"Монгол ухан есөн эрдэм" номноос (93-р хуудас) үргэлжлэл:
 
Мөнх гал бэлгэдэл утгаас Монгол гэдэг нэр үүссэн байж болох???
Манайд ястан бий бөгөөд тэнгэр язгуурт алтан ургийнхан цагаан ястан. Энэ удмынхан ба төр улсын бишрэл нь мөнх тэнгэр юм. Язгуур угсаагүй нь хар ястан буюу харц( харцас) авай. Хар гэдэг нь хүчтэн гэсэн шиг утга бөгөөд хар тэнгэр, хар туг, хар хайрцаг, хар хүн, хархүү... гэмээр санаа салбар авай. Харин улс, аймаг, овог, айл бүрийн голомтны шүтээн нь мөнх гал, хувь хүн бүхний амин шүтээн нь мөнх насны бэлгэ ерөөл болно. "Мөнх тэнгэр-Мөнх гал-Мөнх амь" ерөөл бэлгэ дундаас тэнгэр нь ертөнцийн, гал нь овог үндэстний, амь нь байгалын утгатай ажээ. Мөнх гал бэлгэдэл утгаас монгол гэдэг нэр үүссэн байж болно. Хаа нэг газар буй Мон-уулын нэрээр Онон, Хэрлэн, Туул орчмын аймгууд нэгдсэн... гэх мэт таамгууд нь билэг төгс өвгөдийн бэлгэ ёс гурвал сэтгэлгээнээс дэндүү хол гэнэхэн муйхарлал юм. Мөнх гал гэх сүрд үгийн хавсрал нь нэг эгшгийн бус, бас дан эр эсхүл эм үгийн нийлэмж бус нь илт байна. Иймд эм үг "Мөнх"-ийн "Ө", эр үг "Гал"-ын "А" эгшгүүд "О" байдлаар авиа ондоошин "Мөнх гал-Монгол" гэж хэлэх аясаар дуудагдах нь мэдээж байна. Эл хоёр үг адилхан "НГ" энхлэгтэй байх бөгөөд " Мөнх"-ийн " Х" гийгүүлэгч нь "Гал" гэдэг үгийн "Г" гийгүүлэгчтэй давхацсанаас уг " Х" баларч гээгдсэн гэж үзэх үндэс ч харагдана. В.Рубрук " Моал" гэж бичсэн нь монгол гэх нэг эгшигтэй үгийн хувилбар яавч биш ганц “о” эгшигтэй хоёр үеийн дундах “НГ” энхлэг болон “Г” гийгүүлэгч нэн тод содон сонсдох ёстой. Тэгвэл “Мөнх гал”-ын “нх+г” гурван гийгүүлэгч нэгдэхдээ гурвуул балархай сонсогдох нөхцөл ч бүрэн илэрнэ. Иймд “мөнх гал” -нь моал гэж харь хэлний тэр хүнд тэмдэглэгдэхэд хүрчээ гэж бодно. Энэтхэгийн манха буюу Моугал ястан нь угтаа Монгол мөн гэж эрдэмтэн А.Амар гуай тэмдэглэж “Үндэс удмын эх” гэж бичсэн буй. Манха гэдэгт “Л” гийгүүлэгч баларч Моугал гэдэгт мөнх нь “моу”, “гал”нь хэвээрээ байгааг ажихтун. Мөн Монгол гэж бидний хэлж буй энэ нэрийг нанхиад судар бичиг зэрэгт нэрлэхдээ “ Мэнгү” бас “Мангу” гэсэн нь Мэнгү-Мөнх, Мангу/мөнх гал/ дуудлага төс мөн. Плано Карпини Мөнх хааныг Мангу гэж бичсэн байдагтай нанхиад/хятад/ судар бичгийн галиг таарч байна. Харин Карпини мөнх гал гэдэг үгийг В.Рубруктай адил моал гэж бичсэн байдаг. Мөн эрдэмтэн Б.Сумьяабаатарын судалгаагаар МЭӨ 30-аад оны үеийн Солонгосын Когүрйегийн тэмдэглэлд Мугал Мүгга гэж бичигдсэн тухай мэдээ байдаг. Энд 1-р үеийн “Му” болон 2-р үеийн хос “Г” гийгүүлэгч сонирхол татна. Өмнөх үе нь нэгэнт Мү/мөнх/ гэж “Ү” эгшигтэй байгаа тохиолдолд “Гал” нь Го Га буюу Гал Гол гэж дуудагдах өмнөх жишээгээр тайлбарлагдана. Харин энд “хг” хоёр гийгүүлэгч хос “гг” болон бичигджээ.
 
