Цагаан хадаг
 
-Өнөө цагийн дэлхийн шилдэг 100 философичийн нэгээр тодорсон Монгол сэтгэгчийн тухай-
 
 
Бидний хэсэг оюутан залуус 1976 оны хаврын эхэн сарын шинийн гуравны өдөр ангийн даргын гэрийг зүглэн сунадаг улаан гэгдэх Хайлаастын чиглэлийн автобусанд зүүгдэж давхисаар 32-ын буудлын харалдаа яалт ч үгүй бууцгаав. Тэрхэн зуур 12 мөнгөний дэвтрийн арын хуудсанд зурж тэмдэглэсэн “газрын зураг”-аар баримжаалан 17-р дунд сургуулиас дээш “Булгийн 16” гудмаар өгсөж алхан,  жалгын наадахь хашаанд орлоо. Таван ханатай том цагаан гэрээс ангийн дарга Г.Лхагвасүрэн инээмсэглэн гарч ирж биднийг угтав. Тэрээр гэрийн хаалгыг дэлгэж, орохыг урилаа. Босго давмагц  буузны халуун уур өмнөөс цан зохиж, хормын дараа хацар уясч, сормуус чийгшин гэрийн доторхи зүйлс тодорч эхэллээ. 
Ёс ёмбогор гэж жигтэйхэн, мэнд усаа мэдэлцэн өргөн дэлгэр золгоцгоож, урьд өмнө огт харж байгаагүй цагаан хадаг гардаж авлаа, би. Хадагтай золгох ёс жаягийн дагуу Лхагваа маань насаар ах ангийн анддаа хадаг барьж номын хүндэтгэл үзүүлжээ. Надад үзүүлсэн ёслол хүндэтгэлийг ухаж үзвэл, “Ариун сайхан сэтгэлийн үүднээс барьж байгаа бэлэг танд өлзий болог” гэсэн утга агуулсан байх аж. Ангийн дарга Лхагвасүрэнгийн аав Гүржав гуайтай золгож, таван жил нэг танхимд хамт суралцах номын сайн дүүгээс цагаан хадаг хүртсэн тэр сайхан ерөөлт учралаас хойш 43 хавар улиран оджээ.  
 
1.Эзэн хичээвэл заяа хичээнэ
 
Манай  Г.Лхагвасүрэн философийн анги дотроо насаар хамгийн бага нь, тэрээр 17-тойдоо оюутан болж ирэхэд нь бид  зөөлөн чихтэй түүнийг гар хурууны үзүүрт зарах гээд ангийн даргаараа сонгочихсон хэрэг л дээ. Гэтэл “даахин дор азарга, дахан дор эр” гэгчээр өдөр ирэх тусам түүний чигч тууштай, уйгагүй хөдөлмөрч зан чанар товойн гарч ирсээр, ангийн даргаа зарах нь битгий хэл, нэг л мэдэхэд  өөрсдөө эрхэм дүүд зарагддаг дуулгавартай ах нар болон хувирсан байлаа.  Манай ангид цэргийн 3 жилийн албаа хаачихсан Ч.Ган-Өлзий, үйлдвэр комбинатын гоцлол гитарчин Д.Энхтайван, санхүүгийн техникум төгсч, олон жил сампин тачигнуулсан Д.Ёндонсамбуу, бас ч гэж хөдөлмөрийн талбарт зам мөрөө гаргачихсан Ц.Нарантуяа, А.Балганжав нарын том ах, эгч тохой залган сууна. Бусад нь 10-р ангиас шууд МУИС-ийн Философийн ангид элсэн орсон үе тэнгийнхэн байх. Г.Лхагвасүрэн маань анги дотроо хамгийн бага нь хэрнээ хамгийн хүндэт хүн  болсон тул түүнтэй золгохоор манай ангийнхан гэрт нь бараалхасан нь тэр юм. 
Цагаан сарын өмнөхөн хагас жилийн шалгалт шүүлэг эхэлж, дээд тоо, ЗХУКН-ын түүхийн хичээл дээр манай ангийнхан бараг ташраараа бүдэрч, бид бүгдийн зүрхэнд шар ус хурсан, түгшүүртэй цаг нөмөрлөө. Ширүүн, сүржин гэж чигтэйхэн, улаан шар царайтай багш Цэрэнгийн сүр сар алхан орж ирэх чимээнээр бүгд нам, бие биеийнхээ араар нугдайн суудалдаа шигдэнэ. Эх зохиол товчлох даалгаврыг хүн бүр дээр яс шалгана. Ганцхан Лхагваа  эх зохиолыг товчилж, бид түүнийг нь  нэг амьсгаагаар дамжуулж хуулна. Нэг удаа андуурч хуулан, сүйд болох шахав. “Марксизм ба эмприокритицизм” гэх В.И.Лениний зохиолыг “Марксизм ба империализм” хэмээн хадуурч хуулаад тэнэг маанагаараа дуудуулан бүгд муу дүн авцгаалаа. Зарим нэг маань няцаж, гэр орондоо буцна гэж шарлахаж айлгана. Эр хүний жаргал эзгүй хээр гэдэгчлэн шавилхан биетэй Басан Алтайн өндөр уулсаа санаж гоморхсон маягтай битүүхэн исгэрнэ.
 
