үзэхэд Өвөрмонгол гаралтай хүн болоод явчихдаг юм байна.Тэгвэл энэ чинь хятад хүн байх нь уу гэтэл хятад биш, жинхэнэ Өвөрмонгол хүн болж таарлаа. Сүхбаатарын 4-5 үеийг нь бид мэддэг байлаа. Түүний эцэг бол Дамдин, Дамдины эцэг бол Төгөө, Төгөөгийн эцэг Элбэг, Элбэгийн эцэг Төгс гэж хүн байжээ. Сүхбаатараас хойш тэр удамд тийм мундаг хүн ч гарч ирсэнгүй” гэжээ.
-Тэгэхээр Сүхбаатар Өвөрмонгол хүн болж таарах нь ээ?
-Энэ ийм учиртай юм. Манайд Дорнод аймгийн хүн байна гээд нэг өвгөн ирээд өврөөсөө миний сонинд бичсэн өгүүллэгийг гаргаад ирлээ. Тэр cонинд би Сүхбаатарыг Хайсу овгийн хүн гэж бичсэн байсан юм. Тэр өгүүллийн мөрөөр Дорнод аймагт Хайсу биш Хуайса овгийн хүн гээд бөөн маргаан болсон байж. Хуайса гэдэг нь Буриадын эртний овог учраас буриад, хуайса овгийн хүн гэж маргалдахгүй юу. Тэгээд Буриадын сэхээтнүүд Сүхбаатар халх хүн биш, буриад хүн, Оросоос ирсэн гэж маргадаг боллоо. Тэгсэн чинь тэр өвгөн “Би бол Дорнод аймгийн Үзэмчин хошууны Хайсу овгийн хүн. Би Өвөрмонгол гаралтай учраас 1945 онд Монголын харьяат болсон юм” гэж миний Хайсу овгийнх гэдгийг баталж өгсөн юм.Тэгэхээр Сүхбаатар бол өвөрмонгол гаралтай, цэвэр монгол хүн мөн.
-Зарим талаар түүний намтар түүхийг бүдгэрүүлж, дарах асуудал байсан болов уу.Түүний тухай судлахад хэцүү асуудал, аюул заналтай хэр тулгарч байв?
-Аюул занал ч юу байх вэ. Хамгийн гол нь зарим нь оросоос гаралтай буриад, зарим нь халимаг гаралтай гээд маргалдана, хэрэлдэнэ. Гэрийнхээ гадаа салхинд гараад суухаар зарим нэг архичин намайг зодох гэж, бүр алах гэж оролддог байсан.Түүх бол үнэнээрээ л байх ёстой. Үнэнээрээ явбал ялдаг жам бий. Түүх бол үнэний төлөө тэмцсэн шинжлэх ухаан.
 
3.Түүхч, хуульч Ё.Отгонбаяртай хийсэн ярилцлагаас. “Зиндаа” сонин. 2007
 
-Жанжин Д.Сүхбаатар бол ардын засгийг байгуулалцсан, 1921 оны хувьсгалын удирдагчдын нэг. Тэрээр ардын журамт цэргийн жанжны хувьд Монгол орныг гамин, цагааны цэргүүдээс чөлөөлөх тулаануудыг биечлэн удирдсан олон баримт бий. Гэтэл сүүлийн хэдхэн жилд энэ хүний 1921 оны Ардын хувьсгалд гүйцэтгэсэн түүхэн үүрэг, удирдан зохион байгуулсан гавьяаг харлуулах, бүр үгүйсгэх зэрэг бусармаг хандлага хүчтэй илрэх болсон нь түүхийг илтэд мушгин гуйвуулж байгаа хэрэг юм.
-Жанжин Д.Сүхбаатар бол өвөр монгол хүн гэж ярих боллоо.Та түүхч, судлаач хүний хувьд ямар хариулт өгөх вэ?
-Би энэ асуудалд хоёр л тайлбар хийдэг.
Нэгдүгээрт, Өвөрмонгол гэдэг чинь угтаа Монгол хүн шүү дээ.
Хоёрдугаарт, Өвөрмонгол хүн Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө ийм их гавьяа байгуулсан нь үнэн бол харин ч бүр алдаршуулах, магтан дуулахад ямар ч буруу байхгүй гэж боддог. Хамгийн гол нь ингэж ярьж, мушгин гуйвуулж байгаа хүмүүс бол түүхийн наад захын үнэнийг мэддэггүй, уншаагүй, судлаагүй, хүний амаар буудагчид л байдаг гэж би бардам хэлж чадна. Нэгдүгээрт, жанжин Д.Сүхбаатар бол яах аргагүй Нийслэл хүрээнд мэндэлсэн хүн. Харин эцэг “Цагаан дээлт” Дамдин нь Үзэмчин хошууны хүн.Тэр үед Дарьгангын нутаг бол Богд хаант Монгол Улсын нутаг биш, Монгол Улс ар, өвөр гэж салаагүй, бүгд л Манжийн захиргаанд байсан үе шүү дээ. Тийм болохоор их мэдэгч зарим хүмүүс түүхээ сайн уншиж, судалчихаад дараа нь иймэрхүү зүйл ярьж байгаасай гэж бодож явдаг. Энд нэг зүйлийг тэмдэглэж хэлье, Жанжны талбай бол хамгийн анх Д.Сүхбаатар, Д.Бодоо, С.Данзан гурав Ардын засгийн газрыг тунхагласан газар шүү дээ. Тийм ч учраас ‘Жанжин Д.Сүхбаатарын талбай” гэж нэрлэсэн юм. Одоо ч энэ нэр хэвээрээ байгаа. Цаашид түүхийг гуйвуулахаас сэргийлж үүнийг хэлж байна.
 