 
Хятадын “Умардын судар”-ын сурвалжийг үндэслэн эрдэмтэд Жужан (Нирун) улсын үед Монгол гэсэн нэр Мугулай овог хэлбэрээр дурдагдах болсон гэж үздэг. Энд “Му”-нь мэдээж “Мөнх” бөгөөд Гулай нь “Галай” ажээ. Өдгөө ч “Галын судар” зэрэгт Галай, Галайхан гэсэн хэллэг бий бөгөөд “Му” үеэс шалтгаалж “Галай” нь Гулай хэмээн бичигдсэн байна. Энэ санаагаар бол Мухалай ч “Мөнхгалай” гэх бэлгэдэлт нэр бөгөөд “ай” энхрий дуудлагын ачаар үгийн эгшиг “о” байдлаар бус “у” сонсголонд хэвшжээ. Хубилай хааны 3-р хөвгүүн Мангалай угтаа Мөнхгалай юм. Тэрчлэн домог туульсын Шунхлай баатрын нэр нь Шун /улаан/ галай агаад хоёр үгийн нийлэмж дэх “Н” тод хэлэгдэхэд “га” нь гийгүүлэгчээр сэлгэсэн харагдана.
 
 
Хамгийн ойрын жишээ гэхэд их эрдэмтэн Сүнбэ хамбо хэмээн алдаршсан Ишбалжир /1704-1788/ “Галбарвасан модун” номдоо Монголын гарлыг Мангоал гэж бичсэн нь Мөнх гал гэсэн үгийн дуудлага яриангүй мөн юм. Энд “нго” нь “нхг” гурван гийгүүлэгчийн хамссан дуудлага байдлаар сонсогдоно. Ер нь “н” юм уу, “хг” гийгүүлэгчид балархай /моал,мүгол,моугал,монгол,мунгал,могол,мэнгү/ хэмээн хэлэгдэж байгааг анзаарах ёстой. Гал тахилгатай мөнхийн бэлгэ эрхэмлэсэн олон овог аймаг онго сүрд нэгдэн ийм нэр сонгосон нь Бодончирын буюу Киданы үе/10-р зуун/ баймаар. Чухам энэ үед мөнх гал сүрд тахилгатнууд хэл соёл нэгтэй нүүдэлчдээ нэгэн хаан төр дор гүрэн цогцлоох санал зорилго түгж хуучны мөнх гал шүтээнт овог аймгуудаас хэд нь нэгдэж/8-аймаг/ хүчирхэгжсэн нь Кидан/хэдэн монгол/ буюу Бодончирын өмнө үе. Энэхүү “хэдэн улс” гэсэн нь цөөхөн , бүгд нэгдээгүй гэсэн утга бөгөөд Бодончирын удмын Хабул хаан эл хүслийг гүйцээх тунхаг зарласны учраа “Хамаг Монгол” болжухай. Эл түүхийг нанхиад судар бичигт Кидан хэмээсэн нь ерөөс өвгө хэл,ойрд аялгууны төрх нь (кидэн гялаан хой) Кидан юм. Бас мөнх гал түмэн нанхиад нарыг Китад буюу халх хувилбараар Хятад гэсэн нь хэдэн гэдгийн давхар олон тоо гэж нэрлэсэн, тэр олны өмнө хэдэн Монгол нэгдэх ёстой утга болов уу. Энэ зорилгыг Зүрчидын Алтан улсыг 1125 оны орчим дарахад Хэдэн Монголын гол төв Нирун аймаг алдраа өргөсөн нь Чингисийн элэнц Хамаг Монголын хаан Хабул мөн. Энэ үед Киданы соёлыг Найман аймаг хадгалж байвай. Гэхдээ Хятад хүн гэх өнөөдрийн нэршил нь Нанхиад /нань-цзы/ буюу өмнөд нутгийнх гэх хан үндэстний хэлтэй,уламжлалтай төр улс болон язгуур үндэстний соёлоосоо холдон хил залгаа тэрхүү нань цзы буюу нанхиад нарын аргад автан уусч удмаа ээдүүлэгсдийг хэлсэн санаа хожим бүр туйлширснаас үүдэн хэвшжээ.
 