  Бидний сурлагын дэвтэрт “неудов”, “незачтёно” гэсэн багшийн гарын үсэгтэй  тэмдэглэл  дүүрэх шинжтэй болоод ирлээ.  Харин надад цагаан сарын аз тохиож,  цагаан хадаг гардаж авсан болохоор миний сэтгэл сэргэж, нүд баясаад  нэг л өөдрөг, цээж дүүрэн амьсгалж явлаа. Эхний шалгалтаас сургамж авч өдөр  шөнөгүй хичээллэж, семинарын хичээлд бэлтгэл сайтай оролцдог боллоо. Үр дүн ч гарч эхлэв. Өөрийгөө дайчилж  муугаас шууд онцсайн дүнтэй суралцаж, Лхагвааг дагаж урагш давшлаа. Санаа сэтгэл илт сэргэж, “эзэн хичээвэл, заяа хичээнэ” гэдэг зарчим бидний амьдралд энэ мөчөөс биежиж эхэллээ. 
Яагаад ч юм бүү мэд, өнөөдөр хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг даа гэдэг шиг “ Энэ цаг мөчөөс Г.Лхагвасүрэнгийн жишгээр бүх хичээлдээ онцсайн суралцаж сургуулиа төгсөнө. Хэрвээ зөрчвөл,...” гэж  өөртөө хатуу шаардлага тавьсан тангарагийн бичээс  үйлдсэн байх юм. Тэрхүү алгын чинээ цаас надад асар их хүч, тэсвэр тэвчээр өгч, онцчуудын эгнээнд хүргэнэ гэдэгт тухайн үедээ би итгэсэн эсэхийг санахгүй байна.  Ямартай ч, хамгийн гол нь зорьсондоо би хүрч чаджээ.  Яг үнэндээ бүхнийг сөрж, өөнтөглөдөг ангийн анд Ч.Ган-Өлзийгийн хор шар малтсан үг, үйлдэл намайг оюутан ахуй цагт бүр мөсөн өөрчилсөн гэх миний урьдын бодол амьдралын явцад аяндаа замхарч эхлэв. Гэхдээ л 50 хувьтай. Харин бүх зүйлийг ном журмынх нь дагуу чин үнэнчээр шударга хийж заншсан Г.Лхагвасүрэнгийн шинэ мэдлэгийн төлөө өөрийгөө шахсан, юунаас ч үл шантрах уйгагүй хичээл зүтгэл л миний дуудах нэрээс бусдыг орвонгоор нь эргүүлж өөрчлөхөд хүчтэй нөлөөлсөн гэдэгт судлаачийн хувьд би одоо ч эргэлздэггүй. Дүнсэн тамхины цэнхэр утаан дундаас тодрох түүний энгийн хэрнээ оюунлаг, аядуу зөөлөн, гэгээлэг дүр төрх нь “Эзэн хичээвэл, заяа хичээнэ” гэдгийг байнга сануулж, бидний зүрх сэтгэлийг хөглөж хөтөлсөөр байна.
 
