Миний бие сүүлийн арав гаран жил бид яагаад өрөнд орж өөдлөхгүй улам доройтоод байгаа шалтгааныг судлан өөрийн гэсэн онош тавин та бүхэндээ тайлбарлан сурталчилж, ухуулан түгээж байгаа билээ. Онош нь ч маш энгийн. Бид төр засаг олигархгүй бүгд долларын эздээс зээл авч хөгжих ёстой, харин төлөх гэхээр бидний орлого ашиг болох төгрөгийн ханш долларын зээл авч байсан үеийн доллартай харьцаж байсан ханшнаасаа унаж үнэгүйдсэн байдагт.
 
Жишээ нь : Чингис нэртэй өрийн бичгээр баталгаажуулж засгийн газар 1.5 тэрбум долларын зээл авах үед 1долларын=1200₮ байсан бол 2016 ба 2017 онд төлөх (зээлээ сунгах үед. сунгах төлөх хоёр уг нь яг адилхан үр дүнтэй) үед 1 долларын=2560₮ болсон байв. 500 сая америк долларын зээл төлсөн буюу сунгасан гэхэд ханшийн зөрүүний алдагдал нь 2560~1200=1360₮. буюу 1360*500сая$=680.000.000 ₮ (зургаан зуун наяан тэрбум төгрөг) байх. Энд жишээ учраас тоймлон тооцсон болохыг анхаарцгаана уу. Гэх мэтээр зөвхөн засгийн газрын зээл төдийгүй олигархууд банкууд ч тодорхой хэмжээнд бүгд л төгрөгөөр балансаа гаргадаг орлогоо бүртгэдэг тул бүгд өртөж хувь хувьсгалгүй бүгд өрөнд орж байгаа. Цаашид бид долларын эздийн бидэнд зальдан тулган монголд бий болгосон мөнгө-санхүү-татварын колончлол мөлжлөгийн энэ дэглэмээс салаагүй цагт хэзээ ч өрнөөс мултрахгүй бүх нутгаа алдаж. хэдэн үеэрээ төлж чадахгүй өрөнд нийтээрээ барьцаалагдан улсынхаа хувьд бүрэн сүйрэх болно. Яагаад ийм байдалд бид оров? Хэн буруутай юм бэ? Та бүхэн минь сайн бодоцгоо доо. Маш сайн эргэцүүлэн бодох аваас маш энгийн дүгнэлтэнд хүрнэ. Бид итгэх ёсгүй харь бурхдад болон тэднийг сурталчлагч оюун санааны дотоодын алуурчдад итгэж! бид найдах ёсгүй харь номлолд болон уг номлолыг гардан хэрэгжүүлэгч дотоодын эдийн засгийн алуурчдад найдаж! бид горьдох ёсгүй харийн мөнгө хүүлэгчид болон тэдний угаадас шавхруугаар амьдрагч дотоодын бирдүүдээс арай үгүй байлгүй дээ хэмээн горьдож! Бүх зүйлийн шалтгаан бидний өөрсдийн тархи толгойд байх ажээ.
 
Бид сүүлийн 300-аад жил манжизм,түвдизм, коммунист зөвлөлтизм-ийн дарлалаас хашраамж сургамж авч 1990-д онд монголд долларын эздийн оруулж ирсэн ардчилсан либерал шашныг таньж чадаагүй ажээ.
 
Түүнийхээ төлөөсийг л өнөөдөр бид төлөн шившигтэй гуйранч амьдралаар амь зууцгааж байна. Хүн төрөлхтөн анх үүсэх үедээ аватар шиг бодол энергээрээ холбогдож ойлголцохоос эхлээд авиа-үг-хэл -үсэг-бичиг үүсэн хөгжиж өнөөгийн шатандаа ирсэн байдаг. Харин хэзээ хэл үсэг бичиг үүссэн цагаас эхлээд тухай тухайн газарзүйн байрлалдаа байсан байгалийн хуулиа дагасан шүтлэг бишрэлийн төрлүүд шашин болон хувирч бусад газарзүйн байрлалуудад түгэн дэлгэрч эхэлсэн байх ба ноёлогч ангитай хамтран эрх барих, эсвэл ноёлогч ангийн үүргийг гүйцэтгэх болжээ. Анхны олон бурхант шашны хэлбэрүүд нэг бурхант шашин, дуалист шашин гэх мэтээр янз бүрээр нэрлэгдэн дэлхий даяар тархан ирсний сүүлийн хүчирхэг дэлхийг захирч буй төрөл нь өнөөдрийн ардчилсан либерал шашин юм.
 