 
“Монголын нууц товчоо” /1240 он/, Чингисийн чулууны бичиг, Гүег хааны тамгын бичиг зэрэгт яах аргагүй “Монгол” гэж буй нь мөнх гал нэгэнт авиа ондоошин хэлэхийн урсгал даган хэвшиж асан тул энд уг үгийн язгуурыг үл баримталсан хийгээд хэлзүйн дүрэм горим мэдээж эхлэлийн шинжээр төгс бус байсантай холбоотой.
 
 
Тэр үеэс 500 жилийн өмнө тэртээ Тан улсын түүхнээ Шивэй аймгийн Мэнгули овог гэж бичигдсэнийг Ц.Дамдинсүрэн абухай “Монгол” гэдэг үг мөн хэмээн бодсон, үнэхээр ч Мэнгули нь мөнх гэдэг үгийн язгуур, дараач үе нь “гол” биш байгаагаас харах ёстой. Энэ нь 7-р зууны үед өнөөгийн “Монгол “ гэдэг нэр үүсчээ гэсэн үг бус цаашаа олон зууны он цагт алслалтай болно. Эргүнэ хунгийн домогт түшиж мунгах, мунгинах гэсэн үгнээс үүссэн/ Рашид ад Дин/ эсвэл “мөн гол” голын улс гэх мэт таамаглалууд үндэс багатай. Харин Могол гэсэн хэллэг “Монгол” дуудлага батажсан үед Энэтхэг,бага Ази зэрэг газар оронд хожуу хэвшсэн үгийн дурсгал Моголын Бабур хаан, Афганы Могол овог гэх мэт болно. Ер нь дээдэс маань аливаад нэр өгөхдөө бэлгэ сүрийг эрхэмлэдэг нь маргашгүй үнэн. Нэгэнт өвгө сэтгэлгээ,амьд хэл,хэв ёс ийм тул, бас аливаа хэл 1000 жилд дөнгөж 20 хувийн хувиралтай байдаг нийтлэг зүй тогтлыг бодсон ч “Монгол” гэдэг нь учир утга нь үл ойлгогдох хачин язгууртай үг биш юм. Олон Монгол бус олон мөнх гал, хамаг мөнх гал овогтнууд түүнийг нэгтгэх их зорилго, “Монголиа” гэж дэлхийд дуурсагдсан нь бахархал бөгөөд энэ нь “мөнх галай” гэх тэр дуудлага давхацсан тохиолдол бөлгөө. Мөнх гал шүтээнт аймгуудын “мөнх гал” голомтод эсгий туургатнуудыг нэгтгэж төр улс үүсгэх гэж Модун хаан/Маодунь бус/, Алтаншахай хаан/Таньшихуай гэх нанхиад галиг нэр,Танашагай ч биш олон үлгэр домгийн суут баатар Алтаншагай хаан/,болон Чингис хаадын Хуянь,Шивэй,Монгол гүрнүүд бүгд “мөнх гал” бэлгэ шүтээнтнүүд авай. Энэ мэтчилэн утга санаа бичгийн дурсгал, газар ус, хүний нэрэнд ч тод үлдсэн нь Хүнүй,Хануй,/хааны/ хээрийн ард/Хэрэйд/,Ойн ард/ойрд/, Талын ард /татаар/…зэрэг мөнх гал аймгууд бие биенээ бүсчилэн нэрлэж байсан онцлог буйг ч санах ёстой. Иймд “Монгол” гэж хэвшсэн улс эх орны маань нэр ч гурвал онолын амин философи агуулсан томьёололд “мөнх гал” хэмээн тэмдэглэгдмү. Лу “Алтан товч”-д Амбахай хаан…Хоталыг хаан болгов. Хадаганыг тайш болгов. Хадаган тайш Монголын өвдгөөс илүү болтол дэвсэв /бүжив/ гэсэн өгүүлбэр буй. Энэ юун Монгол вэ гэвэл мөнх гал юм. Бадраасан мөнх гал их түүдгийг асч дуусган өвдгөөс илүү болтол шөнө оройтуулж бүжиглэсэн гэсэн хугацаа заасан үг. Энэ үеэс мянга илүү жилийн өмнө зурхайн ухаанаар тэнгэрийн эрхсийн хөдөлгөөн байршлыг тодорхойлж, хэмнэл үзэгдлээр нь цаг агаар, хугацааны тоолол хэмжүүр хийж хүн байгалын харилцан зүй тогтлыг нээсэн ард түмэнд “мөнх гал” утга сэдэх нь бэлгэ ухаан шаардах гүн мэдлэг биш ажээ. Хамаг мөнх галын сүүлчийн хаан Хотулаас хойш Бардан баатар, Есүхэй баатар, Тэмүчин/ Тэмүчин буюу тэнгэрт тэмүүлэх гэх бэлгэдэлт нэр. Чин тэнгэр утга. Тэмүжин биш. Жин гэх нь эм хүйс илэрхийлэх тул дүрс ханзаар буруу галиглагдсан хэрэг/. Их хааныг мөнх тэнгэр ивээж “мөнх гал” сүрдэт овог аймгуудыг нэгтгэсэн үед улсаа “хөх монгол” хэмээн мандуулжээ. Энэ нь “хөх тэнгэр ивээж,мөнх гал мандаг” гэсэн бэлгэдэл байжээ. Ер нь Хэрэйд,Тайчиуд, Жалайр, Олхонуд, Татар, Найман, Мэргид, Баргуд, Хори түмэд, Булгачин, Ихрэд, Буриад эл бүх аймгууд мянган оны цаадтай Хуянь гүрнээс уламжилсан мөнх гал(нар сар гал) сүрд,туг,тамга, шүтээнтэй асан бөгөөд Чингис хааны өвлөсөн туг, тайчиуд аймгийнх бөгөөд нэгэнт үл захирагдан орхиж явсан тул тэднийгээ дахин эрхшээхийн тул өөр зуураа тулалдсан нь эхний тэмцэл, нийт олон мөнх галтнуудыг нэгтгэх нь эцсийн зорилго байлаа.
 