Даруу гэхэд  дэндүүдээ, дэндүү гэмээр даруухан  Г.Лхагвасүрэнгийн ямар ч бэрхшээлийг бусдад тохохгүй, чимээгүйхэн үүрээд сөрж гардаг, уйгагүй хөдөлмөрч, тууштай эр зоригийг би одоо ч гүнээ биширч, хүндэтгэж явдаг юм. 
 
2. Дорно, өрнийг учруулах ерөөл
 
Цаг хугацаа жирэлзэн урсаж, сандарч будилсан, гайхаж балмагдсан өчигдрийн сурагчид оюутны амьдралд хэдийнэ дасан зохицож, бүх юм эмх цэгцэндээ оржээ. Орос хэлээр явдаг философийн түүх, ёс зүйн хичээлийн адармаатай сэдвүүдийг бүрэн гүйцэт тэмдэглэх чадвартай оюутан эхэн үедээ тун цөөхөн байлаа.  Харин манай Лхагваа харьцангуй богино хугацаанд унаган орос хэлтэй оюутны түвшинд ярьж, бичиж, сэтгэж сурчээ. Орсоор илтгэл тавих хэмжээнд хүрсэн гэж Патрис Ломумбын их сургуулиас уригдаж ирсэн доктор, профессор М.П.Хван багш илт тоох болов.  Г.Лхагвасүрэнгийн эрдэм номд шамдан суралцах уйгагүй арга барил нь түүнийг ийм хэмжээнд хүргэжээ.
Философийн тэнхмийн эрхлэгч, доктор, профессор С.Норовсамбуу, зөрчлийн онолоор мэргэшсэн багш доктор, профессор Д.Содномгомбо нар танхимд орж ирээд, 
-Хүн төрөлхтөний философи сэтгэлгээний ололт амжилтыг судалж шинжих ажлыг одооноос эрчимжүүлэх шаардлага үүсч байна. Үүнээс манай улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлага ихээхэн хамаарна. Өрнө, дорнын философи сэтгэлгээний хөгжлийн төлөв байдлыг судалж харьцуулах их ажлын гараа танай ангийн хамт олонд ногдож байна. Энэ чиглэлээр та бүхнийг тусгайлан мэргэшүүлж сургахад анхаарч, зарим зохицуулалт хийнэ гэж хэлээд биднийг тойруулан харлаа. 
 
