Авьяаслаг сэтгүүлч Лодонгийн Түдэв 1984-1996 онд “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажилласан цаг хугацаа нь Монгол Улс төдийгүй дэлхий ертөнц бүхэлдээ шинэчлэгдэн өөрчлөгдөж байсан нэн сонирхолтой түүхэн үед тохиожээ.Тэрээр билгийн тооллын 1984 оны хулгана жилээс 1996 оны хулгана жил хүртэл бүхэл бүтэн нэгэн мөчлөгийн турш “Үнэн” сонинд ажиллахдаа, шинжлэх ухааны судлагдахууны түвшинд хүрсэн үндэсний сэтгүүл зүйн баялаг өв санг бий болгож, хойч үедээ өвлүүлэн үлдээжээ.Үүнийг бид Түдэвийн школ гэдэг. Сэтгүүл зүйн энэ дэг жаяг нь хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэлийг Монголд үүсгэж хөгжүүлэхэд үнэлж баршгүй, түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Монголын сэтгүүл зүйд сэтгэлгээний шинэ үзэгдэл болж орж ирсэн Л.Түдэв шинэ, хуучин хоёр нийгмийн нэн эгзэгтэй зааг үед ямар ч эрсдэлээс айхгүй, зориглон явуулж байсан нийтлэлийн бодлого, үйл ажиллагаа нь түүнийг Монголын ард түмний ёс зүйтэй, оюун санааны нэгэн шийдэмгий удирдагч байсныг улам тод нотлон харуулна. “Үнэн" сониныг ардчилсан үзэл санааны индэр болгон хувиргаж нийгмийг өөрчлөн байгуулах оюун санааны бэлтгэлийг хангаж өгсөн Түдэвийн школын зарим нэг онцлог шинжийн тухай тус сонины сурвалжлагчаас нийтлэлийн бодлого эрхэлсэн орлогч эрхпэгч хүртэлх албыг арав гаруй жил залгуулж явсан судлаачийн хувьд тэмдэглэснээ сэргээж, уншигч Тантай хуваалцахыг зорив.
 