Хэдийгээр сүүлийн гурван зуунд шашин төрийг салгах үзэл улам бүр дэлгэрч, шашнууд улам бүр ач холбогдлоо алдсан он жилүүд байсан мэтээр дүрсэлдэгч христ итгэлийн библи суурьтай капитализм, коммунизм, нацим, либерализм зэрэг шашнуудын төр засаг барьсан, яг үнэндээ асар шашны хэнээтэй, урьд өмнө байгаагүйгээр шашнаа сурталчилсан, хүн төрөлхтний түүхэнд байгаагүй шашны цуст дайн хийсэн он жилүүд байсан төдийгүй одоо ч үргэлсээр байгааг та бүхэн сайтар ажиглан анхаарваас зөвшөөрөх болно. Эдгээр номлолууд өөрсдийгөө шашин гэж тооцуулах дургүй, харин үзэл суртал хэмээн нэрлэцгээнэ. Гэвч энэ нь ердөө л нэр томьёоны асуудал төдий билээ. Шашин гэдэг нь хүнээс ангид, хорвоо ертөнцийн тогтолцооны тухай үзэл бодол дээр суурилсан хэм хэмжээ, үнэт зүйлс юм гэж үзэх аваас зөвлөлтийн коммунизм библи судартай христийн шашнаас ямар ч өөрцгүй нэг төрлийн шашин билээ. Буддистүүд байгалийн хуулийг Сиддхарта гаутама нээсэн гэж үздэг бол коммунистууд байгалийн хуулийг Карл Маркс, Фридрих Энгельс, Владимир Ленин нээсэн гэнэ. Бусад шашнуудын адилаар коммунизмд ч бас ариун судар, зөнчдийн бичсэн зохиол бүтээл байх. Тэр нь Марксын "Капитал" зохиол бөгөөд уг зохиолд дэлхийн түүх пролетарийн гарцаагүй ялалтаар төгсөнө хэмээн зөгнөсөн байх. Чинхүү коммунист хүн христийн шашинтан юм уу буддист байж болохгүй, гагцхүү Маркс, Лениний номлолыг амиа золиослоод ч хамаагүй бусдад түгээх үүрэгтэй байлаа. Хэрэв эднийг шашин биш үзэл суртал гэх аваас буддист,даоист,стойкист шашнуудын зарим урсгалуудыг шашин гэхээс илүү үзэл суртал хэмээн ангилах хэрэгтэй болно. Орчин үеийн янз бүрийн үзэл суртлуудад бурханд итгэх тухай итгэл үнэмшил ч амь бөхтэй оршсоор байгаа төдийгүй ялангуяа либерализм-ыг бурхнаас салгаж үзэх боломжгүй байдаг.
 
Их эзэн Чингис хаан маань ямар нэг харь шашинд мунхарч байсангүй. Харин хаашаа аль үндэстэн улсыг дайлан дагуулах хэрэгтэй болно тэдний гарвал угсаа шашин шүтлэгийг сайтар судлан шашин төрийнх нь гажуудлыг засан ард түмний нь мухар сүсэг, мунхралаас салгаж заяагдмал шүтлэг итгэл бишрэлийг нь зөвөөр засан сэргэж өгсөн байдаг....
 