Манай ангийн урьд  эгнээнд суусан С.Дулмаа, Д.Цэрэнчимэд, Б.Одончимэг, С.Оюундэлгэр, Д.Сумьяа, Д.Мөнхжаргал, Т.Эрдэнэ, Д.Эрдэнэчимэг нар учрыг гадарлаж, бие биенийгээ нударч, ангийн дарга руу битүүхэн дохиж, өөр хоорондоо нүд эрмэж  жуумалзана.  С.Норовсамбуу багш нүдний шилээ авч, эрхий хуруугаар нэг эмэрсэнээ, 
-Оюутан Г.Лхагвасүрэнгийн зан чанар, сурлагын амжилтыг судалж үзээд дорнын философи, тэр дотроо буддийн гүн ухаанаар Монголдоо мэргэшүүлэхээр шийдсэн. Харин оюутан Г.Цэрэнг өрнийн философиор мэргэшүүлж,  Зөвлөлт Холбоот Улсын Ростовын их сургуульд сургахаар болсныг та бүхэнд мэдэгдье.  Бусад нь энэ ангидаа түүхэн материализм, социологи, нийгэм судлалын чиглэлээр мэргэшиж төгсөнө. Танай дараагийн анги диалектик материализмаар, түүний дараагийнхан шаардлагатай чиглэлээр явна гэх зэгээр монголын ирээдүйн сэтгэгчдийг бэлтгэж  буй явц байдал, цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй ярьж танилцуулсан нь бидний сонирхолыг гойд их татав. 
Ийнхүү манай философийн тэнхмийн эрдэмтэн багш нарын болон МУИС-ийн Эрдмийн Зөвлөлийн хурлаар хүн төрөлхтний философи сэтгэлгээний өрнө, дорнын хоёр  чиглэлээр тус тусдаа мэргэшиж суралцах хоёр эрхмийг манай ангиас сонгосныг дуулж бөөн баяр болцгоов. Дэлхийн философичдын зүүн, баруун жигүүрийг манай ангийнхан магнайлж, алдар цолоо дуудуулахаар болсныг тэмдэглэж, “Идэр” ресторанд зад авахаар орцгоолоо. Тэнд Сүмбэр уулыг дов, Сүн далайг шалбааг болтол нь шоудчихаад гэр гэртээ харьцгаав. Маргааш өглөө ангидаа гялалзаад иртэл, 
-Та нарыг эртний грекийн сэтгэгчдийн эх зохиолтой танилцаж, ишлэл сонгож аваарай гэсэн болохоос бор дарстай лонхноос “ишлэл” түүгээрэй гэсэн даалгавар өгсөн болж байна уу? гэх Д.Содномгомбо багшийн дуу нэг чангарч, хэсэг намдсанаа дахин хадаж байлаа
Оюутны байранд амьдардаг манай хэд даварч яваад Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэх байранд саатуулагдаж хоног төөрүүлснээс хэрэг манджээ. Тэр үед эрүүлжүүлэхэд саатуулагдсан оюутан сургуулиас хөөгдөж мэдэх хатуу дэг журамтай байсан тул багш маань өөрөө хөөцөлдөж чимээгүйхэн гаргаж авахаар явж билээ. Манай ангийнханыг өндөгөө дарсан шувуу шиг хайрлаж, хамгаалж, бөөцийлж ирсэн нь орчин үеийн монголын философи сэтгэлгээний цоо шинэ үеийг төрүүлж зүгшрүүлэх гэсэн эрдэмтэн багш нарын маань үндэсний бахархал, чин хүсэл тэмүүллээс үүдэлтэйг бид мэдэрч байв. Чухам 1975-1976 оны хичээлийн жилээс монголын философичдыг бэлтгэж төлөвшүүлэх үйлс сургалтын  тасралтгүй үйл явц болж хувирсан юм. Түүнээс өмнө 1965, 1966 онд хоёр удаа философийн ангид элсэлт аваад 10 жил завсарласны эцэст 1975 оноос манай ангийнхан монголын философичдын эгнээг тэлэхээр орж ирсэн нь ирээдүйн  сэтгэгчдийг үндэстний хэмжээнд системтэй бэлтэж эхлэсэн анхны үндэс суурийг бүрдүүлсэн хэрэг байжээ.  
 
Энэ цаг үед манай ангийн 22 оюутнаас гадна бидэнтэй хамт арав гаруй мэргэшсэн философичийг тусгайлан бэлтгэснийг дурдах нь зүйтэй санагдана. Тухайлбал, их дээд сургуулийн математикийн багш С.Төмөр-Очир, Д.Баттөмөр нарыг формаль болон математик логикоор, биологич Т.Дорждагва багшийг байгалийн диалектикаар, орчуулагч Т.Энхтүвшинг гоо зүйгээр давхар мэргэшүүлж бэлтгэсэн нь тус тусын салбарт анхдагч мэргэшсэн философич төдийгүй нэрт эрдэмтэн багш нар болгож төлөвшүүлжээ. Нэг үгээр хэлбэл, манай үеийн тэдгээр том ах нар Г.Лхагвасүрэн даргатай философийн ангийн “дэгдээхэй” нартай тохой залгуулан сууж, зочин профессор Максим Петрович Хван болон эхнэр, нөхөр Измайловчуудын лекцийг бидэнтэй хамт сонсож, монголын философичдын халуун бүлд зориглон  орж ирсэн юм. Биднийг төгсөх жил манай авьяаслаг философич, билэг танхай сэтгэгч Ч.Лодой, Б.Энхмандах, Б.Энхбаатар, Цэнд-Аюуш нарын шинэ залуу багш нар барууны школын түрлэг нэмж эх орондоо ирж таарлаа. Нэг үгээр хэлбэл, энэ түүхэн зурвас үед монголын шинэ үеийн философичдын бүхэл бүтэн нэгэн үе бүрдэж, ХХ зууны философи сэтгэлгээний голлох бүтээлүүд мөн энэ үеэс нэмэгдэж эхэлжээ.
 
МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Философийн тэнхимд өрнө, дорнын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн багш нар хоёр талаас ийнхүү цугларч идэвхжсэн нь зайлшгүй үзэгдэл байлаа.
 