1.УЛААН, ХАР САМБАР
 
“Энэ хорвоогийн хамгийн эрхэм дээд хууль бол цаг хугацаа юм. Түүнийг эрх дархтан байтугай бурхан ч зөрчиж үл чадна. Харин тэр цаг хугацааг зөрчих ганцхан л арга байна. Тэр нь цаг хугацааг зөв, ариг гамтай зарцуулж, богино хугацаанд их юм хийх чадвар, цуцашгүй зориг эрмэлзэлтэй байх явдал юм” гэж Ерөнхий эрхлэгч маань тэр үед надад сургаж билээ. Энэ л үүднээс сэтгүүлч, сурвалжлагчдыг шахаж шаардаж, бас урам өгч ирсэн. Сонины байранд орж ирсэн хэний ч нүдэнд шууд тусахаар улаан, хар өнгийн хоёр том самбарыг хонгилд өлгөсөн харагдана. Зарим хүнд бол “Хүндэт самбар” шиг юм харагддаг байсан гэсэн. Тэрхүү самбарын улаанд нь тэр өдрийн сонины дугаарт сайн материал бичиж, боловсруулж нийтлүүлсэн сурвалжлагч, хэлтсийн дарга, орлогч эрхлэгч нарыг ялгалгүй нэр заан урамшуулж алдаршуулна. Хариуцлага алдсан, алдаатай материал нийтлүүлсэн, ус ихтэй, үлбэгэр нуршуу, муу нийтлэл бичсэн уран бүтээлчийг хар самбарт цоллож, хатуу сануулах, эсвэл бичлэгийн шагнал, цалингаас нь хасч шийтгэнэ. Өнөөдөр тэнгэрт тултал магтуулж, маргааш нь газар доогуур ортлоо буруушаагдан зэмлүүлэх явдал энүүхэнд, хариуцлага тооцох механизм ил тод явагдана. Үнэндээ улаан, хар самбарын хайчинд орж, шийтгүүлж, магтуулж үзээгүй нэг ч хүн үлдээгүй. Хар самбар дахь цэнэгтэй бөмбөг, хэзээ ч дэлбэрч мэдэх мина дундуур туучиж, улаан самбарын урамтай сайхан үгэнд согтож, онгирч сагсуурч явсан тулдаа бидний үеийн сэтгүүлчид уншигчдад тоогдох хэмжээний хал үзэж, хашир суусан уран бүтээлчид болж торнисон юм.
Ерөнхий эрхлэгч Лодонгийн Түдэв цаг барина гэж яг таг. Сурсан зангаараа өглөөний 08.00 цагт албан өрөөндөө орж тухалснаар “Үнэн” сонины редакцийн ажил үйлс буцалж эхэлнэ. Харин түүнийг оройн 17.00 цагт сонины байрнаас гарахад “Үнэн” сонины маргаашийн дугаарт нийтлэгдэх материалууд бэлэн болж, будаг нь ханхалсан шинэхэн дугаарыг алдаа мадаггүй дэглэж хэвлэх, улмаар ургахын улаан нартай уралдаж уншигчдад шуурхай хүргэх үйл явц үүр цайтал үргэлжилнэ. Сонины хамт олны ажил үйлс хоногийн 24 цагт ийнхүү тасралтгүй эргэлдэж, амьдрал буцална. Тэр үед улс орны эдийн засаг, нийгэмд шийдвэрлэвэл зохих шинэ шинэ асуудлыг сөхөн гаргасан, хаалттай нийгмийн далд бугшсан олон асуудлыг “Үнэн” сонины улаан, хар самбарын шалгуураар хатаагдаж зүгширсэн хүчтэй, зоригтой, хий нь гарсан сэтгүүлчид өдөр, шөнөгүй сууж, уншигч олны өмнө ил гарган тавьж байлаа. Нийгэмд үүссэн хурц асуудлыг сэтгүүлчид соргогоор олж харж, олон түмний анхаарлын төвд аваачиж тавьдаг нь тухайн үедээ нэлээд хүчтэй дэлгэрч, сэтгүүлчдийн ур чадварыг шалгасан, тэдний бичих дуртай төрөл жанар болоод байсан асуудал дэвшүүлсэн өгүүллийн гол онцлог нь байв. Тиймээс тухайн үед сэтгүүл зүйн бичлэгийн энэ төрөл зүйлийг чадмаг ашиглаж, Ц.Балдоржийн “Далай ээж цаазын тавцанд”, “Хүр хорхой үржүүлж, хөвөн тарих хүмүүсээ яах вэ”, Ц.Дашдондовын “Дээд комиссын доод ажил”, Х.Цэвлээгийн “Хариулт хүлээсэн асуудал”, Л.Түдэвийн “Цагаан ямаа” зэрэг олон өгүүлэл нийтлэгдэж, нийгэмд ихээхэн цочрол өгч, шуугиулах болсон юм. Сонины үгэнд итгэдэг, сонины нийтлэлд чухал ач холбогдол өгдөг, нийтлэлийн мөрөөр заавал арга хэмжээ авч ажил өрнүүлдэг цаг үе хараахан улирч одоогүй байсан болохоор “Үнэн”-д гарсан нийтлэлүүд нийгмийг доргиож хөдөлгөөнд оруулж шуугиулахаас илүүтэй тулгамдсан хурц асуудлыг заавал шийдвэрлэж, үр дүнд хүргэдэг байсан нь энэ үеийн нийтлэлийн онцлог байлаа. Өөрөөр хэлбэл, “Үнэн” сонины шинэ дугаар хэвлэгдэж гарах бүртээт улаан, хар самбарын хариуцлага тооцдог механизмыг нийгмийн сэтгэл зүйд аажим боловч мэдрүүлж, ажил хариуцах чадвар, “хариуцлага бас дахин хариуцлага"-ыг нийгэмд хэвшүүлэхийг мөнхийн сэдэв болгож дархалсан юм.
 