4. Төрийн соёрхолт нийтлэлч, судлаач Б.Батбаяр /Баабар/.
Сүхбаатар жанжныг улс төрийн маргааны золиос болгож яах нь вэ! Нийтлэл. /baabar.mn 2012.02.02/
 
“...Л.Бат-Очир, О.Пүрэв зэрзг манай нэртэй эрдэмтэн түүхчид насаараа Сүхбаатарыг судалсан, жанжинд үнэн сэтгэлээсээ хайртай, үргэлж өмөөрч явдаг, судлагдахуунаа хамгаалж хүндэлдэг хүмүүс байсан юм. Хэдэн арван жилийн турш Сүхбаатарыг тойрсон гүтгэлэг гүжирдлэг, нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон худал хуурмагийг илчилж түүхийн үнэнийг сэргээсэн гавьяатай эрдэмтэд. Эрдэмтэн хүн үнэнээс айх ёсгүй. Тэр дундаа үнэнийг худалддаггүй. 2011 оны эхээр “Өдрийн сонин”-д хэвлүүлсэн “Түүх бол шинжлэх ухаан мөн” гэсэн өгүүлэлд бичсэнээ энд дахин эшилье. “Сүхбаатар жанжныг муучлах, нэр төрийг нь гутаах, гүтгэх хүсэл үнэндээ хэнд ч байхгүй байх. Монголын ард түмний хувь заяагаар олдсон аугаа эх оронч. Цэргийн гайхамшипг том зүтгэлтэн. Гарцаагүй эх эцгээсээ жинхэнэ Монгол үндэстэн (Барга, үзэмчин, харчин, цахар нар нь яах аргагүй Чингисийн удмын жинхэнэ Монголчууд, үүнтэй маргаад яах юм бэ!). Үүнийг хэн ч үгүйсгэхгүй.” хэмээн тэмдэглэжээ.
 
5. “Монголын үнэн” сонины 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаарт эрдэмтэн, зохиол Ц.Дамдинсүрэнгийн “Бүрэн зохиол”-ын IV бодитод орсон “Жанжин Сүхбаатартай уулзсан хүний яриа”-ны тэмдэглэлийг нийтэлжээ.
 
Энэ бол Ц.Дамдинсүрэн гуай 1974 оны долоодугаар сард Сүхбаатар аймагт хэлбичгийн шинжилгээний ажлаар явах замдаа Сүхбаатар сумын 72 настай ард Аюурын Ванчинтай уулзаж хийсэн тэмдэглэл юм. Энэ нь жанжин Д.Сүхбаатарын намтартай холбогдох чухал мэдээ болох тул А.Ванчин гуайн ярьсан зүйлийг Ц.Дамдинсүрэн хэвээр сийрүүлжээ. Уг тэмдэглэлд “Хошуу ноёны орд одоогийн Сүхбаатар сумын төвөөс баруун тийш 18 орчим километрт Налайх гэдэг газар худгийн зүүн урд дов дээр байсан юм. Манай хошууны ноён Доржжав Д.Сүхбаатарыг жанжин боллоо гэж дуулаад “Өөрийн хошууны хүнийг улсын жанжин болоод байхад очиж баяр хүргэлгүй болохгүй” гэж 1922 оны зун өөрийн хүү Ванчиндоной, Равдан туслах хоёрыг Хүрээнд явуулав. Би тэдний хөтчөөр явлаа. Хүрээнд Ёст бэйс ноёны буудаг өөрийн хашаа байшин байдаг юм. Гэтэл Д.Сүхбаатар нутгийн хүмүүс ирснийг өөрөө олж мэдээд тэдэн дээр ирж уулзан гэртээ урьж цайлаад ”Та нар нутаг буцтал дуртай цагтаа манайхаар ирж байгаарай.” гэж үнэмлэх зар /пропуск/ шийтгэж өгөв.” хэмээн нутгийн өвгөн А.Ванчин өгүүлснийг тэмдэглэж үлдээжээ.
Ийнхүү Д.Сүхбаатарын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг дотоод, гадаадын эрдэмтэд тал бүрээс нь нарийвчлан судалж, судалгаа шинжилгээний нэг сэдэвт, мөн хамтын олон арван бүтээлүүд олноор хэвлэгдэж гарснаас гадна түүний тухай хамаатан садан, анд нөхөд, хамтран зүтгэгчдийнх нь зүгээс дурсч санагалзсан яриа сэтгэгдэл олноор хадгалагдан үлджээ. Тиймээс Д.Сүхбаатарын намтар, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг нэн тодорхой, хэн ч маргашгүй юм. Тодруулж хэлбэл, Монголын ард түмний гарамгай хүү Дамдины Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд тэр үеийн Наймаа (одоогийн Амгаланбаатар) хотноо ард Дамдины гэрт төрсөн. Эцэг нь хүүгээ эрдэм номтой болгохыг хичээж, 1907 онд гүн С.Жамъянд шавь оруулан Монгол бичиг, тоо заалгажээ.
 