3.Том ах нарыг далласан булган сүүл
 
Оюутны хөгжилтэй жилүүд шувтарч, ажил хөдөлмөрийн гараа эхэллээ. Өчигдөрхөн учираа олохгүй, тус тусдаа шуугиж, анги танхимаа хайж будилсан шинэхэн оюутнууд алга урвуулахын агшинд хэзээний нам, төрийн ажилтан, багш, судлаачаар томилогдож, өөр өөрийн ажил хэрэгт ханцуй шамлан орцгоов. Ангийн дарга Г.Лхагвасүрэн ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдож, харьцангуй богино хугацаанд элдүүр нь ханасан нэрт эрдэмтдийн түвшинд илтгэл тавьж, судалгааны өгүүлэл нийтлүүлж эхэлсэн нь төр, засгийн анхааралд өртсөн юм. Тэгээд ч манай Лхагваа монголын шинэ үеийн сэтгэгчдийн том төв болсон хүрээлэнгийнхээ эрдэмтэн нарийн бичгийн даргаар тодорч, гадаад, дотоодын их дээд сургуульд багшилж, буддын гүн ухаан, дорнын соёлыг түгээн дэлгэрүүлэх үүд хаалгыг гадныханд цэлийтэл нээж өгчээ.   Монголын гүн ухаан, буддын гүн ухааны асуудлаар нэг сэдэвт зохиол, эх бичгийн эмхтгэл 3, хамтын бүтээл 10 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл 60 гаруйг бичиж туурвисан. Ялангуяа “Монголын философийн түүхийн  I- IV  дэвтэр” хамтын бүтээлийг 1997-2001 онд бичиж хэвлүүлсэн нь шинжлэх ухааны сэтгэлгээний эрэлт ихтэй, чансаатай  бүтээл болсныг гадаад,  дотоодын мэргэжлийн судлаачид эдүгээ ихээхэн анхаарч тэмдэглэх болсон. Энэ бүхэн доктор, профессор Г.Лхагвасүрэнгийн сэтгэлгээний цар хүрээ, хувь судлаачийн өндөр ур чадварыг илэрхийлсэн төдий зүйл ч,  монголчуудын философи сэтгэлгээний баялаг “эх сурвалж”-ийг ангилж төрөлжүүлэх, нэгтгэж дүгнэх түүний хүсэл тэмүүллийнх нь нэгээхэн хэсэг байв.
 
 Ангийн дарга Лхагваа маань нөр их хөдөлмөрийнхөө үр дүнд 29-хөн насандаа МУИС-ийн философийн наян оны 22 төгсөгчөөс хамгийн түрүүнд эрдмийн зэрэг хамгаалж, ангийнхаа том ах, эгч нарыг булган сүүлээр даллаж, эрдмийн өндөрлөгт уруу татсан эрдэмтэн юм. Түүний араас Ч.Ган-Өлзий, Г.Бадрах, Г.Чулуунбаатар, Д.Батмөнх, Б.Болд, Т.Амаржаргал, Ш.Ганбат гээд найман аспирант Монгол, ОХУ, ХБНГУ-ын докторантурт суралцаж, ээлж дараалан докторын зэрэг хамгаалж, ангийн даргын булган сүүлний “ид шид”-ийг хүртсэн. 
 
 
Хөлбөмбөгөөр бол манай ангийн тод сэтгэгч Г.Лхагвасүрэн, Г.Бадрах, Г.Чулуунбаатар нарын гурван философич мэдлэг, ур чадвараар бусдаас илт ялгарсан маш хүчтэй довтлогч байсан.
 