2.НҮГЭЛ, БУЯНЫ ЗААГ
 
Би Онол, улс төрийн хэлтсээс Нам, улсын ажлын хэлтэст Г.Дамба даргын мэдэлд шилжиж ирэв. Ажил үүргийнхээ дагуу утга зохиолын ажилтан О.Хахаар, Г.Самбуупунцаг нараас “Ардын хяналт”-ын нүүрийг бэлтгэж гаргах даалгаврыг надад хүлээлгэж өгч хариуцууллаа. Бичлэгийн мэргэжлийн ур чадвар шаардаад байхгүй ч тухайн үеийн Ардын хянан шалгах хорооны шалгалтаар илэрсэн дутагдлыг олон нийтэд жигшүүлж, хариуцлага алдаж, шийтгэл хүлээсэн албан тушаалтны овог нэр, хаяг, гаргасан зөрчил, улсад учруулсан хохирол зэргийг ил тод мэдээлдэг болохоор хүмүүс ихэд сонирхож уншина. Нэр зааж шүүмжлэгдсэн албан тушаалтанд их халгаатай, нийтлэлийн дараа шүүмжлэлд өртсөн хүмүүст хариуцлага тооцсон тухай албан бичиг заавал ирүүлнэ. Хүний амьдрал болсон хойно ямар олиг байхав. Ардын хянан шалгах хороог тухайн үеийн Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Ц.Молом хавсран гүйцэтгэдэг байлаа. Тус хорооны хэвлэлийн төлөөлөгч П.Жанчив, Б.Цэдэн-Иш нар хяналт шалгалтаар илэрсэн дутагдал, зөрчлийг хурц шүүмжилсэн нийтлэлийг сард хоёр удаа бэлтгэж ирүүлснийг хяналтын энэ нүүрт оруулна. Шаардлагатай тохиолдолд шүүмжлэлтэй материал бэлтгэх тусгай сурвалжлагчаар намайг хүртэл томилж ажиллуулна. Нүүр түлсэн халуун юм бишгүй тохиолдоно. Тэгээд аргаа бараад нэг удаа Ерөнхий эрхлэгчид хандаж, “Ардын хяналт” нүүрийн өнгө аясыг арай зөөлрүүлж гаргах боломжийн талаар саналаа хэллээ.
Харин эрхлэгч маань “Түүхийг муулах явдал бусад сонинд гарч байна. Тэгж болохгүй. Болоод өнгөрсөн учраас өөрчлөгддөггүй. Харин одоо үеийг шүүмжилбэл засарна. Гэхдээ, хүний хамгаас нандин зүйл болсон нэр төр, алдар хүндийг хайрлаж, хамгаалж, эрхэмлэж яваа чинь сайн хэрэг. Аливаа юманд жин бан гэж нэг юм бий. Чиний хүслээр нүгэл, буяныг чинь тааруулж өгье. Өнөөдрөөс эхлээд “Хүний сайхан сэтгэл” гэдэг булан нээж, буянаа арвижуулахыг чамд даалгаж байна” гэж хэлсэн нь миний оюун ухаанд тамгалагдан үлджээ. Түүнээс хойш надад хоёр шинэ булан нэмэгдэж, сарын эхний долоо хоногийн лхагва гарагт “Хүний сайхан сэтгэл” булан, хоёр дахь долоо хоногт нь “Монгол улсын төлөө зүтгэе” буландаа сайн сайхан зүйлсийг сурвалжлан нийтлүүлж хэвшсэн юм. Үзэг маань ч хурцлагдаж, цаасан дээр гацахгүй, урамтай сайхан үг, өгүүлбэр хөвөрнө. Наяад оны сүүлээр өнчин, өрөөсөн олон хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн хойд ээж, хариу нэхдэггүй тус, анд найзын нөхөрлөл, нэгнээ орхидоггүй хөдөлмөрийн хамт олон, ахын халамж, дүүгийн түшиг, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө нинжин сайхан сэтгэлийн гэрэл гэгээний тухай “Хүний сайхан сэтгэл" буландаа нийтэлж байлаа.
 
 
 
Харин “Монгол улсын төлөө зүтгэе" буланд малчны хотонд халдсан чонотой улаан нүүрээрээ тулсан зоригт малчин бүсгүй, тал хээрийн түймрээс малчид, мал сүргийг аварсан цэрэг эрсийн баатарлаг үйлсийн тухай сурвалжлан бичиж олны хүртээл болгожээ. Миний хөтөлдөг эдгээр буланд нийтлэгдэх бүтээлд Л.Түдэв эрхлэгчийн санал болгосон эссэ бичлэгийн жанрыг ашиглаж бичих нь илүүтэй таарч, төдөлгүй энэ төрөл хэлбэрээр би мэргэшиж эхэлсэн юм.
 