Бид Монгол хүн-Монгол үндэстэн- Монгол улс гэсэн ухагдхуунуудаа зөв ухаарч хоорондоо ойлголцоогүй цагт сүүлийн гурван зуугаад жил манжизм-түвдизм- зөвлөлтизм- америкмзм- дад хорлогдон самуурсан оюуны,тархины ядуурлаасаа хэзээ ч гарахгүй бөгөөд нэгэнт оюун ухаан маань самуурсан байхад биет,бодит ахуй амьдрал сайжирч дээшлэхгүй улам л өрөнд орж харийнхний боол болсон гунигт,зүдэгт ,эмгэнэлт байдал үргэлжлэх болно. Хүн болгон үнэнийг хайдаг. Өөрийгөө хаанаас ирсэн хэн болохоо мэдэх гэдэг. Хэн гэдгээ мэдсэн цагаас үнэнтэй учирч итгэлтэй хүчирхэг болдог нь үнэмлэхүй үнэн. Бидний дээд өвөг аугаа их эзэн Чингис хаан маань харь шашинд мунхарч явсангүй. Харин ч бүх шашнуудыг гарал үүсэлтэй мэддэг аугаа тэнгэрийн хүү учраас дайлаар мордсон бүх улсдаа төр шашны гажуудлыг нь засаж ард түмэнд нь,хүн төрөлхтөнд Монголын их амар амгаланг (pax mongolica) өгсөн байдаг. Хойчис үрс бид нар нь их эзэн хааныхаа их цааз- их засаг- их ёсыг гурамсан ухаан эрдмээр гурвалсан холбоонд нь тайлж ухаарч чадаагүй байхад Монголд элэгтэй сэтгэлтэй Америкийн судлаач түүхч антропологч Жак Уэтерфорд Чингис хаан "Эрхэм дээд үнэний эрэлд" хэмээх бүтээл туурвин дэлхийн шинжлэх ухааны эргэлтэнд бидний өмнөөс оруулсан байх. Мэдээж язгуур Монгол хүн биш учраас учир дутагдал байгаа. Гэтэл бид харь номлолуудад тархиа угаалган мунхарсан, эх нутгаа харийн мөнгө хүүлэгчдэд дээрэмдүүлсэн, өөрсдөө өрөндөө баригдан арчаагүй амьдарсаар. Ингээд та нартаа Жак-н номноос үргэлжлүүлэн толилуулая. Сайтар анхааран бодож тунгааж уншицгаана уу гэж хүсэе. Бид бүх зүйлд өөрсдөө л буруутай. Бид л өөрсдөө алдаагаа засна. Хэн ч биднийг сайхан амьдруулах гэж зүтгэхгүй. Үүний тулд бүгдээрээ боддог болох хэрэгтэй. Бүр хэзээ хэзээнээс илүү бодох,хоорондоо ярилцаж зөвлөлдөх хэрэгтэй....
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү
 
 
 