Ганц, хоёр оймс илүү элээсний хувьд би гурван довтлогчийг холбож тоглох гэж хичээнэ. Заримдаа буруу ишлэж, өөрийнхөө хаалганд “гоол” хийлгүүлчихнэ. Янз бүрийн юм болно.
Гэхдээ тэр гурав гурвуулаа манай ангийн “номер нэг” байсан. Номер нэг Г.Лхагвасүрэн, Номер нэг Г.Бадрах, Номер нэг Г.Чулуунбаатар хэмээн эрэмбэлэгдэхээс  биш, нэг, хоёр, гурав гэсэн ойлголт ерөөсөө байгаагүй, нэгэн жигд товойн тодорч байлаа. Буддын гүн ухаанч Г.Лхагвасүрэн Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн зохицуулагчаар 1991-1994 онд ажиллаж, “Монголчуудын шашин шүтлэг -Монгол улсын түүх” нэг сэдэв бүтээл туурвиж, “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэнэ” /“Ардын эрх”. 1991.08.28./ гэсэн томьёоллоор судалгааны өгүүлэл бичиж нийтлүүлж байсан нь хожим 1992 оны шинэ Үндсэн хуулийн нэг чухал заалт болж орсон байдаг.  Нүүдлийн болон суурьшмал соёл иргэншлээр мэргэшиж, академич цол хүртсэн Г.Чулуунбаатарын мэдлэг, чадварыг монголын төр ашиглаж, УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр зургаан жилийн турш ажиллуулсан. Харин улс төрийн философид онцгойрч гэгээрсэн  Г.Бадрах маань наяад оны МАХН-ын Улс төрийн Товчооны гишүүн, нарийн бичгийн дарга Ц.Намсрайн шадар туслахаар арван жил ажиллаж, ОХУ-ын Удирдлагын Академийн аспирантурт ерээд оны эхээр  докторын диссертациа бичиж дуусгаад судрын чуулгыг зорьсон.
Орчин үеийн монголын философи сэтгэлгээний он цагийн шалгуурыг даасан бүтээл туурвиж, хамгаас зөөлөн, аядуу ухаалаг, цаглашгүй тэвчээртэй, манай ангийн тулгын гурван чулуу шиг энэ гурван сэтгэгчтэй би “том ах”-ын хувьд дэндүү  дотно нөхөрлөж, дөрөв дэх багана нь болохыг хичээж ирсэн. Тэдний л жишгээр,  гаргасан жимээр нь мацаж, ОХУ-ын аспирантурт 1993 онд эрдмийн зэрэг хамгаалж, эрх зүйн философи, мэдээллийн эрх зүй, нийгмийн сэтгэл зүйгээр мэргэшиж ирснийгээ тэдний  булган сүүлний хишиг гэж боддог юм.  “Эрдэнэт”-ээр овоглосон манай ангийн Ш.Ганбат саяхан 2018 онд докторын зэрэг амжилттай хамгаалснаар  найм дахь  эрдэмтэн мэндэлж,  ангийн дарга Г.Лхагвасүрэнгийн  булган сүүл одоо ч  хишиг буянаа өгсөөр байгааг харууллаа.
 