 
 
Гэхдээ яагаад ч юм мэргэжлээ дагаад эссэний эргэцүүлсэн хэлбэрийг сонгож бичдэг болж билээ. Эссэ гэдэг юмс, үзэгдлийн мөн чанарыг гаргахдаа хэдэн зуун баримт сэлтийг эшлэн авч, өөрийн үзэл бодлоор задлан шинжилж тайлбарлан үзүүлсэн бичлэгийн арга хэлбэрийг хэлнэ. Тиймээс эссэд өгүүлэл, найруулал, нийтлэл, шүүмжийн аль алины шинжийг хослон хэрэглэж болдог байв. Гадаад хэлбэр, бичлэгийн өнгө аяс, зохиомжийн хувьд сэтгүүл зүйн, агуулгын хувьд гүн ухааны, дүрслэлийн арга техникийн хувьд уран зохиолын шинжийг хослуулж бичихэд олонд хүртээмжтэй, арай амар санагдана. Ер нь эссэг хувь сэтгүүлчийн байр суурийг илүү тодотгосон, эргэцүүлэл, бодрол бясалгал, тайлбарын өнгө аясаар бичиж туурвих боломж олгодог талаас нь уран бүтээлчид хүлээж авдаг. Харин наяад оноос ид дэлгэрч эхэлсэн асуудал дэвшүүлсэн өгүүлэл нь нийтлэлийн хамгийн идэвхтэй төрөл бөгөөд тухайн цаг үед онцгой ач холбогдолтой асуудлыг өргөн олонд нээн тавьж, шийдвэрлэх арга замыг санал болгодог бичлэгийн өвөрмөц хэлбэр юм. Ийм жанр улс орны амьдралд эргэлт гарсан үед бүр ч хүчтэй илэрч, тийм нийтлэлийг шаардаж эхэлдэг байна. Тиймээс 1980-аад оны дунд үеэс өөрчлөлт, шинэчлэлийн эхлэл тавигдаж, ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн тэр цаг үед асуудал дэвшүүлсэн өгүүлэл олноор туурвигдаж гарах болсон нь тохиолдлын сонголт биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Үзэл суртлын хүлээс бага боловч суларч, сэтгүүлчид арай чөлөөтэй сэтгэх, ур чадвараа уралдуулах боломж гарч эхэлсэн нь энэ үеийн хамгийн том өөрчлөлт байсан. Түүнээс биш бүхнийг харлуулах, үгүйсгэх, шүүмжлэх гэж зүтгэдэггүй байсан юм. Гагцхүү чөлөөт сэтгэлгээг хөгжүүлж, Монголын сэтгүүл зүйг ёс зүйтэй авч явахыг зорьсон зоригтой алхмуудыг хийж байлаа.
 