 
ЧИНГИС ХААН , ТОМАС ЖЕФФЕРСОН ба шашин шүтэх эрх чөлөө
 
1787 оны зуны эхэн сарын шөнө. Юлий Цезарын алагдсан Загалмайтны тооллын өмнөх 44 оны гурван сарын 15- наас 9- р Константин хаан Туркуудад ялагдан унасан 1453 оны таван сарын 29 хүртэлх 1500 гаруй жилийн хугацаанд Европ,Африк,Азийн 25 улс орон, 170 эзэн хаадыг багтаасан Ромын эзэнт гүрний арвин их үйл явдлыг өгүүлэх зургаан боть аварга бүтээлийнхээ сүүлийн хэсгийг бичихээр Луйзианна дахь цэцэрлэгийн асарт өргөөндөө Английн түүхч Эдвард Гиббон сууна. Арван таван жилээ зориулсан энэ нөр ажлынхаа төгсгөлд түүний сонирхол Атлантын далайг эрхшээсэн Газар дундын тэнгисийн эзэнт гүрнүүдээс Ромын өв залгамжлагч болохоор шинээр өндийж буй Америк үндэстэн рүү эргэж, өнгөрсөн түүхээс дутуугүй ирээдүйг нь ч ихээр сонирхохо болжээ. Эрх мэдэл хийгээд шашны хооронд үргэлжид давтагдсаар ирсэн утга учиргүй балмад харилцаанд гайхширсан Гиббон тухайн үед Америкд болж байсан нийгэм, олон нийтийн амьдрал болон улс төрд шашны эзлэх байр суурийг хэлэлцсэн хурц мэтгэлцээнүүдийг чих тавин анхааран сонсоно. Америкийн шинэчлэгч тэрс үзэлтнүүдийн суралцаж байсан Оксфордыг ч тэр бас төгссөн юм. Гиббон тэдний санаа ямар шинэлэг, гэвч хэрэгжихэд хэчнээн хэцүүг харж байлаа. Гүн ухаантнууд шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай үе үе мөрөөддөг байсан ч түүнийг бодит үйл хэрэг болгосон нийгмийг бүтээх, шашны харилцан хүлцлийг тусгасан хуулийг хэрхэн яаж баталгаажуулахыг хэн ч мэдэхгүй байв. Томас Жефферсоноор удирдуулсан америкчууд иргэдэд шашны бүрэн эрх чөлөөг олгож, сүмийг төрөөс нэг мөсөн салгахыг зорьж байжээ. Гиббон Европ тивд эзэмшсэн боловсрол, мөн парламентын гишүүн байсан туршлагаараа эрх мэдэл, шашин хоёрын эгзэгтэй харилцааг сайтар мэддэг байв. Амьдралынхаа янз бүрийн үед католик, протестант, ба диест (ертөнцийг бүтээгч ямар нэгэн дээд хүчинд итгэх итгэл бишрэл) байж үзсэн тэрбээр дэлхийн шашнуудыг оюунлаг болон далд чанарынх нь үүднээс авч үзэж байв. Ромын эзэнт гүрэн ба Европын суурь үндсийн тухай өгүүлсэн сүр жавхлант аварга түүхэн бичлэгтээ шашны урсгалууд, хавчлага мөшгилт, уналт бүрийг маш чамбай хэсэгчлэн үзсэн ч тэр бүхнээс бахдан бишрэх зүйл өчүүхэн төдийг л олжээ.
 
Насан туршийн судалгааныхаа эцэст Гиббон ердөө ганц л удирдагч шашин ба төр улсын харилцааг зохицуулахдаа бүгдээс илүү амжилтад хүрснийг олж харав. Тэр удирдагч бол Чингис хаан байлаа.
 
Гиббон анхандаа хүннү, турк болон монголчуудын талаар ихээхэн таагүй үзэл хандлагатай байсан ба номынхоо эхний ботиудад ч энэ хандлагаа тодорхой илэрхийлжээ. Тэрбээр нүүдэлчдийн бүдүүлэг авирыг жигшиж, хүннүгийн атилла, "Zingis khan" гэж дууддаг Чингис хаан гэх мэт удирдагчдад дургүйгээ нуудааггүй байв. Гэвч нас ахиж, судлаачийн туршлага нэмэгдэх хэрээр тэдгээр "зэрлэгүүд" нь Европын соёл иргэншилт удирдагчдаас хавьгүй илүү болохыг олж харсан байна. " Үнэт зүйлгүй дур хүсэл" ээр цадсан Ромын эзэн хаадын дунд улс төрийн болон оюун санааны жинхэнэ удирдагчид байгаагүй гэж Гиббон үзэв. Анх загалмайтнуудыг үзэн яддаг байгаад, өөрсдөө Загалмайтан болсныхоо дараа бусад бүх шашныг хүлцэж тэвчихээ байсан Ромчуудын догшин харгис зан түүнд улам тодорхой болов. Өрнөдийн түүхийг нарийвчлан шинжилсэн судалгааныхаа эцэст Гиббон Европ дахиныг шашны эрх чөлөөний бүтцийн олигтой хэв загвар болж чадахгүй гэдэгт итгэх болжээ. "Эцсийн эцэст бидний гайхшрал сайшаалыг хамгийн их хүртсэн нь Чингис хааны шашны талаарх үзэл санаа юм байна" хэмээн тэр Ромчуудын тухай цувралынхаа сүүлчийн ботидоо мэдэгдсэн байна. Гиббон Монголчуудын нөлөөллийн бүс нутагт өөр өөр шашнууд нэгэн дор " эрх чөлөөтэй, эв найрамдалтай" зэрэгцэн оршдог байсны учрыг тайлбарлажээ. Тэд их засаг (great law) хуулийг л зөрчихгүй аж төрж байх аваас Чингис хаан хамгийн явцуу харгис шашны урсгалын лам, номлогчдын эрхийг ч хүндэлдэг байна. Харин Европын түүхэнд бол байдал өөр байв. Гүн ухааны сургаалуудыг гүнзгий мэдэрч, дээд тэн гэрийг шүтэж, төгс хүлцлийг эрхэмлэдэг "зэрлэгүүдээс" таг эсрэг ойлголттой "утга учиргүй харгислалаар шашнаа хамгаалдаг" шашны улайрсан хэнээтнүүдийн үйлдлээр Европын түүх ихэнхдээ тодорхойлогдож байв. Европын ихэнх хэсэгт түгээхийг хориглосон учир Гиббоны бүх судалгааны ажлыг цөөхөн хэсэг судлаачид л үнэлж дүгнэх боломжтой байсан юм. Католик сүм хийдийн зүгээс Гиббоны нэрийг болон бүтээл туурвилуудыг Ватиканы хориотой номуудын жагсаалтад ( index Librium prohibitorum) оруулаад, хэвлэх, уншихыг нүгэлд тооцож, олон орнуудад бүр "гэмт хэрэг" хэмээн зарласан ажээ. Түүний үзэл санаанууд хэтэрхий шинэлэг байсан ба бүр 1966 онд л нэг юм Сүм хийдээс хуучны шийдвэрээ цуцлах хүртэл бүтээл туурвилууд нь хориотой номын жагсаалтад байсаар байжээ.
 