Мөнх гал сүрд, гурамсан сэтгэлгээ мандтухай хэмээн бэлгэшээж Хуянны нарын гүрнээс туг сүрдэнд заларсан философи утга “Гал” дээдсийн онго түүнийг ивээж байвай. Өмнө нь Хүннү,Сяньби(Шивэй) их улсууд нэгэнт мөхсөн ч “мөнх гал” угсаа шүтээнт түмэн бөхөөгүйн учир тэр ажээ. Наран,Саран байгаа цагт “мөнх гал” бадрах утга бүхий санаа бичгийн (фразография) энэхүү төгс баримтыг ч бид бас санаа билгийн хүчээр тайлах ёстой билээ. Мөн уул,Монгол, Мон уул юм уу,эсвэл Монгал, Могулай нь овгийн ахлаач,нэр зэргийнх тул олон овог аймаг нэгдэх, нэр зөвших түгэх боломж хэзээ ч үгүй, тэд үүнийг мэдэх ухаант өвгөд билээ. Харин Чингисийн үед хэлний дуудлагын хувьд “Монгол” гэх авиа ижилсэн хувирч хэлэгдэх бичигдэх болсон ч омог отог дотроо “мөнх гал” утгаар нь ойлгож шүтэж байсан ажуу. Энэ утгыг гагцхүү Юань гүрний 100 гаран жилийн хугацаа мартагнуулж, эргэн мандах үедээ “Монгол” гэсэн нэрээ юу гэсэн үг юм бол гэж бодохоор хөндийрсөн,төрийн ихэс удам харьшсан болой. Гэвч сүрд шүтэгдсээр,түүнийг улс үндэстний амь хэмээн дээдэлсээр өнөө хүртэл өвлөгджээ. Сар,Нар,Гал гурван дүрс “мөнх гал” бол “монгол” гэж бичсэн утга санаа нь бичгийн үг мөн. Гурвал онолын гаргалгаа томьёо болсон энэхүү “мөнх гал”-ын гал бол бодит гал бус философи санаа амь,нас мөнхрөх шүтээн,голомт утга юм. “мөнх гал” өнөөдөр дэлхийн хэмжээний(зүүн зүгт нарыг сүрдээ болгосон Японоос баруун тийш Сарыг сүрдээ болгосон Турк хүртэл) бэлгэ ёс болсон ч уламжлалт “мөнх гал” сүрдтэй,нэртэй нь зөвхөн бид монголчууд (мөнх-галайнхан) ажээ.
 
 
Төмөрдөшийн Баярхүү