ЧӨЛӨӨТ СЭТГЭЛГЭЭНИЙ ТЭСРЭЛТ
 
Л.Түдэв “Үнэн” сониныг 1980-1990 онд удирдаж байх үедээ нийгмийн сэтгэлгээний нэгхэв загвар, царцанги хөшүүн байдлыг эвдэхэд чиглэсэн олон ургальч үзлийг дэлгэрүүлж, сэтгүүлч, уран бүтээлчдийн үзэл бодлоо илэрхийлэх арга барил, бичлэгийн ур чадварыг төдийгүй уншигчдын сэтгэхүйг үндсээр нь өөрчилж чадсан юм. Тэрээр зөвхөн бусдыг шинэчлэн өөрчлөлт, дэвшилт тэргүүний бүхэнд уриалан дуудаад зогссонгүй гал цогтой үг, шинэ соргог санаа бүхий олон нийтлэлээрээ тэднийг оройлон манлайлж байв. “Эвдэрснийг эвлүүлье, эвдлэхийг эцэслэе”, “Таацын цагаан нуурыг аврагтун”, “Цагаан ямаа”, “Цэнгэг ус”, “Монгол далайчин Номхон далайд” зэрэг түүний алдарт нийтлэлүүд энэ үед бичигдсэн юм. Тэрээр ийнхүү шүүмжлэлт болон асуудал дэвшүүлсэн өгүүлэл, аян замын тэмдэглэл, эссэ, фельетон зэрэг бичлэгийн бүх төрлөөр өөрөө үлгэрлэн бичиж, сэтгүүлч, сурвалжлагчдыг тодорхой сэдвээр дагнан мэргэшүүлж, “Үнэн” сонины хүчирхэг багийг бүрдүүлсэн билээ.
Авьяас билэг нь ундарч, онгод хийморь нь сэргэж хөглөгдсөн сэтгүүлч Ц.Балдорж, Г.Жамц, Н.Шарав, Ц.Дашдондов, Л.Нямготов, Х.Ганбат, С.Батмөнх Д.Цэрэнжав нар асуудал дэвшүүлсэн өгүүллийн жанраар мэргэшиж, уншигчдыг байлдан дагуулж эхэлсэн бол Д.Нямсүрэн, Г.Дамба, Д.Дорждулам, Ш.Цэен-Ойдов, Л.Дашням нарын зэрэг хэлтсийн дарга нар, орлогч эрхлэгч Х.Цэвлээ, Д.Цэрэндагва, Д.Мөнхбаатар, Ц.Мишигдорж нар хүртэл хөдөлгөөнд орж, баримтат уран сайхны эргэцүүлсэн нийтлэлийн хэлбэрээр бусдаас ялгарч эхэлсэн юм. Аймаг дахь “Үнэн” сонины сурвалжлагч Л.Батсүх, И.Батсүх, Ц.Ванчиндорж, И.Гүрринчен, БЛамсүрэн, Г.Энхтөр, Т.Баатар, Т.Цоож, Балж.Ганбат, С.Пүрэвсүрэн, П.Төмөрбаатар нар дуу дуугаа авсан юм шиг хурц, дайчин сурвалжилга, нийтлэлүүдээрээ орон нутагт аянга нижигнүүлж, А.Даваасамбуу, Ш.Цэрэнпил, Д.Цэнджав нарын уншигчдын сэтгэлд хүрч хоногшсон хурц, уран нийтлэлүүд чөлөөт сэтгэлгээний тэсрэлтэд давалгаа үүсгэн түрж байлаа. Гар утас, цахим сүлжээний сураг ч гараагүй байсан тэр цаг үед үйл явдлыг газар дээрээс нь гүйх зуураа хуучин монголоор татаж, шуурхай мэдээлдэг улс төр-мэдээллийн хамгийн хурдтай сурвалжлагч Г.Самбуупунцаг, мэдээний шуурхай сурвалжлагч Б.Бямбаа, хажуугаар дайрчих гээд жирэлзээд өнгөрдөг Т.Дамбадаржаа, В.Гончигсүрэн, Р.Энхбат, С.Цацралт нарын гэрэл зурагчид, ямар ч зургийг өө сэвгүй засч “нөхдөг” зураач Л.Өлзийбат, шог зураач С.Цопбаяр нарын уран бүтээлчид, хэвлэх үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд сонины өнгө үзэмжийг сайжруулах гэж зүтгээд реформын шинжтэй өөрчлөлт хийчихэж билээ.
Наяад оны үеийн Монголын сэтгүүл зүйд “Үнэн" сонины бичлэгийн төрөл, сэтгүүлчдийн ур чадвар өөрийн гэсэн стандартыг мөрдүүлж байсан нь эдүгээ үндэсний хэвлэл мэдээллийн салбарын өнгө төрхийг тодорхойлж байна. Хорь, гучаад жилийн тэртээ сэтгүүл зүйд хүч түрэн орж ирсэн наяад Оны залуухан сэтгүүлчид өнөөдөр санчиганд нь сор суусан хал үзэж хашир суусан уран бүтээлч, орчин үеийн хэвлэлийн чадварлаг менежерүүд болон төлөвшиж, Түдэвийн школыг баяжуулжээ. “Үнэн" сонины өөрийнх нь төрүүлсэн “Бодлын солбицол" сонины анхны эрхлэгч, чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Ганболд, хошин шог бичлэгийн шинэ жанраар мэргэшсэн фельетонч Б.Цэнддоо, сонины хариуцлагатай нарийн бичгийн даргын шалмаг шуурхай арга барилыг “бүтээж нэвтрүүлсэн” Г.Бямбажал, Б.Ганбат нар Монголын сэтгүүл зүйд өөр өөрийн өвөрмөц өнгө төрх нэмж хөгжүүлснийг дурдахгүй байхын аргагүй юм. Сайн бичдэг гээд хэн дуртай нь сонины эрхлэгчийг хийдэггүй юм гэдгийг Түдэвийн школыг шинэ нөхцөлд хөгжүүлсэн Ц.Балдорж, Х.Цэвлээ нар амьдрал дээр харуулсан. Ихээхэн мэдрэмжтэй, сэтгүүлчийг ажиллуулж чаддаг, бас тэднийгээ хамгаалаад аваад гарчих зангарагтай уран бүтээлч байж бүтээлч хамт олныг төлөвшүүлж дагуулдаг аж. 1992 онд төрөөс парламент, Засгийн газрын төв хэвлэлүүд болох "Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сониныг үүсгэн байгуулах шийдвэр гарахад “Үнэн” сониноос Ц.Балдорж, Х.Цэвлээ зэрэг шилдэг сэтгүүлчдээ илгээн ажиллуулж байв.
 