Чингис хааны тухай бичсэн хэсэгтээ Гиббон жижэгхэн боловч ихээхэн сонирхол татсан зүүлт тайлбар оруулсан нь Европын хүлээн зөвшөөрөх, хүлцэх гүн ухаанаас гайхал тайгаар шинээр урган бий болсон Америкийн Нэгдсэн улсын шашныт эрх чөлөөний  үзэл санаа ба Чингис хаан хоёрыг холбож үзсэн явдал байлаа.  
 
"Чингис хаан ба ноён Локкийн шашны зарчмуудын хооронд нэг ч болов таарах зүйл олдож юм" хэмээгээд 1669 онд өөрийнх нь ивээн тэтгэгч ноён Антони Ашли Күүпер хойд Америкийн Виржиниагийн колониос өмнөдөд байх шинээр эзлэгдсэн газар нутгийг захирахад нь Локкийн бичсэн, Каролинагийн Үндсэн хуулинд туссан үл гүйцэлдэх "утоп" төсөөллийг иш татсан байна...Америкийн үндсэн хуулинд туссан өрнө дахины хуулийн үнэт зүйл болох шашны эрх чөлөө нь анх Азид үүссэн гэж үү? Энэ нь зөвхөн гэгээрсэн гүн ухаантнуудынх биш, харин дундад зууны аугаа байлдан дагуулагчийн "Өв" байв уу? ....Европ дахины сэтгэлгээ ба нийгэмд шашны эрх чөлөөний хүсэл тэмүүлэл хүчтэй, бүр суурь хандлагатай ч гүн ухаантнууд нь, идеалистууд, шашны бурангуй үзэлтнүүд болон улс төрчид нь түүнийг хэрхэн хууль болгон хэрэгжүүлэх вэ гэдэгт ямагт санал зөрөлдөж, учрыг нь олж чаддаггүй байв. Хүмүүс энэ эрх чөлөөг хүртэхийн төлөө бурханд итгэдэг байх ёстой юу? Төрийн хяналттай үндэсний шашин байх хэрэгтэй юу? Шашны эрх чөлөө гэдэг нь хувь хүний онцгой тусгай эрх үү? Эсвэл зөвхөн сүм хийдүүдэд л хамаатай эрх үү? Хувь хүн ямар нэгэн шашинд хамаардаггүй бол түүнийг иргэн гэх үү? ...