Д.Сүхбаатар 19 настайдаа 1912 онд Богд хаант Монгол улсын цэргийн албанд дайчлагдан Хужирбулангийн цэргийн дарга бэлтгэх сургуульд суралцаж, сумангийн жагсаалын дарга болжээ. Энэ үеэс улс орныхоо тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалсан тулалдаанд хэдэнтээ оролцож гарамгай гавьяа байгуулж явжээ. Улмаар Монгол Ардын Нам, ардын засаг төрийг үүсгэн байгуулагчдын нэг, цэргийн жанжнаар тодорсон. Жанжны маань албан ёсны түүх, намтар ийм л тодорхой, илүү дутуу зүйлгүй, даруу төлөв намтар байна.
 
Түүх, намтрыг мушгин гуйвуулах, гүтгэж гүжирдэх зэрэг оролдлого Монголын түүхэнд гарч байсан ч бүгд үнэнд гүйцэгдэж няцаагдаж ирсэн. Д.Сүхбаатар амьдралынхаа богинохон хугацаанд улс, үндэстнийхээ хөгжил дэвшлийн төлөө Ардын хувьсгалыг мандуулж ялалтад хүргэхэд түүхэн үүрэг гүйцэтгэснийг Монголын ард түмэн хэнээр ч заалгалгүй цаг ямагт дурсан хүндэтгэж ирсэн. Түүний эх оронч, баатарлаг үйлс Монголын ард түмэнд үеийн үед мөнхөд дурсагдсаар байх болно. Улс үндэстнээ харийн түрэмгийлэгчдээс өмгөөлөн хамгаалж, хаад ноёд, харц ард, баян ядуу, эрэгтэй эмэгтэй, ар өвөр, яс үндэс гэж үл ялган бүх ард түмнийг улс үндсээ сэргээн мандуулах нэгэн зорилгын дор зангидан зоригжуулж тэмцсэн Монголын ард түмний шалгарсан хүү, гарамгай эх оронч Д.Сүхбаатарын ариун үйлсийг залгамжилж, нэр төрийг хамгаалж явах нь өнөөгийн бидний нандин үүрэг юм.
 
Монголын ард түмний дотроос эв нэгдлийн бэлгэдэл болж тодорсон Д.Сүхбаатарын “Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчнийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэсэн сургаалын ач холбогдол, үнэ цэн олон ургальч үзэл түгэн дэлгэрсэн өнөө цагт улам бүр тодорч, олон зүйлийг ухааруулж байна.
 
Монголын ард түмний дундаас шалгарсан гарамгай хүү, цогтой эх оронч Дамдины Сүхбаатарын нэр төр, алдар гавьяанд сүүлийн жилүүдэд янз бүрээр халдаж, сэвтүүлэх оролдлого хэд хэдэн удаа гарч, олны өмнө өөрийн биеэр үг хэлж, байлдан олсон эрх чөлөө, туурга тусгаар улсынхаа үндэс суурийг журмын нөхдийн хамт тавилцсан их жанжин Сүхбаатарын талбайн нэрийг хүртэл өөрчилж үзлээ. Монгол хүн бүрийн бахархал болсон энэхүү цогтой эх орончийн Монголын нийгэмд гүйцэтгэсэн түүхэн үүрэг, түүний намтрыг улс төржүүлэх шаардлага улс төрийн ямар ч хүчин, хувь хүнд байхгүй. Хүн бүрийн мэдэх ил тод намтар түүхтэй, монголын ард түмний үнэнч хүү Д.Сүхбаатарыг тойрсон гүжир гүтгэлэгт цэг тавих цаг болсон юм биш үү. Бид эх орон, өвөг дээдэс, эх орончдоороо бахархаж, тэднийгээ дээдлэн хүндэтгэх түүхэн уламжлалттай, өндөр дэг соёлтой гайхамшигтай ард түмэн билээ.
 
 
Доктор/Sc.D/, профессор Цэрэнсономын СҮХБААТАР
Сэтгүүлч, доктор /PhD/ Дугарсүрэнгийн БАТМӨНХ