4.Сэтгэл төдийтнийг гүйцээх билэг оюуны эрэлд
 
Дорнын гүн ухаан, түүний дотор буддын гүн ухаанаар оюутан ахуй цагаасаа мэргэшсэн нэрт сэтгэгч Г.Лхагвасүрэнгийн туурвисан бүтээлүүд нь нүүдэлчин монголчуудын түүхэнд бүдгэрч баларсан  их сэтгэгчдийн зам мөрийг мөшгөж, үзэл сургаалыг нь тайлж тодруулдаг увидастай юм. Тэрээр судалгааны явцад “нээж” илрүүлсэн сэтгэгчдийнхээ нийгэмд  гүйцэтгэсэн байр суурь, үзэл санааны онцлогыг  өгүүлсэн тайлбар, зүүлт, эх сурвалж, хавсралтыг эрэмбэлэн ангилж, хэнд ч ойлгомжтой хэлбэрээр бүтээлийн агуулгыг цэгцлэн томьёолно. Ингэснээр түүний бүтээл оюуны соёлын цэгцтэй хураамж, судалгааны тайлбар толь мэт дурын хүнд ойлгомжтой, философи сонирхогчдод ширээний ном болдог. Чухам энд л Лхагваагийн бүтээлийн увидас оршиж байх шиг санагдана.
Хүн төрөлхтөний философи сэтгэлгээний хөгжилд хувь нэмэр оруулсан монголын сэтгэгчдийг олж илрүүлэх, үнэлэлт дүгнэлт өгнө гэдэг их хүч хөдөлмөр, торгон мэдрэмж,  авьяас билэг шаардсан ажил билээ. Дор хаяж төвд, манж, хятад, орос, англи хэлний зохих мэдлэгтэй байж өрнө, дорнын сэтгэгчдийн учир начирыг олно. Ийм чадвартай, тэгээд бас шантрахыг мэдэхгүй, уйгагүй хөдөлмөрч, зорьсондоо үнэнч, шинжлэх ухаанд  бүхнээ зориулж чадсан манай Лхагваа шиг судлаач Монголд байтугай, хорвоо ертөнцөд хуруу дарам цөөхөн заяасан. Ийм чадварлаг эрдэмтний туурвисан “Ноён хутагт Данзанравжаа” бүтээл болон  Монголын гүн ухааны  асуудлаар бичсэн 4 дэвтэр бүхий хамтын бүтээл нь судалгааны чамбай бөгөөд жишиг эх сурвалж болсон төдийгүй доктор Г.Лхагвасүрэнг өөрийг нь сод сэтгэгчдийн зиндаанд аваачсан туурвил юм.  Түүний бүтээлийн хэл найруулга тод, бичлэгийн ур чадвар өндөр, логик дараалал цэгцтэй,  утга санаа тодорхой тул  доктор Ч.Жүгдэр, Б.Даш-Ёндон нарын бүтээл шиг олон түмэнд яруу, ойлгомжтой хүрдэг аж. Философийн утга зохиол гэхээр л зөвхөн  мэргэжлийнхэнд ойлгогдох хүнд нуршуу, модон хэлээр бичигдэх албагүй гэдгийг тэр харуулж чадсан. Манай дийлэнх философичдийн бүтээл хүнд хүрдэггүй явдал үүнтэй холбоотой. Энэ дутагдлыг манай Лхагваа өөрийн жишиг болсон бүтээлээрээ эвдэж, өөрчилсөн гэхэд хэтрүүлэг болохгүй.   
Данзанравжаагийн гүн ухааны үзэл санаанд насаараа суралцаж, сэтгэлийн чанарыг таньж мэдсэн Г.Лхагвасүрэнд догшин хутагтын ундааг амсуулж сургах гээд бараагүй. Бор дарсыг зохистой хэмжээнд хүртвэл эм, хэтрүүлж хэрэглэвэл сүү ч хор болно. Аливаа зүйлийн зохист харьцааг тааруулах нь угтаа бол төв ёсны үзэл, хоосон чанарын сургаал хэмээн би төсөөлнө. Гэхдээ миний энэ ойлголт нь   аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд байхаас биш өөрийн мөн чанараар буюу бусдад харгалзахгүйгээр бүтсэн зүйл тоосны төдий ч үгүй гэх номлолтой /хоосон чанар гэж бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр/ зөрөөд явчихдаг юм. Яагаад гэдгийг одоохондоо ухахгүй л байна. Мөдхөн учрыг нь олж л таараа.
 