 
 
1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гарч, төрийн төв хэвлэлүүд задарч, хувийн хэвшлийн шинэ сонин “Өдрийн сонин”, “Үндэсний шуудан”, “Зууны мэдээ” зэрэг сонин төрж гарахад эдгээр сонины удирдагчид мөн л “Үнэн” сонины угшилтай сэтгүүлчид байв. Тэдгээр сонин хэвлэл нь өөр өөрийн онцлог дүр төрхтэй, бие даасан чөлөөт хэвлэл болж хөгжихөд Л.Түдэвийн буй болгосон сэтгүүл зүйн дэг сургуулийн соёлыг тээгчид чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
 
 
 
Нэрт сэтгүүлч Л.Түдэвийн авьяас билгийг шүтэн бишрэгч, даган дуурайгч сэтгүүлчид өөр хоорондоо өрсөлдөн тэмүүлцгээж чөлөөт сэтгэлгээний тэсрэлтийн шинжтэй үзэгдэл “Үнэн” сонины хуудаснаас аль хэдийнэ хальж гарч байлаа. Тэрхүү уран бүтээлийн өрсөлдөөн нь бие биенээ хурцлан билүүдэж, шинэ бүтээл төрж гарах шимт хөрс суурийг бүрдүүлж өгч байсан юм. Нэрт сэтгүүлч Ж.Лхагвын “Авьяас”, Х.Ганбатын “Захидал”, А.Даваасамбуу, Б.Базаррагчаа нарын “Дэглэгчдэд дэг хэрэгтэй”, Ц.Дашдондовын “Баярын тухай гуниггай бодол”, Г.Жамцын “Ууршуулж шатаасан шингэн алт” зэрэг сонирхолтой нийтлэл гарч, тухайн үеийн нийгмийн согог дутагдлыг дэлгэн тавьж, хурцаар шүүмжилсэн сэтгүүл зүйн арга хэлбэр, төрөл жанрын хувьд өргөжсөөр байлаа. Нийтлэл бичсэн хүн бүр “өөрчлөлт шинэчлэл” гэдэг үгийг айж ширвээтэлгүй хэлж хэрэглэж чаддаг болсон нь яахын аргагүй дэвшил байв. Уншигч, бичигч хэн ч гэсэн үгээ хэлж, санал бодлоо илэрхийлэх хүсэл эрмэлзэл нь оргилж эхэлсэн нь бидний урмыг улам бүр бадраасан юм. “Үнэн" сонины өөрчлөн шинэчлэгч үзэл санаатай нийтлэлүүд тэр цагийн Монголын нийгмийн сэтгэл зүйг үндсээр нь өөрчилж, шинэ цагийн уур амьсгалыг бий болгож бүрдүүлсэн нь түүхэн үнэн. Нийгмийг нойрноос нь сэрээсэн Л.Түдэв болон түүний багийн сэтгүүлч, уран бүтээлчид өөрт ногдсон түүхэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэж бахархаж явдаг юм. Түдэвийн школыгтээж яваа үзэг нэгт Та бүхэндээ болон сониныхоо уншигч түмэнд “Үнэн” сонин уүсч байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн баярыг мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.
 
 
Д.Батмөнх
 
УИХ-ын дэд даргын зөвлөх, доктор /PhD/ профессор