Доктор, профессор Г.Лхагвасүрэнгийн  дуусгаж амжаагүй ч оюун санаандаа онголж орхисон “Сэтгэл төдийдний гүн ухаан” нэг сэдэвт бүтээлийг яг түүн шиг сэтгэж дуусгах учиртай эрхмийг би олон удаа эргэцүүлж бодсон, дотроо хайсан. Орчин үеийн монголын философи сэтгэлгээний  томоохон төлөөлөгч, академич Г.Чулуунбаатар оюутан ахуйн анд найз Г.Лхагвасүрэнгийн дотоод ертөнцийг нарийн сайн мэдэх ч буддын гүн ухаанаас илүүтэй нүүдлийн соёл иргэншилд шүтэн барилдсан тул тухайн сэдвээс хадуурч мэдэх учир шалтгийг “дуусгаж амжаагүй бүтээлийн өмнөх үг”-т дурдсан байна билээ. Харин дуусгаж амжаагүй бүтээлийг гүйцээж бүтээх хоёр сэтгэгч миний сэтгэлд ээлж дараалан орж, гарна.  Нэг нь 43 жилийн тэртээ манай ангийнхнаас өрнийн философиор мэргэших томилолт өвөртлөн Донын  Ростовыг зорьсон доктор  Г.Цэрэн, нөгөө нь буддын гүн ухаантан, түүний шавь, доктор С.Янжинсүрэн нар гэж мэргэ “шоо”-нд буугаад удлаа. Философич Г.Цэрэнгийн хувьд иргэдийн сэтгэлгээний соёлын чиг хандлагаар мэргэшсэн, Фройдизм неофройдизм, боловсролын философи, шашны социологи, чөлөөт сэтгэлгээний сэдвээр хичээл зааж буйг харгалзал, профессор Г.Лхагвасүрэнгийн бүтээлийг дуусгах учиртай судлаачийн нэг мөн гэж бодогдоно. 
  “Сэтгэл төдийтний гүн ухаан” бүтээлийн өмнөх үгэнд Академич Г.Чулуунбаатарын тэмдэглэснээр “Багшийнхаа энэ хүслийг...шавь нар нь гүйцэлдүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.” гэснийг баримталж, шавь нараас нь шүүрдэж тунгаавал, философийн ухааны доктор С.Янжинсүрэн шаргалтаж харагдана. Учир нь түүний эрдмийн зэрэг хамгаалсан “Заваа Дамдин гавжийн зарим шастир дахь гүн ухааны үзэл” сэдэвт ажил нь судлаач С.Янжинсүрэнг сэтгэл төдийтний гүн ухааны их урсгалд хар аяндаа хөтлөн аваачих нь өглөө нар мандахтай адил зайлшгүй үзэгдэл гэдэг нь тодорхой байна.  Өнөө цагийн дэлхийн шилдэг 100 философичийн нэгээр тодорсон доктор, профессор Г.Лхагвасүрэнгийн эхлүүлсэн шинэ бүтээл найз нөхөд, шавь нарынх нь хамтын сэтгэл оюунаар гүйцэлдэж гарах цаг ойртож байна. Би ч эрлээ олох шиг боллоо.  
***
Таван жилийн турш гараа сарвайтал лекц бичиж, нүдээ чилтэл эх зохиол товчилж, хэл амаа цуцтал маргаж, мэтгэлцэж философичийн мэргэжил рүү тэмүүлсэн  анхны  34 оюутнаас замын дунд “хаягдаж гээгдсээр” 22 нь үлдэж сургуулиа төгсч билээ. Хичээлээс өөр зүйлд цаг зав зарцуулахгүй, зөвхөн мэргэжилдээ үнэнч  зүтгэсэн  манай ангийнханы тал нь буюу арав нь хоорондоо гэр бүл болж, философич философичоо л ойлгох хэмжээнд “гэгээрсэн” ийм нэг өвөрмэц ангийн хамт олныг  манай Г.Лхагвасүрэн  ахалж нөгөө эрэг дээр гарсан  юм. Манай ангийнхан  Г.Лхагвасүрэнг ангийн даргаараа сонгосон даруйдаа л түүний оюун ухаанд  үүрээ засчихсан ангаахай шиг шаагиж, эрхэм дүүд итгэж, бас бүхнээ даатгаж сургуулиа төгссөн гэхэд хэтрүүлэг болохгүй дээ.  Ямар ч хүнд сэдвийг  сугаллаа  гэхэд  ангийн даргын бэлэн жорыг хөгжөөгөөд шалгалт шүүлэг дээр жиргэчихнэ. Тариа, ногоо хураах намрын их ажлын үеэр түүний бригадад багтаж, зүүгдэхийг хичээнэ. Ургацийн далайд ч, эрдэм номын өргөөнд ч, эрдэм судлалын ажилд ч тэрээр биднийг хурцалж, чөмгөө таштал бидний төлөө зүтгэснийг бид сайн мэднэ. Зун, намрын тариа, ногооны их ажлын үеэр сонинд ороосон галзуу улаан дүнсийг долоовор хуруу, үүдэн шүд хоёроо шарлатал сорж, хамар дээрх бурзайсан хөлсийг шудрангаа нүдний шилээ засаад  нүүр дүүрэн инээмсэглэх дүр зураг бидэнтэй хамт ор мөргүй замхарна. Нэрт философич, орчин үеийн монголын философи сэтгэлгээнийн сод сэтгэгч, доктор, профессор  Г.Лхагвасүрэнгийн амьдрал, туурвилыг багтаасан энэ номын суварга, миний цагаан хадаг хоёр л үеийн үед  өвлөгдөж үлдэнэ. Бидний хоосон чанар ийм ажгуу.
 
Доктор, профессор Д.БАТМӨНХ